Олон улсын жүдо бөхийн холбоо 2016 оны турш дэлхийн чансааг тэргүүлсэн 14 жүдочид тус бүр 50 мянган ам.долларын шагнал олгохоор шийдвэрлэжээ. Манай улсаас “Рио 2016” олимпын наадмын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа, дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар энэхүү шагналын эзнээр тодорчээ.
Учир нь, Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчлэн гаргасан чансаагаар манай хоёр бөх эмэгтэйчүүдийн 48, 57 кг-ын жинд тэргүүлжээ. Тодруулбал, Гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жинд 2790 оноогоор дэлхийн чансааг тэргүүлсэн бол Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг 2740, Японы Кондо Ами 2233 оноогоор араас нь нэхэж явна.
Харин Д.Сумъяа 3530 оноогоор тэргүүлж, удаах тамирчин Ёшида Цүкасагаас 1062 оноогоор илүүрхжээ.