Манайхаас нэг гудамжны урд байдаг цагаан худгаас ус авна гэдэг үнэхээр мэдрэмж, авьяас шаардсан ажил байж билээ. Бид “Цагаан худаг” гэж нэрлэдэг ч шавар шохой нь халцарч, бор алаг болсон тэр газрын хананд цагийн хуваарь байх боловч түүнийгээ баримтлах нь үгүй.
Аав, ээж ажилтай тул орон гэрээ унд, устай байлгах ажлыг дүү бид хоёр хариуцна. Энэ бол нэг их анзаарагддаггүй хэрнээ айлын амин чухал бөгөөд маш хариуцлагатай алба л даа. Худгийн ус түгээгчийн таах аргагүй ажлын цагт тохируулах гэж заримдаа их зүдэрнэ. Бас заримдаа энэ нь гэрийн ажлаа хийтүүлэх аятайхан шалтаг болдогт баярладаг сан. Ойр хавийн хэдэн гудамжны хүүхдүүд усны сав, бедоноо өөрийнхөө оронд “дугаарт зогсоочихоод”, шавайгаа ханатал тоглоно.
Зарим өдөр худаг онгойхгүй. Тэр нь хүүхдүүдийн хувьд бөөн баяр. Гол руу явах гэж тэр л дээ.
Хажууханд нь Түйн гол мяралзан, сэрүү татуулж чийг үнэртүүлсэн сэвшээ салхиар урин дуудаж байхад, халуун элс хөл дороос жигнэж, хашааны банз салхи хаасан бүгчим гудамжинд хөлсөө дуслуулан тоглож өнжих жаалуудын хувьд их завшаан. Зуны халуунд сэрүү татуулсан цэнгэг усанд булхаж, хөл, гараа сарвалзуулан самардаж, ам, хамар руугаа ус оруулан хахаж цацаад, наранд халсан элс, хайрган дээр хэвтэн биеэ хатаах шиг жаргал хаана байх билээ.
Томчуудаас нуугдаж нэг, бас хэлж нэг гол руу явсаар нүд, шүд нь гялалзсан хүрэн хар “юм”-нууд хичээл цуглах дөхөхөд гэнэт “ухаан орно”. Бушуухан сайрнаасаа салахаар сандралдаж, ээжийнхээ гоо сайхны цүнхийг ухаж, нэг сайн зэмлүүлж аваад хичээлдээ орно доо.
Түйн гол маань бороо, хур багатай үед тийм ч ус ихтэй биш. Өнгийн чулуу нь тодхон харагддаг гүехэн хэсэгтээ өвдгөөр татам, арай гүн хэсэгтээ бүсэлхий хүрнэ. Ус ихтэй газрын хүн бол горхи байна” гэмээр. Харин үерлэхээрээ тийм ч басахаар рашаан биш.
1999 оны наадмаар хэд хоног бороо зүсрэн орж, Түйн гол саваа халин хөндий дүүргэж, улаанаар эргэж байсан нь миний нүүр тулж үзсэн байгалийн хамгийн сүрт үзэгдэл байлаа. Тэр үед хилэнтэй голыг бассан хэд хэдэн хүн амиа өргөж билээ.
Ус ямар сайхныг, яасан элгэмсэг зөөлнийг, заримдаа яаж догширч, хилэгнэж чаддагийг Түйн голоосоо л мэдэрчээ, би.