Гоё зураг. Гоё хөгжим. Гоё хоол. Гоё хүн. Гоё байгаль. Гоё өдөр. Гоё мэдээ.
Гоё, сайхан гэж тодорхойлогдох олон зүйл бидний эргэн тойронд бий. Утга учиртай бүхнийг гоё гэж ч болмоор. Гэхдээ гоё гэдэг нь заавал гоо сайхны мэдрэмжийн хэмжүүр биш ч юм шиг. Дэлгүүрт дугаарлан зогсох олны дунд элдвийг хүүрнэх залуухан хосын ярианаас үүдэн ийм бодол төрсөн юм.
“Өнөө орой гэртээ сайхан амарчих, миний хайр” гэж нөхөр нь эхнэрээ аргадангуй харж, гарыг нь илж байснаа гэнэт “Хүүе, чи ямар гоё судастай юм бэ” хэмээн уулга алдлаа. Хариуд нь бүсгүй “Нээрэн, тийм байна. Охины минь судас ийм байсан бол гоё оо” гэснээ “Миний хайр, өнөө орой тариаг нь хийлгэсний дараа охиныхоо судсыг сайн дараарай, хагарч балрах вий” хэмээн учирлав.
Тэдний охин хүнд өвджээ. Судсаар нь тариа хийх гэж нэлээд “тулаан” болдог аж. Эвий, жаахан амьтны хялгас шиг судсыг өдөрт хэдэнтээ хатгахаар ээж, аавынх нь зүрхэнд зүү зоосноос ялгаагүй байгаа. Тиймээс л тэдний хувьд бүдүүн судас одоо юу юунаас илүү гоё харагдаж байгаа нь лавтай. Охин нь эдгэсний дараа эрүүл байхын гоёыг тэд улам мэдрэх буй за. Ингээд бодохоор гоё гэдэг хэмжүүр янз бүр аж.
Угаартаж үхэх нь гэж уурлаж, халтирч үхлээ хэмээн хашгичих бараан үгсийн хажуугаар нэг гоё мэдээ чих “шүргэв”, хоёр өдрийн өмнө. Хорвоогийн хэдэн сая хүнд “Бүргэдтэй охин” хэмээн танигдсан Р.Нургайв өнөө, маргаашийн гоёос илүүтэй төрж, өссөн нутгаа чин сэтгэлээрээ хайрлахын сайхныг хүмүүст мэдрүүлээд авав. “Казахстаны иргэн болбол сайхан боломжууд бий” гэхэд тэрбээр “Үгүй ээ, Монгол миний эх орон, бурхны хишгээр олдсон нутаг. Миний өвөг дээдэс энд л төрсөн” гэсэн байна лээ. Гоё уу?
Гоё оо, гоё. Үнэхээр гоё хариулт. Түүнийг төлөвшүүлсэн эцэг эх ч бас гоё. Монголыг гоё болгох ийм мэдээ жирийн бидний дунд зөндөө. Ийм гоё сэтгэлтэй байхаар бид улам л гоё болно.
Гэхдээ дээр сууж байгаа хэд маань хэзээ гоё болох бол?