-Ах аа, жижгэвтрээс нь нэгийг өгчих. Хуучин байвал бүр сайн шүү. Зарим нь дийлдэхгүй юм.
-Тэг тэг. Харж байгаад өөрсдөө шилээд ав. Бүр болохгүй бол ахаараа тайруулчихаж бай л даа.
-Нээрэн тэгмээр юм байна шүү, бид хоёр (дүү) өчигдөр авсныгаа тайрах гэж ёстой бөөн юм боллоо.
Сонгинохайрхан дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр, Их нарангийн Дундын буудлын ойролцоо байрлах дугуй засварын газарт өнгөрсөн бямба гаригт ийм яриа өрнөв. 14, 15 настай болов уу гэмээр хүү 10.00 цагийн үед дүүтэйгээ ирээд дугуй засварын газрын эзэн Түвшинтэй хэсэг хөөрөлдөж байгаад, “түлш”-ний наймаа хийв. Түүнийг Амгалан гэдэг. Тэр эндхийн байнгын үйлчлүүлэгч. Хүү түүнд 300 төгрөг өгөөд хоёр ширхэг хаягдал дугуй авлаа.
Түвшин “Хүүгийн аав нэг тийш явсан бололтой. Уг нь ихэвчлэн өөрөө ирж, “түлш” авдаг байсан юм. Саяхнаас хүү нь зөөж байгаа. Бид найзууд болоод байгаа шүү” гээд инээвхийлэв. “Болохгүй бол ахаараа тайруулчихаж бай л даа” гэхийг сонсоод хүү удаан хугацаанд эрж сурсан зүйлээ олсон юм шиг баярлаж, наймаачин залуу ч түүнд том тус хүргэж байгаа мэт аяглах нь тэр. Нэг нь “хор” худалдаж, нөгөөх нь түүнийг баяртайгаар алгаа тосон авч буй энэ дүр зураг тэр хавьдаа ердийн үзэгдэл.
Гэвч Түвшин, Амгалан хоёр шиг хар хаймрын наймаагаар холбогдож, түнш болсон иргэд нийслэлийн гэр хорооллыг аалзны тор шиг хэрсэн байгаа нь эмгэнэлтэй. Агаарын бохирдол бууруулах зорилготой “iVolunteer” ТББ-ынхан нийслэлд хуучин, хаягдал дугуй худалддаг 600 гаруй цэг бий гэсэн тооцоо гаргажээ.
Бидний сайн мэдэх нэгэн кинонд “Танайх нүүрс, манайх бакришка түлдэг” гэж өгүүлэхийг сонсоод элгээ хөштөл инээж байсан цаг саяхан. Ийм үгтэй хөгжилтэй сурталчилгаа ч бий. Гэвч бакришка хэмээн монголчлон нэрлэсэн энэ эд гэр хорооллынхны хувьд эрэлттэй бараа болж, нийслэлчүүдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлэх хэмжээнд хүртлээ уршиг тарина гэж хэн санах вэ дээ.
Энэ “түлштэй” хоёр жил гаруй хугацаанд нөхөрлөсөн, Амгалангийн ээж Х (нэрээ нууцлахыг хүсэв) “Дугуй асахдаа түргэн, илчтэй, хамгийн гол нь удаан хугацаанд шатдаг учраас түлэхэд амар байдаг юм. 3000 төгрөгөөр жижиг ууттай нүүрс авбал нэг удаа түлнэ. Ихдээ л 5-6 цаг асна. Харин түүний оронд 500 төгрөгөөр гурван дугуй аваад, өдрийн турш дулаан, галтай байсан нь дээр. Хоёр хүү маань заримдаа энд тэндээс банз, модны үртэс, тайрдас авчирч, нэмэрлэдэг” хэмээн ярилаа. Амгалан хүүгийнх ямар нөхцөлд, хэрхэн амьдарч буйг сурвалжлахаар бид түүний гэрт нь очсон юм.
Гэр хорооллынхон хаягдал дугуйг түлшинд хэрэглэх болсон хамгийн гол шалтгаан нь өрхийн орлого буюу амьжиргааны түвшин. Өрхийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх зорилгоор НХХЯ-наас өнгөрсөн онд хийсэн судалгаагаар нийслэлийн нийт өрхийн 28 хувь нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготойг тогтоожээ. Харин Амгалан хүүгийн амьдарч буй Сонгинохайрхан дүүрэг бол ийм өрх хамгийн ихтэй гурван дүүргийн нэгт багтдаг. Эднийх л гэхэд тогтсон орлогогүй бөгөөд НХХЯ-ны Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөрөөс олгодог хүнсний талоноор өл залгуулдаг учир нүүрс, түлээнд зориулах мөнгө гардаггүй гэнэ.
Сардаа 30 мянган төгрөгийн хүнс авч, түүгээрээ болгодог гэж Х ярилаа. Тэрбээр “Бид Говь-Алтайгаас Улаанбаатарт нүүж ирээд гурван жил болж байна. Нөхөр маань барилгын компанид арматурчнаар ажиллаж байхад бусдын гар харалгүй, түлээ, нүүрс, хоол ундаа залгуулдаг байсан. Гэвч уржнан хөлөө хөлдөөснөөс болоод хүнд хүчир ажил хийх чадваргүй болсон. Энд тэнд ажилд орох гэхээр авдаггүй, их хэцүү. Налайхад ажил хийнэ гэж яваад холбоо тасарсан.
Би хааяа хамаатныхаа хоёр хөгшнийд очиж, гэрийг нь цэвэрлэж өгөөд, тав, арван цаас авдаг. Түүгээрээ л түлшээ (дугуй) авдаг. Хүүхдүүд маань одоохондоо жаахан байгаа учраас нэмэр болж чадахгүй байна” гэлээ. Ээжийгээ ийн ярих зуур хоёр хүү авчирсан дугуйгаа түлэхэд бэлэн болгохоор “ноцолдож” байв. Тэдний гэрийн хажууханд нэгэн шарилын хөшөө ёрдойн харагдаж байлаа.
Үр хүүхдээ өлсгөж, дааруулахгүйн тулд хар хаймартай нөхөрлөсөн өрх энэ мэт олон. Ийм айл тэдний ойр орчимд цөөнгүй бий гэдгийг тэд онцлов. Агаарын бохирдолд хөрөнгө оруулж, үр хүүхэд нь амьсгалын замын өвчний “үүр” болж байгаад санаа зовнихоос илүү өнөөдөр, маргааш, түүний дараа өдөр юу түлэх вэ гэдэг нь л тэдэнд чухал. Ямар сайндаа л “Хүүхдүүдээ эрүүл саруул, урт удаан амьдраасай гэж хүсдэг ч хордуулахгүй гээд гал түлэлгүй хөлдөөж алалтай биш дээ. Хордох уу, хөлдөж үхэх үү гэдэг сонголттой нүүр туллаа” гээд сууж байх вэ дээ.
Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахын тулд энэ сарын 1-нээс гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Үүнийг “Цагаа олсон зөв шийдвэр” хэмээн иргэд нэлээд ам сайтай байна. Гэвч хотын хөдөө гэгддэг гэр хороололд амьдардаг зарим өрх энэ хөнгөлөлтийг эдэлж чадахгүй тарчиг нөхцөлд амьдарч байна. Бид энд тэмцэж, тэд тэнд хордсоор, хорт утаагаа үйлдвэрлэсээр л байна.
Сонгинохайрхан дүүргийн IV хороо 2600 гаруй өрх, 11 мянган иргэнтэй. Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрх дүүргийн нийт иргэдийн 11.29 хувийг эзэлнэ. Энэ нь бусад дүүрэгтэй харьцуулахад өндөр үзүүлэлт. Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Толгойт орчим агаарын бохирдол ихтэй бүсэд ордгийн шалтгаан нь энэ.
Тодруулбал, хаягдал дугуй түлэхээс өөр сонголтгүй нөхцөлд амьдардаг иргэн энд олон байгаа нь ажилгүйдэл, ядуурлаас үүдэлтэй хорт утаа гамшгийн хэмжээнд хүрэхэд нөлөөлжээ. Хэрэв иргэд ажилтай, орлоготой болчихвол хар хаймарт хордон хордон түлэх хэрэг юу билээ. Ядаж л амьдрах нөхцөлөө сайжруулж, орон сууцанд тухлахыг хичээнэ. Тиймээс ажлын байр, өрхийн орлогыг нэмэгдүүлэх нь утааг бууруулах их тэмцлийн хамгийн оновчтой, суурь шийдэл байж мэднэ.
Тус хорооны Засаг дарга Б.Соёл-Эрдэнээс амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийг дэмжих чиглэлээр ямар ажил хийж байгаа талаар лавлахад “Хөдөөнөөс шилжин ирдэг иргэдийн олонх нь манай дүүргийг барааддаг. Хотод байр сууриа олж, дастлаа зүдэрдэг байх. Тэр бүрт санаа тавьж, хүрч ажиллах бэрхшээлтэй. Нийгмийн эмзэг бүлгийг дэмжих чиглэлээр төр, засгаас хэрэгжүүлж байгаа ямар нэгэн төсөл, хөтөлбөрт иргэдээ аль болох хамруулахыг хичээдэг. Айлын хашааны банз хулгайлж түлдэг, дугуй болон бусад хаягдлаар галладаг айл өчнөөн бий” гэсэн юм.
Харин тус хорооны нийгмийн ажилтан Э.Энхцэцэг “Иргэдийн амьдрал дээшилж, улс орон хөгжиж байна гэж ярьдаг хүмүүс нийслэлийн алслагдсан дүүргийн хороогоор явж, бодит байдлыг нүдээр хараасай. Хоногийн хоол, түлшнийхээ мөнгийг олох гэж яаж зүдэрч байгааг мэдрээсэй. Магадгүй тэгвэл илүү зөв, ухаалаг шийдвэр гаргах байх. Тэд ядуу тарчиг амьдарч байгаа нь зөвхөн төр, засгийн буруу биш. Гэхдээ тэднийг дэмжиж, өөд нь татахын тулд чухам юу хийсэн бэ гэдгийг асуумаар байна” гэв.
Амгалангийн үеийн хүүхдүүд 500, 1000 мянган төгрөг олдвол чихэр, жимсхэн авч идэхэд л зориулдаг. Гэвч тэд мөнгөний, тэр дундаа дулаан байхын үнэ цэнийг хэнээс ч илүү мэддэг болохоор 1000 төгрөгөөр хоёр өдрийн дулаан “илч” худалдаж авахыг илүүд үзэж байна. Харин хэрхэн хордож буйгаа төсөөлөх ч үгүй сууна.