Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар айсуй. Монгол хүн болж төрснөөрөө, морин дэл дээр дарцаглаж өссөнөөрөө, монгол зан заншлын захгүй уудамд хөлбөрч хүмүүжсэнээрээ, уртын дууны уран шуранхайд уярч ухаажсанаараа бахархах сэтгэлийг эрхгүй төрүүлдэг үндэсний хоёр том баярын маань нэг.
Цагаан сар гэхээр юм бүхнийг цагаанаар төсөөлөн боддог байж билээ, багадаа. Айлын эмээгээс хөлдөөсөн, чихэртэй цагаан тос бэлгэнд аваад урам хугарсан ч хаа хамаагүй хаячихаж бас зүрхлэхгүй “Тэгдэг л юм байлгүй” гэсхийгээд өнгөрүүлсэн удаатай. Энэ баярын мөн чанарыг бага насандаа тэгж ойлгосон минь угтаа буруу биш байсныг хожим ухаарсан сан.
Ардын уран зохиолч Тангадын Галсан гуайтай Цагаан сарын тухай хөөрөлдөх завшаан нэгэнтээ тохиосон юм. Монгол хэл, бичиг, монгол ёс заншил гэхээр юугаа ч хайрладаггүй энэ их хүмүүн тэр үед “Урьд цагт монголчууд Цагаан сарын хамгийн том тооцоо бол хиргүй, өргүй, хэрүүлгүй байх явдал гэж үздэг байсан. Хиргүй хувцас өмсөх, хэн нэгэнтэй ам муруйсан бол Шинийн 1-нээс өмнө заавал түүнийгээ цайруулж, тангаргаа бэхлэх, мөн өргүй онд орохыг ихэд эрхэмлэдэг байж.
Одоо манайхны өмсөж, зүүх арай л хэтрээд байна. Баахан торго, магнаг, үйтэн хуар өмсөөд, будчихсан луу шиг юмнууд л явах юм. Чингис хаан хүртэл торго өмсөж байгаагүйг бодох хэрэгтэй. Цагаан сарын ёс заншил, уламжлалын тухай нэвтрүүлгүүд зурагтаар их гарах юм. Буруу хазгай зүйл ч их байна.
Нэг их олон хэвийн боов овоолоод, Мэгжид Жанрайсиг шиг өндөр тавгийн идээ засчихсан, түүнийхээ араас эзэн нь цухуйхгүй байх юм. Нас наснаасаа шалтгаалж хэдэн үе тавгийн идээ засах нь өөр байдаг юм шүү дээ” хэмээн ярьж билээ. Өөлд өвгөний ёжтой үг үнэн хийгээд гашуун байгаа биз. Нээрээ л долоо, есөн үе давхарласан тавгийн идээ засчихаад, дараа нь өнөөх хэвийн боовоо “далд оруулах” гэж үйлээ үзэн, зарим нь Богд ууланд аваачин хаясан нь олны шүүмжлэлд өртсөн.
Тавгийн идээ, шүүс зэхэхээс эхлээд идэж, уух, өмсөж зүүх, бэлэг сэлт гэх мэт өнгөц зүйлд хэт их ач холбогдол өгөн, Цагаан сарыг дэндүү нүсэр тэмдэглэдэг болсоор удав, монголчууд. Тэгж өөрсдөдөө сайн дураараа лай ланчиг хураачихаад, адаг сүүлд нь “Цагаан сар шиг нүсэр баяр алга” хэмээн халаглан шогшрох. Ямар сайндаа л дээр үед гэрээ зараад Цагаан сар тэмдэглэж байсан тухай эмгэнэлт инээдмийн явган яриа гарсан байх вэ дээ.
Угтаа бол Цагаан сар нь ахас ихсээ хүндэтгэн дээдлэх, ураг төрлийн хэлхээ холбоогоо бататган гагнах ариун уламжлал дээр суурилсан төрт ёсны уламжлалт баяр билээ. Овог удмынхаа ахмад настай хүмүүст очиж золгодог нь жирийн хэрэг огт биш. Энэ нутаг усанд манай удмын хэдэн айл өрх байна вэ, тэднээс хэд нь гэрэл урьсан тоонотой, гийчин урьсан үүдтэй, өөдрөг явна вэ, хэчнээн нь уруу дорой байна вэ гэдгийг мэдэж авахын эхлэл болдог.
Цаашлаад зовлон, жаргалаа хуваалцах ахан дүүс минь хэн хэн юм, энэ онд манай ураг төрлийнхөн хэдэн шинэ хүнээр бүл нэмж, хэн хэн бурхны оронд одсоныг мэдүүлдгээрээ үнэ цэнэтэй. Ухаант өвөг дээдсийн минь бидэнд өвлөн уламжлуулсан энэ ёс заншлын үнэ цэнэ, ач холбогдол өнөөдөр бүр ч илүү тодорсоор байна.
Сүүлийн үед монголчууд ахан дүүсийнхээрээ орж гарч, ураг төрлөө мэдэлцэх нь цөөрсний харгайгаар садан төрлийн хүмүүс гэр бүл болох, цус ойртох явдал ихэссэнийг олон баримт гэрчилдэг. Тиймээс Цагаан сарыг ураг төрлүүд халуун бүлээрээ уулзалдах баяр гэдэг талаас нь хүлээн авч, юу байгаагаараа гийчдээ дайлан гаргахад тэгтлээ дургүйцэх хүн гарахгүй биз ээ.
Тиймийн тулд “Өнөөдөр” сонин энэхүү баярыг зохистой тэмдэглэн өнгөрүүлэх тухай жилийн жилд уншигчдадаа уриалдаг билээ. Ялангуяа эдийн засгийн хямралтай байгаа энэ жилийн тухайд айл бүр тарган хонины ууцаар шүүс тавих гэдэг хийрхлээ дарахад гэмгүй болов уу. Тэртээ тэргүй дараа нь тэр их өөхийг идэх хэцүү, хаях хайран байдаг шүү дээ.
Харин хувцас зүүсгэлийн тал дээр ноднин, уржнангаас Улаанбаатарын гудамжинд лав “будчихсан луу”-нууд арай цөөвтөр харагддаг болсон байна билээ. Цагаан сар болгоноор заавал үнэтэй торго, дурдан худалдан авч, гэр бүлээрээ хос дээл хийлгэж өмсөхгүй л бол хүний тооноос хасагдчих юм шиг сэтгэдгийг шинэ үеийн залуус халж эхэлсэн нь сайн хэрэг.
Цагаан сараар орсон айл болгондоо “буузны даруулга” хэрэглэдэг хүмүүс цөөрч, шинэлгээгээ хэтрүүлэн гудамжинд согтуу хөлчүү орилолддог хүн ч нэг үеэ бодоход багассан нь анзаарагддаг. Гэхдээ баярын өдрүүдэд эрүүлжүүлэхэд “тухалсан” хүмүүсийн тоо мэдэгдэхүйц буураагүй л дээ.
Ямартай ч монголчууд Сар шинийн баяраа ухамсартайгаар тэмдэглэж сурч эхэлж байна. Одоо бэлэг сэлтдээ жаахан анхаардаг болчихвол ч... Хойд, урд хөршөөс оруулж ирсэн, хэрэгтэй хэрэггүй “юм”-аар бусдын нүдийг хуурч байхаар болж өгвөл үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд оймс ч болов бэлэглэх хэрэгтэй бус уу. “Манай үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хэтэрхий үнэтэй” гэсэн тайлбар урдаас хэлэх гэж байгаа бол “ном” гэдэг оюунлаг сайхан бэлэг байна. Эсвэл гар утасны нэгж, үгүйдээ л мөнгийг нь бэлэглэвэл тухайн хүндээ хэрэгтэй юм даа.