Хэн ч хаанаас нь ч харсан чамин дэгжин хувцасласан, орчин үеийн хэв маягтай залуус олон хүн цугласан автобусны буудал, зах, худалдааны төвүүдээр хэсэг хэсгээрээ холхино. Халаасны хулгайч нар орчин үеийн хэв маягаар хувцаслан ажилдаа гардаг болжээ.
Хэдэн жилийн өмнө бол архи үнэртүүлсэн, хувцас хунар нь өнгө үзэмж тааруухан хүмүүс л харагддаг байлаа. Өнөө бол халаасны хулгайчийг жирийн иргэдээс ялгахад бэрх болжээ. Тэд хажуугаараа өнгөрсөн хүн бүрийг дээрээс нь доош, доороос нь дээш нэвт шувт ажиглана. Энэ ажиглалтаасаа л тэд золиос болох нэгнээ онилдог юм байна.
Цагаан сар дөхсөн, оюутны өвлийн амралт дуусаж, хичээл эхэлж буй энэ үе халаас ухдаг хулгайчуудын дөмөгхөн олз олох цаг хаяанд ирэв. Тиймээс бид иргэдийг алхам тутамдаа сонир сэрэмжтэй байж, халаас ухагчдаас өөрийгөө хамгаалж явахыг сануулах үүднээс тэднийг нэг өдөр дагалаа.
“ХӨНДЛӨН”-Д СУУХАД ЧИНЬ ХЭН НЭГЭН ШАХВАЛ БОЛГООМЖЛООРОЙ
Хоёрдугаар сарын 3-ны баасан гаригийн 06.40 цаг. Баянгол дүүргийн нутаг, X хорооллын автобусны урд талын буудалд хүний хөл хөдөлгөөн ихэсчээ. Хичээл, ажилдаа явахаар эртлэн гарсан оюутан охид залуус, автобус хүлээнгээ тамхи татах нь татаж, даарч бээрсэн хэд нь малгайгаа дарж, хүрэмнийхээ юүдэнг өмсөж, ороолтоо дээшлүүлэн хөлөө хавсран зогсоно.
Таван шар, “Саппоро” чиглэлээс ирж буй автобуснууд хүн ихтэй, X хорооллоос тэдгээрт багтаж суух гэсэн охид, залуус ёстой л алаан болж байв. Энэ дундуур манай “объектууд” ажилдаа орж, хичээл сургууль, ажилдаа явах гэж буй аятай л оюутан сурагч, иргэдтэй чихцэлдэн дайрна. 2-3-аараа нийлэн “олз”-ныхоо тал талд нь гарч автобусны хаалгаар шахцалдан дайрч буй олонтой нийлж зүтгээд хэд хэдэн хүний халаасыг тэмтрээд унаанд орсон ч юмгүй буцан гарч ирлээ.
Олзоо авч чадаагүй бололтой, урам муутай, дараагийнхаа хохирогчийг хайн нүд бэлчээх юм. Өглөөний оргил ачааллын цагаар ажилдаа гарсан тэд өдөртөө хоосон буцна гэж үгүй. Хүн харахад 2-3-уулаа, бөөнөөрөө явж байна гэж огт харагдахгүй юм билээ.
Таван шараас Офицеруудын ордон чиглэлд, хотын хэвтээ тэнхлэг дагуу явдаг автобусуудыг халаасчид “Хөндлөн” гэж нэрийддэг. “Хөндлөн”-гөөс хулгайч нар хоосон бууна гэж байдаггүй. Сүүлийн үед байг ээ гэхэд “Samsung S4” чимхээд бууна.
Түүнийгээ ломбард, утасны ченжүүдэд зах зээлийн үнээс харьцангуй хямдаар өгнө. Ганц гар утас аваад зогсоно, ханана гэж үгүй. 7-8 жилийн өмнө халаасны хулгайчдын талаар сурвалжилга бэлтгэж байхад “Хөндлөн”-гөөр өөр чиглэлийн “урт гартан” орж ирнэ гэж байдаггүй, бараг л эзэмшлээ тогтоочихсон нөхөд байдаг талаар ярьдаг байлаа. “Сансар” (энгэрийн халаас)-аас хэн дуртай нь хулгай хийж чаддаггүй, тэр дундаа “Дотор сансраас” авч хүчирдэггүй байхад намхан нуруутай “Сансар” хочтой нөхөр л ганцаараа туучихдаг байсан гэх зэрэг яриа байдаг.
Өнөөдөр байдал тэс өөр болжээ. Хэн дуртай нь давхиж орж ирээд баахан тэмтэрч, “илж таалж” байгаад л гардаг болсон гэдгийг халаасчин нь ч, цагдаагийнхан ч хэлж байна.
09.00 цаг. Хүмүүс хотын төв рүү чиглэдэг ид оргил ачааллын үеэр буюу 07.00-11.30 цаг хүртэл “Саппоро”, X хороолол, МУБИС, Офицеруудын ордон чиглэлийн урд талын буудал халаасчдаар хахдаг гэхэд болно. Биднийг сурвалжилга хийж байх үед X хорооллын буудал дээр 09.00 цагийн үед нэг бүсгүй утсаа алдсан юм. Автобус руу чихэлдэж байгаад орохынх нь үед л авчихлаа.
Гурван залуу л нөгөө бүсгүйн урд, ард, хажуугаас нь шахаж автобусны хаалга руу чихэлдсэн юм. Тэгснээ үлдэж хоцорсон нь “олзоо” аваад эргэсэн нь илт. Миний хажуугаар өнгөрөхдөө хоорондоо “Энэ хавиар ойрд “хог” их байгаа. Цагаан сар болох гэж байгаа болохоор нэгдсэн шалгалт нь эхэлжээ. Азаар одоо байхгүй нь” гэсэн утгатай зүйл яриад өнгөрсөн юм. “Хог” гэдэг нь Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнуудыг хэлж буй аж.
Гэвч тэд ингэж яриад нэг их удалгүй саатуулагдсан юм. Би тэднийг гурвуулаа гэж харсан ч тавуулаа байжээ. Үйлдэл дээрээ баригдсан тэр таван нөхрийг хуучнаар 805 дугаар анги буюу одоогийн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгахаар авч явсан юм. Саравчтай малгай толгойдоо духдуулж, зузаан ороолтоор хүзүүгээ баглаад, хүрэмнийхээ юүдэнг давхарласан, нарийхан жийнс, цагаан пүүз жийсэн тэдгээр залуусыг сүүлийн үеийн хэв маягаар гоёсон оюутан, сурагч л байна гэж бодохоор байлаа.
ХАЛААСЧДЫН ГОЛ БАГАЖ НЬ МӨНГӨНИЙ БООЛТ РЕЗИН
“Хөндлөн”-д өглөөний оргил ачаалал, орой ажил тараад хүмүүс гэр рүүгээ яарах цагаар л халаасчид орж ирдэг болсон аж. Тэрнээс бусад цагт хаачдаг вэ гэхээр нэг газар цуглаж дараагийнхаа төлөвлөгөөг боловсруулан хооллож, ундалдаг гэнэ. Халаасны хулгай хийж байгаад баригдсан нэг эр ийн ярьсан юм. “Нарантуул”, “Сандэй” зэрэг газраар олзоо хайж явдаг. Ер нь өдөрт 200-300 мянган төгрөгийн орлоготой л буудаг ш дээ.
“Хог”-нууд таарчихвал эртхэн шиг л алга болно. Ер нь сүүлийн үед хилийн чанад руу их явдаг болсон. Боломж бололцоо тааруу нэг нь хот зуураа, зун бол даншиг наадам хэсээд л бүлэг болоод жийп ч хөлслөөд явчихдаг юм. Жийптэй явахаар наадамчид нэг их сэжиглэдэггүй. “Гитл”-үүдээс (хамтрагчаа ийн нэрлэдэг аж) хил давсан нь ч бий. Хонконг, Бээжин, Европын орнуудаар нэлээд олон хүн гарчихсан ш дээ” гэлээ.
13.00 цаг. “Сандэй” худалдааны төвийг зорилоо. Халаасчдын үдийн цайны цаг дууссан бололтой. Энүүгээр мэр сэр үзэгдэж эхэлсэн талаар цагдаагийнханд мэдээлэл ирсний дагуу тийшээ зорилоо. Нэлээд удаан ажигласны эцэст өмнө нь хэрэгт сэжиглэгдэн, цагдаагийн бүртгэл судалгаанд хамрагдчихсан зургаан нөхөр өлөв долов хийж явахтай таарсан юм.
Тэд хэн нэгнийх хараахан хохироож чадаагүй байжээ. Арга ч үгүй биз, тэдний ад үздэг “хог”-нууд нь “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ эхэлсэнтэй холбоотойгоор “Нарантуул”, “Сандэй”, “Бөмбөгөр” зэрэг газруудаар эргүүл хийж яваа болохоор азгүйтэж баригдчихвал хэд хоногтоо л орлогогүй болох юм хойно.
Уг нь цагдаагийнхан халаасны хулгайчийг илрүүлэн саатуулдаг ч манай хууль эрх зүйн зохицуулалтаас болоод хэрэг нь шийдэгддэггүй. Хулгайч нар “Амташсан хэрээ 13 дахина” гэгчээр ажилладаг юм байна. Халаасны хулгайчийг саатуулаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гэхээр хохирол нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрдэггүй. Шинжээч нар хулгайд алдсан утсыг зах зээлийн үнээс нь хэт доогуур үнэлдэг, өөрсдөө ч тэр үнээс арай хямдаар борлуулчихдаг, ломбарданд тавьчихдаг учраас эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй байдаг аж.
Прокурор ч хохирлын хэмжээ хүрээгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан хаадаг нь хулгайч нарыг өөгшүүлж байна. Иргэд утсаа алдахад түүний бодит хохирлоос гадна доторх мэдээллүүд нь ямар үнэтэй вэ гэдгийг тогтоодоггүй нь хулгайч нарыг давраахад нэрмээс болж байна. Тиймээс иргэд минь дэргэд чинь хулгайч байнга дагаж явааг ямагт санан, цүнх саваа хямгадаж, аль болох энгэрийн халаасандаа утас, хэтэвчээ хийж явах нь зүйтэй аж.
“Халаасны хулгайч хүний ядам хуруу урт байдаг, тоосго уяж дунд хуруутайгаа нь тэнцүү болгодог” гэсэн яриа бий. Өнөөдөр халаасны хулгайч нар тийм байхаа больсон гэнэ. Харин өдгөө долоовор, дунд хуруугаа мөнгө боодог резинээр хэдэнтээ хэрдэг болжээ. Тэр нь утас хулгайлахад амар байдаг талаар саатуулагдсан нэг эр ярьсан юм.
“Халаасны хулгайч хүний эд зүйл авч байгааг хохирогчид хэлмэгц пэрээтгээр тухайн хүнийг зүсдэг” гэх мэт ам дамжсан яриа байдаг. Тэрнээс нь болдог юм уу, өдгөө ч хулгай хийж байгааг харсан хэрнээ дуугүй өнгөрдөг явдал байсаар. Цагдаагийнхан “Иргэд үүргээ ухамсарлаж, би болж байвал бусад нь надад падгүй гэсэн үзлээсээ салах хэрэгтэй байна.
Хулгай хийж байгааг харсаар атлаа дуугүй өнгөрч болохгүй шүү дээ. Автобус даяар зарладаг ч юм уу, эсвэл гар утсаараа бичлэг хийгээд бидэнд авчраад өгөхөд бид зохих хариуцлагыг нь хүлээлгэхийн төлөө л ажилладаг. Халаасны хулгайч нар их аймхай хүмүүс байдаг юм. Пэрээтгээр зүсдэг, ямар нэг байдлаар хохироодог гэдэг нь худлаа” гэлээ.
АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАР ХУЛГАЙЧИЙГ “ӨӨГШҮҮЛЭГЧИД”
Хулгайч нар өнөөдөр танигдахын аргагүй болсон гэдгийг сурвалжилгынхаа эхэнд дурдсан. Тэд өнөөдөр үйлчилгээний байгууллагад ч ажиллаж байна. Дунд сургуулийн сурагч ч бий. Оросын эрлийз эмэгтэй ч байгаа нь Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхний бүртгэлд оржээ. Өдөр нь үс засаад, ажил тарах, цуглах цагаар халаас ухдаг эмэгтэй байх юм. Өдөр нь хулгай хийгээд үдэш нь томоохон цэнгээний газрын дижейгээр ажилладаг, брэндийн хувцсаар гангарсан залуу ч байна лээ.
Монголд өнөөдөр халаасчдыг шууд биш юмаа гэхэд өөгшүүлж буй хүмүүс бол автобусны жолооч нар. Уг нь автобусныхаа бэлэн мөнгөний хайрцгийг ухахаас сэргийлэхийн зэрэгцээ, халаасны хулгайч нараас ч сэрэмжилж том оврын автобусуудад камер тавьсан. Гэтэл автобус компаниудын удирдлага ч, жолооч нар ч түүнийг нь үл ойшоож, камерынх нь утсыг тасалсан байгаа юм. Яагаад гэхээр тэд тамхиа татах, мөнгөний хайрцгаа ухахын тулд ингэсэн байдаг аж.
Уг нь телекамер нь ажиллаж байхдаа хулгайн хэрэг гарсан тохиолдолд шөнө орой ч гэсэн камерын бичлэгийг нь үзээд гэмт этгээдийг олж, хохирогчийн гомдлыг барагдуулахад нэмэртэй байж. Өдгөө Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн автобусны компаниудын удирдах албан тушаалтнуудтай уулзаж, телекамерын хяналтыг сэргээх талаар ярилцаж, тодорхой үр дүнд хүрч эхэлсэн байна. Юутай ч ажилладаг камераа салгасныг нь залгаж, шинээр суурилуулахаар тохиролцоонд хүрсэн гэнэ.
Халаасны хулгайч нарыг дагаж сүүлийн үед Монголд эрчимтэй дэлгэрч буй зүйл бол хар тамхи. Өмнөд хөршид хулгай хийж байсан нэг хэсэг нь мансуурагч болохын зэрэгцээ оруулж ирж худалддаг болчихоод байгаа гэдгийг олон хүн хэлж байна.
Эцэст нь хэлэхэд халаасны хулгайч нарын гол объект нь ачаа тээш ихтэй яваа хүн, хүүхдээ тэвэрсэн бүсгүйчүүд голдуу байдаг аж. Өнгөрсөн баасан гаригт Улаанбаатар хотын хэмжээнд халаасны хулгайчид эд зүйлээ алдсан тухай 12-13 өргөдөл иржээ. Хохирогчид нь бүгд л бүсгүйчүүд байв. Тиймээс “Дэргэд чинь хулгайч” байгааг ямагт санаж яваарай гэдгийг дахин сануулъя.