Ц.БУРМАА
СУИС-ийн Соёлын сургууль
Морин хуурын чуулгынхан Хоофү хотод тоглолтоо үргэлжлүүлэхээр очиход нэгэн эрхэм хүн хүлээж байсан юм. Тэр бол 101 настай Юри байлаа. Сато Норикогийн ээж тэрбээр тэргэнцэр дээр сууж, ач охиноороо түрүүлж, концертын танхимд ирсэн бөгөөд цал буурал үсээ долгиотуулан янзалж, булган нөмрөгөөр гоёжээ. Уруул, хумсаа улаанаар будсан нь цагаан үстэй нь өнгө хоршоод дэгжин гэж жигтэйхэн. Охид, зээ нар нь арчилж өгдөг бололтой. Хэдийгээр бие нь сайнгүй байгаа ч олон жилийн өмнө танилцаж байсан чуулгын залуустай заавал уулзаж, тоглолтыг нь үзнэ гэсээр энд ирсэн аж. Үр, ач нар нь бидэнтэй уулзуулж, концерт эхлүүлчихээд дагуулаад харина гэж байсан ч тэднийхээ үгнээс зөрж, хоёр цаг шахам үргэлжилсэн концертыг тэргэнцэр дээрээ суусан хэвээр дуустал үзэж билээ. Түүнээс яг гурван хоногийн дараа бие нь муудсаар, дэлхий даяар ойрд үзэгдээгүй том сар гарсан тэр нэгэн өдөр бурхны орон руу мордсон байлаа. Охин нь “Ээж минь том саранд хувиран тэнгэрт одох шиг, дэлхийн хаана ч байсан бид бүхнийг тэнгэрээс гийгүүлсээр байх шиг санагдана” гэж захидалдаа өгүүлсэн байв.
Япон эмч залуутай гэр бүл болж, зургаан сайхан хүүхэд төрүүлэн, Манжуурт цэргийн эмчээр ажиллах нөхрийнхөө хань бараа болж, дайны гашуун зовлонг туулан, нутагтаа ирээд хүүхдүүдээ бүгдийг нь их сургуульд сургаж, олон ач, гучтай болсон Юри эмээ үнэхээр буянтай буурал байлаа. 96 настайдаа охин Норикогоо даган Монголд дөрөв дэх удаагаа ирэхэд нь Өвөрхангай руу машинаар хамт явж билээ. Тэрбээр машины цонхоор тал, уул, усыг ширтэн цаас гарган хааяа юм тэмдэглэж харагдсан. Юу бичиж байгааг нь асуухад “Хайку” гэж хариулж байсан сан. Хажууд нь суусан би юм тэмдэглэх нь бүү хэл, тонгойвол дотор муухайрч, толгой эргэж огих шахна. Эмээ бас үе үе зураг зурна, хашаандаа байх цэцэг, ногоогоо арчилна. Манай Морин хуурын чуулгын концертыг үзэх маш дуртай, залуусыг өөрийн хүүхдүүд шиг хайрлан, халамжилдаг тийм нэгэн буурай байсан сан.
...Ардчилсан нийгэмд шилжсэн тэртээх 1990-ээд онд уламжлалт соёл урлагийг сэргээх бодлого хэрэгжүүлсний нэг нь монголчуудын эрхэмлэдэг морин хуураар овоглосон чуулгатай болсон нь байв. Ийм чуулга байгуулах тогтоолд анхны Ерөнхийлөгчийн хувьд гарын үсэг зурах эрх Пунсалмаагийн Очирбат гуайд оногдсон ажгуу. Тэрбээр Морин хуурын чуулгыг эх барьж авсан хүний нэг яах аргагүй мөн бөгөөд япончууд энэ удаагийн аялан тоглолтын тэргүүнээр урьсан юм. Чуулгын уран бүтээлчдийг зарлах үед хөтлөгч заавал П.Очирбат гуайг хүндэтгэлтэйгээр танилцуулж, уг чуулгын шавыг тавилцсан гавьяаг нь дурдахад үзэгчид халуун талархалтайгаар алга ташин угтаж байв. Хэн хаанаас, яаж үүссэн, ямар явааг нь үнэлж чаддаг япончууд тийнхүү халуун дотноор хүлээн авах нь зүй ёсны хэрэг байлаа.
Миний ажигласнаар Морин хуурын чуулгын тоглолтоос Н.Жанцанноровын “Цагаан суварга”, ”Сэцэн Мандухай”, Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг”, “Сэрсэн тал”, Б.Чинбатын “Аравт” киноны аялгуу, дуучин Энхнарангийн дуулсан япон дуу ”Хана ва саку” (Одоогоор Монголд энэ дууг түүн шиг дуулсан хүн байхгүй), Батжаргалын дуулсан “Нессун Дорма” ари зэрэг нь үзэгчдээс өндөр үнэлгээ авч, нижгэнэтэл алга ташуулж байв. Энэ тоглолтоор анх удаа Б.Чинбатын “Аравт” киноны хөгжмийг чуулгынхан тоглоход үнэхээр уянгалаг бөгөөд сүрлэг сонсогдож, танилцуулгыг нь сайхан хийсэн болоод ч тэр үү концертын дараа энэ хөгжмийн бичлэгийг нэг бус хүн сураглаж байлаа. Харин Японоос ирсний дараа уг аялгууг тоглосныг үзэж байхад тэнд сонсогдсон шиг санагдаагүй нь акустикийн төхөөрөмж сайн танхимтай нь холбоотой болов уу.
Концерт эхлэхийн өмнө хөшигний араас анхааруулах зарлал хэлнэ. Түүний дотор газар хөдлөлт, гамшиг болбол үймж шуугилгүй, удирдах хүний зааврын дагуу гарч, орж, хоргодохыг хүсье гэсэн агуулгатай зарлал байсан юм. Арга үгүй ч биз дээ, байгалийн гамшиг отон байдаг арлын орныхны ямар ч үед сэрэмжтэй байх онцлогийг тэндээс ойлгож болно.
Японы соёлтой үзэгчид бол манайхны амжилттай тоглолтын салшгүй хэсэг нь. Мэдэхгүй хөгжмийг тоглож дуустал нэг хэсэг чимээгүй байна. Удирдаач дохиураа буулгаж ёслох үед л алга ташилт нижгэнэнэ. Мэддэг аялгуу эгшиглэсэн ч шууд алга ташихгүй. Дууссаны эцэст л алга ташиж, браво хэмээн хашгирна. Монголын үзэгчидтэйгээ харьцуулахад арай л илүү хөгжмийн боловсролтой, соёлтой санагдав. Манайхан мэддэг аялгуу сонсогдонгуут шууд алга ташин, хөгжимчдөд хүндрэл учруулдаг, мэдэхгүй аялгуу явж байхад дуусаагүй буюу дундаа багахан зай авахад нь шууд алгаа ташиж, эвгүй байдал гаргадаг юм. Энэ талын боловсролыг холбогдох байгууллагууд үзэгчдэд олгож байхгүй бол мэддэг гадаад, дотоодын хүнд ичмээр санагддаг нь лавтай.