– 60 сая ам.долларын гадагшлах урсгалыг зогсооно –
“Ган хайлуулж эхлэх хүртэл ямар ч хөгжил яриад хэрэггүй” гэх Эндрью Карнегийн үгийг бичсэн анонсыг харж зогстол, түн түн гэх чимээ сонсогдов. Зуйван, халуун бэлдцийг гурван удаа давтаж, бөөрөнхий болгож буй нь тэр аж.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компани евро стандартад нийцсэн ган бөмбөлгийн үйлдвэрийг өнгөрсөн бямба гаригт Дархан-Уул аймагт ашиглалтад орууллаа. Давтах технологи бүхий, Монгол Улсын анхны, хамгийн том төдийгүй байгаль орчинд ээлтэй гэж тус үйлдвэрийг онцолж болно. Ган бөмбөлгийг давтах аргаар үйлдвэрлэж эхэлсэн нь аж үйлдвэрлэлийн салбарт шинэ хуудас нээж буйг мэргэжилтнүүд тодотгож байв.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” өмнө нь зөвхөн тээрмийн ган бөмбөлгийн бэлдэц үйлдвэрлэж байсан бол нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох ган бөмбөлөг нийлүүлж буй нь дэвшилт алхам юм. Энэ арга нь бүтээгдэхүүнийг улам бат бөх, элэгдэлд тэсвэртэй болгодог юм байна. Түүнчлэн төрөл бүрийн орц, боловсруулалт хийн, хатуулаг шинж чанарыг нь худалдан авагчийн хэрэгцээнд нийцүүлэх боломжтой аж.
Уг үйлдвэрт сүүлийн үеийн, дэлхийд тэргүүлэх технологи нэвтрүүлсэн агаад бүрэн автомат удирдлага, хяналтын системтэй юм. Тоног төхөөрөмжүүдийг өнгөрсөн оноос суурилуулж, дотоодын болон ХБНГУ, Италийн мэргэжилтнүүд хамтран ажиллажээ. Металл давтаж боловсруулах чиглэлээр дэлхийд тэргүүлдэг ХБНГУ-ын, 177 жилийн түүхтэй “Schuler” групп үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн юм билээ. Түүнээс гадна Италийн “Cefi”, “Geva” брэндийн бусад тоног төхөөрөмжөөр үйлдвэрийг “зэвсэглэжээ”.
“Монголыг монголчууд хөгжүүлнэ” уриатай “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийнхан ийнхүү 100-140 мм-ийн голчтой ган бөмбөлөг үйлдвэрлэж эхэлсэн бол төслийн хоёрдугаар шатанд энэ онд багтаан цувих аргаар 60-80 мм-ийн голчтой бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэдэг болохоор төлөвлөжээ. Ингэснээр жилд 60.000 тонн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай болох нь. Улмаар 100 гаруй ажлын байр шинээр бий болгож, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чухал ач холбогдолтой.
Жилд 60 сая ам.долларын гадагшлах урсгалыг зогсоох тооцоо бийг энд тодотгоё. Евро стандартад нийцсэн, өндөр чанартай ган бөмбөлөг үйлдвэрлэх болсноор худалдан авагчдын зардлыг 15-30 хувиар бууруулах тооцоо ч гарсан байна лээ. Одоогоор Монгол Улс давтмал ган бөмбөлгөө импортолж авч буй.
“Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” зэрэг компанийг энд дурдаж болно. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн дотоодын зах зээлийг хангах зорилтыг нэн түрүүнд тавьсан бөгөөд дээрх компаниудад бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхлоо илэрхийлжээ.
Ган бөмбөлгийн үйлдвэрийн нээлтийн үеэр Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Эдийн засгийн амаргүй цаг үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийнхан шинэ үйлдвэр нээж, ажлын байр бий болгож буйд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс, хувиасаа амжилт хүсэж, баяр хүргэе. Ган бөмбөлгийг дэлхийд гурван технологиор хийдэг. Тэдгээрийн хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ.
“Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр” жилд 180-200 орчим сая ам.долларын ган бөмбөлөг импортолдог гэсэн. Энэ мөнгөнөөс Монголдоо шингээж, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, тэр байтугай цаашид гадагшаа нийлүүлэх боломж бүрдэх байх” гэв. Мөн тэрбээр “Монгол Улсын Засгийн газар үйлдвэржилтийг дэмждэг. Өөрийн нөөц бололцоонд тулгуурлан, ажлын байр бий болгож, хадгалж, шинэ технологи нэвтрүүлж буй компаниудыг цаашид олноор төрүүлэхийн төлөө зүтгэж, хамтарч ажиллана. Ажлын байр нэмэгдэх нь манай улсад маш чухал.
Гадаадаас авдаг олон эд анги, бүтээгдэхүүн энэ үйлдвэрээс “төрөн” гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилаа. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын талархлыг салбарын яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Баатарсүх танилцуулсан. Уг талархалд “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Дархан, Сэлэнгийн бүсэд Хар төмөрлөгийн цогцолбор байгуулах зорилгын хүрээнд Дархан-Уул аймагт ган бөмбөлгийн дэвшилт технологийн үйлдвэр ашиглалтад оруулж байгаад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хамт олонд талархал дэвшүүлж, цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт хүсье” гэжээ.
Түүнчлэн Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Эрдэнэбат “Зах зээл хүнд байгаа үед хүмүүс ажлын байртай байх, импортын бүтээгдэхүүнд гадагш урсгадаг мөнгийг дотооддоо авч үлдэж байгаа нь маш чухал” хэмээв.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийн ерөнхий захирал Д.Батжавхлан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хэрэгжүүлж буй Уул уурхай, металлургийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд олон бүтээн байгуулалт хийж байгааг Та бүхэн мэдэж байгаа болов уу. Ил уурхайнуудаа нээж, эрчим хүчний шугам татаж, баяжуулах үйлдвэрүүдээ байгуулан, авто болон төмөр зам барьж, дэд бүтэцтэй холбоотой бүхий л асуудлыг бүрэн шийдсэн.
Өнөөдөр (уржигдар) анхны бөгөөд хамгийн том, давтах аргын ган бөмбөлгийн үйлдвэр ашиглалтад орууллаа. Тун удахгүй, энэ онд багтаан цувимал аргын ган бөмбөлгийн үйлдвэр ашиглалтад оруулснаар хүчин чадал өсөх юм. Хэрэглэгчдийн өртөг зардлыг бууруулах нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд чухал” хэмээн онцолсон.
Технологийн үйл явцыг сонирхуулбал, дугуй бэлдцийг тайрч, индукцийн халаагчид, дараа нь давтах алханд оруулан, хатаахаар дамжуулж, амраах зууханд оруулан, чанарын хяналт хийн, савлах гээд 10 үе шат дамжсаны эцэст хэрэглэгчид хүргэх юм байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Ганбаяр “Уул уурхайн баяжуулах, цементийн болон нүүрс бутлах үйлдвэр, цахилгаан станцуудын тээрэмд ган бөмбөлгийг эрдэс түүхий эдийг бутлагч болгож ашигладаг. Ган бөмбөлөг үйлдвэрлэх үндсэн түүхий эд нь хөндлөн огтлолтой дугуй бэлдэц. Түүнийг манайх өөрсдөө үйлдвэрлэдэг” гэв. Тэрбээр “Тодорхой урттай тайрсан бэлдцийг, индукцийн зууханд 1250 градус хүртэл халаадаг. Маш богино хугацаанд буюу найман секундийн дотор халаах чадалтай.
Үүний дараа дамжлагаар орж ирэхэд нь роботыг орлож чадахуйц автомат ажиллагаатай гарны тусламжтайгаар халуун бэлдцийг давтах алхныхаа хэвэнд аваачиж, гурван удаагийн цохилтоор ган бөмбөлөг гарган авч байна. Ган бөмбөлөг тодорхой температурт хөргөгдөөд, хатаагдах ёстой. Усанд хөргөж, хатаасны дараа дотроо хүчдэлтэй болдог учраас амраах хоёр том зууханд боловсруулна. Нам температурт 2-3 цаг байлгаснаар дотоод хүчдэл нь арилж, хагарч бутрахгүй бөх бат шинж чанартай болдог” гэлээ.
Тус компанийнхан бүтээгдэхүүний чанарт хяналт тавих иж бүрэн туршилт, шинжилгээний лабораторитой болж амжжээ. Үндэсний бүтээн байгуулалт, үндэсний ажиллах хүчинтэй, үндэсний бүтээгдэхүүн нийлүүлэгч гэсэн тодотголтой ган бөмбөлгийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн төмрийн хүдрээс нэмүү өртөг шингэсэн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол Улсын үндэсний тэргүүлэгч компани болох зорилготой юм билээ.