Өнгөрсөн жил Наркологийн эмнэлэгт 1992 хүн хэвтэн, архинаас гаргах эмчилгээнд хамрагдсаны 339 нь эмэгтэйчүүд байжээ. Тэдэн дунд гурван сартай нялх хүүхэдтэй ээж хүртэл байсан гээд бод доо. Архины хэт хамааралтай болсон эхнэр нь жирэмсэн байхдаа, төрснийхөө дараа ч өнөөх “хар ус”-наасаа татгалзаж чадаагүй тул нөхөр нь арга буюу нялх үрээ ээжтэй нь хамт энд авчирчээ.
Эмэгтэйчүүдийн архидалт Монголд ямар ноцтой түвшинд хүрснийг илтгэх бас нэгэн баримт нь сүүлийн зургаа, долоон жилийн хугацаанд архины хам шинжтэй хүүхдүүд олноор төрөх болсныг тус төвийн эмч нар анхааруулж байна. Сүүлийн жилүүдэд шинээр мэндэлсэн хүүхэд болгон шахуу нярайн шарлалт хэмээх эмгэгтэй төрж, тэр нь арилахгүй дахин эмнэлэгт хэвтэхэд хүрээд буй шалтгаан ч үүнтэй ямар нэг сэжмээр холбоотой гэнэ.
Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр нярайн шарлалт их байгаа шалтгааныг бид агаарын бохирдол, хүрээлэн буй орчны нөлөөлөлтэй холбон, өөрсдөөсөө холдуулдаг нь үнэндээ өрөөсгөл бололтой.
Караоке, баар цэнгээний газрын үйлчлүүлэгчдийн олонх нь бүсгүйчүүд байдаг болсон нь нууц биш. Нас, зүс, мөнгө, эрх мэдэл, зэрэг зиндаа харгалзахгүй, эмэгтэйчүүдийн хамгийн сайн эвлэлдэн нэгдэж чаддаг зүйлийн нэг нь сархад болсон гэхэд хилсдэхгүй.
Хаана л бол хаана халамцуу хүүхнүүдийн хашгирах дуун... Цэвэр ичимтгий монгол бүсгүйчүүд сархдын ширээний ард хөлчүүрхэн суухдаа “ширээний чимэг” болгох гэж харчуулын эрэлд гардаг үе хэдийнээс манайд бий болчихов оо... Эрүүлжүүлэх байрнаас эхнэрээ гаргаж авахаар үүдэнд нь хулмалзан зогсох эр нөхрүүд яагаад олшроод байна вэ.
Уг нь эрүүлжүүлэх байр гэдэг эмэгтэйчүүдийн хувьд салхин доогуур нь гарахаас ч жийрхэм тийм л газар байсан биш бил үү... Бодож тунгаах, санаж сэрэх цаг болжээ, хүүхнүүд ээ.
14 хоног хотод, долоо хоног хөдөө ажилладаг нэгэн залуу “Намайг хөдөө ажлаар явах тоолонд эхнэрийн минь найз бүсгүйчүүд ангаж цангасан мэт 2-3 удаа заавал цуглаж, үүр цайтал наргиж цэнгэх юм. Эхнэртээ уурлаж нэг, аргадаж нэг хэлээд нэмэр алга. Одоо үнэхээр залхаж байна, би яавал дээр вэ” хэмээн аргаа баран, цахим ертөнцөд бичсэн байх юм.
Эмэгтэйчүүд архинд толгойгоо мэдүүлээд эхэлбэл наанадаж айл гэрт, цаашлаад нийгэмд ямар их хор хөнөөлтэйг бид уг нь гадарлана. Гэхдээ л ухамсартай, ухамсаргүйгээр архитай “нөхөрлөх” эмэгтэйчүүдийн хүрээлэл нэмэгдсээр буй.
Хамгийн аймшигтай нь бүсгүйчүүд сархдад донтохдоо тун амархан байдаг бөгөөд эрчүүдээс хоёр дахин богино хугацаанд архины хамааралтай болдог гэнэ. Тиймээс ургийн алтан аргамжийг гагнаж, халуун хэвлийдээ хүн тээж төрүүлдэг бүсгүйчүүдийгээ архинд живүүлчихгүйн тулд хаана хаанаа анхаарах цаг болжээ.
Энэ бол улс орны ирээдүйд тун хамааралтай асуудал билээ. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд архины хэрэглээ өссөөр байгааг ДЭМБ хүртэл анхааруулж буй юм билээ. Тиймээс зарим орон согтууруулах ундааны татварыг нэмэх, маркетингийн үйл ажиллагааг нь зохицуулах, хэрэглэгчдэд насны хязгаар тогтоох гэх мэтээр ард иргэдээ архинаас хамгаалах арга хэмжээ аваад эхэлчихэж.
Эмэгтэйчүүдийг архинд “дурлуулах” болсон гол шалтгаан нь ажилгүйдэл, ядуурал, бухимдал, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нийгмийн хүчин зүйл байдаг аж. Манай орны тухайд гэр бүлийн хүчирхийлэл хамгийн гол шалтгаан болдог ч сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн нуруун дээрх ачаа нэмэгдэхийн хэрээр согтууруулах ундаагаар сэтгэлээ тайтгаруулагсдын “арми” хүрээгээ тэлж буй гэнэ.
Үүний зэрэгцээ “Залуу насандаа амьдралаас мэдэрч болох бүхнийг мэдрэх хэрэгтэй” гэсэн үзэлтэй, 25-35 насны ганц бие бүсгүйчүүд бусдыгаа эрчимтэй уруу татах болсныг ч эмч, мэргэжилтнүүд тогтоожээ. Хүн хэлэхээс нааш ухаардаггүй тул төрийн болон төрийн бус байгууллагууд адаглаад нийгмийн сэтгэл зүй рүү хандсан ажлуудыг хойшлуулшгүй хийх хэрэгтэй байна.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
НЭГ ШӨНӨ ДУНДЖААР 7-8 ЭМЭГТЭЙ ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЭЖ БАЙНА
Согтоод орчин тойрныхныхоо амгалан тайван байдлыг алдуулсан бүсгүйчүүдийн очдог газар нийслэлийн хэмжээнд ганц. Энэ бол ЦЕГ-ын Төмөр зам дахь Цагдаагийн газар (ТЗЦГ)-ын Саатуулах байр юм. Тус байрны үйл ажиллагааг сурвалжлахаар нэгдүгээр сарын 31-ний 22.00 цагийн үед очив.
“Хэний ар гэрээс ирэв” хэмээн залуухан дэслэгч болон ахлагч хоёр бүсгүй угтлаа. Бусад дүүргийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны үнэр, орчим муу байдаг. Тэгвэл ТЗЦГ-ын Саатуулах байр шал өөр дүр зурагтай угтлаа. Гэрэлтүүлэг, агааржуулалт сайн, бүх тасалгаа нь телекамерийн хяналттай, саатуулагдсан хүүхнүүд зочид буудалд буй мэт тав тухтай нойрсон байв.
Сурвалжлагч гэдгээ мэдэгдсэн учраас цагдаагийнхан хүний эрхийг хангах үүднээс амарч буй эмэгтэйчүүдийн камер руу ойртуулсан ч үгүй.
Долоо хоногийн эхэн, мягмар гаригийн үдэш болоод ч тэр үү, гадуур нь ажин түжин, дотроо ч цагдаа бүсгүйчүүдээс өөр хүнгүй мэт байлаа. Хоёулаа эмнэлгийн мэргэжилтэй бүсгүй “Одоогоор дөрвөн л хүнтэй байна. Нийт 15 хүн хүлээн авах өрөөтэй, сүүлийн жилүүдэд тэр бүр дүүрэхээ больсон. Хууль журамд бусдын амгалан тайван байдлыг алдуулсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, захиргааны зөрчил гаргасан энэ гурван тохиолдолд л согтуу эмэгтэйчүүдийг хүлээн авахаар тусгасан. Тиймээс хүн цөөтэй байдаг. Саатуулах байранд засвар хийх үед нэг хэсэг Хан-Уул дүүрэгт болон Албадан саатуулах, баривчлах байранд эмэгтэй хүмүүсийг авч байсан” гэж ярьсан юм.
ТЗЦГ-ын Саатуулах байр захын нэг ядруухан дэн буудлаас тохьтой, дулаахан, өглөө нь халуун буцалсан цай биш юм аа гэхэд усаар дайлчихдаг, тэгээд бас хямдхан юм билээ. Архи нь гараад, явах болоход 4150 төгрөгийн хураамж авахын зэрэгцээ ар гэрийнхэн рүү нь “Хүнээ ирж ав” гээд утасдан дууддаг гээд бод доо.
Зочид буудлаас дутахгүй болтол тохижуулах санаачилгыг ТЗЦГ-ын даргаар томилогдоод удаагүй байгаа хурандаа Н.Батсайхан гаргасан аж. Алба хаагчдынхаа ажиллах нөхцөл байдлыг сайжруулахын зэрэгцээ “үйлчлүүлээд гарч буй” иргэд ч тав тухтай байх ёстой гэж үзэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнхэнд хандаж, хөрөнгийг нь гаргуулаад засуулсан аж.
Улсын хэмжээнд 2016 онд 187.366 хүн Саатуулах байраар “зочилсны” 4925 буюу 5.6 хувь нь бүсгүйчүүд. Улаанбаатарт өнгөрсөн жил 15 мянга гаруй хүн Саатуулах байранд хоног төөрүүлсний 2567 нь бидний сурвалжилга хийсэн эмэгтэйчүүдийн Саатуулах байранд иржээ. Насны хувьд дунд эргэм буюу 25-45 насныхан голлож байгаа юм.
2017 он гарсаар нэг сарын дотор 226 хүн ТЗЦГ-ын Саатуулах байранд хоносон бөгөөд ихэнх нь пүрэв гаригт байжээ. Архи, согтууруулах ундаанд хордож, таван хүн амиа алдсаны дараагийн гурав хоногт нийслэл даяар түүнийг худалдах, үйлчлэхийг хориглосон ч цөөнгүй эмэгтэй эрүүлжүүлэгдсэн байгаа юм. Үүнээс Монголын ирээдүйг хэвлийдээ тээж явдаг бүсгүйчүүдийн архины хэрэглээ маш их хэтэрсэн нь илэрхий.
Тус Саатуулах байрны байнгын үйлчлүүлэгч нь шахам болсон нэг эмэгтэй байдаг аж. Сүүлийн 10-аад жилийн дотор 17 удаа тэнд зочилжээ. Хамгийн залуу нь МСҮТ-ийн 16 настай оюутан охин байсан гэнэ. Биднийг тэнд байх хэдхэн цагийн дотор хүн нэмж ирсэнгүй. 04.00-06.00 цагийн хооронд ачаалал нэмэгддэг.
Энэ үеэр баар цэнгээний газар хаалгаа барьж, үйлчлүүлэгчээ гаргадаг учраас таксинд “тасран” гэр орноо зааж өгөх тэнхэлгүй болсон бүсгүйчүүдийг хүргэж ирдэг, бүжгийн талбайд нэгнээ шүргэснээс маргалдан зодолдсон, цэнгээний газрын гадаа залуусаа харамлан булаацалдаж үсдэлцсэн хүүхнүүд харьяалах дүүргийн Цагдаагийн хэлтсийн эргүүлийн машинаар хүргүүлж ирдэг аж.
Гэртээ агсам тавьж, хүүхдээ зодсон, гэр орныхоо хамаг байдгийг зараад уучихдаг хүүхнүүд энд саатах нь цөөнгүй. Нялх үрээ ор руу чулуудаж агсамнасан эхийг тайвшруулж эс чадсан ээж нь (нялх хүүхдийн эмээ нь) цагдаа дуудаж хүргэж өгөх тохиолдол ч нэг бус удаа гарч байж.
Архи нь гарсны дараа эхнэрээ гаргаж авахаар ирсэн залуу шөнөжин агсамнаж зовоосныг умартан халуун хоол цайтай угтах нь ч бий. Эхнэрээ ийм газар хоног төөрүүлсэнд цочирдсон залуу харааж загнан элдвээр цамнах нь ч байдаг аж.
2017 оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө “Саатуулах байр”-нд хоносон хүний тоо тав болжээ. Шөнө нэг 18-тай бүсгүй гудамжинд танхайрсан учир ийн нэмэгдсэн аж. ТЗЦГ-ын архидан согтуурахтай тэмцэх ахлах байцаагч, хошууч Ө.Баярмаа “Манай саатуулах байранд урьд шөнө таван эмэгтэй хоносны дөрөв нь ар гэртээ агсам тавьсан. Нэг нь олон нийтийн газар танхайрсан үндэслэлээр энд иржээ.
Архи уусан эмэгтэйчүүд өвлийн цагт осгохын зэрэгцээ ямар нэг гэмт хэргийн хохирогч болчих гээд байдаг. Тиймээс бид хууль журмын дагуу эрүүлжүүлэн өглөө нь гаргадаг юм. Зарим эмэгтэй “Хөлдөж үхэхээс аварсанд баярлалаа” гээд гардаг л юм. Хүний амь нас эрүүл мэнд амар тайван амьдралын төлөө л цагдаагийнхан бид үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Нийгэмд архидалт, гэр бүлийн хүчирхийлэл их байдаг нь эмэгтэйчүүд архи ууж байгаа гол шалтгааны нэг гэж боддог.
Бид эрүүлжүүлэгдээд гарч байгаа хүмүүст төдийгүй Төмөр замын байгууллагуудын албан хаагчдад архины хор хөнөөл, сэтгэл гутрал, стрессээс зайлсхийх талаар сургалт явуулдаг. Гэвч манай охид бүсгүйчүүд уур омгоо дарж чадалгүй л маргалдана, зодолдоно, эрүүлжүүлэгдэхээр ирж байна. Нэг шөнө дунджаар 7-8 эмэгтэй манайд ирж байна” гэж ярьсан юм.
ИЙМ НЭГЭН АМЬДРАЛ
“Охид минь архи бол талх биш гэдгийг ойлгоорой”
Энэ үгийг Улаанбаатар хотын унаган охин Б охид, эмэгтэйчүүдэд дайсан юм. Тэрбээр өдгөө 45 настай, гурван хүүхдийн ээж. Бас архи гэдэг дайснаа ялахаар тэмцэж яваа бүсгүй. Б уншигч тантай амьдралынхаа эрээн барааныг хуваалцлаа.
1992-1996 он. Эрч, хүчтэй охин нэгэн томоохон оёдлын үйлдвэрийн ажилчин болов. “Дөчин мянгатын ганган охин” гэгдэх тэрбээр хааяа эгч нарынхаа архинд гүйж өгнө. Гэтэл жилийн дараа балгадаг хүмүүсийн эгнээнд элсэв. Зургаан жилийн дараа ажилд орсон “шинэков”-уудыг архиндаа гүйлгэдэг архгуудын нэг болж, “тушаал дэвших” нь тэр. Гэхдээ “Би архичин биш” гэсэн бодол дотроо тээсээр.
1996-2002 он. Нөхөртэйгөө танилцаж, гэр бүл боллоо. Ууган хүүгээ өлгийдөж аваад амьдралын сайхныг “жинхэнэ утгаар нь” мэдэрч эхэлсэн байна. Дахин нэг хүү, охины ээж болжээ. Энэ хугацаанд хуучин нөхөд, шинэ танилуудтайгаа наргисан хэвээр байв. “Архичин биш” гэх бодлоо ч орхисонгүй.
2003 он. Нөхөртэйгөө таарамжгүй харилцаатай болж, гэр бүлээ цуцлуулав. Отгон хүүгээ нөхөртөө өгч, том хүүхдүүдээ аав, ээжээрээ харууллаа. Дөнгөж 30 гаруйхан настай залуу бүсгүй ганц бие байхын жаргалыг эдэлж, сархад хүртсээр.
2004-2012 он. Хувийн оёдлын газар нээж, хэдэн эмэгтэйтэй хамтран ажиллаж эхлэв. Тогтмол ч гэсэн хэтрүүлэн уудаггүй байсан архийг согтож, ухаанаа алдтал уудаг болох нь тэр. Гудамжинд хэдэнтээ хоносон удаатай. Ажил, гэр гээд хаана ч хамаагүй найр хийж, 2-3 хоног дараалан уудаг болчихжээ. Энэ үеэс “Энэ архийг дахиж л уухгүй юм шүү” гэж боддог болов. Хүүхдүүд нь ээждээ дургүй болж, маргалдаад, гэр бүлд таагүй харилцаа ноёрхлоо.
2013-2016 он. Хоёр хүүхэд нь гэр бүлтэй болж, зээтэй ч болов. Сархад хүртсэн хэвээр. Хундагатай архийг татдаг тамхи шигээ хэрэглэдэг болов. Өдөрт багадаа 10-30 мянган төгрөг архи, тамхинд зарцуулна. Хүү нь ээжийгээ үзэн ядаж эхлэв. Цүнхэлж ирсэн архийг нь хагалж, шуугиан дэгдээнэ.
“Чиний мөнгөөр архи уугаагүй. Чамд хамаагүй” гэж хүүгээ зандарна. Архи хайран санагдаж, гэрээсээ зугтдаг болох нь тэр. Долоо хоног тасралтгүй архи уусан үе цөөнгүй. Нойр, хоолноос гарч, архинаас өөр хүсэх зүйлгүй болов. Харласан нүүр, хөхөрсөн уруул. Хүн биш, амьтан шиг болжээ.
2017 он. 20 гаруй жил нөхөрлөсөн архиа орхихоор шийдэв. Ээжээсээ ичиж, уулзахаа больсон хүүхдүүдийнхээ үгэнд орж, донтох эмгэгээ эмчлүүлж эхэллээ.
Одоо тэр “Эцэг, эхийн минь үлдээсэн байр байгаагүй бол гудамжинд гарах байлаа. 25 жил ажил хийгээд хиртэй хэдэн хувцаснаас өөр зүйл өөртөө наасангүй. Зээ дээрээ нүүр бардам очдог болох минь” гэсэн бодол тээж явна.
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Эмэгтэйчүүд яагаад архинд орж байна гэж та боддог вэ?
Б.Соёлмаа (СЭМҮТ-ийн Донтох эмгэгийн клиникийн өдрийн эмчилгээний их эмч)
-Эмэгтэйчүүдийн архинд донтох өвчин нийгмийн байдлаас ихээхэн хамааралтай. Тодруулбал, ядуурал, ажилгүйдлээс болж сэтгэл санаагаар унан, түүнийгээ засах, стрессээ тайлах гэж архи уудаг. Эхний үед найз нөхөдтэйгөө дарвиж, цалин буух, төрсөн өдөр, баасан гаригийг алгасахгүй баар, цэнгээний газарт ордог.
Гэвч энэ нь донтох эмгэг рүү бага багаар хөтөлж, сүүлдээ архины хараат байдалд оруулдаг. Хүн өөрийгөө архинд орно гэж бодохгүй нь тодорхой. Гэтэл эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол биеийн онцлогоосоо шалтгаалж, маш хурдан архинд донтдог онцлогтой. Хүний биед этилийн спирт задалдаг фермент гэж бий.
Тэр нь эмэгтэй хүнд сул үйлчилдэг юм. Мөн эмэгтэй хүн сэтгэл зүйн хувьд эмзэг, тэвчээргүй байдаг. Иймээс монгол эмэгтэйчүүд 2-5 жилийн дотор архины хамааралтай болж байна.
Эмчилгээ нь хүртэл эрэгтэй хүнийхээс хоёр дахин хүнд, бэрхшээлтэй. Донтсон эмэгтэйчүүд ууртай, уцаартай болж, архи уухын тулд худлаа ярьж, хулгай хийн, залилах гэмт хэрэг үйлдэж, зан төрхийн төрөл бүрийн эмгэгтэй болдог.
Б.Ууганцэцэг (Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал)
-Эмэгтэй хүмүүс сэтгэлийн тэвчээр хатгүй, уруу татагдахдаа амархан байдгаас архинд ордог. Мөн ажилгүй, хөдөлмөрлөх эрч хүчгүй, зорилгогүй байдалтай нь холбоотой.
Г.Зоригт (Баянзүрх дүүргийн иргэн)
-Шалтгаан гээд байх юм байхгүй. Архи уух нь хувь хүний ухамсар шүү дээ. Ямар нэгэн юманд шалтгаан хайдгаас болж л архи уудаг байх. Түүнээс биш, хүн тархиа захирах хэрэгтэй.
П.Золзаяа (Сонгинохайрхан дүүргийн ХХ хорооны иргэн)
-Хүн бүрт архи уух янз бүрийн шалтгаан байдаг байх. Гэр бүлийн гишүүдийн хоорондын маргаан, элдэв баяр ёслол гэж далимдуулж уусаар архинд орчихдог биз. Гэхдээ хүн ямар ч тохиолдолд сэтгэл санаагаа барьж, аливаад өөдрөг хандаж сурах хэрэгтэй.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Донтолтын II шатанд орчихсон хойноо эмчид ханддаг
Наркологийн эмнэлгийн сэтгэл засал, наркологийн эмч Д.Ганбаттай ярилцлаа.
-Архины хамааралтай болж, эмчилгээ хийлгэх эмэгтэй олширлоо. Юу тэднийг архи уухад хүргэж байна вэ?
-Архинд донтсон эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Гурван жилийн өмнө манай эмнэлэгт 200 орчим эмэгтэй эмчлүүлж байсан бол өнгөрсөн онд 300 гарсан. Эмэгтэйчүүд архи уухад олон хүчин зүйл нөлөөлж байна. Нийгмийн стресс, ажилгүйдэл, бусдын нөлөөнд автах, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт. Үүнээс гэр бүлийн хүчирхийлэл хамгийн том шалтгаан болж буй. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй сэтгэл санааны хямралд орж, түүнийгээ архиар эдгээж байна гэсэн үг шүү дээ.
Үүний зэрэгцээ залуу бүсгүйчүүдийн архины хэрэглээ ихсэж байгааг анхаарлын гадуур өнгөрөөж болохгүй. “20 гаруйхан насандаа гэр бүлтэй болохгүй” гээд өөрсдийн зугаа цэнгэлээ хөөж, архинд донтох эмгэгтэй болсон охид, бүсгүйчүүд олширлоо. Өөрсдийгөө зугаацуулж буй арга нь тэднийг архины хамааралтай болгож байгааг ойлгохгүй юм. Хөхүүл хүүхдээ тэврээд эмчилгээ хийлгэж байгаа эмэгтэй ч бий шүү дээ.
-Танайд өнөөдөр (өнгөрсөн мягмар гариг) хэдэн эмэгтэй эмчлүүлж байна вэ?
-10 орчим бий. Гурвыг нь би эмчилж байна. Хэдэн жилийн өмнө манайх эмэгтэйчүүдийг хэвтүүлдэг ганц өрөөтөй байсан. Гэтэл одоо хоёр боллоо. Зарим үед өрөөний тоогоо нэмэх шаардлага гардаг юм.
-Эмэгтэйчүүд архинд донтохдоо эрчүүдээс хоёр дахин хурдан атлаа эдгэрэх нь удаан гэдэг үнэн үү?
-Эмэгтэй хүн эрчүүдээс хоёр дахин богино хугацаанд донтдог. Өвчний процесс хурдан явагддаг гэсэн үг. Үүнийг Английн эрдэмтэд нотлочихсон. Гэтэл манайд эмэгтэйчүүд рүү чиглэсэн арга хэмжээ дутмаг байна.
Эмэгтэйчүүдэд эмчилгээ хийх хэцүү. Ичиж, зовоод эмчилгээгээ тасалдуулдаг. Үүнээсээ болоод эмгэгээ хүндрүүлдэг.
Уг нь архинд донтох эмгэг илэрсэн даруйд нь эмнэлэгт хандвал сэтгэл заслын эмчилгээ хийлгээд эдгэрэх боломжтой. Харамсалтай нь, тэд донтолтын II шатандаа орчихсон хойноо эмнэлэгт хандаж байна.
Ер нь, хүмүүс сайн дураараа архины хэрэглээгээ шалгуулах нь зүйтэй. Олон улсад хэрэглэдэг тестүүд манайд бий. Манай иргэдийн архины хэрэглээ өндөр учир “Би архичин биш” гэсээр байгаад нэг мэдэхэд хэт хамааралтай болчихдог юм.
-Эмэгтэй хүн архинд донтох эмгэгийн үр дагавар нь юу вэ?
-Архинд донтсон нэг хүний ард 20 хүн зовинож байдаг гэх судалгаа бий. Тэгэхээр гэр бүлийн өвчин гэж болно. Архичин ээжтэй хүүхэд нийгмийн идэвхгүй, өөнтөгч, хүсэл тэмүүлэлгүй болно.
Мансууруулах бодис хэрэглэж буй хүүхдүүдийн шалтгааныг судлахад олонх нь архинаас болж буруу зуршилтай болсон байдаг. Мөн эмэгтэйчүүд ийм эмгэгтэй болсноор архины хам шинжтэй хүүхэд төрөх нь олширч байна.
-Ийм хүмүүс рүү чиглэсэн арга хэмжээ муу байгаа талаар дурдлаа. Таныхаар ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
-Ийм хүмүүсийн ар гэрийнхэнтэй тулж ажиллах хэрэгтэй. Архи уухгүй байж чадна гэдгийг байнга сануулж байх нь чухал. Архинаас гарсан эмэгтэйчүүдийн цуглаан гурван жилийн өмнө болдог байсан.
Долоо хоногт нэг удаа ийм цуглаан зохион байгуулахаар бие биенээсээ урам авч, архинаас татгалзаж чаддаг. Гэтэл одоо ийм цуглаан байхаа больсон.
Мөн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай. Архинд донтох эмгэгийг эмчилдэг манай төв гэхэд ашиглахыг хориглосон байранд үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Өвчтөнтэй ганцаарчлан ярилцах зориулалтын өрөө ч алга.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Хөгжингүй орнуудад архины салбарыг хуулиар зохицуулж, хэрэглээг хязгаарладаг
Жил тутам манай гаригт архины улмаас 2.5 орчим сая хүн нас бардгийн нэг хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Архинд донтох нь уудаг хүндээ ч, гэр бүлийн гишүүдэд ч хүндээр тусдаг. Тодруулбал, статистикийн мэдээнээс үзвэл, дэлхийн нийт гэмт хэргийн 50 хувийг согтуугаар үйлдсэн байдаг гэнэ.
Амиа хорлох, хүний амь бүрэлгэх, зам тээврийн осол, хүчирхийлэл, бэлгийн гэмт хэрэг, өшөө авалт, гэмтэл, үйлдвэрлэлийн осол болон бусад олон таагүй зүйлийн салшгүй шалтгаан нь архи. Гэр бүл салалт, бага насны хүүхдээсээ татгалзах, хараа хяналтгүй байдал, хүүхдийн эндэгдлийн гол шалтгаан нь ч архи аж.
Үйлдвэрлэлийн үйл явц зөрчигдөхөөс эхлээд дэлхийн хүн амын хөдөлмөрийн чадавх алдагдах хүртэлх эдийн засгийн ядуурлын гол шалтгаан нь архидалт гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тооцоолсноор, дэлхийн архины зардал ДНБ-ий 1-2 хувийг эзэлдэг байна.
ОХУ-д архинд донтсон эмэгтэйн тоо жил тутам 9000 орчмоор нэмэгдэж, 500 орчим гэр бүл салдаг аж. Тус улсад архины эмчилгээ багтраа, нойр булчирхайн үрэвсэл, чихрийн шижин зэрэг хүнд өвчнийхөөс үнэтэй тусдаг болохыг ДЭМБ-аас мэдээлжээ.
Наркологийн эмнэлэг нь бусад өвчний төвөөс олон өвчтөнтэй байдаг гэнэ. Судалгаагаар тус улсын эмэгтэйчүүдийн 97 хувь нь согтууруулах ундааг байнга биш ч уудаг болохыг тогтоосон байна.
Тэгвэл БНХАУ-д сүүлийн 10 орчим жил архичны тоо гэнэт 3.7 дахин өссөний дотор залуучууд, эмэгтэйчүүдийн эзлэх хувь ихэсчээ. Тиймээс архидалт тус улсын нийгмийн хурц асуудал болсон байна. Хөгжингүй орнуудад архины салбарыг хуулиар зохицуулж, хэрэглээг хязгаарладаг.
Энэ талаар Хятад улс нэлээд хоцрогдсон аж. Шанхайн зохих байгууллага архидан согтуурахтай тэмцэх цогц төлөвлөгөө боловсруулжээ. Уг баримт бичгийн дагуу тус хотын эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд олон нийтийн болон зоогийн газар, сургуулиар явж, архи хэтрүүлэн хэрэглэхийн уршгийг хүмүүст таниулах гэнэ.
ДЭМБ-аас гаргасан тооцоогоор буюу тухайн улсын 15-аас дээш насны нэг хүнд ногдох цэвэр этилийн спиртийн хэмжээг харгалзан гаргасан 188 орны жагсаалтыг Молдов (18.22), Чех (16.45), Унгар (16.27), Орос (15.76), Украин (15.6) тэргүүлсэн байна. Уг жагсаалтад Хятад улс (5.9) 95, Монгол Улс (3.2) 137 дугаарт оржээ.
Тогтвортой хэрэглээ болсны улмаас архидалтын асуудлыг захиргааны аргаар шийдэхэд хүндрэлтэй байдаг аж. Улс орнууд тэмцэх оролдлого нэг биш удаа хийсэн ч хууль бус наймаа, хуурамч архины хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор согтууруулах ундааны үйлдвэрлэл, борлуулалтад тавьсан хоригийг зогсооход хүрч байв. Тиймээс ДЭМБ олон улсын хэмжээнд архины бодлого хэрэгжүүлж байна.
2010 онд Швейцарийн Женев хотноо болсон Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтаас “Согтууруулах ундааны хэтэрсэн хэрэглээг бууруулах дэлхийн стратеги” хэмээх баримт бичгийг гаргажээ.
Түүнд согтууруулах ундааны сурталчилгааг хязгаарлах, худалдах цэгийн тоог цөөрүүлэх, худалдах цагийг богиносгох, татварын аргаар жижиглэнгийн үнийг нэмэх, хор уршгийнх нь тухай мэдээлэх, жолоочийн цусан дахь спиртийн хэмжээг аажмаар бууруулахыг зөвлөсөн байна.