Таны дотнын хэн нэгэн дуугаа хурааж, ганцаараа байхыг илүүд үзэх болсон юм биш биз. Хаана, юу хийж яваа нь тодорхойгүй, уцаартай болж байна уу. Ийм шинж илэрвэл түүнд юу тохиолдсон талаар ярилцаж, сэтгэл рүү нь өнгийхийг хичээгээрэй гэж сэтгэл судлаач нар зөвлөлөө.
Учир нь тэр амиа хорлох талаар бодож эхэлсэн ч байж магадгүй. Хэрэв ямар нэгэн байдлаар захиас үлдээж эхэлбэл байдал ноцтой болж буйн шинж. Амиа хорлох сэтгэл зүйн бэлтгэлээ хэдийнэ базаачихсан гэж ойлгож болох нь.
Уг сэдвийг бичих нь битгий хэл ярихад ч хөндүүрлэмээр, бас хориотой. Гэвч сүүлийн жилүүдэд амиа хорлох үзэгдэл ихэссэнийг ажралгүй өнгөрөөж боломгүй. 2015 онд 300 гаруй хүн өөрийгөө “амьд явах эрхгүй” гээд шийтгэжээ.
Өнгөрсөн онд мөн ийм хүн тэдний сонгосон шийтгэлийн хэлбэрээр өөрийгөө ялласан аж. Ажил, мэргэжил, албан тушаал, нас, хүйс ялгалгүй хэнийг ч хамаагүй нөгөө ертөнц рүү авч одож байна, амиа хорлолт.
Голдуу ядуу, буурай орны иргэд уг шийтгэлийг өөртөө ногдуулдаг гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас харж болно. Зах зээлийн нийгэмд шилжсэн 1992 онд манай 42 иргэн амиа егүүтгэсэн гэдэг. Тэр үеэс хойш статистикийн муруй тогтмол дээшилж байгаа харамсалтай. 2000 онд 140, 2005 онд 200, 2010 онд 300 гаруй хүн амьд явах ховор завшаанаа өөрийнхөө гараар үгүй хийжээ. 2000-2010 онд гол төлөв дунд насныхан амиа хорлож байсан аж.
Тодруулж хэлбэл, 30-50 настай, ид хийж бүтээх настай эрчүүд байж. Санхүүгийн бэрхшээл, ажилгүйдэл, гэр бүлийн таарамжгүй харилцаа, нийгэмд эзлэх байр суурь нь тэднийг ийм үйлдэл хийхэд хүргэсэн гэнэ.
Сэтгэл судлаач Н.Нарангэрэл “Хань, үр хүүхэдтэй болвол хүний амьдрал тогтвортой болно гэдэг. Энэ нь үнэний ортой ч эрчүүдийн ачаалал нэмэгдэнэ. Гэрийн эзэн эхнэр, хүүхдээ дулаан гэрт байлгахаас эхлээд бүхий л хэрэгцээг нь хангах болдог. Хэрэв тухайн өрхийн эзэн орлого багатай, ойр орчных нь хүмүүс түүнийг нь тогтмол сануулаад байвал өөртөө гутарч эхэлнэ. Цаашлаад “Би арчаагүй хүн юм”, “Би байгаагүй бол эд минь зовохгүй байлаа” гэх мэт гутранги бодлоор тархиа дүүргэж, тэр нь амиа хорлоход хүргэдэг” гэв.
Харин 2011 оноос хойш залуус гутранги үзэлтнүүдийн эгнээнд түрэн оржээ. Хорин настай залуу боловсрол эзэмшээгүйдээ гомдож, өөрийгөө боомилов. Эх орноо хамгаалахаар цэргийн албанд очсон залуу, төрд тангараг өргөсөн хууль сахиулагчид ч ийм болчимгүй үйлдэл хийсэн. Тэдэнд чухам юу нөлөөлж, ийм үйлдэл хийлгэсэн байх магадлалтай талаар сэтгэлзүйч Д.Оюунбилэг “Нийгмийн бухимдлаас болсон гэж тайлбарлаж болно. Үнэхээр манайхны амьдралын хэвшил маяг, нийгмийн шинж хүнд байна. Ажил, гэр гэж яваад олсон хэдэн төгрөгөө зээлэндээ өгч байна. Нэг ёсондоо залуус жаргалгүй байна. Үүнээс болж гэр бүл салалт ихэслээ. Хүүхдээ аваад гэртээ буцсан эмэгтэйг хэн ч буруутгахгүй. Ер нь хэнийг ч буруутгах ёсгүй. Гэтэл өнөөгийн нийгэмд эрчүүдийг буруутгах үзэл газар авлаа. Дээрээс нь эрчүүдийн онцлог гэж бий. Тэд бүхнийг өөрөө даван туулна гэж зүтгээд, бүтэхгүй бол эцэстээ шантарч энэ аргыг сонгож байгаа юм. Эр хүн уйлдаггүй гэж хүүдээ хэлэх нь буруу” гэж ярив.
Тэгвэл сүүлийн таван жил өсвөр насны хүүхдүүд амиа хорлох болов. 2012-2016 онд дунд сургуулийн 92 хүүхэд уг болчимгүй аргыг хэрэглэж, гомдлоо тайлжээ. Тэдний заримаас нь дурдъя.
Одоогоос дөрвөн жилийн өмнө 10-хан настай хүү хойт эцгийнхээ зодуур, дарамтаас айж өөрийгөө боомилжээ. Түүний дараахан 12 настай хүү борог амьдралаасаа ичиж, мөн л өөрийгөө егүүтгэсэн. 2016 он дөнгөж гарангуут 14, 15 настай охид өөрсдөдөө тулгарсан бэрхшээлийг шийдэж чадалгүй, уг аргыг зөв хэмээн сонгосон байдаг. Тэд орцны ханан дээр "Уучлаарай аав, ээж ээ" гэж бичиж үлдээсэн. Өсвөр насны охид үеийн хөвгүүндээ дурлаж, ийм үйлдэл хийсэн тухай хэвлэлээр мэдээлж байв.
Түүнээс хоёр сарын дараа нэгэн сурагч охин барилга дээрээс үсрэхийг завдаж, онцгойгийнхныг сандаргасан. Сургууль дээр нь түүний талаар худал цуу дэгдэж, ангийнхан нь түүнийг үл ойшоосон учир ингэх болсон гэж охин мэдүүлсэн байдаг. 2017 он гарснаас хойш өнөөдрийн хүртэлх хугацаанд хоёр хүүхэд амиа хорлосон гэх мэдээлэл байна. Ерөнхийдөө сард нэг хүүхэд хүн болж төрсөн ховор хувь заяагаа үгүй хийж байна гэхэд дэгсдүүлсэн болохгүй.
Техник, технологи хөгжсөн энэ зуунд эцэг эх, хүүхдийн хоорондын харилцаа хөндийрсөн гэж болно. Хүүхэд нь хэнтэй найзалж, хаана юу хийж байгаа, бэрхшээл тулгарч уу, үгүй юү гэдгийг лавладаг аав, ээж ховор болжээ. Хэрэгцээтэй зүйлийг бэлдэж өгдөгөө халамж гэж эндүүрснээс болж өсвөр насныхан ийм үйлдэл хийх болсон гэдгийг гэр бүл судлаач нар онцлов.
Арвантаваас дээш настай хүүхдийг өсвөр настай гэдэг байсан үе өнгөрч өдгөө 10 настай хүүхэд уг ангилалд багтдаг болж. Үүнээс гадна зурагтаар гарч буй кинонууд, зарим том хүний зохисгүй үйлдэл “Хүндрэлтэй асуудлаа шийдэж чадахгүй бол амиа хорлох гарц бий” гэсэн ойлголт өгч байгааг хэлсэн юм. Мэдээллийн төвд өөрийгөө шатаасан залуу, Төрийн ордны гадна амиа хорлохыг завдсан оролдлогыг дурдаж болно.
Нийгмийн хөгжлийн индексээрээ 100 мянган хүн тутамд ногдох амиа хорлолтын тоогоороо Монгол Улс 48-д жагсдаг болоод хоёр жилийг үдэв. Энэ нь манайд сэтгэлзүйч эрэлттэй байгааг илтгэж буй.
Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд жилд дунджаар амиа хорлохыг завдсан үйлдэл нь бүтэлгүйтсэн 100 гаруй хүн эмчилгээ хийлгэдэг гэнэ. Гэвч тэдний 10 хувь нь дахин ийм алхам хийхээр завддаг ажээ. Тэдэнд шаардлагатай байгаа хүн нь сэтгэлзүйч. Гэтэл манай иргэд ламд ханддаг байна.
Харамсалтай нь, тухайн хүний сэтгэлийг сэргээх бус, “Ад зэтгэрт хорлогдсон байна”, “Хийморь нь доройтож”, “Муу хүнтэй нөхөрлөсөн байна” гэх мэтээр эргэн бий болгосон хүрээллийг нь үгүйсгэж улам дордуулдаг нь нууц биш. Тиймээс хорт хадвар мэт хурдацтай тархаж буй гутранги үзлийг устгахын тулд иргэн, гэр бүл рүү чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах шаардлага гараад байна.