-Уруулж, тасдуулж буй мөнгөн дэвсгэртээ аврах ганц арга энэ гэв-
“Эмсид” компанийн “Улиастай-Зам гүүрийн авто бааз” чиглэлийн автобусанд сууж, хэдэн буудал явав. Жолоочийн дэргэдэх бэлэн мөнгөний хайрцагт зорчсоны хөлс болох 500 төгрөгөө хийж, дэргэд нь зогслоо. Картаар зорчиж буй хүмүүсийн олонх нь өндөр настан аж. Ухаалаг төхөөрөмж картаа уншуулах бүрт нь “Хөнгөлөлттэй зорчигч” гэж жолоочид мэдээлж байв. Гэхдээ зарим нь картаа уншуулдаггүй юм байна. Булган шуба, малгай өмссөн 60 гаруй настай ганган эмэгтэй төлбөрөө төлөлгүй шууд л сандал дээр очоод суучихав. “Картаа уншуулаарай” хэмээн жолооч шаардлага тавихад “Би үнэгүй явдаг юм. Картаа мартчихаж” гэж хээв нэг хариулав. Эхний гурван буудал газар хэд хэдэн ахмад “Ганц буудал газар явна” гээд картаа уншуулаагүй юм даг.
Нэг сая гаруй хүнтэй Улаанбаатар хэмээх метрополис хотынхны хамгийн эхэнд анхаарах салбар нь нийтийн тээвэр. Тиймдээ ч хотын үе үеийн удирдлага үүнд анхаарлаа хандуулсаар ирсэн. Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийж, иргэд угсраа автобусаар зорчдог боллоо. Авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт “өгснөөр” хөдөлгөөний ачаалалттай үед ч та бид зорьсон газраа автобусаар хүргүүлдэг болсон. Тэр дундаас хамгийн дэвшилтэй нь ухаалаг төлбөрийн систем байв.
Тасалбар тараагч (кондуктор)-ид загнуулж, автобус дотор халаас, цүнхээ ухах шаардлагагүй болж, төлбөрөө төлчихөөд тааваараа зорчих боломжийг бидэнд олгосон хэрэг л дээ. Харамсалтай нь, манайхан энэ төхөөрөмжнөөс илүү “ухаантай” юм. “Мөнгөө төл, чи” гэж шахаж шаардах хүнгүй болохоор өндөр настнууд картаа уншуулахгүй зорчдог болж. Харин тэднээс дуурайл авсан залуус тун удахгүй автобус компаниудыг дампууруулах нь. “Өнөөдөр” сонин нэг сарын өмнө “Талыг нь урсан 500, 1000 төгрөгөөр автобусанд явж байна” гэсэн мэдээллийг уншигчдадаа хүргэсэн. Энэ удаа түүний мөрөөр сурвалжилсан юм.
“Улиастай-Зам гүүрийн авто бааз” чиглэлийн автобуснаас Офецируудын ордны буудал дээр буулаа. Тэр хүртэл тус автобусны жолоочтой ярилцахад “Картаа уншуулахгүй зорчих тохиолдол элбэг шүү дээ. Бид жолоогоо орхичихоод араас нь очиж зарга хийлтэй биш. Хянагч байсан ч ялгаагүй шахам. Багцалсан задгай мөнгө хайрцаг руу хийнэ. Гэтэл тэр нь дутуу, зарим дэвсгэрт нь тасархай байх жишээтэй” хэмээн ярьсан юм.
Тус автобусны буудал дээрээс “Таван шар” хүрэхээр суулаа. Өмнөх автобусны жолоочийн хэлснээр зорчигчид бутархай мөнгө хийх нь элбэг аж. “Оюутан, сурагчид амарчихсан болохоор хүн багатай байна. Залуус бутархай мөнгө их хийдэг юм. Зарим нь илт дутуу мөнгө хийнэ шүү дээ” гэж тус автобусны жолооч Д.Сүрэнжав ярилаа.
Автобус доторх мөнгөний хайрцагт 100, 500, 1000 төгрөгийн дэвсгэртийг голоор нь урж, талыг нь хийн хуурч мэхлэх зөрчил элбэг гардаг гэдгийг хэлэх хүн олон таарч байна. Энэ талаар албаны хүмүүс “Ийм зөрчил нэлээд гардаг. Сүүлийн үед бүр ихэссэн. Үүний горыг нийслэл л хүлээж байна. Урсан дэвсгэртийг серийн дугаараар нь нийлүүлэхгүй л бол хэрэгцээгүй. Тэгэхээр компаниудын орлого хумигдаж байгаа юм” хэмээн ярьсан юм. Тэдний ярьснаар тасархай мөнгөнөөс гадна дуурайлган хэвлэсэн хуурамч дэвсгэрт ч мөнгөний хайрцгаас олон гардаг аж.
Тэгвэл энэ зөрчлийг хэрхэн арилгах талаар албаны хүмүүсээс тодрууллаа. “Ухаалаг төлбөрийн систем нэвтрүүлсэн нь манай нийтийн тээврийн салбарт яах аргагүй дэвшил болсон. Компаниудын орлогыг бодитоор тодорхойлж чаддаг боллоо. Гэтэл хажуугаар нь саар зүйл олон гарч байна. Үүнийг шийдэх ганц арга нь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, бүх хүнийг карттай болгох явдал” гэж нийслэлийн Тээврийн газрынхан ярив. Үүнтэй ижил саналтай иргэн ч цөөнгүй байна.
Баянзүрх дүүргийн IV хорооны иргэн Х.Сувд-Эрдэнэ “Хэд хоногийн өмнө би картан дахь мөнгөө дууссаныг мэдэлгүй автобусанд орж, хайрцагт нь 1000 төгрөг хийгээд, 500 төгрөгтэй хүн орж ирэхээр түүнийг нь авсан юм. 20 орчим настай залуугийн бутархай мөнгийг тоололгүй авчихаад, дэлгүүрт ороод юм худалдаж авахад 350 төгрөг байсан. Ер нь автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг авах нь зүйтэй. Бүх хүнийг карттай болгох хэрэгтэй. Картгүй хүнийг суулгахгүй байх нь зөв” гэсэн юм.
Харин Төв аймгийн Бүрэн сумын иргэн Н.Доржсүрэн “Би хот руу ойр ойрхон орж ирдэг. Ажлаа амжуулахдаа автобусаар л явчихдаг юм. Өчигдөр (өнгөрсөн баасан гариг) хоёр залуу голоор нь урсан 1000 төгрөг хийчихээд “Хоёр” гээд автобусны арагшаа явчихдаг байгаа. Тэдэнд тэгж болохгүй гэдгийг нь хэлээд шанаа авахаа шахсан шүү. Бэлэн мөнгөний хайрцагтай болсноор мөнгөн дэвсгэрт устаж байна” гэлээ.
Энэ мэтээр бэлэн мөнгөний хайрцгийг авах ёстой гэдгийг хэлэх хүн олон байна. Тэгэхгүй бол нийтийн тээврийн компаниуд орлогогүй болж, хэтэрхий “ухаантай” залуус гадаадад өндөр үнээр хэвлүүлсэн дэвсгэртээ үгүй хийх нь.