“Хандивын аян”-ы зөв, бурууг би хэлж мэдэхгүй ээ. Улс нь ард иргэдээсээ мөнгө гуйх дээрээ тулах ч гэж дээ гэсэн харуусал ч төрөх шиг. Гэхдээ энэ хорвоогоос хальсан ээж, аавынхаа өмнөөс ардын хүү алтан бөгж, агт морьдоо нулимстай өргөж байгааг хараад өөрийн эрхгүй өрөвдөж билээ.
Нөхцөл байдал нэгэнт ийм болсон хойно дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шиг өр зөөлөнтэй монголчууд хамтын хүчээр энэ хямралыг давж чадах ч юм шиг санагдсан. Гэтэл “Цагаан сар ба хар нулимс” гэдэг шиг нефть импортлогч зарим аж ахуйн нэгж баярын өмнөхөн гэнэтийн “бэлэг” барьж, үнээ 50-150 төгрөгөөр нэмчихлээ. Энэ өсөлт хэр үндэслэлтэй байсныг харъя.
Шатахууны жижиглэнгийн үнэ нь импортын буюу хилийн үнэ, татвар, компанийн үйл ажиллагааны зардал болон ашгийн түвшнээс хамаардаг. Хилийн үнэ өсөж, ам.долларын ханш чангарснаас болж 4-12 хувийн алдагдал хүлээж байгаа хэмээн нефть импортлогчид тайлбарлаж буй сурагтай.
ОПЕК буюу газрын тос экспортлогч орнуудын байгууллага энэ оны эхний хагас жилд олборлолтын хэмжээг өдөрт 1.2 сая баррелиар, ОПЕК-ийн гишүүн бус орнууд өдөрт 0.5 саяар тус тус бууруулах шийдвэрийг өнгөрсөн арванхоёрдугаар сард гаргаснаар үнэ өсөж эхэлсэн.
Тухайлбал, “Брент” маркийн баррель газрын тос өнгөрсөн мягмар гаригийн байдлаар 55.11 ам.долларт хүрсэн нь хоёр сарын өмнөх үеэс 20 хувиар чангарсан үзүүлэлт юм. Үүнээс үүдэн шатахууны хилийн үнэ өнгөрсөн сард өмнөх сартай нь харьцуулбал тн тутамдаа төрөл тус бүр нь 40-60 ам.доллароор өссөн байна. Мөн ам.долларын ханш өнгөрсөн оны зургадугаар сараас 25 хувиар чангарчээ.
ОХУ-ын “Роснефть” компанитай байгуулсан гэрээний дагуу манайх төлбөр, тооцоогоо ам.доллароор хийж байгаа. Нефтийн худалдаа эрхлэгчид валютаар авсан бүтээгдэхүүнээ төгрөгөөр борлуулж, орлогоо эргүүлээд ам.долларт хөрвүүлдэг учир ханшийн савлагаанд өртөж байна. Ханш савлаж, үнэ өсөхийн хэрээр зардал нь нэмэгдэж буй гэнэ.
Гэхдээ энэ нөхцөл байдлыг харгалзан Засгийн газар түлш, шатахууны онцгой албан татварыг бууруулсаар ирсэн. Монголбанкны Судалгаа, статистикийн газрын эдийн засагч С.Мөнхчимэг “Монгол Улс дахь түлш, шатахууны үнэ, түүний бүтэц” судалгаандаа “Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөх, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулрах тохиолдолд түлш, шатахууны үнэ нэмэгдэх эрсдэлтэй. Гэхдээ Засгийн газар татварын хувь хэмжээг шат дараатай бууруулах замаар түлш, шатахууны үнийг тогтвортой байлгах боломжтой” гэжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхны тооцоогоор өнгөрсөн сарын байдлаар хилийн үнэ жижиглэнгийн үнийн 70 орчим хувьтай тэнцэж байна. Харин татварын нийт өртөгт эзлэх хувь нь багасчээ. Өөрөөр хэлбэл, хилийн үнэ өсөж, валютын ханш чангарахын хэрээр Засгийн газар тухай бүрт нь зохицуулалт хийж, татварын хувь хэмжээг бууруулдаг.
Одоогоор баруун болон зүүн бүсэд шатахуун, дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэсэн бөгөөд төвийн бүсэд бэлгэдлийн төдий багахан хэмжээний татвар тогтоосон. Тухайлбал, 90-ээс доош октантай шатахууны албан татварыг 160 мянган төгрөгөөс 50, үүнээс доошихыг нь 30, дизелийн түлшнийхийг 180-аас 70 мянган төгрөг болгосон юм.
Ингэснээр төсвийн орлого 100 орчим тэрбум төгрөгөөр буурах ч шатахууны үнэ тогтвортой байх боломж бий гэж Засгийн газар үзсэн. Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Э.Алтанзул “Засгийн газар түлш, шатахууны онцгой албан татварыг бууруулснаар сард 20 тэрбум төгрөгийн татварыг хөнгөлж байгаа юм. Өнгөрсөн оноос татварын хэмжээг үе шаттайгаар багасгах бодлого барьсан” хэмээн ярив.
Ер нь Засгийн газар үнийг хөдөлгөхгүйн тулд нефть импортлогчдод их л буулт хийлээ. Гэхдээ үр дүн гарсангүй. Үнээ хямдруул гэж шаардаад ч үгэнд нь орох шинж алга. Эдгээр аж ахуйн нэгжийг хоёрдугаар сарын 7-ны дотор үнээ буцаан хямдруулахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас (ШӨХТГ) шаардав. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, ШӨХТГ-ын хамтарсан ажлын хэсэг үнэ өсгөх бодит шалтгаан байсан, эсэхийг шалгаж байна.
Шатахууны худалдаа эрхлэгчид үгсэн тохирч үнээ нэмсэн байж болзошгүй гэж хардах шалтаг бий. Учир нь дотоодын шатахууны бизнесийн талаас илүү хувийг атгадаг “Петровис”, “Петростар”, “Шунхлай”, “Магнай трейд” зэрэг томчуул шатахууны үнээ нэг л шөнийн дотор зэрэг нэмжээ. Мөн энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг төрийн холбогдох байгууллагуудад мэдэгдэлгүй, дур мэдэн ийм шийдвэр гаргасан байх юм.
Шатахууны үнэ бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний өртөгт нөлөөлдөг. Өнөөдрийн нэмсэн 100 төгрөг маргааш мах, гурил, будаа гэх мэт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний өртөгт 200, бүр 500, 1000 төгрөг болон шингэнэ. Энэ нь тэртэй тэргүй нимгэрсэн, иргэдийн халаасыг ухаад гүвэхтэй адилхан юм болж байна. Одоо үүний сургаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ч өсөж эхэллээ.
Багахан цалингаараа амьжиргаагаа залгуулах гэж ядарч байгаа иргэдэд арай л хатуурхаж байх шиг. Ачааны хүндийг айлын том нь л үүрдэг. Олон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж төрийн тусламжаар санхүү, хөрөнгө нөөцийн хувьд бэхэжсэн томчуул хүнд үед хэнд ч хэлж, хэнтэй ч зөвлөлдөлгүй хоорондоо үгсэх маягаар ачаагаа төр, иргэд рүүгээ чимээгүйхэн түлхчихэж байгаа нь арай л увайгүй үйлдэл гэлтэй.
Ашиг буурч, алдагдал хүлээж эхэллээ хэмээн нефть импортлогчид гомдоллож байгаа. Гэтэл тэдэнд 20-30 хувийг ашиг хүртэн, түрийвчээ түнтийлгэж байсан сайхан үе ч бий. Угаасаа эдийн засаг хумигдаж байхад ашигтай ажиллаж буй компани цөөн. Энэ хүнд үеийг давах гэж хаа сайгүй эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна.
Харин нефть импортлогчид туслах бус, харин ч Засгийн газар, иргэдээ булан руу шахаж, нэмсэн үнэ тулгаж буй юм. Нийгмийн хариуцлага хэмээн байнга ярьдаг зарим аж ахуйн нэгж, энэ хариуцлагаасаа ийнхүү зугтав. Хүнд үед иргэдийнхээ амьжиргааг бодох нь нийгмийн хариуцлага биш гэж үү, шатахууны магнатууд аа. Эх оронч үзэл гэдэг компаниудын өөрсдийгөө сурталчлах үедээ л санадаг хоосон уриа төдий биш.