Хүний амьдралын аз жаргал хормын төдийд зовлон шаналгаагаар солигдох нь юутай гашуун. Хоёр дахь үрээ өлгийдөж аваад, эхнэртээ халуун шөл дөхүүлж өгчихөөд баяр хөөртэйгөөр харьж явсан Д.Галбадрах агшин зуурт гэмт хэрэгтэн болчихно чинээ санаагүй. Тэр залуу үдшийн харанхуйд олны нэрлэдгээр XIII хорооллын дунд замын Сэлбэ голын гүүрний тэг дундуур, гарцгүй хэсгээр зам гарч явсан хижээл насны эрэгтэйг машинаараа мөргөчихсөн. Д.Галбадрах замын нэгдүгээр эгнээгээр зорчиж явжээ. Харин хоёрдугаар эгнээгээр, түүнээс жишүүдүү урд хүнсний бүтээгдэхүүн хүргэлтийн бүхээгтэй, дунд оврын ачааны машин зорчиж явсан байна. Ачааны тэрэг гэнэт тоормос гишгээд зогстол урдуур нь гүйсэн хүн түүнтэй “тулчихсан” хэрэг. Хэн нэгэн урдуур нь гүйнэ гэж бодоогүй, ажиг сэжиггүй явсан учир түүнд тоормос гишгэх ямар ч завдал гараагүй аж.
Дунд замын гүүр гэрэлтүүлэггүй учраас явган зорчигч зам хөндлөн гарахаар алхаж буй нь түүнд холоос харагдаагүй. Хохирогчийг төд удалгүй бүхээгтэй ачааны машин халхалжээ. Машинууд ойртон ирж буйг харсаар атал явган зорчигч амжиж зам гаргахаар гүйсэн хэрэг. Ингээд хамаг хэрэг мандав. Мөргүүлсэн хүний хөл хоёр хэсэгтээ хугарчээ. Нэг нь мөргүүлье, нөгөө мөргөчихье гэж ер бодоогүй.
Хоёулангийн нь ажиг сэжиггүй, хэнэггүй зангаас үүдсэн гэмт хэргийн нэгэн жишээ энэ. Замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохгүй бол ийм эмгэнэлт явдал танд ч тохиолдохгүй гэх баталгаа өнөөдрийн Улаанбаатар алга. Тиймээс та замын хөдөлгөөний дүрмээ чанд баримталж, анхаарал болгоомжтой зорчих хэрэгтэй. Д.Галбадрах “Тэр хэрэг надад маш том сургамж өгсөн. Бараг дүрэм, журмынхаа дагуу зорчиж байхад л осол гаргаж мэдэх нөхцөл хэвээр байгаа учраас машинаа бариад маш болгоомжтой явдаг болсон” гэв.
Эвдрэл гэмтэлгүй, тэмдэг, тэмдэглэгээтэй, гэрэлтүүлэгтэй зам, бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл, жолоочийн анхаарал болгоомж, явган зорчигч, орчин гэсэн зүйлсийн уялдаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлдэг. Явган зорчигч гарцаар гараагүй, гүүр гэрэлтүүлэггүй, том оврын тээврийн хэрэгсэл үзэгдэх орчныг хязгаарласан гэсэн Д.Галбадрахаас шалтгаалахааргүй нөхцөл эл хэрэг гарахад нөлөөлсөн нь дамжиггүй. Замын бэлэн биш нөхцөл, дүрэм зөрчсөн зорчигчоос шалтгаалж осол гаргах магадлалтайг дээрх жишээ танд ойлгуулсан байх.
Хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан тул түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Жолоодож явсан авто тээврийн хэрэгслээ зогсоох оролдлого хийгээгүй гэж буруутгажээ. Үүнээс гадна машиных нь гэрлийн тусгал Монголын стандартад нийцээгүй байсан нь шийтгэлийг нь хүндрүүлсэн гэнэ. Шүүх түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нугалсан торгууль төл, эсвэл гурван сар баривчилна гэсэн ял тулгажээ. “Аав”-ын хаалгаар алхаж, залуу насандаа “хар толбо” үлдээхийг хүсээгүй тэрбээр 9.7 сая төгрөг төлөхөөр болж, үүнийг нь барагдуулжээ. Мөн хохирогчийн эмчилгээнд 8.5 сая төгрөг зарцуулсан байна. Ингээд түүнээс нийт 18 сая төгрөгийн зардал гарчээ.
Тээврийн прокурорын газрынхан 2016 онд нийт авто тээврийн 1100 гаруй хэргийн бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьжээ. Энэ бол хүний амь нас, эрүүл мэндэд санаатай болон санамсаргүйгээр хохирол учруулсан гэмт хэргүүд гэсэн үг. Хэргийн хохирогчдод хоёр орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж тус газраас тайлбарлаж байна. Хүний амь насыг юугаар ч орлуулшгүй. Энэ бол нөхөж, баршгүй хохирол. Зам, тээврийн осол гарахад буруутай этгээд ч хохирдог. Машинд мөргүүлж, хөлөө хугалуулсан хүн буруутай этгээдээс хохирлоо гаргуулсан ч эдгэтэл нь эмнэлэгт хэвтэж цаг хугацаа алдана. Наад зах нь ингэж хохирох үндэстэй. Буруутай этгээд бол хохирогчийн хохирлыг барагдуулж, халаасаа сэгсэрнэ. Дэлхийн авто тээврийн ослын 90 хувийг дундаж болон түүнээс доош орлоготой иргэд гаргадаг, бас үүнд өртдөг гэсэн судалгаа бий. Авто тээврийн ослоос учирсан хохирлыг барагдуулах нь дундаж орлоготой иргэдэд эдийн засгийн том дарамт болдог нь гарцаагүй.
Манай улс 2012 онд зам тээврийн ослын хохирогчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хууль баталсан. Ингэснээр авто тээврийн ослын хохирогч хоосон хоцордгоо болиод байна. Хохирогч их, бага хэмжээгээр хохирлоо барагдуулдаг болов. Д.Галбадрах даатгалаас чамлахааргүй мөнгө гаргуулж чаджээ. “Монгол даатгал” компаниар үйлчлүүлдэг тэрбээр хохирол барагдуулсан 7.5 сая төгрөгийн баримт бүрдүүлж өгөөд таван саяын нөхөн төлбөр авсан аж.
Хэдийгээр даатгалаас мөнгө гаргуулж авсан ч санамсар болгоомжгүйгээсээ болж, 13 сая төгрөгөөр хохирсон хүн гэж түүнийг хэлж болно. Монголд зам, тээврийн ослын улмаас иргэдэд хэдий хэмжээний хохирол учирдгийг мэдэх байгууллага алга. Статистик мэдээлэл байтугай баримжаа тоо ч байхгүй. “Зүг заах” хамгийн бодитой тоо нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөр юм. Компаниуд 2012-2016 онд давхардсан тоогоор 2.3 сая жолоочтой хариуцлагын даатгалын гэрээ байгуулж, 99 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлжээ. Үүнээс нийт 115 мянган жолоочид 48.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон статистик бий. Тухайлбал, өнгөрсөн онд даатгалын 553 мянган гэрээ байгуулан, 26.6 тэрбум төгрөг цуглуулжээ. Үүнийхээ 14.3 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт тараасан байна. Албан журмын даатгагчдын холбооны тайлангаас ослын тоо жил бүр нэмэгдсээр байгааг харж болно. Тэгэхээр 15 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулдаг гэсэн баримжааг даатгалын нөхөн төлбөрийн мэдээлэл өгч байна. Үүнээс өөрөөр барьцтай тоо байхгүй учраас даатгалын нөхөн төлбөрийг эш болгож буйг сануулъя.
Д.Галбадрах “Хүний алтан аминд хүрэх шахсан шүү. 30 км/цагийн хурдтай явсан тулдаа хүчтэй мөргөөгүй” гэж өгүүлэв. Тэрбээр нэг талаар азтай. Гэхдээ машин барихдаа азанд найдаад анхаарал болгоомжоо сулруулаад, замын дүрмээ зөрчөөд байвал буруу. Түүнд тохиолдсон шиг гай хийсээд ирэхийг хэн байг гэх вэ. Тээврийн прокуророос зам, тээврийн ослын дийлэнх нь гарцаар гарч буй явган хүнийг мөргөсөн тохиолдол байгааг тогтоожээ. Хэнэггүй зангаа гээцгээвэл яасан юм бэ.