Утаатай тэмцэх “дайн”-д эрчим хүчний салбарынхан нэгдлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ салбарынхныг утаатай тэмцэхэд бүхий л боломжоо дайчлахыг үүрэгдэв. Ингэснээр гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний тарифыг тэглэлээ. Манай улс өдөрт 900 гаруй мВт эрчим хүч хэрэглэдэг. Үүний 640 мВт-ыг улаанбаатарчууд ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийнхний эрчим хүчний хэрэглээний оргил ачаалал 640 мВт хүрдэг гэсэн үг. Харин шөнөдөө 400 мВт болж буурдаг.
Цахилгаан станцууд хүчин чадлаа огцом бууруулах боломжгүй. Тиймээс эрчим хүчний илүүдэл чадлаа ОХУ руу “урсгадаг”. Шөнийн цагт хойд хөрш рүү “урсгадаг” цахилгаанаа дотоодын хэрэглэгчдэд үнэгүй хүргэх, халаагуураар гэрийг нь дулаацуулан, утааг багасгах боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа.
Эрчим хүчний салбарынхны гарт шөнө хойш нь “гүйлгэдэг” 240 мВт-ын чадал бий. Энэ бол утааг бууруулахад ашиглах эрчим хүчний боломжит нөөц. Үүнээс илүү чадал үйлдвэрлэх цахилгаан станц өнөөдөртөө Монголд байхгүй. “ДЦС-5”-ыг барьсны дараа эрчим хүчний үйлдвэрлэл үлэмж хэмжээгээр нэмэгдэх нь дамжиггүй. Улаанбаатар хотын есөн дүүрэгт 200 гаруй мянган айл өрх гэр хороололд амьдарч байна. Үүний дийлэнх нь төвийн зургаан дүүрэгт харьяалагддаг.
Төвийн зургаан дүүрэгт амьдардаг гэр хорооллын 148 мянган өрх эрчим хүч худалдаж авах гэрээ байгуулжээ. Үүнээс 110 мянган нь хоёр тарифт тоолууртай. Өөрөөр хэлбэл, шөнийн, өдрийн гэсэн хоёр янзын тарифт тоолууртай гэсэн үг. Дахин сануулахад, эдгээр айлын цахилгааны шөнийн тариф тэг төгрөг болсон. Тэдгээр өрх оройн 22.00-оос өглөөний зургаан цаг хүртэл цахилгаан үнэгүй хэрэглэнэ.
Эрчим хүч үнэгүй хэрэглэснээр нүүрс түлэхээ зогсоож, цахилгаан халаагуураар гэрээ дулаацуулах хөшүүрэг болно гэж найдаж байгаа. Ингэснээр Улаанбаатарын агаарын бохирдол буурах нь тодорхой. Мэдээж гэр хорооллын олон айл өрх шөнийн цагаар халаагуур залгавал сайн. Тэр хэрээр утаа багасна. Гэхдээ тэдний эрчим хүчний хэрэглээ 240 мВт-аас хэтрэх учиргүй.
Нэг өрхийн халаагуур шөнийн цагт хэдэн кВт/цагийн цахилгаан зарцуулж байна гэдгээс хэр олон өрх айлыг хамрах нь тодорхой болно. Өнөөгийн хүчин чадлаар хоёр тарифт тоолууртай нэг айл шөнийн цагт 2-2.5 кВт/цагийн л цахилгаан илүү хэрэглэх боломжтой. Айл бүр үүнээс илүүг хэрэглэх гэвэл станцуудын чадал хүрэлцэхгүй.
Салбарын яамнаас нэг шөнөд дөрвөн кВт/цагийн цахилгаан зарцуулдаг халаагуурыг 20 мянган өрхөд суурилуулах төлөвлөгөөтэй байгаагаа Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Баярбаатар дуулгав. Ийм халаагуур төдий өрхөд тавихад л илүү гарч буй эрчим хүчний чадлын 80 мВт-ыг зарцуулна. Тэгэхээр үлдсэн 160 мВт-ыг нь 90 мянган өрх булаацалдана гэсэн үг. Хэрэв хоёр тарифт тоолууртай айл бүр дөрвөн кВт/цагийн цахилгаан зарцуулдаг халаагууртай болбол 440 мВт эрчим хүчний чадал хэрэгтэй.
Даанч хүрэлцээтэй чадлыг манай цахилгаан станцууд үйлдвэрлэж дийлэхгүй. Энэ нь л эрчим хүчний салбарынхны санааг чилээж байгаа гол бэрхшээл юм. Айл бүр их хэмжээний цахилгаан зарцуулдаг халаагууртай болбол эрчим хүчээр хангаж чадахгүй учраас тэд санаа зовж байгаа. Мөн айлууд цахилгаан халаагуураа өдөр залгаад байвал яах вэ гэсэн бэрхшээл үүснэ. Айл хэдэн кВт/цагийн эрчим хүч хэрэглэдэг цахилгаан халаагуур хэдийд залгаж байна гэдгийг хянах боломжгүй.
Дөрвөн кВт/цагийн эрчим хүч хэрэглэдэг халаагуур тавих гэж буй гол зорилго нь 20 мянган янданг устгах санаачилга санж. Нэг шөнөд дөрвөн кВт цахилгаан хэрэглэдэг, дулаанаа хуримтлуулаад, үлдээдэг технологитой халаагуур байдаг гэнэ. Тэр халаагуур нь шөнө цахилгаанд залгаж, дулаан хуримтлуулаад, өдөр нь түүнийгээ үлээх зарчмаар ажилладаг юм байна.
Халаагуур өдөр тасралтгүй үлээхэд гэр 20 хэмийн дулаан байх боломжтой аж. Эрчим хүчний шөнийн тарифыг тэглэсэн нь Улаанбаатарын утааг бууруулах үндсэн зорилготой. Тиймээс ийм технологитой халаагуур хэрэглээнд нэвтрүүлж, “яндангийн тоо”-г цөөлөх нь зөв. Эрчим хүчний чадал хүрэлцээтэй бол гэр хорооллын бүх өрхийг дулаанаа хадгалдаг халаагууртай болгох сон.
Аль болох олон айлыг эрчим хүчээр гэрээ дулаацуулдаг болгохын тулд цахилгаан бага зарцуулдаг халаагуур нэвтрүүлэх хэрэгтэй гэж үздэг хэсэг бий. Ингэвэл 240 мВт-ын чадлаараа маш олон айлыг цахилгаанаар халааж чадна. Эрчим хүчний яаманд аж ахуйн нэгжүүд эрчим хүч бага зарцуулдаг халаагуураа танилцуулсаар байгаа аж. Гэхдээ иргэн ямар халаагуур худалдаж авах нь өөрийнх нь сонголт байх юм.
Шөнийн тарифыг тэглэснээр өөр нэг эрсдэл үүснэ. Тэр нь иргэдийн цахилгааны төлбөр төлөхгүйгээр ажлаа амжуулах гэсэн сонирхол. Тухайлбал, ахуйн хүрээнд төмөр эдлэл дархалдаг хүн цахилгааны тоолуур үнэгүй тариф руу шилжингүүт гагнуурын төхөөрөмжөө хийх өндөр магадлалтай. Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Баярбаатар “Тарифын хөнгөлөлтийг утааг бууруулах чиглэлд түлхүү ашиглана. Далимдуулан өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ цахилгааны төлбөр төлөхгүйгээр хийх, эсэхийг хянана” гэв. Хэрэв хянаж чадахгүй бол утааг бууруулахаар тэглэсэн тариф өөр зүйлийг дэмжих хөшүүрэг болох гарцаагүй. 240 мВт-ын чадлыг өөр зүйлд зарцуулчихвал утааг бууруулах халаагуурууд ажиллахгүйг санаарай.
Тариф тэглэснээс хойш шөнийн эрчим хүчний хэрэглээ 18 мВт-аар нэмэгджээ. Айл өрхүүд аль хэдийнэ тарифын хөнгөлөлтийг ашиглаад эхэлсэн гэсэн үг. Энэ оны эхний хагаст шөнийн эрчим хүчний хэрэглээ их хэмжээгээр өсөхгүй гэж салбарынхан тайлбарлаж байна. Айлууд өвөл түлэх нүүрсээ базаачихсан учраас цахилгаан халаагуур сонирхохгүй гэж тэд үзэж байв. Харин ирэх арваннэгдүгээр сард нүүрс үү, цахилгаан халаагуур авах уу гэсэн сонголт хийнэ. Нэлээд хэсэг нь цахилгаан халаагуурыг сонгох байх. Тэр цагаас эрчим хүчний шөнийн хэрэглээ өснө. Эрчим хүчний яамныхан цахилгаан түгээх дэд станцууд засварлах, сүлжээгээ өргөтгөх ажлыг ирэх зун амжуулахаар төлөвлөжээ. Мөн Улаанбаатарын нам даралтын уурын зуухнуудыг төвийн дулааны системд холбох гэнэ. Шөнийн тарифыг тэглэснээр Засгийн газраас эрчим хүчний салбарт татаас олгохоор болсон. Татаас, түгээх сүлжээнд засвар хийх, сэлбэг хэрэгсэл авах, дулааны шугам татахад нийт 50 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Чадлын хязгаарт баригдах ч эрчим хүчний салбарынхан утаатай тэмцэхэд ийн хувь нэмрээ оруулах нь