АЯНЫ БОГЦ
БОИНГ, МАКДОНАЛДС, КАТЕРПИЛЛЭР, ОБАМА, ТРАМП, ХЭМИНГУЭЙ...
Вашингтоны дагуул хот болох Балтимороос Чикаго руу нисэв. Америкийн зүүн эргээс яг төв хэсэг рүү нь явж буй хэрэг. Эдийн засаг, үйлдвэр, зам тээвэр, техник технологийн хөгжил, хүн амын төвлөрөл зэрэг олон үзүүлэлтээр Нью-Йоркийн дараа буюу хоёрдугаарт жагсдаг энэ том хот руу анх удаагаа явж буй минь энэ. Дэлхийд тэргүүлэх эдийн засаг гэгдэх энэ их гүрний тэнгэр баганадсан 10 өндөр шилтгээний тав нь Чикагод бий гэх мэдээлэл уншиж байв.
Бидний сайн мэдэх “БОИНГ” онгоцны үйлдвэр, дэлхийгээр нэг тархсан түргэн хоолны “Макдоналдс” сүлжээний төв, уул уурхайн хүнд машин механизмын үйлдвэрлэл, том оврын цахилгаан үүсгүүрээрээ дэлхийд ноёлсон “Катерпиллэр”-ийн үйлдвэр энэ хотод төвлөрч, үйл ажиллагаагаа явуулдаг гэх. Энэ гурвыг даян дэлхийн хүн зон сайн мэднэ дээ. Манай уул уурхайн компаниуд болох “Оюутолгой”, ”Тавантолгой”, ”Энержи ресурс”, МАК, “Гацуурт” бүгд л “Катерпиллэр” маркийн өндөр хүчин чадалтай бульдозер, эксковатор, цахилгаан техник ашигладаг. Нөгөө хоёрыг тодотгох гээд ч яах вэ, манай уншигчид хэлүүлэлтгүй сайн мэдэх биз.
Мөн зохиол бүтээлийг нь хүүхэд, хөгшидгүй уншиж өссөн бидний үеийнхний хүндэтгэлт зохиолч, Нобелийн шагналт Эрнест Хэмингуэй гэх эрхэм Чикаго хотын баруун дүүрэгт Мичиган нуурын эрэгт төрж, өссөн гэдэг. Түүний зохиол бүтээлд энэ нуурын нэр олонтаа дурдагдаж, дэлхийн хүн зонд аль хэдийнэ танил дотно болчихсон юм билээ. Америкийн одоогийн Ерөнхийлөгч, ноён Барак Обама энэ хотын уугуул, тэгээд ч ажил амьдрал, улс төрийнхөө их замналыг эндээс эхэлсэн нь Чикагогийн орчин цагийн түүхийн нэг тод хуудас аж.
Ерөнхийлөгчид нэр дэвшээд өрсөлдөж буй Дональд Трамп ч Чикаго хоттой олон талаар холбоотой гэх. Ингээд сайн, мууг хамж шимж дурдаад байвал тус хотын намтар түүх дуусахгүй юм билээ. ХХ зууны эхээр энэ хот, дүүрэгт хүнд, хөнгөн үйлдвэр хурдацтай хөгжин, ажиллах хүчний төвлөрөл ихээр бий болж, түүнийг дагаад суурин амьдралын сайн, муу элдэв зуршил энд сүрхий дэлгэрсэн юм байх. 1920-иод оны үед Чикагод гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл олноороо бий болж, хотын амьдрал тайван бус, бидний гангстер гэж нэрлэдэг зэвсэгт дээрэмчид мянга гаруйгаар тоологдож байсан гэнэ.
Саяхныг хүртэл Чикагогийн тансаг дүүрэгт дэлхийн гэмт хэргийн ертөнцөд ихэд алдаршсан гангстеруудын босс Аль Капоне амьдарч, түүний бүлэг энд үйл ажиллагаагаа явуулдаг байж. Хоёр зууны тэртээд суурьшил бий болоход африк гаралтай цагаачид олонх нь болж байсан гэх агаад одоо ч энэ харьцаа бараг л хэвээр хадгалагдаж, цагаан арьстнууд дөнгөж 45 хувийг эзэлж буй тооцоо байна. Оршин суугч иргэдийнх нь ярьж заншсан Чикаго таун буюу төв Чикагод нь манай Монголын нийт хүн амтай тэнцүү тооны хүмүүс, дагуул дүүргийнх нь суурьшлыг тооцвол 10 сая орчим хүн амтай болоод байгаа аж.
ЧИКАГОГИЙН МОНГОЛЧУУД
Чикаго хот, Иллинойс муж цагаач ихтэй аж. Америк орон, эндхийн уугуул, хотуудын суурьшлын түүх бүгд л хоёр гуравхан зуунаар тоологдох агаад өвөг дээдэс нь тив тивээс л нүүдэллэн ирж суурьшсан болохоор ажил, амьдрал хайж бэдэрсэн аль ч үндэстэн, аянчин гийчинд энэ хотынхон, ер нь америкчууд харьцангуй найрсаг ханддаг байж мэдэх юм. Америкийн аль ч хот мужаас Чикаго, энэ хотын харьяа дүүрэгт хамгийн олон буюу 10 шахам мянган монгол амьдарцгаадаг гэх. Бидний ойрын хамаатан садан болох гурван ч гэр бүл Чикагод амьдарч байх жишээтэй.
Амьдралын өртөг Вашингтон, Нью-Йорк, Сан-Франциско гэх баруун, зүүн эргийн хотуудаа бодвол арай бага гэнэ. Гэргийн маань зээ дүү Хулан багаасаа Германд сурч, орос дунд сургууль төгсөн, сүүлийн 20 гаруй жил Америк оронд гэр бүлээрээ амьдарч буй. Америкийн зүүн эрэг болох Лос-Анжелесоос тэд энд шилжин суурьшаад гурван жил өнгөрч байна. Чикаго хотоос захдуу Мичиган нуурын эрэгт ой мод, цэцэг ногоо болсон дүүрэгт манайхны таун хаус гэж нэрлэдэг гурван орцтой тийм сууцны нэг орцыг түрээслэн сууцгаадаг юм билээ.
Хоёр давхар энэ хаус нь доороо гарааштай, нэгдүгээр давхартаа зочны болон гал тогоо, ариун цэврийн, дээрээ гурван унтлагын болон ариун цэврийн өрөө гээд цомхон гэр бүлд боломжийн сууц аж. Сарын түрээс нь мянга гаруй ам.доллар юм уу гэж ойр зуурын ярианаас нь таамаглав. Аль аль нь ажил, алба эрхэлж буй айл гэрийн хувьд боломжийн үнэ ханш байх. Америкт бага, дунд боловсрол төлбөргүй болохоор дунд сургуулийн хүүгийнхээ сургалтад санаа зоволтгүй гэх. Хүргэн Мөөгий маань эндхийн ихэнх монгол эрчүүдийн жишгээр ачаа тээврийн компанид алсын тээврийн жолоочоор ажиллаж байгаад жил гаруйн өмнөөс “Uber” такси барих болж.
Ойрхи Дорнодод дайн байлдаан олширч, дэлхийн байдал тайвангүй, дүрвэгсэд, цагаачид хаа сайгүй ихсэн, тэдний зарим нь оршин сууж буй улс орон, хот сууринд аюул занал, аливаа төвөг учруулах болсноос Америкийн засаг захиргаа бодлого, хандлагаа бас ч гэж чангалж байгаа юм байх. Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп хууль бус цагаач, дүрвэгсдийн хувьд хатуу бодлого баримтлахаа нэгэнт зарласнаар хараар ажиллагсад, цагаач иргэдэд орон нутгийн засаг захиргаа хатуурхахад хүрээд буй гэцгээж байв. Трампын нэр дэвшиж буй Бүгд найрамдах намын мөрийн хөтөлбөрт эн тэргүүнд америк иргэдийнхээ ажиллах, хөдөлмөрлөх эрхийг улам бүр баталгаажуулах, эхний ээлжинд тэднийг ажлын байраар найдвартай хангана гэчихэж.
Тиймээс эндхийн муж, хотын захиргаад ногоон картгүй буюу иргэншилгүй гадаад хүнийг ажилд авахгүй болжээ. Үйлчилгээний салбарт ажиллагсдад иргэншлийн үнэмлэх, карт харгалзан зөвшөөрөл, лиценз олгох болсноор Иллинойс муж, Чикаго хот хавиар холын ачаа тээврийн үйлчилгээнд явж байсан орон орны 6000 гаруй цагаач жолооч ажлаас чөлөөлөгджээ. Энэ дунд манай Монголын мянга шахам иргэн бий гэх мэдээлэл байв. Бидний зээ дүүгийн нөхөр Мөөгий ч энд хамрагдчихаж. Тэгээд л хувийнхаа жижиг тэргээр таксинд явж буй юм билээ. Саяхнаас түүний ногоон карт гарч, иргэншилтэй болж буй хэдий ч холын тээврийн жолооны эрх авахын тулд хэдэн сарын курст суух дүрэм журамтай гээд орой үдшийн болон амралтын өдрүүдээр хичээл номд явж байв. Зээ дүү Хулан “Тоёота” компанийн Чикаго салбарт худалдааны менежерээр ажилладаг.
Орос, Монгол, Зүүн Европын зарим орон, Зөвлөлтийн харьяанд байсан тусгаар нөхөрлөлийн гэх улс орны иргэд түүний гол үйлчлүүлэгчид гэнэ. Манай нийслэлд байдаг “Тоёото”, “Ниссан”, ”Бенз”, “BMW”-гийн дилер компаниудынх шиг том цэлгэр хашаатай байр байшинд ажлын газар нь байрладаг юм билээ. Дэлхийд нэртэй дээрх брэндийн олон арван төмөр хүлэг зогсоолд нь ярайж байв. “Чикагогийн монголчууд манайхаар үйлчлүүлнэ. Монгол руу ч машин ачуулах нь олонтаа. Нутаг нэгтнийхээ бизнест дэмжлэг болж байгаа хэрэг шүү дээ” хэмээн Хулан хуучилж байв.
Ажлынх нь ширээн дээр Монголын төрийн далбаа, хаан, хатны модон сийлбэр байна лээ. Арынх нь шүүгээн дээр Оросын “Матрёшка” тавиастайг сонирхсон чинь “Орос үйлчлүүлэгчид олон, тэдний нэг нь наадахыг чинь бэлэглэсэн юм, монголчуудаас хавьгүй олон орос Чикагод амьдардаг юм” гэж байв. Бидний бас нэг садан, миний үеэл дүү Эрдэнэбаатар бараг 25 жилийн өмнө Америк руу явж, Чикагод амьдраад одоо гэр бүлээрээ эндээ төвхнөөд байна. Зөвлөлтийн ТМС-д сурч, мэргэжил эзэмшсэн энэ залуу Урт цагааны ахуйн үйлчилгээний газарт ажиллаж, индүү, плитка, хөргөгч мэт гэр ахуйн ойр зуурын цахилгаан хэрэгсэл засдаг байв. Нэг сонсоход Америк явсан сураг дуулдсан. Хэдэн жилийн өмнө аав, ээж, ах, эгч нар нь Чикагод ойр ойрхон ирж хүүгийндээ, дүүгийндээ зочлоод буцсаныг би мэдэх юм.
Эрдээгийн таван настай хүү Амараа аав ээжтэйгээ хамт Америк явж чадаагүй нэг хэсэгтээ өвөө, эмээтэйгээ амьдарч байв. Найман жилийн өмнө арайхийн энд иржээ. Эрдээгийнх Чикагод ирээд бүл нэмж, бас нэг хүүтэй болсон гэдэг. Түрээсийн байшинд амьдарч байгаад 250 мянган ам.доллароор хаус худалдаж авсан байна гээд ах, эгч нар нь зургийг нь үзүүлж байлаа. Байнгын ажил албатай, оршин суух тодорхой хаягтай, цалинтай хүмүүсийн хувьд гадаад, дотоод гэлтгүй урт хугацаат зээл олддог юм байх. Зээлийн баримт, түүх нь сайн байх ёстой аж. Эрдээгийнх тэр шаардлагыг хангасан учраас зээл авч, өөрийн орон байртай болсон биз. Тэднийх Чикагогийн төвөөс зайдуу дүүрэгт амьдардаг сураг дуулдав. Нэг өдөр биднийг Мичиган нуурын эрэг дэх хамаатныхаас Эрдээ дүү өөрийн “Тоёота” жийпээр ирж авав. Бас л ой мод, цэцэг ногоо болсон аглаг сайхан газарт тэд амьдардаг юм байна.
Эрдээгийн гэргий Ариунаагийн аав, ээж хоёр нь тэднийд монгол цай, мах, бууз бэлтгэчихсэн биднийг угтлаа. Ариунаагийн дүү охин нь төрөөд түүнийг асарч тойлох үүрэгтэйгээр хоёр хөгшин энд ирж, жил шахам болоод удахгүй буцах гэж буй гэнэ. Хүүхдүүд нь болох гурван ч гэр бүл энд суурьшиж, ам бүл их л олуул болж. Бүгд л тус тусдаа хаустай гэх. Ач, зээ нар нь энд төрсөн учраас Америкийн иргэншилтэй болцгоочихож. Аав, ээжид нь нутаг орны сонин сайхныг хуучилж, цай хоол болж байтал охин Ариунаа нь ажлаас ирж, яриа хөөрөө дахин өрнөв. Солонгос эзэнтэй гоо сайхны салонд бүсгүйчүүдийн үс зүс засаж гооддог ажил хийдэг юм байх.
Монголд байхын л Ариунааг ч, аав, ээжийг нь ч бид таньж мэднэ, уулзаж, учирч байсан хүмүүс болохоор элдэв зэнзийрхэл байсангүй, нээлттэй яриа, инээдэм наргиан болон шуугилдаж байтал Эрдээгийн том хүү Амараа ирж, яриа хөөрөөний бас нэгэн шинэ сэдэв эхлэв. Аав, ээжийгээ Чикагод амьдраад бараг арваад жил өнгөрсний дараа их л хөөцөлдлөгөө болж, хэд хэдэн удаа визэнд орон байж арайхийн энд ирж, эднийхээ санаа сэтгэлийг амраагаад байгаа хүү. Арван хоёр жилээ дүүргээд коллежид суралцаж төгсөөд байгаа юм байна. Америк залуусын амьдралын жишгээр аав, ээжээсээ тусдаа гарч, үеэлтэйгээ байр түрээсэлж амьдардаг аж.
Замд Эрдээ тэр хаусыг нь надад зааж өгч, залуус хамтарч шинэ бизнес хийх гэж оролдоод байгаа гэж ярьж байсан юм. Ойрын өдрүүдэд харин аавтайгаа хамт ажиллаж байгаа гэв. Өөрийнхөө машинаар тэндээсээ ажилдаа явдаг юм байх. Ер нь Чикагогийн дүүргүүдэд ажиллаж, амьдарч буй айл гэрүүд, ажил эрхэлж буй хүн өөрийн гэсэн машин унаагүй бол амьдрах аргагүй юм. Даунтаун хэмээн нэрлэгдэж буй Чикаго хотод л нийтийн тээвэр байхаас бус, хотоо тойрсон дүүргүүдэд энэ төрлийн үйлчилгээ бага юм билээ. Эрдээгийнх гэхэд л нэг жийп, гурван жижиг тэрэгтэй юм.
Саяхан 2016 оны “Тоёота Камри” лизингээр худалдан авч, арваад жил унасан жийпээ халж буй гэнэ. Бүгдээрээ л ажил хөдөлмөр эрхэлж буй болохоор амьдралынхаа чанарыг жил жилээр дээшлүүлээд байгаа аж. Чикагод төрсөн хүү Арден нь 10 нас хүрчээ. Америк сургуулийн сурагч тэрбээр монголоор тааруухан ярих агаад эмээ, өвөө нь энд өвөлжсөнөөр зээ хүүгийн хэл сүрхий сайжирсан гэх. Ариунаа, Амараа нар ажлаас ирж, хүүхэд, хөгшидтэй бид хэсэг бужигнасныг тэр хэд Монгол дахь ах, эгч нар руугаа дүрс бичлэгээр нь шууд илгээж, дахин нэг шуугиан болцгоов.
Монголд уулзалдаад байдаггүй үеэлүүдтэйгээ алс Америкт очихоор нь л дүр төрхөө харан уулзалддаг байна шүү гэж Улаанбаатарт суугаа Пак, Очироо нар биднийг егөөдөж байлаа. Бөмбөрцгийн хоёр талд байгаа гэж мэдэгдэх юм ч алга, дэргэд байгаа юм шиг нэг нэгнээ харж инээд наргиан болцгоов. Дэлхий хавтгайрч, техник технологид хол ойрын ялгаа алга болж. Эрдээ, Амараа хоёр ажилдаа явахаар өглөө эртлэхэд нь би хамт өндийлөө. Тэр хоёр замдаа цай унд уучихна гээд машиндаа шуудхан сууцгааж байна. 70-80-аад километр давхин байж ажил дээрээ очих гэнэ.
Солонгос эзэнтэй цахилгаан угсралтын нэгэн том компанитай Эрдээ удаан хугацааны гэрээтэй ажилладаг юм байх. Нэгэн том зочид буудлын цахилгаан монтажийн ажлыг эхлээд явж байгаа гэв. Ухаалаг утаснаасаа зургийг нь надад үзүүллээ. Буудлын хөлийн танхим, зоогийн газар, баарны тек, хана таазны сүлжээ, гэрэл чимэглэл нь их л сайхан бүтээл болж. Аав нь хүүгээ энэ ажилдаа сурган дадлагажуулж буй нь ч сайн хэрэг. Эрдээгийн багт хоёр монгол залуу ажилладаг, нэг нь өндөр зэрэгтэй мужаан-засалч юм байх. Цахилгааны сүлжээ, монтаж хийгээд түүнийгээ далдлан янзлаад хачин гоё танхим болгоод нээлтийн ёслол хийж буй өөр нэг дүрс бичлэгийг үзүүлэхэд нь монгол залуус мундаг юм аа гэж биширч зогсов.
Одоо хийж буй ажлаа гурван долоо хоногт дуусгах гэрээтэй гэнэ. Тэндээ байрлаад уртасгасан цагаар ажиллаад хугацаанаас нь өмнө хүлээлгэж өгөх санаатай гэж ярьж байв. Яарч дуусгаад дараа нь ажил олдох уу гэсэн чинь тэр асуудалгүй ээ, өөр захиалга ороод ирчихсэн байгаа гэлээ. Ажилсаг, бүтээлч монгол залуусыг ажил алба нь эрж сураад хүлээж байдаг байх нь ээ гэсэн сайхан сэтгэгдэл төрж байлаа. Шинэ “Тоёота Камри”-гаа хөлөглөөд тэр хоёр ажил алба руугаа яаран одов. Бидний зочилж очсон ойр тойрны хоёр ч садан төрлийн залуус алс Америк оронд ийнхүү хөдөлмөрлөж, ая тохитой амьдарцгааж байна.
Миний бас нэг үеэл дүү, хуульч Батцэнд, гэргий Нарантуяатайгаа охиныдоо зочлон ирчихсэн байгаа тухай Эрдээ, Ариунаа нар ярьж, тэдний утасны дугаарыг надад өгсөн юм. Батцэндийн охин нь Чикагод ахлах сургууль дүүргээд, улмаар аавынхаа мэргэжлээр дээд сургууль төгсөж хууль зүйн боловсрол эзэмшсэн бүсгүй аж. Америкийн компанид мэргэжлээрээ ажилладаг гэнэ. Нөхөр, хүүхдүүдийн хамт энэ нутгийнхны ярьж заншсанаар даунтаунд буюу Чикагогийн өндөр хавиар амьдардаг юм байх.
Маргааш нь бид Чикаго хоттой танилцахдаа тэдэнтэй хаа нэгтээ уулзахаар төлөвлөсөн юм. Эрдээ, Амараа хоёрыг ажилд нь үдэж өгчихөөд ойн захаар хэсэг алхаж үзэсгэлэнт цөөрөмд хүрч, өглөөний цэнгэг агаар амьсгалан, орой уусан хэдэн хундаганыхаа хорыг гаргачихаад буцаж ирэв. Цай унд, зууш амттанаар дайлуулж, Ариунаагийн чанасан америк өтгөн хар кофег амтархан ууж, яриа хөөрөө болж байтал биднийг авахаар Мөөгий цагаан машинтайгаа давхиад ирлээ. Ариунаагийн аав, ээж Ганжуур ах, Чука эгчтэй Эрдээгийн хаусын гадна бөөнөөрөө зургаа даруулаад, дараа баяртай уулзахын ерөөл тавиад бид гурав дараагийнхаа аялалд гарав.
ТРАМП ЦАМХГААС ЭХЭЛСЭН ДАУНТАУНЫ АЯЛАЛ
Мичиган мужийн нийслэлээр нэг бүтэн өдөр аялах боломж бидэнд олдсон юм. Ой мод, цэл ногоон тал хоёр хажуугаар нь ээлжлэн үргэлжилсэн өргөн дардан замаар хагас цаг гаруй давхиад тэнгэрт тэмүүлсэн өндөр өндөр орд харштай Чикаго хотод ирлээ. Мөөгийтэй орой найман цагийн үед уулзахаар цаг тохирон, хотын төв хэсэгт бид гурав бууж үлдэв. Нагац дүү Батцэнд рүү утсаар ярьж, хотоор аялж буйгаа хэлээд хаа нэг газар аяга кофе уунгаа уулзаж учраад явж болох юм шүү гэдгээ мэдэгдэв. Тэдэнтэй уулзах зорилго маань энд тэнд амжилттай ажиллаж, амьдарч яваа монгол залуусынхаа тухай бичиж тэмдэглэх ном, сонины маань ажилтай холбоотой юм.
Хүүхдүүд бид хоёрыг бас үүгээр түүгээр авч явна л гэж байна, боломж гарахаар эргэж холбогдъё гээд бидний утасны дугаарыг авав. Бид хэд төлөвлөснийхөө дагуу эхлээд усан онгоцоор аялцгаав. Яг хотын төвийн өндөр чацтаны нэг болох “Трамп” цамхгийн доохон хэсэгт усан зогсоол байлаа. Доод хэсэг нь гэхэд л хааш хаашаагаа 100-гаад метр дөрвөлжиндүү, 98 давхар энэхүү цэнхэр шилэн ордон Чикагогийн төвийн тэнгэрт тэмүүлсэн ойр хавийнхаа олон чацтанаасаа хамгийн өндөр, сүрлэг нь агаад бас илүү үзэсгэлэн төгөлдөр нь юм. Цамхгийн доохонтойх бүтэн хоёр давхрыг “TRUMP” гээд бүслүүрдчихэж.
Америкийн 45 дахь Ерөнхийлөгч болохоор өрсөлдөж, Америк даяар төдийгүй дэлхий ертөнцөөр нэр нь түгж байгаа энэ хүн хаа сайгүй олны сонирхлыг ихээр татаж буй. Тийм болохоор би ч очсон хотдоо түүний нэр, устай байгууламжийг илүүтэй харж шохоорхож явав. “Трамп” нэртэй зочид буудал гэхэд л Америкт 20 гаруй, түүний эзэмшлийн цогцолбор бүхий байгууламж 50 гаруй байдаг гэх мэдээллийг би уншиж байв.
Вашингтоноос холгүй орших Атланта хотын “Атланта сити казино” гэгдэх тоглоом цэнгээний нэрт цогцолбор түүний эзэмшлийнх. Нью-Йоркийн төв Манхэттэны тавдугаар өргөн чөлөөн дэх “Трамп” цамхагт ороод үзчих хүсэл надад байсан. Даанч тэр нь нийтэд нээлттэй цамхаг биш, эзэн нь Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гээд харуул хамгаалалтаа чангатгасан байлаа. Цаг заваар маруухан явсан учраас хамгаалалтыг нь давж, тэнд нэвтрэх боломж гараагүй юм.
Хөтөч хүү маань усан аяллын билет авах хооронд би “хэрэгт дурлаж”, Чикагогийн “Трамп”-аар шагайн “мэнд ус” мэдэлцээд авав. Харуул хамгаалалт, үзлэг шалгалт бас байна аа. Гэхдээ Нью-Йоркийнх шиг хатуу чанд биш аж. Давхар үүд хаалгыг даваад хөлийн танхимд ороход л бие барьж сүрдэм гял цал орчин угтаж байна лээ. Гэрэл гэгээ, хана шал, тэр хавийн тавилга, тохижилт мэдээж супер. Хажуу хавиар явж өнгөрөх хүмүүс ч ихэмсэг. Аяллын поло цамц, пүүзтэй мань мэт тэр орчинд нэг л жолдуу.
Тодорхой зорилгогүй ороод ирсэн над дээр харуул хамгаалалтынхны нүд сэжиглэнгүй тусаж буйг ойр зуур алхаж явахдаа бас ч гэж мэдэрч байлаа. “Яах гэж явна... энээ тэрээ” гэж байцаагаад эхлэх ч юм бил үү, тэд гэж бодоод хөлийн цэлгэр танхимаас цааш зүглэсэнгүй. Танилцуулгаас нь үзэхэд Трампын энэ цэнхэр байшин бол тансаг зэрэглэлийн орон сууц, таван одот зочид буудлын цогцолбор аж. 2008 онд ашиглалтад оруулжээ. Энэ үедээ Америкийн дөрөв дэх өндөр барилга хэмээгдэж, Арабын Эмиратын Дубайн Бурж Халифа баригдах хүртэл дэлхийн хамгийн өндөр орон сууцны байшин байсан гэх намтартай юм.
Пентхаус орон сууц, люкс зэрэглэлийн өрөө нь нийтдээ 339 гэнэ. Мишелин буюу ресторануудын хамгийн шилдгүүдэд олгодог гурван одын хоёр одтой ресторан нь 16 дугаар давхарт аж. “Чикаго буллс” багт тоглодог байсан, алдарт тамирчин Деррик Роүс, “Макдоналдс” корпорацын ерөнхийлөгч Дон Томпсон зэрэг алдартан энд амьдардаг гээд л энэ цогцолборын нэрийн хуудас үргэлжилнэ. Чикагогийн “Трамп”-ыг товч танилцуулахад ийм буюу...
Бидний усан аялал хотын төвийн өндөр байшингуудын дундуур цаг орчим үргэлжиллээ. Чикаго голын баруун эргээс хөдлөөд зүүн эрэг рүү эргэж, анхныхаа зогсоолд буцан ирж аялал дуусах юм. Энэ гол 27 гүүртэйгээрээ дэлхийд Амстердамын дараа хоёрдугаарт ордог гэх. Иймэрхүү сонирхолтой мэдээллээр эхэлж, голын хоёр эргийн алдартай барилга, сонин содон булан тохой бүрийн түүх намтрыг хөтөч ам хуурайгүй ярьсаар аяллыг өндөрлөх юм билээ. Хоёр зуу шахам хүнтэй 4-5 хөлөг нааш цааш сүлжилдэнэ.
Хөлөг хөдлөнгүүт л “Трамп” цамхаг нүдэн дээр “унаж” байв. Тэрбумтан Трамп Ерөнхийлөгчид нэр дэвшсэнээс хойш энэ цамхгийг сонирхогчид бүр илт нэмэгдээд байгаа гэж хөтөч тайлбарлана лээ. Дараа дараагийн байшин барилгууд ч хийц загвар, үүх түүхээрээ Трампынхаас дутаад байхааргүй юм. Чикагогийн их сургуулийн төв корпусын 15 давхар барилга гэхэд л ур хийцээрээ ч, урт насаараа ч сонирхол татахаар аж. Тоосго, бетон зуурмаг хосолсон болхидуухан хийц нь дор хаяж 100 гаруй жилийн түүх өгүүлнэ. Их сургууль нь нэр хүнд, чансаагаараа Америктаа ч, бас дэлхийд ч дээгүүр эрэмбэлэгдэнэ.
Дэлхийн 100 их сургуулийн “Топ 10”-т эдний сургуулийн нэр дурайж буй гэж хөтөч тайлбарлав. Америкийн Ерөнхийлөгч асан Жон Кеннеди, түүний ах дүү, үр удмынхны байшин гээд манай I хорооллын орон сууцны арван хэдэн орцтой урт байшин шиг хориод давхар нүүгэлтсэн хүрэн бор барилгыг хөтөч тайлбарлаад түүх ярьж байна лээ. Далласт буудуулж, амь алдсаных нь дараахан аллагыг зохион байгуулсан байх магадлалтай нефтийн магнат олигархиудад хандан дүү Роберт Кеннеди нь “...Та нар Кеннедийнхнийг буудаж барахгүй ээ, Кеннедийнхэн олуулаа шүү...” гэж ярилцлага өгч байсан гэдэг.
Жон Кеннеди эхээс тавуул, тэрбээр хоёр хүүхэдтэй бол бусад ах дүү нар нь түүнээс олон, нэг нь бүр найман хүүхэдтэй байсан гэдэг. Хөрөнгө чинээгээрээ ч Кеннедийнхэн тухайн үедээ дээгүүрт эрэмбэлэгддэг байж. Улс төрд ч эдний гэр бүл, удмынхан нөлөөтэй явж ирсэн түүхтэй. Ах Роберт Кеннеди нь Америкийн Ерөнхий прокуророор ажиллаж байлаа. Мөн бас нэг дүү нь Конгрессын гишүүн болсон. Бэлэвсэн гэргий Жаклин Кеннеди ч зан ааль, үзэсгэлэн төгөлдөрөөрөө Америк түмний хайр, анхаарал татсан алдартай нэгэн байсан түүхтэй. Энэ удмынхны байр байшин ийм том байхаас ч яах вэ гэх сэтгэгдэл төрж байв.
Хэлбэр хийцээрээ, бас хэрэглээ талаасаа бидний анхаарал татсан нэг байшин бол баахан машин эрээлжлүүлсэн өндрөөс өндөр хос дугуй юм. Хана гэх юм байхгүй хэсэг нь машины зогсоол агаад 20 давхар хүртэл үргэлжилж буй аж. Мянган машин багтдаг гэх. Дээшээгээ орон сууц үйлчилгээнийх нь хэсэг 45, нийтдээ 65 давхар сонирхолтой байгууламж юм. Алсаас харахад хүүхдүүд тоглоомон машинаа дээр дээрээс нь өрчихсөн юм шиг л харагдах аж. Машин тэрэгний зогсоолгүй манайхны томоохон дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудын бодож болгоох ирээдүйн дүр төрх энэ байна даа гэж бодож явав.