Хоёр жилийн өмнө хүчингүй болгосон Дотоодын цэргийн тухай хуулийг энэ өдрүүдэд шинэчлэн батлах гэж байна. Засгийн газраас санаачилсан уг төслийг шинэ оноос өмнөхөн УИХ-д өргөн барьсан бөгөөд 2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар, тэр дундаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хүчин чармайлтаар хүчингүй болгосон юм. Уг хуулийг сэргээх гэсэн ээлжит оролдлогыг сайд С.Бямбацогт эхлүүлсэн нь энэ.
“Ээлжит” хэмээн тодотгохын учир Х.Тэмүүжингээс ажил авч, албан үүргээ С.Бямбацогтод хүлээлгэн өгсөн Д.Дорлигжав сайд дотоодын цэргийг сэргээн байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэхээр үүнтэй ижил төсөл өргөн барьсан ч УИХ хэлэлцүүлгийг эхлүүлэнгүүтээ буцаасан түүхтэй. Х.Тэмүүжин уг хуулийг хүчингүй болгох, буцаахын аль алинд нь “Дарга нарын тансаглалд зориулсан чиг үүрэг бүхий бүтцүүдийн нэг нь дотоодын цэрэг. Дотоодын цэргийг бий болгохын тулд иргэнд үйлчилж, тэднийг хамгаалдаг цагдаагийн байгууллагын чиг үүргээс танаж байна” гэж байсан бол Д.Дорлигжав “Гудамжныхаа зодооныг дийлэхээ баймагц байнгын арми авчирдаг улс дэлхийд манайхаас өөр байхгүй. 2008 оны долдугаар сарын 1-нд ийм л юм болсон” хэмээн хариу барьж байлаа.
Нэг намынх боловч бие биенээ илт үгүйсгэсэн бодлого баримталж ажилласан хоёр сайд, цаашлаад тухайн үед эрх барьж байсан АН-ынхны үзэл бодлын зөрүүг ил болгосон “дотоодын цэрэг”- ийг МАН-ынхан амилуулж чадах болов уу.
Үүх түүхийг нь сөхвөл манай улсад анх 1922 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа улсын чухал объектыг хамгаалах, улс оронд гарсан үймээн самууныг таслан зогсоох, олзлогсод болон хоригдлыг хуяглан хүргэх зэрэг чиг үүргийг голчлон гүйцэтгэж ирсэн дотоодын цэрэг 1990 оныг хүртэл НАХЯ-ны (хуучин нэрээр) Хилийн ба дотоодын цэргийн, 1990 оноос татан буугдах хүртэл цагдаагийн төв байгууллагын удирдлагад хамаарч байж. 1995 онд баталсан Дотоодын цэргийн тухай хуулийг 2014 онд хүчингүй болгосноос хойш ч чиг үүргийг нь цагдаагийн байгууллага гүйцэтгэж буй.
Одоогийн төсөлд ч дотоодын цэрэг дээрх чиг үүргийг цагдаагийн төв байгууллагын удирдлага дор хэрэгжүүлэхээр тусгажээ. Улмаар дотоодын цэргийн командлагч нь цагдаагийн төв байгууллагын дарга байх юм. Харин Д.Дорлигжав сайдын үед дотоодын цэргийг Хил хамгаалах ерөнхий газарт харьяалуулахаар санаачилж байв.
Төсөлд тусгаснаар террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зэрэгт цагдаагийн байгууллагын хүч хүрэлцэхгүй тохиолдолд дотоодын цэрэг туслах, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэм сахиулахад оролцох зэрэг чиг үүрэг хэрэгжүүлэх аж.
Дашрамд дурдахад, энэ төрлийн чиг үүрэг хэрэгжүүлж буй зуу гаруй байгууллагын 70 орчим хувь нь цагдаагийн төв байгууллага, 20 хувь нь Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн яамны харьяанд агентлаг, 10 хувь нь бие даасан цэрэг хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй юм байна.
Дээрх нийтлэг чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллагыг олон улсад ихэвчлэн “жандармер” гэж нэрлэдэг аж. Харин ОХУ-д өнгөрөгч оныг хүртэл “дотоодын цэрэг” хэмээж байгаад “Үндэсний гвард” болон өргөжиж, Ерөнхийлөгчийн шууд харьяанд шилжин иржээ.
Мөн БНХАУ-ын дотоодын цэрэг нь “Ардын зэвсэгт цагдаа” нэртэй гэнэ. Монголын тухайд уг төслийг өргөн барихаас өмнө болон хойно “Олон нийтийн аюулгүй байдлын алба”, “Дотоодын аюулгүй байдлын алба”, “Үндэсний хүчний алба”, бүр “Үндэсний гвард” гэх зэргээр нэрлэх санал гарч байсан ч төсөлд “дотоодын цэрэг” хэмээн тусгаад буй.