“Тайванийн Ерөнхийлөгчтэй утсаар ярих, үгүйгээ би Бээжингээс асуух шаардлагагүй” хэмээн ноён Трамп урт хар пальтоныхоо хормойг хийсгэн, олны өмнө сүржин мэдэгдсэн нь оны өмнөх явдал. Далай ламыг эх орондоо урьсан хэргээр Хятадын Засгийн газраас сануулга аваад байсан монголчууд түүний энэ үгийг өөриймсөг хүлээн авсан. Чухам дээрх мэдэгдлээрээ Д.Трамп дүрэмгүй тоглогч гэдгээ зарласан бөгөөд Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа гаргасан шийдвэрүүд нь үүнийг улам бүр нотолсоор байна.
Эдүгээ дэлхий ертөнц асар том өөрчлөлтийн өмнө зогсож байгааг сануулсан алхмуудыг Д.Трамп хошуучлан хийсээр буй агаад олон орны эдийн засгийн байдал энэхүү гэнэтийн хувьслыг хүлээж байсан ч байж магадгүй. Олон улсын шинжээчид Д.Трампын эрс мэдэгдлийг улстөрч бус, цэвэр бизнесмэн хүний шийдвэр хэмээн харж буй юм.
Үнэндээ ч 20 жил хүчин төгөлдөр үйлчилсэн Чөлөөт худалдааны тухай Умард Америкийн хэлэлцээр буюу НАФТА-гаас гарах, мөн хэрэгжихэд үндсэндээ бэлэн болсон Номхон далай дамнасан түншлэлийн гэрээнээс нэрээ татах зэрэг шийдвэр нь дэлхийн талыг донсолгож, олон орны бизнес, эдийн засгийн эрх ашгийг хөндөөд байгаа билээ. Эл шийдвэрүүд Азийн үйлдвэрлэгч гол орнуудад цохилт болж байгаа нь нууц биш.
Манайхтай хаяа дэрлэдэг Хятадын эдийн засгийн ноёрхол хэвтээ тэнхлэгт дэлхийд хонх дэлдэх болсон энэ үед Бээжинг илэрхий эсэргүүцэгч Д.Трамп Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь үндсэндээ цэнхэр гариг хөдөлгөөнд орохын эхлэл байв. Манай хойд хөрш ОХУ-д ч Д.Трампын эрс алхам нөлөөгөө үзүүлэх болсон. В.Путин, Д.Трамп нарын хоорондоо хэдхэн өдрийн зайтай хийсэн цөмийн хүчээ бэхжүүлэх тухай мэдэгдлээс үүнийг харж болно.
Цөмийн зэвсгийн талаарх байр сууриараа бие биенээ сүрдүүлэх эхний оролдлого хэмээн хэвлэлийнхэн дүгнэсэн хэдий ч энэ бүхний цаана Д.Трампын бодлогоос эрх ашгаа хамгаалах гэсэн ОХУ-ын том анхааруулга нуугдаж байж болох талтай. Үндсэндээ дэлхийг хөдөлгөж байдаг гурван том гүрний харилцаанд ийнхүү өөрчлөлт орж эхэллээ. Тэдний хоёр нь яах аргагүй монголчуудын үүрдийн хөрш. Харин ардчиллын Ази дахь нүүр царай, итгэл найдвар гэдэг утгаараа Монгол Улс их гүрэн Америкийн зүрхэнд ойрхон оршдог гэж хэлж болно.
Гуравдагч хөршийг мөрөөдсөөр хоёр ч арваныг үдсэн монголчууд сүүлийн үед хөршүүдээсээ төдийлөн таатай бус мэдээ сонсох болсон нь үнэн. ОХУ-д манай иргэд визгүй зорчдог болсныг эс тооцвол В.Путиний засаглалд Монголын үе үеийн Засгийн газар халдаж, харьцаж чадахгүй байсаар өнөөг хүрчээ. Хойд хилээр жижиг наймаачдын зөөж буй өргөн хэрэглээний барааг эс тооцвол ОХУ-тай худалдааны салбарт лав ахиц гарсангүй. Нефтийн бүтээгдэхүүн импортлохоос өөрөөр харилцах шалтаггүй шахам байсаар 20 гаруй жилийг үдлээ.
В.Путин болон Кремльд Монголыг анхаарах сөхөө өнгөрсөн хугацаанд тун ч бага байв. Гэтэл хүрээгээ тэлсээр буй Хятад улстай манайх хүссэн ч, хүсээгүй ч импортын худалдааныхаа 80 хувийг хийдэг. Тодруулж хэлбэл, оросууд том улс төр хийгээд завгүй байх зуур монголчууд урд хөршийн халаасанд харайгаад орчихов. Ийнхүү Орос, Хятадын дунд гуравдагч хөршөө хүлээн таван ч парламентын нүүр үзсэн монголчууд Д.Трампын засаглалтай золгож байна. Бидний гуравдагч хөршөөрөө зүй ёсоор нэрлэдэг Япон, Солонгосын өмнө Америк бичигдэх болсоор удлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Монгол, Америкийн харилцаа эрс сайжирсан гэж шинжээчид үздэг. Эдүгээ Монголд Америкийн дөрвөн төрлийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгждэг бөгөөд боловсролын тал дээр манайханд харьцангуй нээлттэй ханддаг аж. Монгол залуус ч үүнд идэвхтэй хамрагдаж иржээ. Европын холбоотой хийсэн татваргүй бараа нийлүүлэх гэрээ, НҮБ зэрэгт Монголыг далдхан дэмжсээр ирсэн том ах бол Америк агаад Азид нэр, нөлөөгөө өсгөхөд түлхэц болсон гэдгийг онцолмоор байна. Ямартай ч Б.Обама хаяанд орших Бээжинд айлчилчихаад, Монголыг алгассанд бид ахдаа гомдсон хүүхэд шиг шаралхаж байх вэ дээ. Гэвч эдүгээ дэлхий өөрчлөгдөж байна.
Европын холбооноос гарах шийдвэрээ Их Британи ид хэлэлцэж байхтай давхцан Америкийн шинэ Ерөнхийлөгч лалын шашинт долоон орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх тухай алдарт шийдвэрээ үзэглэсэн нь хүн төрөлхтний ирээдүйг эрс өөрчилж орхилоо. Дээд шүүх нь хүлээж аваагүй боловч энэ хориг хэдэн өдөр дэлхийг донсолгож, Иран баллистик пуужингаа далай гатлан Америк тивд хүртэл харвах чадамжтай болгохоо хатуухан илэрхийлэв. Дэлхий ертөнцийг улс төр, бизнесийн зохион байгуулалтын хувьд хувьсалд дуудсан үйл явдлууд ар араасаа өрнөж байна.
Цэнхэр гаригийн өнөөгийн тогтолцоог эрс өөрчлөх эдгээр алхам, тэр дундаа Д.Трампын этгээд шийдвэрүүд Азийн томоохон үйлдвэрлэгч болох Япон, Солонгосын эрх ашгийг зөрчиж, үр дүн нь Монголын бизнесийн орчныг шүргэх бололцоог бий болгож байна. Учир нь Монголд хөрөнгө оруулагчдын 40 шахам хувийг энэ хоёр орны бизнесийнхэн эзэлдэг. Хятад, Мексикээс импортлох барааг хязгаарлах тухай Д.Трампын бодлого, ОПЕК-ийн орнуудаас нефтийн хараат байдаг явдалдаа цэг тавихаар тэмүүлж буй түүний хүсэл тэмүүлэл манай хойд хөршид ч бас таагүй нөлөө үзүүлэх магадлалтай. Монголыг тойрсон улс орнуудын энэ мэтийн ашиг сонирхол Д.Трампын бодлогын үр дүнд таагүй байдлаар хөндөгдөх болсон нь манайд нэмэр болох уу, нэрмээс авчрах уу?
Ямартай ч Монгол Улс Америкийн хоёр том өрсөлдөгч болох Орос, Хятадын дунд оршдог нь эхний нэмэх оноо. Тэглээ гээд Өмнөд Солонгостой адил нутаг дэвсгэр дээрээ Америкийн цэрэг зэвсгийн баазыг оруулаад ирвэл энэ нь хоёр хөрш рүүгээ илд далайсантай адил болох юм. Одоогоор бид Америкийн хувьд хоёр том гүрнийг дэргэдээс нь шахам хянах улс төрийн бодлогын гол түшиц газар төдий байгаа маань л хангалттай. “Бид энд байгаа шүү” хэмээсэн дохиог Монголтой тогтоосон харилцаагаараа дамжуулан Орос, Хятадад сэмхэн хүргэдэг нь нууц биш.
Гэхдээ энд монголчуудын эрх ашиг гэж бас байх ёстой. Нэгэнт ардчилсан хувьсгалын бэлтгэл ажлаас эхлэн Америктай ил, далд хэлхэлдсэн АН сонгуульд ялагдчихаад байгаа тохиолдолд эрх баригч МАН-ын зүгээс эрх чөлөөний оронтой засаглалын түвшинд харилцаагаа сайжруулах шаардлага тулгарч буй. Нэрээ нууцалсан эх сурвалжийн өгүүлж буйгаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард МАН-ын нэгэн сайд Д.Трампын хувийн зөвлөхөөр дамжуулан өөрийнх нь клубт товчхон уулзалт хийсэн мэдээ бий.
Дэлхийн гурван том гүрэн болох Америк, Орос, Хятадын харилцаанд эдүгээ гарч буй, ойрын үед бий болох өөрчлөлтийн салхинд хохиролгүй үлдэхийн тулд гадаад бодлогодоо алтан тэнцвэр баримтлах шаардлага Монголд тулгарч байна. Монголд төдийгүй бусад улсад ч гадаад бодлогоо эргэн харж, байр сууриа нягтлахаас өөр аргагүй хүлээлтийн байдалд шилжлээ. Зарим нэг нь Д.Трампын ханд хага дарагдахыг хүлээж буй бол нөгөө хэсэг нь түүний эрсдэл дагуулсан шийдвэрүүдийг дэмжин угтаж байгаа аж.
Өрнөж буй үйл явдал Д.Трамп болон АНУ-ын төрийнхөн хоёрын дунд том зааг, үл итгэлцэл байгааг нотолж байж ч мэдэх юм. Дэлхий хөдөлж буйг далимдуулан чоно борооноор гэгчээр жижигхэн Монголоор их гүрнүүд наймаа хийчихсэн байхыг үгүйсгэмгүй. Байдал ийм байгаа тохиолдолд Гадаад харилцааны сайд асан, дипломатч Ц.Гомбосүрэн ахайн зөвлөснөөр муурын сахлаар оролдохгүй байх нь чухал аж. “Монгол Улс мөрөөрөө эрх ашгаа хамгаалж байх ёстой.
Мөрөөрөө байна гэдэг нь унтаад байна гэсэн үг биш. Ухаалаг бодлого л явуулна гэсэн үг. Муурын сахлаар тоглодог хулганын үлгэр байдаг даа. Бидэнд тийм тоглоом хэрэггүй. Хамгийн гол нь бидэн шиг жижиг улсын баримтлах зарчим бол хэрэгтэй, хэрэггүй юмаар аливаа гүрний чухал ашиг сонирхлыг хөндөхгүй байх явдал” хэмээн тэрбээр өгүүлж байна. Юутай ч дахин өөрчлөгдөж буй шинэ дэлхийд ч бас монголчуудын баримтлах ёстой бодлого өөрт гэмгүй, өрөөлд халгаагүй байх нь өлзийтэй.
Монгол гэдэг ардчилсан улс Азийн цээжинд оршдог шүү гэдгийг Д.Трамп эхний ээлжинд мэддэг байх нь л хангалттай. Тэгээд нэг л өдөр эл цуутай дураараа нөхөр Монголд хөл тавихын цагт хөршүүд маань хоёр талаас боорлохооргүй байдлыг бий болгочихвол болж байгаа нь тэр. Эс тэгвээс бид чинь нэг байтугай мууртай. Сахлаар нь оролдоод байвал самардчихна.
Өмнөд хөршийнхнийг визгүй болгоно гэдэг чинь хойд хөршийнхөө сахлыг маажиж байгаа хэрэг. Бас Трампын үснээс зулгаахтай адил ойлголт. Тийм болохоор л алтан тэнцвэр хэзээ хэзээнийхээс илүү хэрэгтэй байгаа юм.