Ардчилсан залуучуудын холбооны Удирдлагын зөвлөл өчигдөр хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, орон нутаг дахь салбар байгууллагуудын Чуулганыг хуралдуулах талаар хэлэлцэж, Удирдамжийн төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулсан байна. Мөн Удирдлагын Зөвлөлийн гишүүдийн ажиллах салбар хороодын бүтэц, эрхлэх асуудлын чиг үүргийг хэлэлцжээ.
Түүнчлэн бусад оронд Холбооны салбарыг байгуулах асуудлыг хэлэлцэж, Америкийн Нэгдсэн Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсад салбар байгуулах үйл ажиллагааг зохион байгуулах, холбогдох этгээдтэй Холбоог төлөөлөн харилцах эрхийг тэдгээр улсад суралцаж буй Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Оюунбат, Удирдлагын зөвлөлийн гишүүн Ц.Жадамба нарт олгосон тогтоолыг баталсан аж.
Мөн үеэр Ардчилсан залуучуудын холбооны Удирдлагын зөвлөлд 11 гишүүн шинээр элсэж, Ардчиллын үйл хэргийг дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Тэдний дунд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ байсан юм. Оксфордын их сургуульд улс төр судлалаар суралцаж төгсөөд удаагүй байгаа тэрбээр одоо Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байгаа юм.