Өдөржингөө өлөн явсаар орой нь хэтрүүлж иддэг хүн цөөнгүй. Энэ нь ходоодны дайсан гэдгийг бид тэр бүр мэддэггүй, мэдсэн ч тоодоггүй. Гэтэл дэлхий дахинд хорт хавдраар нас барж буй тохиолдлын гуравдугаарт ходоодны өвчлөл орж байна. Тэр ч бүү хэл, манай улс энэ хавдрын улмаас нас барж буй хүнийхээ тоогоор дэлхийд тэргүүлж байгаа нь уг өвчин аюулын харанга дэлдсэнийг илтгэнэ.
Эл өвчнөөр өвдөж, мэс засал хийлгэсэн хүмүүсийн 30 хүрэхгүй хувь нь таван жил амьдардаг, маш хоруу чанартай, аюултай гэдгийг эмч нар анхааруулж буй. Дэлхийд жилд нэг сая гаруй хүн ходоодны хорт хавдраа оношлуулдаг бөгөөд тэдний 723 мянга орчим нь нас бардаг гэсэн судалгаа бий. Харин манай улсад жилд 800 гаруй хүн оношлуулдгаас 500 орчим нь хорвоог орхидог байна.
Гэхдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломж та, бидний гарт байгаа. Халдварт бус өвчин учраас ходоодоо хэр “хайрлаж” байна, тэр хэрээр үүнээс сэргийлэх боломжтой. Эрт үед нь оношилж чадвал бүрэн эдгэрдэг өвчин гэж эмч нар ярьж байна.
Хоол боловсруулах, дамжуулах зохицуулах, үүгээр ч зогсохгүй сэтгэл хямарвал дагаж “үймэрдэг” ходоод хэмээх чухал эрхтний өөр нэг дайсан нь хеликобактер. Ходоодны хорт хавдрын нийт тохиолдлын 75 хувь нь уг бактераас үүдэлтэй. Шүлтлэг орчин нь элдэв бактер үүсэхээс хамгаалж, нянг устгадаг ч хеликобактер ходоодны салст бүрхүүлд тухлан, түүнийг нь гэмтээдэг байна. Ингэж ходоодны бүрхүүл гэмтсэнээр үрэвсэл, шарх, цаашлаад хавдар үүсэх аюултай.
Аяга таваг, шүлс зэрэг ахуйн замаар халдварладаг учраас дэлхийн хүн амын 60 орчим хувь нь хеликобактертай гэнэ. Манайд ч мөн адил уг бактерын халдвар их. Тиймээс ходоодоо хамгаалахын тулд бактертай, эсэхээ шинжлүүлж байх нь чухал.
БНСУ, Япон улс ходоодны хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлж буй ч нас баралтаараа 18, 19 дүгээр байрт бичигдэж байгаа нь эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй нь холбоотой аж. Монголтой харьцуулахад нас баралтын тоо нь хоёр дахин цөөн гэсэн үг.
БНСУ-ын Ходоодны хорт хавдрын нийгэмлэгийн мэдээллээс харахад 1995 онд тус улсад энэ өвчний нийт тохиолдлын 28.6 хувь нь эрт үедээ оношлуулж байсан бол 2009 он гэхэд 57.7 хувьд хүрч өсчээ. Тиймээс Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар Ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг улс даяар эхлүүлэхийг уриалаад буй. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлснээр монголчууд элэгний вирусийн шинжилгээ өгч, С вирус устгах эм ууж, элгээ хайрлаж эхэлсэн.
Тэгвэл жилээс жилд нэмэгдэж буй ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх, энэ өвчин аюулын харанга дэлдсэнийг эрх баригчдад ойлгуулах нь чухал болоод байна. Үүний нэг жишээ нь 30-аас дээш наснаас эмэгтэйчүүдийг хөх, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг болсон явдал.
Ингэснээр умайн хүзүүний хорт хавдартай хүмүүс нэгдүгээр үедээ эмчид хандах нь 9.6 хувь бол ходоодных дөнгөж 0.9 хувьтай байгаа нь харамсалтай. Харин ходоодны хорт хавдартай хүмүүс хожуу үедээ эмчид хандах нь 42.5 хувь байгаа бол умайн хүзүүний хорт хавдартай өвчтөний 10.1 хувь нь хожимдсон хойноо эмнэлэгт үзүүлдэг байна.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Хагалгааны өрөө хүрэлцдэггүй
Элдэв хавдрыг анагаадаг, улсын ганц эмнэлэг Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасагт очлоо. Үүдэнд нь хүмүүс шавж, хөл тавих зайгүй шахам байв. Ходоодоо тайруулсан арав орчим хүн өнгөрсөн даваа гаригт уг тасагт хэвтэн, эмчлүүлж байлаа. Хорт хавдрыг эмчлэх ганц арга нь мэс ажилбар учир ходоодоо тайруулаад, нөхүүлсэн хүмүүс гэсэн үг.
Хагалгаанд ороод 2-3 хоножбуй хүмүүс нь ус уух зэргээр “шинэ” эрхтнээ хоолонд дасгаж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд ходоодны хорт хавдраар өвчилсөн хүн олширч буй учир өдөр бүр хоёроос доошгүй хагалгаа хийх болсон гэнэ.
Тэнд хэвтэж буй хүмүүс “Ходоодны хорт хавдар гэнэт л илэрдэг өвчин юм билээ. Тиймээс жил бүр шинжилгээ өгч байх нь зүйтэй юм байна. Үүнээс гадна хорт хавдраар өвчилсөн бол гадаадад эмчлүүлэх хэрэгтэй гэдэг ч энэ ташаа ойлголтоо өөрчлөх цаг болжээ. Манай эмч нар ходоод тайрч, нөхөх мэс ажилбарыг сайн хийдэг болсон юм байна. Зардал нь ч бага.
Хагалгааны дараах оёдол зэрэгт цөөн хэдэн төгрөг л зарцуулдаг” гэж ярив. Тус тасагт хэвлийн хөндийгөөс гадна гурван төрлийн мэс ажилбар хийдэг ажээ. Өвчтөнөө хэвтүүлэх 30 орчим ортой. Хагалгааны дараах эмчилгээ хийх тоног төхөөрөмж ч хангалттай гэнэ. Энэ сарын 23-ныг дуустал хийх хагалгааны төлөвлөгөөгөө хэдийнэ гаргажээ. Гэвч дөрвөн төрлийн хагалгааг нэг өрөөнд ээлжээр хийдэг аж.
Мөн долоо хоногийн нэг өдөр нь 2014 онд өрх тусгаарласан Цээжний хөндийн мэс заслын тасагт хагалгааны өрөөгөө “зээлүүлдэг” гэнэ. Үүнээс үүдэн дараалал үүсчээ. Түүнээс биш өвчтөн хүлээж авах орны хомсдол үүсдэггүй гэнэ. Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Р.Ганбаатараас энэ талаар тодруулахад “Хагалгааны өрөөний хомсдол бий нь үнэн. Өргөтгөл ашиглалтад орохоор эмнэлгийн ачаалал, дараалал багасах байх. Гэхдээ манай тасгийн ачаалал төдийлөн буурахгүй л болов уу. Шинэ байр руу нэг тасаг шилжихэд тэр өрөөнд нь цээжний хөндийн мэс засал хийхээр төлөвлөсөн байгаа” гэв.
БАЙР СУУРЬ
Ходоодны хорт хавдар үүсгэж буй шалтгааны талаар албаны хүмүүсээс байр суурийг нь сонслоо.
Тэргүүлэх таван өвчний нэг
С.ДАВААЖАРГАЛ (Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн):
-Манай улсад элэгний хорт хавдар хамгийн түгээмэл өвчинд тооцогдоод байна. Харин ходоодны хорт хавдар тэргүүлэх таван өвчний нэг боллоо. Сүүлийн жилүүдэд эл хавдраар өвчлөх хүн нэмэгдэж байгаа. Удамшлын, олдмол зэргээр өвчлөх хэлбэр нь ондоо байдаг. Хамгийн чухал нь хүмүүс эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж, хоол хүнснийхээ чанарт анхаарах нь зүйтэй.
40-өөс дээш насныхан шинжилгээ өгөх нь зүйтэй
П.ЦОЛМОНБАЯР (НЭМҮТ-ийн Хавдар, вируст гепатит, эрт илрүүлгийн асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан):
-Ходоодны хорт хавдар үүсэх гол хүчин зүйл нь хеликобактер. Мөн зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ зэрэг тухайн хүний амьдралын буруу хэв маягаас шууд хамааралтай. Хеликобактераас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл ахуйн дэглэм мөрдөх шаардлагатай. Ингэхдээ гэртээ аягаа солихгүй, олон нийтийн газар аль болох хооллохгүй байхад анхаарвал зохино.
Түүнчлэн уг бактерын шинжилгээ өгч, байх ёстой хэмжээнээс хэтэрсэн бол эмчлүүлэх, ходоод өвддөг, үгүй нь хамаагүй хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Уг өвчинд өртөх өндөр магадлалтай буюу эрсдэлт бүлгийнхэн гэж нэрлэсэн 40-өөс дээш насныхан жилд нэг удаа тодосгогч бодистой дурангаар улаан хоолой, ходоодоо оношлуулах, рентген зураг авахуулах шаардлагатай.
Энэ шинжилгээ хорт хавдрын урьтал байна уу, үгүй юү гэдгийг тогтооно. Хэрэв хавдрын ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эхний шатанд нь бүрэн эмчлэх боломжтой. Түүнчлэн хавдрын шинж илрээгүй бол урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Хувийн болон улсын аль ч лабораторид ийм шинжилгээ хийдэг.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Я.ЭРДЭНЭ-ОЧИР: Хавдартай хүмүүсийн 80 гаруй хувь нь хожуу үедээ эмчид хандаж байна
Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Я.Эрдэнэ-Очиртой ходоодны хорт хавдрын өвчлөлийн талаар ярилцав. Тэрбээр 6000 орчим хүнд ходоодны хорт хавдрын мэс засал хийжээ.
-Манай улсад ходоодны хорт хавдрын өвчлөл ямар байна вэ?
-Эрүүл мэндийн системийн бүтэц, бодлого, хоол хүнсний хэрэглээ, хеликобактерын өвчлөлийн цар хүрээ зэрэг олон зүйлээс шалтгаалан иргэдийн дунд ходоодны өвчин их тархсан. Тиймээс Ходоодны өвчин, хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр боловсруулахыг уриалж, бодит үр дүн гаргахаар ажиллаж байна. Өөрийгөө эрүүл гэж бодож байсан ч хамаагүй жилдээ нэг удаа үзлэг, шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
Өнөөдөр (хоёрдугаар сарын 14) мэс засал хийлгэсэн 35 настай залуугийн ходоодны гуравны нэгийг нь хорт хавдар “эзэлчихсэн” байсан. Тэр урьдчилан сэргийлэх үзлэгээр л өөрийгөө хорт хавдартай болсноо мэдсэн гэсэн. Бид ходоодны хорт хавдрын хагалгааг өдөрт хоёр удаа хийж байна. Гэвч хагалгаа хийлгэх гэсэн хүн олон байгаагаас зарим нь сарын дараа мэс засалд орохоор хүлээж байна. Улсын бусад эмнэлэгт ийм төрлийн мэс засал хийдэггүй.
Учир нь хавдартай хүнд мэс засал хийсэн ч Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгодоггүй. Гадаадын бусад оронд хувийн болон улсын эмнэлгүүдийн аль аль нь ходоодны хорт хавдрын эмчилгээ, мэс засал хийдэг. Хавдрын эмчилгээ, мэс заслыг ч гэсэн манай бүх эмнэлэг хийдэг болмоор байгаа юм.
Яагаад зөвхөн III эмнэлэг л зүрхний мэс засал хийх ёстой гэж. Цээжний хөндийн мэс заслын тасагтай бүх эмнэлэг л энэ хагалгааг хийх хэрэгтэй шүү дээ. Энэ мэтээр эрүүл мэндийн системийг зоригтойгоор өөрчлөх шаардлага бий.
-Ходоодны хорт хавдрын мэс засал хийх эмч, хэрэгцээтэй тоног төхөөрөмж хангалттай юу?
-Би ходоодны мэс засалчаар 27 жил ажиллаж байна. Мэс засал хийгээд 15 жил болсны дараа л “Одоо л хагалгаа хийж сурч байна даа” гэж бодсон. Мэргэшсэн мэс засалч бэлтгэх хугацаа урт. Харин нарийн тоног төхөөрөмж шаарддаггүй, эмчийн гар доорх 5-6 багажийг л ашигладаг.
Энэ хавдраар өвчилсөн хүмүүсийн тоо жилээс жилд өсөж байна. 2015 онд 817 хүн хорт хавдартай байсны 80 гаруй хувь нь хожуу үедээ эмчид хандсан. Цус алдаж, ходоод нь цоорсон үедээ хандаж буй нь харамсалтай.
-Энэ хавдрын мэс заслын дараа өвчтөний амьдрах хугацаа таван жилээс ихгүй байдаг гэл үү?
-Цаашид хэдэн жил амьдрах нь өвчний хэддүгээр үедээ эмчид хандсанаас шалтгаална. Тиймээс өвчнөө эрт илрүүлж байж, илүү удаан амьдарч чадна. Дэлхийд ходоодны хорт хавдрын мэс засал хийлгэсний дараа таваас дээш жил амьдарсан хүн дөнгөж 27 хувьтай. Шинж тэмдэг төдийлөн илэрдэггүй учраас оношлогдох байдал нь хожуу.
Хүмүүсийн хоол хүнсний хэрэглээнээс хамаарч өвчлөл харилцан адилгүй байна. Өмнөговь аймагт ходоодны хорт хавдрын өвчлөл 100 мянган хүний 0.8 хувьд нь тохиолдож байхад баруун аймгуудад зургаагаас дээш хувьтай байх жишээтэй.
-Мэс заслын зардлыг улсаас бүрэн хариуцдаг уу?
-Хавдар нь нэг удаа эмчлээд эдгэрэх өвчин биш. Олон төрлийн эмчилгээг хавсарч хийдэг. Ходоодны хавдрын хувьд үндсэн эмчилгээ нь мэс засал. Хавдрыг нь авсны дараа эрт үедээ оношлогдсон бол химийн эмчилгээ хийдэггүй. Унтуулах эм, тариа, зүү утас, багаж аппарат, мэс заслын дараах эмчилгээ гээд эмнэлэгт 7-10 хоноход нэг хагалгаанд 5-7 сая төгрөг зарцуулдаг.
Энэ мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байгаа. Хувь хүнээс сая хүрэхгүй төгрөг л гардаг байх. Гэхдээ зарим үед багаж төхөөрөмж тасардаг учир тухайн хүнээс гаргуулахаас өөр аргагүй болдог.
-Ходоодны хорт хавдрыг удамшлын шинжтэй гэж үздэг гэл үү. Өөр ямар шалтгаан байдаг бол?
-Генетикийн талаас тийм бүлгийн цустай хүнд ходоодны хорт хавдар үүсэх магадлалтай гэж үзэх нь бий. Гэхдээ ходоодны хорт хавдар үүсгэх хамгийн гол шалтгаан нь хеликобактер. Эрүүл ходоодонд хавдар үүсэхгүй.
Шархлаа, ургацаг, цусан тууралт зэрэг нь хавдар үүсгэх үндэс болдог. Мөн архи, тамхи, нитрит, давс хэтрүүлэн хэрэглэх нь ходоодонд аюултай.
ИЙМ НЭГЭН АМЬДРАЛ
“Дурандуулсан бол өвчнөө эрт оношлуулах боломжтой байсан”
Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Т өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт яаралтай хагалгаанд орж, ходоодоо тайруулжээ.
Арав шахам жилийн өмнө тэрбээр зам, тээврийн осолд орж, дэлүүгээ авахуулж байсан гэнэ. Түүнээс хойш хоёр жилийн дараа нуруу, хэвлийгээр нь үе үе өвддөг болсон аж. Тухайн үед “Ослын уршиг хойно илэрдэг гэсэн. Тэгээд л өвдөж байгаа юм байлгүй” гээд нэг их ойшоогоогүй гэдгээ ярьсан юм. Нуруу, хэвлийгээр нь өвдөхөөс гадна гэдэс нь цанхайдаг болоод гурван жил өнгөрчээ.
Тэр үеэс хуушуур зэрэг хүнд хоол идэхэд өвддөг болж эхэлсэн байна. Ингээд хоёр жил гаруй шөлтэй голдуу хоол идсэн гэнэ. Тэрбээр нэлээд томоохон компанид ажилладаг. Удирдлагууд нь жил тутам ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг аж. Тэр бүрт жижиг өвчлөлийг эс тооцвол шинжилгээний хариу бараг л эрүүл гардаг байсан гэнэ. Энэ хугацаанд биеэ тавгүйрхэхээр өвчин намдаах эм, бэлдмэл хэрэглээд л байж.
Харин өнгөрсөн намраас хэрэглэдэг эмийнх нь үйлчлэл буурч, ус ч ууж чадахаа больжээ. Ингээд дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд үзүүлэхэд “Цөсний чинь хүүдий зузаарч, чулуутай болсон байна. Даруй авахуул” гэсэн хариу сонсчээ. Тэр онош нь зөв байсан тул өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсдаа нэлээд нэр хүндтэй нэгэн хувийн эмнэлэгт цөсөө авахуулжээ. Гэвч бие нь улам дордсон ажээ.
Шалтгааныг нь тодруулахаар дахин эмчид хандахад “Ходоодны хорт хавдартай юм байна. Бүр архаг шатандаа орчихож, цөсөө авахуулж байх үед чинь эмч харсан л байх учиртай. Өөрт тань дэндүү хайхрамжгүй ханджээ” гэсэн байна. Түүнээс хойш нэг их удалгүй цус алдаж, хагалгаанд орсон нь энэ.
Т хавдартай болсон шалтгаанаа “Энэ бол миний зохисгүй хооллолттой холбоотой байсан юм билээ. Ходоодны хорт хавдар эхний шатандаа огт мэдэгддэггүй юм байна. Жилд нэг удаа дотор эрхтнээ үзүүлж байхад гэмгүй гэдгийг ойлголоо. Хэрэв би ходоодоо үзүүлж, дурандуулсан бол өвчнөө эрт оношлуулах боломжтой байжээ” гэж ярив.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Хүрээлэн буй орчин ходоодны хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг
Жилд 930 мянган хүнд ходоодны хорт хавдар илэрч, 700 мянга гаруй нь нас бардаг үзүүлэлтээр дэлхийд уушгины хорт хавдрын дараа хоёрдугаарт орж байна. Харьцуулан үзвэл, уг өвчин эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс хоёр дахин их, тэр дундаа 40-өөс дээш насныханд ихэвчлэн илэрдэг аж. Ходооны хорт хавдраар өвчлөгсдийн тоо буурах хандлагатай байгаа. Гэвч хорт хавдрууд дотроо хамгийн их газар авсан хэлбэр хэвээр байна.
Манай гаригт жилд нэг сая гаруй хүн ийм өвчин тусдаг. Өвчлөл нь бүс нутаг, тухайн орны хувьд үлэмж ялгаатай байгаа нь уур амьсгал, газар зүйн байршил, орчин ахуй, хүнс болон бусад хүчин зүйл нөлөөтэйг илтгэх аж. Японы эрэгтэйчүүд ходоодны хорт хавдраар хамгийн их (100 мянган хүнд 114.7 өвчтөн) өвчилдөг бол АНУ-ын цагаан арьст эмэгтэйчүүд хамгийн багад (100 мянгад 3.1) тооцогдож байна.
БНСУ, Япон, Их Британи, Өмнөд Америк, Исландад хамгийн өргөн тархсан байдаг ч Өмнөд Солонгосын хүний амынх нь 20.8 хувь өвчилсөн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Ходоодны хорт хавдар нь эдгэрсэн үзүүлэлт Японд хамгийн өндөр буюу 53 хувьтай байдаг бол бусад улсад 15-20 хувиас хэтэрдэггүй аж.
Ийм өвчтэй болох гол хүчин зүйлүүдийн дотор хооллолт, хүрээлэн буй орчин, тамхидалт болон удмын мэдээлэл оржээ. Аскорбины хүчил дутагдсан, давсны хэрэглээ ихэссэн, даршилсан, шарсан, утсан, тос ихтэй, эсвэл халуун ногоотой хүнс, амьтны гаралтай тос ходоодны хорт хавдар үүсгэдэг.
Тэрчлэн согтууруулах ундаа, тэр дундаа архи хэтрүүлэн хэрэглэвэл ийм өвчин тусна. Тухайн газар нутгийн хөрсөнд зэс, молибден, кобальт, цайр, марганц агуулагддаг бол ходоодны хорт хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй. Үүний сацуу хеликобактертай хүн хорт хавдартай болох магадлал 2.5 дахин их аж. Гэхдээ энэ нь ген буюу удмын мэдээлэлтэй холбоотой болов уу гэсэн таамаглал бий. Учир нь Нигери улсын хойд нутагт хеликобактертай хүн олон ч хорт хавдар ховорхон илэрдэг байна.
Ходоодны хорт хавдар клиник шинжилгээгээр илрээгүй ч хооллох дуршил буурах, махан хүнсэнд дургүй болох, цус багадах, жин багасах, гэдэс хямрах зэргээр мэдрэгддэг.
Эмчилгээний цорын ганц арга нь мэс засал гэнэ. Туяаны болон химийн эмчилгээ туслах ач холбогдолтой.
Ихэнх тохиолдолд ходоодны хорт хавдар хожуу үедээ илэрдэг бөгөөд ийм үед таван жил амьд явах магадлал 15 хувьтай байдаг. Эхний таван жилийг давсан бол 10 жил амьдрах магадлал 11 хувьтай байх ажээ. 50 хүртэлх насныхан амьд үлдэх магадлал 16-22, 70-аас дээш насныхны үзүүлэлт 5-12 хувьтай байна.