1990 оны ардчилсан хувьсгалын дараа нийгмийн харилцаа бүхэлдээ өөрчлөгдөх үеэс нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг Монголд нэвтрүүлэх төслүүдэд хамтран ажиллаж байсан мэргэшсэн нягтлан бодогч Д.Батжаргал, Филиппиний иргэн Нестор C.Умбак нарын гэгээн дурсгалд зориулж “Нестор & Батжаргал” санг өнөөдөр нээлээ. Нягтлан бодох бүртгэлийн хөгжлийг дэмжиж, энэ чиглэлээр суралцагч оюутнуудад тэтгэлэг олгох тус сангийн нээлтийн арга хэмжээ МУИС-ийн Бизнесийн сургуульд болсон юм. Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, мэргэжлийн ёс зүй, шударга, зарчимч байдлыг эрхэмлэн ажилласан тэдний үйл хэргийг үргэлжлүүлэх боловсон хүчнийг дэмжих зорилготой энэхүү сангийн үйл ажиллагаа оюутнуудад урам зориг өгнө гэдэгт итгэж байна хэмээн гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь хэлж байв.
Тус сангаас зарласан тэтгэлэгт нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнууд хамрагдах боломжтой. Ингэхдээ тэдний сурлага, санхүүгийн хэрэгцээ болон нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон, эсэхийг нь харгалзах аж. 2016-2017 оны хичээлийн хүрээнд МУИС-ийн Бизнесийн сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангийн гуравдугаар дамжааны оюутан Б.Ариунаа, СЭЗИС-ийн гуравдугаар дамжааны оюутан С.Мягмарсүрэн, Н.Ариунзаяа нарт тус бүр д нэг сая төгрөгийн тэтгэлэг гардуулсан юм. Харин 2017-2018 оны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн оюутнууд сургуулийнхаа цахим хуудаснаас сангийн талаарх мэдээлэл авах боломжтой талаар тус сангийн Удирдах зөвлөлийнхөн уламжлав.