Нүхтийн ам
Цахилгааны шөнийн тарифыг тэглэхдээ Нүхтийн аман дахь тансаг зэрэглэлийн амины орон сууцанд амьдардаг айлуудыг хамруулчихжээ. Улаанбаатарын агаар, хөрсний бохирдлоос дайжсан хөрөнгө чинээтэй айлууд тэнд том орд харш барин амьдардаг нь олонд ил. Гэр хорооллын өрхүүдэд цахилгаан халаагуур хэрэглүүлэн, Улаанбаатарын утааг эдийн засгийн аргаар бууруулах зорилготойгоор ийм арга хэмжээ авсан.
Гэвч цэнгэг агаарт аж төрдөг Нүхтийн аман дахь айлуудын шөнийн тарифыг яагаад тэглэх учиртай юм бэ? Хэрэглэсэн цахилгаанаа тарифынх нь дагуу төлчихөд хотойхооргүй бэлтэй хүмүүс тэнд амьдардаг. Энэ явдалд “Шударга байя л даа” гэдэг үг тохирно.
Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Баярбаатар яамныхаа газар, хэлтэс болон Эрчим хүчний зохицуулах хороо, дулааны цахилгаан станцууд, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, Диспетчерийн үндэсний төв зэрэг байгууллагын 26 төлөөллийг багтаасан, шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан авах арга хэмжээг боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа.
Тэрбээр “Нүхтийн аман дахь айлуудын шөнийн тарифыг тэглэсэн байх ёсгүй” гээд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн ерөнхий инженер рүү утас цохив. Цаадах нь нягталж үзээд “Нүхтийн ам орчихсон байна” гэсэн хариу илгээсэн юм. Агаарын бохирдолгүй газарт амьдардаг, чинээлэг иргэдийн цахилгааны тарифыг хөнгөлөх, чөлөөлөх нь зүй бус хэрэг гэдэгтэй Ц.Баярбаатар санал нэгдэж байлаа. Ингээд Эрчим хүчний зохицуулах хороо бүсчлэл гаргаад, шөнийн тарифыг тэглэхээр шийдвэрлэсэн гэсэн тайлбар зүүв. Улмаар үүнд анхаарал хандуулж, арга хэмжээ авахаа амласан юм.
Үнэхээр ч цахилгааны үнэ тарифыг хөнгөлөх, чөлөөлөх, нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч нар гаргадаг. Тэд ч цэнгэг агаарт амьдардаг, чинээлэг өрхүүдийн цахилгааны тарифыг тэглэснээ анзаараагүй аж. Тус хорооны хэвлэлийн төлөөлөгч Б.Цоожчулуунцэцэг “Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас ирүүлсэн мэдээллийн дагуу манай зохицуулагч нар шийдвэр гаргасан” гэв. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь эцсийн бүлэгт нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар болж хувирлаа.
Гэр хороолол
Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх бүсийг тэднийх тодорхойлж өгчээ. Ингэхдээ бас л цэвэр агаарт амьдардаг Нүхтийн айлуудын цахилгааны тарифыг тэглэснээ мэдсэнгүй. “Яармагт Нүхтийн гэсэн нэртэй гудамжууд байдаг. Түүнтэй андуурсан байж магадгүй” гэж мэргэжилтэн бүсгүй мэлзэх гэж оролдов.
Тэгээд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын байгаль орчны мэргэжилтэн рүү утас цохиж байж “хэрэг”-ээ хүлээлээ. Ингээд Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны өрхүүдийг “А”, “Б” хэсэгт хувааж, Нүхтийн амны айлуудын тарифыг тэглэснийг болиулах хэрэгтэй юм байна гэсэн санаа, сэдэлтэй хоцорсон юм.
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрынхан агаарын чанарыг сайжруулах бүсийн судалгааг гаргажээ. Судалгаанаас харахад, агаарын бохирдол хамгийн ихтэй буюу нэгдүгээр бүсэд Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 51 хороо багтсан байв. Эдгээр хороо нийт 127 мянган өрхтэй аж. Дахин сануулахад, гамшиг гэгдээд буй агаарын бохирдлыг бууруулах зорилгоор л цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Тэгвэл агаар хамгийн ихээр бохирдуулдаг хорооны айлуудын шөнийн тарифыг тэглэвэл яасан юм бэ? Гол нь байгаа онох нь чухал баймаар юм.
Цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн эрчим хүчний чадал өдөртөө дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй. ОХУ-аас “нэмэлт хүч” авч байж хэрэгцээгээ хангадаг. Харин шөнө цахилгааны хэрэглээ буурахаар 240 мВт-ын чадал илүүдчихнэ. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа бууруулах техникийн боломж байхгүй. Тиймээс илүүдэл чадлаа шөнөдөө ОХУ руу үнэгүй гүйлгэдэг.
Нөгөөдүүл нь ч шөнө гүйлгэсэн эрчим хүчийг нь авахаас цааргалдаг. Энэ л илүүдэл чадлыг ашиглаж, утааг бууруулах санаачилга гаргасан. Гэвч байгаа онохгүй баахан төөрөх бололтой. Нэг өрх шөнөдөө дунджаар 2.5 кВт/цаг чадал хэрэглэнэ гэж тооцвол илүүдэл нь 100 мянган айлд л хүрэлцэнэ. Улаанбаатарын гэр хороололд 187 мянган өрх айл амьдардаг. Бүгдийг нь цахилгаан халаагууртай болгох эрчим хүчний чадал хүрэлцэхгүй учраас чухлыг нь онцгойлох хэрэгтэй биз дээ.
Эрчим хүчний яам ирэх өвөл гэр хорооллын 20 мянган өрхийг яндангүй болгох зорилт тавьсныг Ц.Баярбаатар зөвлөх тодотгосон. Ингэхдээ таван дүүргийн 10 хорооны айлуудад шөнөдөө дөрвөн кВт/цаг цахилгаан хэрэглэх техникийн боломж олгох гэнэ. Ингэхийн тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, цахилгаан дамжуулах сүлжээ, дэд станцыг нь өргөтгөх нь.
Эдгээр өрх шөнөдөө дөрвөн кВт/цаг цахилгаан зарцуулаад дулаанаа хуримтлуулдаг халаагууртай болчихвол яндангаасаа сална гэж тэд тооцжээ. Хамгийн их агаарын бохирдолтой 10 хороог сонгоод буй гэнэ. Үүний дөрөв нь Баянгол дүүргийнх аж. Гэтэл нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрынхны гаргасан судалгаагаар Баянгол дүүргийн найман хороо агаарын бохирдлын гурав, бусад нь дөрөвдүгээрт бүсэд багтаж байна.
Өөрөөр хэлбэл, утаа багатай бүсэд ордог гэсэн үг. Утаа хамгийн ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хороодоос сонгох боломжгүй гэж үү. Тэр дундаа агаар хамгийн ихээр бохирдуулдаг 10 хороог сонгож болоогүй юм уу. Эрчим хүчний яамныхан цахилгааны хэрэглээг нь нэмэгдүүлэх хороодыг сонгохдоо нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрынхнаас санал авсан, эсэхийг нь тодруулбал “Үгүй” гэж эрс шулуун хариулав.
Эрчим хүчний шөнийн тарифыг тэглэсэн нь Засгийн газар судалгаа шинжилгээнд суурилж, шийдвэр гаргадаггүйн тод жишээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэнэт л гэр хорооллын шөнийн тарифыг тэглэлээ гэсэн улс төрийн өнгө аястай мэдэгдэл хийсэн. Шийдвэр гаргахаас өмнө судлах, шинжлэх, бодлого тодорхойлох ажлын хэсэг байгууллаа гэсэн мэдээлэл огт сонсогдоогүй. Эрчим хүчний сайд П.Ганхүү Ерөнхий сайдад “240 мВт-ын чадал шөнөдөө илүүдэж байна.
Цахилгааны шөнийн тарифыг тэглэчихвэл ямар вэ” гэж санал тавиад нөгөөх нь уухайн тас дэмжсэн юм шиг дүр зураг харагдаж байгаа. Тавдугаар цахилгаан станц барина, Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулна гэх мэт суурь судалгаагүй шийдвэр гаргаад, бүтэлгүйтсэн жишээ Засгийн газарт олон бий. Үнэхээр л утааг бууруулна гэж зорьсон юм бол түүнийгээ онилсон шийдвэр гаргаасай.
Ядаж л цэнгэг агаартай Нүхтийн чинээлэг айлуудад тарифын хөнгөлөлт эдлүүлж буй завхралаа зогсоогоосой. Хөнгөн хуумгай шийдвэрээс үүдсэн алдаа мадгийн зах зух ийм байна.