Боловсролын салбараар хэн дуртай нь тоглож болдоггүй. Гэтэл манайд дээд боловсролын салбарыг засаглалаар нь дамжуулан улс төрийн тоглоомтой хутган үймүүлдэг явдал хэдийнэ газар авав. Улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүчийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын байгууллагыг улс төрөөс ангид, бие даасан байдлаар авч явах ёстой гэдгийг бүгд мэддэг, ярьдаг. Тэгсэн атлаа Боловсролын багц хуульд өнгөрсөн жил нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө үнэндээ хэн ч үүнийг ажил хэрэг болгохыг хүсээгүй.
Энэхүү өөрчлөлтөөр төрийн өмчийн их, дээд сургуулиудын захирлыг салбарын сайд бус, тухайн байгууллагын Удирдах зөвлөл мэдэж томилдог, эргээд хариуцлага тооцдог байхаар зохицуулж өгөөд байсан юм. Жишээ нь, төрийн өмчийн их, дээд сургуулийн Удирдах зөвлөлд үүсгэн байгуулагч буюу төрийн төлөөлөл 51-60 хувийг эзэлдэг байсныг хоёр дахин бууруулж 30, хараат бус гишүүдийн төлөөллийг 40 хувь болгоод байв. Гэтэл БСШУС-ын сайд Ж.Батсуурийн өргөн барьж, батлуулсан шинэ хуулиар төрийн оролцоог буцаагаад 51-60 хувь болгон нэмэгдүүлсэн нь дээд боловсролын салбарынхныг бухимдуулжээ.
Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлаар томилогдохоор хөөцөлдөж буй тухай баримт сэлт саяхан олон нийтийн сүлжээгээр тарсан нь мэдээж гал дээр тос нэмсэн нь гарцаагүй. Их, дээд сургуулийн захирлын томилгоо нь албан тушаалын төлөөх “цусгүй тулааны талбар” болж, сонгон шалгаруулалтад ялахын тулд элдэв хор найруулан, улс төрийн нам, хүчин, албан тушаалтны дэмжлэг хайдаг байснаа одоо бүр ийн ил цагаандаа гарсан юм гэж үү.
МУИС, ШУТИС, АШУҮИС-ийн удирдлагуудаас энэ талаар тодруулахад “Одоогоор сургуулийн захирлыг өөрчлөх тухай албан ёсны мэдээлэл бидэнд ирээгүй” гэлээ. Харин БСШУСЯ-ны газрын дарга “Төрийн өмчийн их, дээд сургуулийн захирлыг эргээд улс төрөөс хамааралтайгаар томилдог болох нь гэж ойлгож болохгүй. Өмнө нь Боловсролын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа их, дээд сургуулийн засаглалын талаар салаа утгатай томьёолсон байсныг энэ удаад нэг болгосон. Харин Боловсролын багц хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг гарчихсан байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслээд хуулиудаа эргэж харна” хэмээн тайлбарлав.
Яаж ч бодсон одоогийн хуулиар бол их, дээд сургуулийн захирлын албан тушаал шууд утгаараа улс төрөөс хараат болчихоод байгаа юм. Удирдах зөвлөлийн 15 гишүүний есийг төрийн төлөөлөл буюу яам, агентлагийн газар, хэлтсийн дарга нараар бүрдүүлчихсэн тохиолдолд ашиг сонирхлын зөрчилгүй хүнийг захиралд нэр дэвшүүлнэ гэж тэдэнд итгэхэд бэрх. Нөгөөтэйгүүр, Удирдах зөвлөлийнхөн тийм хүн олоод нэр дэвшүүлдэг юм аа гэхэд сайд түүнийг нь баталгаажуулахгүй байх эрхтэй гэсэн үг. Тиймээс та бүхнийг үнэхээр хэлсэндээ хүрээд, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн хуудуутай хуулиа эргэж харна гэж найдъя.
Тэгэхгүй бол Монголын дээд боловсролд нэвтрүүлэхээр анхны шанг нь татаад байсан засаглалын шинэчлэл ухрах нь байна. Засгийн эрх барьж буй нам, улс төрийн хүчин төрийн өмчийн их, дээд сургуулиудыг “бялуу”-ны нэг хэсэг болгож хардаг уламжлалт тогтолцооноосоо бид одоо салах цаг нь болсон.
Ер нь улстөрчид, эрхэм түшээд минь амнаасаа унагаж байгаа үг, хийж буй үйлдлээ бодож болгоомоор юм. Байнгын хорооны хурал дээр хээв нэг бохь зажилж, боов идэж, цайлж ундлах нь хувь хүний эрх юм биз гээд орхиж болох. Харин гаргаж буй бодлого, шийдвэртээ эзэн болж, хариуцлагатай байхгүй бол ард иргэдээ “хөлдөө чирээд” байна шүү. Жишээ нь, сурагчдын өвлийн амралтыг сунгах уу, үгүй юү гэдэг нь сүүлийн хэдэн өдөр олон нийтийн дунд хамгийн их эрэлттэй, нэхэл хатуутай асуулт болоод байв.
Салбарын яамнаас ямар нэг хариулт өгөхгүй, таг чиг байсаар сурагчдын амралт дуусахад ердөө гурав хоног үлдсэн хойно “Амралтыг сунгахгүй” гэж мэдэгдсэн. Улаанбаатарын хорт утаа, ханиад томуунаас үр хүүхдээ хэсэг хугацаанд ч болов холдуулъя гээд хөдөө гадаа явуулсан эцэг, эхчүүд энэ хооронд ажил төрлөө зохицуулан “илгээлтийн эзэд”-ээ эхнээс нь буцааж авчраад байлаа.
Гэтэл хичээл эхлэхээс хоёр хоногийн өмнө БСШУСЯ, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран мэдэгдэл хийж, сурагчдын амралтыг энэ сарын 30 хүртэл сунгахаар болсноо дуулгах нь тэр. Тавлаж байгаа юм шүү. Ингээд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид “худалч” нэр зүүж, өнөөх эцэг, эхчүүд хүүхдүүдээ дахиад хөдөө тийш илгээх үү, яах вэ гэсэн ацан шалаанд орж байгаа юм.
Бага насны хүүхдүүдийн дунд ханиад томуу газар авч, тэр дороо хүндэрч буйгаас гадна ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг харгалзан сурагчдын амралтыг сунгасныг буруутгах гэсэнгүй. Хамгийн гол нь нийгэм, олон нийтэд хамаатай иймэрхүү асуудал дээр ул суурьтай судалж, төлөвлөөд, урьдчилан мэдэгдэж байхгүй бол хариуцлагагүй, байдал чинь хэрээс хэтрэх нь ээ.