Хүмүүний урсгал дунд гэгээн мөртэй, гэрэл адил илчээ түгээн амьдардаг эгэл хүн олон. Би гэж цээжээ дэлддэггүй ч чимээгүйхэн амьдрахдаа тэд чамлахааргүй түүхийг бичиж, чадвараараа хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Ийм л агуу хүмүүсийг “Амьдралын гол дүр” хэмээн онцолмоор.
Амьдралд тэднийг орлох хүн нэгээхэн ч үгүй учраас тэр л дээ. Алдартай дуучин, сод авьяастан, улстөрч, эрдэмтэн, тамирчны тухай ярих нь гэж эндүүрүүзэй. Жирийн иргэдийн төлөөлөл, эгэл, бас эрхэм хүмүүсийн тухай сурвалжлан хүргэдэг “Эгэл амьдрал” булангаа бид сэргээж байна.
“Урт цагаан” хэзээнээсээ л нийслэлийн хөл хөдөлгөөнтэй хэсэг байв. Ахуйн үйлчилгээний төв нэртэйгээр анх үүдээ нээснээс өнөөг хүртэл зон олны зорин очиж үйлчилгээ авдаг газрын нэг байсаар ирсэн. Оёдолчин, гуталчин, үсчин, цагчин, засварчин, цахилгаанчин, алт, мөнгөний дархан гэхчилэн олон янзын мэргэжлийн хүмүүс өглөөнөөс үдэш хүртэл тэнд ажилладаг. Жуулчны гудамж гэх сүржин нэрнээс нь илүү тэр хавийг ахуйн үйлчилгээний гудамж гээд нэрлэчихмээр санагддаг юм.
Миний өгүүлэх “Амьдралын гол дүр” бол “Урт цагаан”-ы уугуул “оршин суугчид”-ын нэг, насаараа үндэсний дээл хувцас урласан, мастер оёдолчин Г.Бямбасүрэн хэмээх эгч. Уугуул гэдгийн хувьд анх л энэ байгууллагаас ажлын гараагаа эхэлж, одоо ч “Урт цагаан” ХХК-ийн оёдолчин хэмээн овоглож яваа нэгэн. Өөрөөр хэлбэл, 50 шахам жил эзэмшсэн мэргэжилдээ үнэнчээр зүтгэж, өөрийн урласан үндэсний хувцсаар олон түмнээ гоёж яваа уран гарт үйлчин юм.
Ухаалаг алаг нүд, сэтгэл сэргэмээр сайхан инээмсэглэлтэй, олон таван үггүй энэ намбалаг эгчийг үндэсний дээл хувцсаар гоёх дуртай, захиалж хийлгэдэг хүмүүс андахгүй. “Урт цагаан”-ы Бямбаа эгч үү, танилгүй яах вэ. Дээл сайхан оёдог хүн дээ” хэмээн ам уралдан магтах. Нэг удаа түүгээр дээлээ хийлгэсэн хүн байнгын үйлчлүүлэгч нь болдог гэсэн.
“СОНГОЛТДОО ХАРАМСАЖ ҮЗЭЭГҮЙ”
Бямбаа эгч 1952 онд Завхан аймгийн Сонгино сумын Арбулаг гэдэг газарт Ган хэмээх хүний зургаа дахь охин болж мэндэлжээ. Түүнийг хоёр ойтой байхад тэднийх хотод суурьшихаар ирсэн юм байна. Эхээс 14-үүлээ, тэрсхэн ах дүүстэйгээ бужигнаж өссөн бөгөөд ээж нь хүүхдүүддээ даалимбаар дээл, цүнх оёж өгдөг байсан нь түүнийг зүү, утастай нөхөрлөхөд ихээхэн нөлөөлсөн хэмээн тэрбээр ярьсан.
Ямар сайндаа л наймдугаар ангиа төгсөөд Анагаах ухааны дунд сургуульд хуваарилагдсан ч аав, ээжээсээ зөрөн байж Ахуйн үйлчилгээний ТМС-ийн оёдлын ангид элсэн орох вэ. Гэхдээ энэ сонголтдоо нэгээхэн хором ч харамсаж байгаагүй гэсэн шүү. Дунд сургуульд байхын л юм оёж хатгах дуртай, ээждээ тусалж, оёсон дээлийг нь хавж өгдөг байсан гэнэ.
ТМС-иа төгсөөд 1970 онд Үйлдвэр хоршооллын артелийн Үндэсний хувцасны тасагт оёдолчин болсноор тэрбээр ажил, амьдралынхаа гарааг эхэлсэн аж. Тэр цагаас хойш Үндэсний хувцасны захиалга, монгол дээл оёх тасагт “Урт цагаан”-ы гэж овоглуулах болтлоо хүчин зүтгэжээ.
АЛДАХ ЭРХГҮЙ “АЛБА”
Хүний амьдралын түүх тэр чигтээ л нийгмийн түүх байдаг. Бидний үеийнхний төдийлөн сайн мэдэхгүй социализмын үеийн “бүтээгдэхүүн” нь Бямбаа эгч. Тэр үеийн сургалтын болоод боловсон хүчний чанарын тухайд тэрбээр “Хатуу хяналтын дор хүмүүжсэн хүмүүс шүү дээ, бид” хэмээсэн. Аливаад өндөр шалгуур босго тавьдаг байсан үеийн амьд “гэрч”-ийн нэг нь тэр.
Тухайн үеийн Намын төв хорооныхон, Ардын их хурлын депутатуудын дээл хувцсыг хийдэг тусгай үйлчилгээний ганц тасаг нь түүний ажилладаг Үндэсний хувцасны тасаг байжээ. Үүгээр зогсохгүй намын 16, 18 дугаар их хурал, Үйлдвэр хоршооллын 40 жилийн ойн арга хэмжээнд оролцох хүмүүс, гадагшаа айлчлалаар явах сайд, дарга нарын үндэсний дээл хувцсыг урлах ажил ч тэдний үүрэг байв. Тийм учраас алдаа гаргах эрхгүй, олон давхар хяналт шалгалт байхаас ч аргагүй нөхцөлд ажилладаг байсан гэнэ.
Улсын нүүр царай болсон, “Валютын дэлгүүр”-ийн үндэсний дээл хувцсыг Үндэсний хувцасны тасгийнхан 1984 оноос захиалгаар хийж эхэлжээ. Хүссэн хүн бүр орох эрхгүй, тусгай үйлчилгээтэй энэ дэлгүүрт хамаг л өнгөтэй өөдтэй, чамин тансаг бараа худалддаг байсан тухай настайчууд дурсдаг. Үндэсний хувцас, ууж хантааз, жанжин малгай, бөхийн зодог шуудаг гэхчилэн захиалсан бүгдийг тэд хийдэг байж.
Оёдолчдын ур чадварыг шавхсан энэ хэцүү даалгаврыг тэд л нэр төртэй үүрч иржээ. Маш олон шалгуур давж тухайн хувцсыг тэр дэлгүүрт тавьдаг байсныг өнөөгийн хүмүүс тэр бүр мэдэхгүй. Үндэсний хувцасны тасгийн чанар шалгагч, түүнийг хүлээн авч буй газрын чанар шалгагч, дарга нар нь нэг бүрчлэн хянаад, дэлгүүрт тавьж болно гэж зөвшөөрөл өгдөг байсан гэхээр чанарын тухайд ярилтгүй.
37-ТОЙДОО ТЭТГЭВЭРТ ГАРСАН ЭЭЖ
1970 онд арванзургаатай ажлын талбарт гарсан бүсгүй 1990 онд “Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн, улсад 20 жил ажилласан” гэх үндэслэлээр тэтгэвэрт гарах “тийз” өвөртлөхдөө 37-хон настай байсан гэнэ. Нас залуу, хүүхдүүд нь бага, гэртээ ажилгүй сууна гэхэд санаанд багтахгүй, ёстой л шоконд орж байсан тухайгаа тэрбээр дурссан. Зах зээлийн нийгмийн шилжилтийн үе таарсныг хэлэх үү, тэр хэцүү үед ажилгүй болно гэдэг амар байгаагүй нь ойлгомжтой.
Гэртээ хэсэг суугаад удалгүй нэгэн найзынхаа тусламжтайгаар Улсын циркт ажилд орж, жүжигчдийн хувцас оёх болсон гэнэ. Хууль дүрэм чанга байсан тул тэтгэвэрт гарсан хүмүүсийг ажиллуулахгүй гэж энд тэндээс дарамт ирэх үе ч түүнд цөөнгүй байж. Есөн жил циркт оёдолчноор ажиллах хугацаанд цаг төр ч нааштайгаар эргэж, “Урт цагаан” буюу хуучны ахуйн үйлчилгээний байгууллага нь хувьцаат компани болоход төрөлх хамт олон дээрээ буцаж иржээ.
“Урт цагаан”-ы барилгын хамгийн зүүн талын павильон буюу ханан дээрээ “Урт цагаан” ХХК гэсэн хаяг байдаг нь хуучны залгамж халаагаа авч үлдсэн гол хэсэг нь юм байна. Тиймдээ ч бусад павильоны түрээслэгчид шиг биш, харин “Урт цагаан” ХХК-ийн ажилтан гэсэн статустай явдаг аж.
НЭР НЬ ӨӨРӨӨ БРЭНД
Брэнд гэдгийг хүмүүс янз бүрээр ойлгодог. Харин нэг зүйлийг урт удаан хугацааны турш чанартай хийж, өөрийн нэрийг брэнд болгож чадсан хүн гэвэл Г.Бямбасүрэн эгчийг хэлнэ. Тэрбээр үндэсний хувцсаар мастер оёдолчин цол хүртсэн Монголын анхны эмэгтэй. Тэгэхээр яах аргагүй салбартаа гол дүр.
Ямар болзол хангаж энэ цолыг авсан талаар нь асуувал “Цэв цэнхэр дээлийг цав цагаан материалаар доторлоод, цаана нь нэг ч хатгаш гаргаж болохгүй гэсэн шалгуур тавьж, түүнийг нь хангаж би Монгол Улсын мастер оёдолчин цол авч байлаа. Манай Үйлдвэр хариуцсан чанарын хэлтсийн дарга Сэргэлэн гэдэг хүүхний дээл байсан юм” гэлээ. Мастер оёдолчин гэдэг цол аваад тэрбээр Чех улсад нэг сар аялах эрхийн бичгээр шагнуулж байжээ.
Түүний нэр брэнд болох өөр нэг шалгуур нь мэдээж үйлчлүүлэгчид. Дээхнэ үед бүхий л сайд дарга нар, төрийн томчуудын хувцас, гоёлыг хийдэг байсан тэрбээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат болон тэргүүн хатагтайн дээлийг хийж өгсөн гэдгээрээ бахархаж явдгаа өгүүлсэн. Мөн түүгээр гоёлоо зэхүүлдэг улстөрчид, бөхчүүд, урлагийнхан олон.
Ардын жүжигчин Л.Цогзолмаа, П.Цэрэндагва, А.Мэндбаяр, дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат гэхчилэн олны танил алдартнууд байнгын үйлчлүүлэгч нь. Өмнөх парламентад монгол дээлээр байнга гоёдог гэдгээрээ олонд хүндлэгдсэн нэг гишүүн байсан нь З.Баянсэлэнгэ. Тэгвэл тэр олон гоёлыг нь урласан хүн бол Бямбаа эгч гэнэ. Экс гишүүний ээж нь ч бас түүний “фэн” гэсэн шүү.
НАЙМАН АЧ, ЗЭЭТЭЙ ЭМЭЭ
Бямбаа эгч 18 настайдаа, 1970 онд нөхөртэйгөө танилцаж гэр бүл болсон аж. Нөхөр нь барилгын инженер мэргэжилтэй бөгөөд техник мэргэжлийн сургуульд багшилж байгаад тэтгэвэртээ гарчээ. Дөрвөн хүүхэд нь өдгөө бүгд өрх тусгаарласан гэнэ. Ууган охин нь эдийн засагч, том хүү нь барилгын цахилгаан гагнуурчны мэргэжилтэй бол бага хүү нь аавынхаа нутагт, Архангайд малчин. Харин бага охин нь ээжийнхээ уран үйлийг нь залгамжилж, оёдлын эсгүүр, дизайны мэргэжлээр төгсчээ.
“Өдгөө найман ач, зээтэй, өнөр өтгөн сайхан амьдарч байна. Энэ сайхан нэр хүндийг олж авсан минь ар гэр, ажиллаж байгаа хамт олны минь буян шүү дээ. Би амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. Нас өндөр болчихлоо, гэртээ сууя гэхээр хамт олон маань та дахиад нэг жил ажиллачихвал яасан юм бэ гэдэг. Тэгж хэлж байгаа нь сайхан санагдаад нээрээ хойтон жил ажиллачихдаг ч юм бил үү” гэсээр л өнөөдрийг хүрлээ. Тэр чинь бас их урам биз дээ” хэмээв.
Тэрбээр өдгөө 10 гаруй шавьтай. Монгол дээл хувцасны үзэсгэлэн, тэмцээн уралдаанд оролцож олон шагнал авснаас гадна тасгийн болон үйлдвэрийн аварга оёдолчноор удаа дараа шалгарч байжээ. Мөн 5, 6, 7, 8 дугаар таван жилийн гавшгайч, ардын хувьсгалын ойн медалиуд, нийтийн ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтан, тэргүүний шилдэг загварчин цол, Чингэлтэй дүүргийн хүндэт өргөмжлөл, Хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг цөөнгүй гавьяа шагнал хүртсэн ч төр эгэл жирийн ажилчиндаа өгөх ёстойг нь өгөөгүй мартсан байгаад жаахан гайхсаныг нуух юун.
Магадгүй хэзээ нэг өдөр төр түүнд хишгээ хайрлаж, “Алтангадас”, Гавьяат ажилтан цол олгох нь дамжиггүй. Харин миний хувьд энэ олон шагналаас илүүтэй хаа байсан холоос хүмүүс “Урт цагаан”-ы Бямбаа эгч” гээд зориод ирдэг энэ эрхэм алдар нь түүний хамгийн том шагнал мэт санагдсан.