Инженерийн шугам сүлжээний худаг (траншей) бол хэн нэгнийг хадан гэрт нь хүргэж өгөх зам байх ёсгүй. Өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй болгож хохироох нүх ч байх учиргүй. Гэтэл 2015 оны арванхоёрдугаар сарын сүүлчээс 2016 оны арванхоёрдугаар сарын 15-ны хооронд траншейнээс 11 цогцос олдсон гэсэн сэртхийм мэдээ байна. Сард нэг хүн ямар нэгэн байдлаар траншейд амиа алдаж байна гэсэн үг.
Үүний хажуугаар таггүй траншейд унасан, эвдэрхий таганд нь хөлөө хавчуулж бэртсэн хүн олон бий. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн А өнгөрсөн намар Замын цагдаагийн албаны урд талын траншейнд унаж хөлөө гэмтээсэн аж. Тэрбээр “Тухайн үед яарч явсан болохоор тагтай худаг дээр гишгэчихсэн юм. Гэтэл таг нь холбироод хөл хавччихсан. Түүнээс болоод бараг арав хоног доголж явсан” гэж ярьсан юм.
Одоогоос найман жилийн өмнө нийслэлд тагтай траншей нэг ч байгаагүй юм. Ширмээр хийсэн тагийг хүмүүс хулгайлж, төмөрт тушаасны гор тэр. Тухайн үед сэтгүүлчдийн шаардлагаар тагтай болгосон. Мөн түүнийг худалдаж авдаг хаягдал төмрийн наймаачдад хатуу хариуцлага тооцсоны нөлөө ч бий. Ингээд төсвөөс багагүй мөнгө зарцуулж траншейнуудыг тагласан юм. Хамгийн хямддаа нэг таг 600 мянган төгрөгийн үнэтэй гэхээр 20 орчим мянган ширхгийг авахад хэчнээн төгрөг зарцуулсныг уншигч та бодно биз.
Шинэ орон сууц барих бүрт траншейны тоо нэмэгддэг. Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 23.504 траншей бий. Гэхдээ үүн дунд яг стандартад нийцсэн тагтай нь тийм ч олон биш. Цемент, төмөр зэрэг элдэв зүйлээр тагласан траншей энд тэндгүй таарна. Огт таггүй нь ч бий. Тухайлбал, ус, дулаан дамжуулах 25 дугаар төвийн дэргэдэх траншей таггүй гэх мэдээллийн дагуу тэнд очлоо. Өглөө, орой сургууль, цэцэрлэг рүүгээ явах хүүхдүүдээс эхлээд тэр хавиар байнга автомашин явдаг аж. Ойр тойрных нь иргэд “Энэ траншей жил орчим онгорхой байгаа. Хааяа бор цаасан хайрцаг дэлгээд тавьчихсан байдаг. Зун бол хогоор дүүрчихнэ. Үүн шиг траншей энэ хавьд олон бий” гэж ярив. Үүнээс гадна “Баянзүрх” худалдааны төвийн хажууд, X хорооллын зам дагуу гээд таггүй траншей олширчээ. Заримдаа авто зам дээрх траншей таггүй болчихоод хүний машин эвдэх нь бий.
Цэвэр, бохир ус, дулаан, цахилгааных гээд траншей бүр эзэнтэй. Харин хариуцагч байгууллагууд нь бүрэн бүтэн, аюулгүй байдлыг нь шалгах учиртай. Ус сувгийн удирдах газрын ажилтнууд гэхэд өдөр бүр цэвэр, бохир усны траншейгээ шалгадаг аж. Гэтэл хотын төвөөс зайдуу траншейд тавих хяналт сул байна. Үүнээс л болж траншейд унаж, бэртэх, хүн орж нас барах явдал гарсаар буй.
Хамгийн сүүлд, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд Баянзүрх дүүргийн XXV хорооны 36А байрны дэргэдэх дулааны шугамын худагт Ч, Б нарын хоёр хүн унасан байдаг. Нийслэлийн аврах ангийн бэлтгэл ээлжийн зургаан албан хаагч тэднийг гаргаж, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Харин 25-нд мөн тус дүүргийн XVI хорооны нутаг дахь нэгэн траншейгээс цогцос олдсон юм. Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэнд хүлээлгэн өгсөн.
Оршин суух тодорхой хаяггүй иргэд траншейд нас бардаг гэдэг. Гэхдээ үүнийг үнэн гэж батлах боломжгүй. Жил гаруйн өмнө ажлаа тараад харьж явсан 25 настай залуу траншейд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл өнгөрсөн онд нас барсан хүмүүсийн хэд нь орон гэртээ, хэд нь орон гэргүйг хэлэхэд бэрх. Талийгаач нарын мэдээлэл одоо болтол тодорхой биш байгаа учраас тэр. Тиймээс согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүн унасан байхыг ч үгүйсгэх аргагүй гэдгийг хэлэх хүн байна.
“Хотын зах, гэр хороололд ихэвчлэн ус зайлуулах болон холбооны траншей байдаг. Хүн орсон ч бэртээх аюул багатай гэж болно. Тиймээс тэр бүр шалгадаггүй байх. Уг нь байнга шалгаж байх учиртай. Тэгэхгүй бол орон гэргүй хүмүүс хоноглож байна. Үүнээс болж архинд хордсон нь тусламж авч чадахгүй нас барна. Магадгүй, согтуу хүн явж байгаад унаад, нас барсан байхыг үгүйсгэх аргагүй. Ядаж тэр хүн гудманд ил байвал цагдаа нар тусална шүү дээ” гэж нийслэлийн Онцгой байдлын газрын нэгэн албан хаагч ярьсан юм.
Үхэл дуудсан онгорхой траншейнуудыг таглахгүй бол өнөө жил дахиад хэдэн цогцос гарч ирэхийг хэн ч таашгүй.