“Болор цом-34” яруу найргийн наадамд Сүхбаатар аймгийн харьяат найрагч Б.Батсайхан түрүүлж, Дорноговийн уугуул А.Эрдэнэ-Очир аман хүзүүдэж, Улаанбаатарын унаган хүү Ч.Ууганбаяр, Хэнтийн Д.Гансүрэн 4-т, Дарханы М.Уянсүх шил даржээ. Айргийн тавд “хурдалсан” найрагчдыг ийн нутаг усаар нь цоллосны учир бол өнөө жилийн наадам Дорнод аймагт болсонтой холбоотой. “Болор цом”-ыг хөдөө зохион байгуулсан тохиолдолд тэр жил заавал тухайн орон нутгийн найрагч түрүүлдэг, үгүйдээ л айргийн тавд хоёр, гурваараа багтдаг уламжлал хэдийнэ бий болсон тул тэгж хар дайсан хэрэг. Харин эндээс харахад тийм “хор” үнэртэхгүй байгаа биз.
Гэхдээ Борхүүгийн Батсайхан найрагчийг энэ жил эгшиглэнт эх Янжинлхамын ивээлд багтаж, түрүүлэхээр хэмжээний шүлэг уншаагүйг Дорнодын театрт цугласан үзэгчид ч, тайзан дээр хамт гарсан үзэг нэгт нөхөд нь ч хэлж байна билээ. Тэгээд яагаад Б.Батсайхан “Болор цом-34”-т түрүүлсэн юм бэ гэдгийг мань мэтээс түрүүлээд хэсэг хүн мөшгиж л дээ. Тэгсэн тэрбээр Дорнодын Засаг даргын эхнэрийнх нь ойрын хамаатан гэнэ.
“Шүүгчдийн бүрэлдэхүүнд Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, “Болор цом”-ын эзэн Б.Галсансүх, яруу найрагч Д.Ган-Очир нараас гадна Дорнодын ИТХ, ЗДТГ-ыг төлөөлж хоёр хүн ажилласан болохоор тэгж байгаа юм биш шүү. Угаасаа Засаг дарга нь хүлээн авалтын үеэр улайм цайм ам алдсан” хэмээн нэг найрагч өгүүлсэн юм. Ядаж байхад өнөөх Б.Батсайхан нь МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянзаяагийн фракцын хүн, Өвөрхангайд болсон наадамд мөн л айргийн тав руу “хүчээр чихүүлсэн” гэдэг яриа утга зохиолынхны дунд ам дамжин яригдаж байна. “Өрөм дотроосоо өтдөг” гэдэг л энэ байх.
...Одоогоос 11 жилийн өмнө Ж.Мөнхбатыг “битүү морь” байхдаа (түүнээс хойш ч авьяас нь задраад шалиагүй л дээ) түрүүлэхэд МАН-ын дэмжлэгээр уг наадмын түрүүг таван сая төгрөгөөр худалдаж авсан гэдэг яриа анх гарч байв. Түүнээс хойш дээрх муу жишиг эрчимтэй газар авч, Орхон аймагт Ш.Лхамноржмааг түрүүлэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг нэрээ “цоллуулж”, 2010 онд Дархан-Уулд Ц.Хулан найрагчийг хоёр дахиа түрүүлэхэд аймгийн Засаг дарга гүнзгий нөлөөлсөн тухай олон хүн ярьдаг юм билээ. Дараа нь Архангайд Д.Болдхуягийг, Өвөрхангайд Л.Моломжамцыг түрүүлэхэд мөн л эгшиглэнт эхийн тааллаар бус, засаг ноён отго жинсээрээ “сүрдүүлснийг” мэдэх хүн бишгүй...
Яруу найрагт дуртай, үгийн урлагийн ид шид, эрдэм чадал, алив сайхан бүхнийг мэдэхийн дээдээр мэддэг монголчуудын хүсэн хүлээдэг, хүндэтгэн дээдэлдэг “Болор цом” наадам сүүлийн жилүүдэд балран доройтсоор ийм л эмгэнэлтэй байдалд хүрлээ. Б.Батсайхан гэдэг яруу найрагчид дургүйдээ ч юм уу, эсвэл шүтдэг хэн нэг найрагчийг минь түрүүлүүлсэнгүй гэж хорссондоо шүүмжлээгүй юм шүү. Яруу найргийн галын дэргэд мэлмий, сонороо баясган, сэтгэл, зүрхээ дулаацуулж, тархи оюунаа тунгалагшуулахыг хүсдэг үзэгчдийн итгэл найдвар бүр мөсөн тасрахаас өмнө энэ наадмын нэр хүндийг авраасай гэж үнэн голоосоо залбирдаг нэгэн билээ. Яван явсаар “Болор цом”-ын түүхт зам балрах вий гэж эмзэглэх юм.
Нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн мэндэлсний 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Болор цом-34”-ийг түүний нэрэмжит болгосон нь тун сайхан санаачилга байлаа. Гэвч их найрагчийн амьдарч асан Дорнод Монголын тэнгэр дор шүлгээ дуудах 30 яруу найрагчийг шалгаруулсан эхний даваанаасаа авахуулаад л өнөө жилийн наадам маргаан дагуулсан. “Баахан залуус шалгаруулчихсан байна. Хууччуул нь яасан юм бэ” хэмээн бухимдах хүн цөөнгүй байсан ч “Энэ жил залуусынхаа өнгийг нэг харъя даа” гэх нь ч бас байв. Гэтэл өнөөх залуусыг хоёр, гурвын даваанд толгой дараалан “цаазалсаар” айргийн тавд ердөө ганцыг нь үлдээжээ. Утга зохиолын ертөнцийн талаар чих чимээ тавьж явдгийн хувьд тэднийг бүгдээрээ муу шүлэгтэй очсон гэж огт бодохгүй байна. Эгзэг нь таарвал эгэлгүй Нямсүрэнгийн алдарт “Амитаба”-г хүртэл “таалдаггүй” наадмын тайз юм даа гээд энэ асуудлыг хойш тавья. Ямар сайндаа л тэр их хүмүүн
...Яг энэ цаг дор намайг шүлэг бичин
мунгинаж суухад
Ядарсан нэгэн манай гаднаас
түлээний мод авч оддог
Улаан хэлтгий сар баруун дээр гарахад
муу хэрэг бүхэн мандаад
Улаанбаатарт “Болор цом”
надгүйгээр болоод өнгөрдөг... хэмээн “Шөнийн симфони”-доо (1997.12.24) бичиж байх вэ дээ. Наадам нэгээр дуусахгүй гээд яруу найрагчид уужуу тайвуу ухаанаар хандаж болно. Харин үзэгч, сонсогчдын урмыг л хугалж болохгүй. Нэгэн уншигч нүүр номондоо “Жил жилийн “Болор цом”-оос жаахан гунигтай буцдаг аа, би. Үгийн уран, утгын тансагийг молхи ухаандаа хүлхэж, яаж ингэж сэтгэдэг юм бол, яавал ингэж үгсийг урлан шаглаж, дахин давтагдашгүйг бүтээдэг юм бол хэмээн гайхан баяссаар дараа жилийн наадмыг хоног тоолон хүлээдэг байв. Ядаж л үзэгчдээ мялаалгын шүлгээрээ омогшуулдаг жил жилийн найргийн бурхад энэ жил эзгүй байна. Үлбэгэр сулбагар шүлгүүд сувс шиг асгарч, үнэт эрдэнэ сувд нь хөрсөндөө үлдсэн гэж бодоод ирэх оныг хүлээе дээ. Жаахан гунигтай Эрээнцавын тэнгэр дороос, эгэлгүй Нямсүрэн найрагчийн нутгаас харьж явна” хэмээн халагласан байна лээ шүү. Энэ наадмыг л үзэхийн тулд Улаанбаатараас 600 км зам туулан байж Дорнодод очсон яруу найргийн үнэнч шүтэн бишрэгчийн сэтгэлийг бодохгүй бол ядаж Янжинлхам нь гомдох байлгүй дээ.
Жилдээ ганц болдог яруу найргийн уламжлалт, томоохон баяр цэнгүүнээ манайхан дориун менежментээр олигтойхон зохион байгуулчихаж чадахгүй доройтуулж, сүүлдээ мөнгөтэй нэгний “аманд багтан” атийсаар буй нь туйлын харамсалтай. Одоогоос 11 жилийн өмнө Жамъянгийн Мөнхбатыг “битүү морь” байхдаа (түүнээс хойш ч авьяас нь задраад шалиагүй л дээ) “Болор цом-23”-д түрүүлэхэд МАН-ын дэмжлэгээр уг наадмын түрүүг таван сая төгрөгөөр худалдаж авсан гэдэг яриа анх гарч байв. Түүнээс хойш дээрх муу жишиг эрчимтэй газар авч, Орхон аймагт зохиогдсон наадамд яруу найрагч Ш.Лхамноржмааг түрүүлэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг нэрээ “цоллуулж”, 2010 онд Дархан-Уулд Ц.Хулан найрагчийг хоёр дахиа түрүүлэхэд аймгийн Засаг дарга гүнзгий нөлөөлсөн тухай олон хүн ярьдаг юм билээ. Дараа нь Архангайд Д.Болдхуягийг, Өвөрхангайд Л.Моломжамцыг түрүүлэхэд мөн л эгшиглэнт эхийн тааллаар бус, засаг ноён отго жинсээрээ “сүрдүүлснийг” мэдэх хүн бишгүй дээ.
Өнгөрсөн жил л гэхэд “Болор цом”-ын тайзнаа МАН-ын генсек, яруу найрагч Ж.Мөнхбат гэнэт гарч ирэн, үзэгчдэд сюрприз барьсан нь цаанаа Төв аймгийн харьяат найрагч Ц.Эрдэнэбаатарыг түрүүлүүлэх “хорыг найруулах” зорилготой байсан тухай халуун гал тогооных нь цөөнгүй хүнээс сонсож байв. Ер нь сүүлийн жилүүдэд манай яруу найрагчид “Болор цом” дөхөхөөр л шарсан мах анддаггүй шар зурхайч аятай, “Энэ жил тэр найрагч түрүүлэх нь ээ. Дээлээ зэхчихэж” хэмээн төлөг буулгаж, тэр нь таамгаас огт зөрөхөө больсон. Ц.Эрдэнэбаатарын тухайд ч тэр “жамыг” тойроогүй. Тиймээс ичсэн нүүрэндээ ч юм уу, “Болор цом-33” наадмын тэргүүн найрагч маань Дорнодын үзэгч, уншигчдад шүлгээ дуудаж өгөхөөс татгалзан, очоогүй байх юм. Түрүү жилийн наадмын тэргүүн найрагч “Болор цом”-ын тайзнаа гарч, шүлэг уншин арга хэмжээг ёслол төгөлдөр нээдэг уламжлал ч ийнхүү замхарч байгаа бололтой. “Болор цом”-ын эздээс ганц Хөөдэйн Эрдэнэбаатар л хаа холын баруун Алтайгаас наадмыг зорин очиж, мялаалгын шүлэг уншсан байна. Уг нь энэ чинь үзэгчдээ дээдлэн, уншигчдаа хүндэтгэдэг монгол найргийн 34 жилийн түүхтэй наадам биз дээ. Ингээд уншигч, үзэгчдээ алдсаар байвал сүүлдээ “Болор цом”-ыг зохион байгуулъя гэж дуугарах аймгийн төв байтугай сум ч олдохгүй болж мэднэ шүү.
Нэг үеэ бодоход өдгөө Монголд энтертайнмент шоу ертөнц хүчээ авч, менежментийг ингэж хийдэг юм гэсэн баримжаа бидэнд бий болсон. Цоо шинэ зүйлийг ч монгол залуус ямар гайхалтайгаар сэтгэн гаргаж ирээд, бүгдийн анхаарлыг татаж, олонход хүлээн зөвшөөрүүлж чадаж байгааг манайхан бэлхнээ харж буй. Үүний нэгэн адил яруу найргийн наадмыг зохион байгуулдаг явцуу арга барил, хэлбэрээ өөрчилж, үзэгчдээ дахин татахад анхаармаар байна, зохиолчдын эвлэлийнхээн. “Болор цом” бол тэртээ тэргүй монголчуудын хүсэн хүлээдэг наадам учраас менежмент хийхэд та бүгдэд том давуу тал байна. “Манайх чинь ямар ч орлогогүй, мөнгөгүй байгууллага шүү дээ” гээд сэтгэлд чинь багтахгүй байгаа бол ойрын жишээ татъя. Монгол бөхийн өргөөнд зохион байгуулдаг үндэсний бөхийн барилдаануудыг томоохон пүүс компаниуд ивээн тэтгэдгийг эрх биш мэдэж байгаа байлгүй.
Өвөг дээдсээс уламжилж ирсэн эртний түүхт өв соёлоо дэмжихийн зэрэгцээ давхар өөрсдийгөө сурталчлах боломжийг алдахгүйн тулд нэг компани 224 бөхийн барилдаанд дор хаяж 20 сая төгрөг асуудалгүй гаргадаг. Бөхийн өргөөнд жилд хэдэн барилдаан болдог билээ. Гэтэл жилд ганцхан удаа болдог “Болор цом”-ыг ивээн тэтгэж, ард түмэндээ оюун санааны хөрөнгө оруулалт хийнгээ өөрсдийн PR-аа явуулах байгууллага тэр олон пүүс компани дотор нэг ч байхгүй юм гэж үү. Өнгөрсөн жилийн наадмыг Улаанбаатарт зохион байгуулах гэж “нуруугаа авталаа” хаширсан бол та нар өөрсдөө менежментээ буруу хийснээс зайлахгүй. Оюуны хөдөлмөрийг үнэлдэг, ойлгодог, чадлынхаа хэрээр дэмжихийг эрэлхийлдэг хүмүүс нэг үеэ бодоход нэмэгдэж байгаа. Тийм байтал 224 бөхийн бай шагналд өгдөг мөнгөний ядаж талыг нь ч болов “Болор цом”-д зориулах сэдлийг тэдэнд төрүүлж чадахгүй байгаа нь шуудхан хэлэхэд та нарын буруу. Найргийн наадмаа аль болох шударга, сонирхолтой зохион байгуулдаг сан бол айрагдсан тавыг байлах, мөн шалгаран оролцож буй 30 найрагчийн гарыг цайлгах, хэн нэгнээс хараат бус шүүгчид томилоод, тэднийгээ урамшуулах мөнгийг ч босгож чадах байлаа.
Одоо яая гэх вэ, “Болор цом” хэмээх найрагт дуртай түмний хүсэн хүлээдэг байсан нэгэн эгшиглэнт наадам, хэн ч тоодоггүй “хог” болж балран алга болохын дохио хангинажээ. “Болор цом”-ыг худалдаад авч болно. Авьяасыг худалдаж авч чадахгүй нь даанч сайхан.