БҮХ ЮМ НЭГЭЭС ЭХЭЛДЭГ
“Архинд донтож өвгөнтийн хөндийнх бологсдыг би хавханд орсон хүмүүс л гэж тодорхойлдог” гэсэн 35 настай Л.Баянмөнхийг одоо хэн ч харсан тоонондоо төмөр хаалгатай нүхэнд хоног төөрүүлж, хоолны үлдэгдлээр хооллодог байсан гэж хэлэхээргүй. Орхон аймагт амьдарч байсан тэрбээр 1999 онд дунд сургуулиа төгсөөд нийгмийн ажилтан болохоор дөрвөн жил сурсан ч дипломоо авч чадаагүй аж.
Сурагч байхдаа архи амсаж үзсэн хүү хотод оюутан болоод дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн учраас тэр. Ингэж явахдаа нэгэн бүсгүйтэй танилцан, хүүтэй ч болж. Зугаа цэнгэлд дуртай түүнийг бүсгүй удалгүй орхижээ. Жоншны уурхайд ажиллаж, галт тэрэгний ачаа буулгалцаж, элдвийн хар ажил хийн олсон хэдээрээ сэтгэлийн шархаа анагаахаар сардаа ганц сайн наргидаг байснаа долоо хоногт хоёр, гурван удаа ууж, даварсаар 10 хоногоор ч хамаагүй үргэлжлүүлдэг болжээ.
“Бүх үйл явц шатаар уруудаж буй юм шиг л болдог юм билээ” гэсэн тэрбээр анхандаа гэр бүл, хамаатан саднаасаа архины мөнгө гуйж, өгөхгүй бол гэрээсээ хулгай хийн, дараа нь найз нөхдийгөө хоргоож эхэлжээ. Гэрийнхэн нь түүнийг архинаас гаргах гэж лам, бөөд үзүүлсэн ч тусыг эс олсон тул зоргоор нь орхисон байна.
Ингээд түүнийг гэсэн бүгдээс өөрийгөө тусгаарласан эр ижил хүсэл зорилготой хүмүүстэй нийлснээр амьдралынхаа зорилгыг архи уух болгон хувиргасан юм. Бусдын эвгүй хандлага, хэнд ч хэрэггүй болсон мэт мэдрэмж ичгүүрийг нь улам нэмэгдүүлж, энэ бүгдийг мартахын тулд уусаар л...Сүүлдээ бие сэтгэлийг нь мэрж буй хүслээ дарахын тулд мөнгө олохоор аргагүйн эрхэнд шил, лааз, төмөр цуглуулан тушаадаг болж, 24 насандаа гудамжинд бүрмөсөн гарчээ.
ЗЭРГЭЛДЭЭХ ЕРТӨНЦ
Салгалсан биеэ бушуухан хэвийн болгохын тулд шил, лааз түүж мөнгөөрөө спирт авч найруулахаас түүний нэг өдөр эхэлнэ. Архийг анх хүслээрээ уудаг ч өвчин намдаахын тулд эм хэрэглэдэг шиг, нэгэнт донтсон бие эзнээсээ архи нэхэж зовоодгийг тэрбээр мэдээгүй явжээ. Тиймдээ ч Баянаа архинд донтож, амьдралаа алдсан хүмүүсийг хавханд орсон гэж тодорхойлсон биз ээ.
38 градусын цагаан архи биед нь нөлөө үзүүлэхээ ч больсон учир СУИС-ийн ойролцоох эмийн сангаас (одоо хаалгаа барьсан) 100 грамм спирт 500 төгрөгөөр авч, найруулж уудаг болсон юм байна. Таван литр найруулсан спирт өдөр бүр уух маягаар хэдэн жилийг өнгөрөөсөн гэхээр түүний бие энэ их хорыг яаж шингээсэн нь гайхмаар. Анх хогийн цэгээс бусдын үлдэгдлийг идэнгүүтээ бөөлждөг байснаа тав хоногийн дараа өлсөхийн эрхэнд дасаж эхлэв.
Олонх траншей эзэнтэй, гудамжныхан өөр өөрийн гэсэн эзэмшил газартай. Баянаа ч туршлагажихын хэрээр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн лабораторийн дэргэдэх, хүнгүй траншейд эзэн сууж, ойролцоох бункерээс “хүнсээ цуглуулдаг” болов. Тэрбээр оромжоо хамгаалахын тулд хэд хэдэн хүнтэй нударга зөрүүлжээ. Нэгэн удаагийн зодооноос болоод өрөөсөн нүд нь харахаа больжээ. Баянаа “Бидний энэ амьдралаас тэс өөр харанхуй, хүй нэгдлийн үеийнх шиг тогтолцоотой нийгэм газар доорх ертөнцөд оршиж, тэнд амьд явахын төлөөх тэмцэл өрнөдөг.
10 төгрөгийн сав булаацалдаж нэгийгээ хөнөөх тохиолдол олон. Хамгийн хэцүү, тэсэхэд бэрх нь өвөл. Дулааны шугам задарвал зайлж чадахгүй тэр дороо чанасан мах болдог тул траншейд унтахдаа ч сонор сэрэмжээ алдалгүй, хурдан дулаараасай гэж залбирдаг. Өвөл хоногийн 20 цагт нь байнга хөдөлгөөнтэй байдаг. 40 хэмийн хүйтэнд аргагүйн эрхэнд машины хучлага давхарлаж нөмрөөд хонох тохиолдол ч бий. Орцонд хонох болбол 02.00 цаг орчимд ороод эхний хүн 05.00 цагт гарах тэрхэн зуур нүдний хор тайлдаг.
Согтуу залуучууд орцонд зодож, зарим нь “Гарынхаа чилээг гаргах гэсэн юм. Мөнгө өгч байгаад зодъё” ч гэдэг. Ер нь гудамжинд амьдарч буй хүмүүсийн нас их богино. Гудамжны танилуудын маань олонх архины хордлогод орж, янз бүрийн өвчнөөс болж, эсвэл түлэгдэж, бусдад алуулж нас барсан. Батжаргал гэдэг цахилгаанчин залуу эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байсан ч гэр бүлийн хүн нь нууц амрагтай болсноор тэрбээр гэрээсээ дайжиж, архинд донтоод гудамжинд гарсан юм. Тэгээд орцонд унтаж байхдаа хүнд дэвсүүлснээр элэг нь задраад нас барсан. Гудамжинд гарсан хүмүүсийг үхэл л хүлээдэг. Тэнд ямар ч аз жаргал байхгүй. Надтай таарсан гудамжны хүмүүсийн 80 орчим хувь нь дээд боловсролтой юм билээ.
...Бидний энэ амьдралаас тэс өөр, хүй нэгдлийн үеийнх шиг тогтолцоотой нийгэм газар доорх ертөнцөд оршиж, тэнд амьд явахын төлөөх тэмцэл өрнөдөг...
Би архины хамааралд орсон улсын начин, Элчин сайдын яаманд ажилладаг хүн, цонхны үйлдвэрийн захирал, “Монос”-ын нягтлан бодогчтой таарч байлаа. “Сэтгэлийн тэнхээгүй хүмүүс л архинд донтож, амьдралаа гаргуунд нь гаргадаг уу” гэж хүмүүс их асуудаг. Миний бодлоор хамгийн итгэмтгий, гэнэн цайлган, сайхан сэтгэлтэй, бусдад найдвар тавьсан хүмүүс л өнөөх нь өөрийг нь гомдооход гутардаг юм шиг ээ. Гэхдээ зугаа цэнгэлд дурласан хүмүүс ч бий” гэв.
ОРОЛДЛОГО САЙТ ОРОЙД НЬ
Өдөр тутмын ажилдаа түүртдэг ч тосоод авах гэр бүл, халуун дулаан гэртэй, зорилго тэмүүлэлтэй учир эгэл ард бид тийм амьдрал туулж яваа хүмүүст хорвоогийн хамгийн баян нь мэт харагдаж, цагаахан атаархлыг нь төрүүлдэг аж. Хүүхдээ хөтөлсөн эцэг эх, машин унаж яваа хүмүүстэй Баянаа өөрийгөө харьцуулан “Би ч гэсэн нэгэн цагт сайхан залуу явсан юм” гэж бодон, гутарсандаа нулимс унагасан нь олонтаа. “Ажил л хийвэл ам тосдоно” гэж бодсон эр шил, лааз цуглуулж олсон хэдээрээ захаас хуучин хувцас авч, усанд орчихоод хэд хэдэн удаа ажилд оржээ.
Гэхдээ нэгэнт архины хамаарлын асуудлаа шийдээгүй байсан тул оролдлого бүтэлгүйтэв. Ийн явсаар 2011 онд хөл нь идээ бээрэнд баригдаж, тайруулах дээрээ тулж байж эмзэг бүлгийнхэнд үйлчилдэг “Энэрэл” эмнэлэгт мэс засалд оржээ. Тэндхийн эмч нарын зөвлөснөөр архины хамааралтай хүмүүст тусалдаг “Амгалан ивээл” ТББ-д очсон байна. Зургаан сар тэнд амьдрахдаа архинаас гаргах сургалтад хамрагдаж, “гэгээрлийн хутгийг олж”, биен дэх хороо ч тайлуулжээ.
Амьдралаа шинээр эхлэхээр Хонхор дахь компанид барилгын хог цэвэрлэх ажил хийн амь зууж, байр хөлсөлж байгаад Авто замын “Норбрү” нэртэй компанид туслахаар ажиллахын зэрэгцээ инженер болохоор суралцсан байна. Шат, шатаар ахисаар найзтайгаа хувиараа замын ажил хийж байгаад 2013 онд “Бишрэлт зам” компаниа байгуулжээ. Ингэж явахдаа нягтлан бодогч бүсгүйтэй танилцаж, гэр бүл зохиож өдгөө хоёр настай охинтой болсон. Тэд “Нарны хороолол”-д лизингийн орон сууцанд амьдардаг.
Хар дарсан зүүдний амьдралаа анх гэргийгээсээ нууцалж, биен дээрх сорвиудынх нь түүхийг асуухад “БНСУ-д үйлдвэрт ажиллаж байгаад түлэгдсэн” гэж аргалдаг байсан гэнэ. Аажим аажмаар үнэнээ хэлэхэд бүсгүй эхлээд цочирдсон ч удалгүй түүнийг ойлгож, хүндлэн урьдынхаасаа ч илүү хайрладаг болсон байна.
Баянаа энэ тухай “Сайн хань таарч, намайг ойлгоогүй бол урам минь их хугарч, урьдын амьдрал руугаа орох байсан биз. Тийм хэцүү амьдралаа өөрчлөхөөр хичээж буй хүмүүстэй таарсан бүсгүйчүүд түүнийгээ хайрлавал бүр илүү найдвар төрж, хөл дээрээ босож чадна” гэв.
Мэдээж дон гэдэг эдгэдэггүй учир тэрбээр архи уух хүсэлтэйгээ насан туршдаа тэмцэнэ. Анх тэсэлгүй, архинаас гарснаас жилийн дараа багахан уугаад их харамсаж, бүр уйлжээ. Дараа жил нь дахиад ууж, багахан харамссан ч маргааш нь шараа тайлах гэж байгаад гэнэт ухаарч, буцаад газар доорх амьдрал руугаа очиход их хялбар гэдгийг ухааран больжээ.
ЮУ ТАРИНА, ТҮҮНИЙГЭЭ ХУРААНА
“Сайн хөрш” нийгэмлэгийн дэргэдэх “Сэргэлт” төслийнхөнд тэрбээр үе үе тусалж, өөрөө бусдадаа амьд жишээ болж сургамжилсаар энэ оны нэгдүгээр сараас хувийн бизнесээ орхиод орон гэргүйчүүдэд жигүүр хайрлахаар шийдсэн байна. “Сэргэлт” төсөлд ажилладаг тэрбээр “Би одоо л туслахгүй бол таван жилийн дараа намайг таньдаг хүн гудамжныхан дунд байхаа болино. Би гудамжинд гарсан найз нөхдөдөө амьд байгаа дээр нь “Надад ч бас боломж байгаа” гэж ойлгуулахын тулд бүх зүйлээ хойш тавьсан. Адилхан зовлон туулсан хүмүүс л биенээ ойлгодог учир нэг ч гэсэн хүнийг сайхан амьдруулахыг хүссэн” хэмээсэн.
“Сэргэлт” төслийнхөн Зуун айл, 32-ын тойрогт долоо хоногт хоёр удаа очиж орон гэргүйчүүдийг хооллон, эмнэлгийн тусламж үзүүлж, архины хамаарал, өвчин зэрэг бусад асуудлыг шийддэг өөр байгууллагатай холбоо тогтооход нь гүүр болдог аж. Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн ойролцоох 111 дүгээр байранд байрладаг эл төслийнхнийг зорин очоод орон гэргүйчүүдэд хоол хийж байхтай нь таарсан юм. Хөвөнтэй олон өмд, хувцас тэргүүтнийг эгнүүлэн өрөөний буланд өржээ.
Үүнийг шинэ жилийн бэлэг болгож тэдэнд өгөх гэнэ. 200 гаруй хүнд тусалдаг тэд сард сая гаруй төгрөгийн зардал гаргадаг байна. “Тэдэнд үхрийн хамгийн дээд зэргийн махаар хоол хийж байж үнэ цэнэтэй хүн гэдгийг нь ойлгуулна. Тэгж байж, халуун дулаанаар гар барьж, сайхан ярилцаж байж, хатуурсан зүрх сэтгэлийг зөөллөж, гомдол, хорслыг нь бага багаар тайлдаг юм” хэмээн энэ үед Баянаа ярьсан. Тэдний ачаар өөрчлөгдөж шинэ ертөнцөд хөл тавьсан хүн 10 гаруй байгаа юм билээ.
Уг төслийг голланд бүсгүй Кори Вандэр Эси удирддаг юм байна. Амьтан сургагч хийдэг байсан түүнд ажил нь нэг л утгагүй санагдаж, хүмүүст туслахыг хүссэн тул 2011 онд Монголд ирсэн гэнэ. Анхандаа хүүхэд, хөгшдөд тусалдаг байсан ч 40 хэмийн хүйтэнд нимгэн хувцастай яваа гудамжныхныг хараад өр нь өвдөж, энэ төслийг санаачилсан байна.
Монголоор их цэвэр дуудлагатай ярьдаг түүнээс Голландын Засгийн газар гудамжны хүмүүст хэрхэн тусалдаг болон хоёр улсын ийм хүмүүсийн ялгааны тухай лавлахад “Тэнд нэг градусын хүйтэн болбол гудамжны хүмүүсийг хүчээр дулаан байранд хонуулдаг. Хямд хөлстэй байраар хангаж, төрөл бүрийн тусламж үзүүлдэг. Сайхан ажил хийдэг байсан хүн ч Монголд гудамжинд гарч болдог бол манайд ихэвчлэн боловсрол муутай иргэд орон гэргүй болдог. Голландад ийм хүмүүсийг гаднаас нь хараад орон гэргүй гэж мэдэхийн аргагүй, элдэв үнэргүй, цэвэрхэн хувцасладаг” хэмээсэн.
Цас, бороотойд хоол тарааж, тэднийг өөрчлөх замыг заах яриа өрнүүлэхэд хүндрэлтэй байдаг тул автобустай болох хүсэлтэй гэнэ. Ингэснээр явуулын автобусандаа архинаас гаргах сургалтаа ч зохион байгуулах боломжтой аж. Мөн багахан хэмжээний үйлдвэрлэл эрхлэн өөрсдөө санхүүгээ зохицуулахыг эрмэлзэж буй юм билээ. “Сэргэлт”-ээр дамжуулж тэдэнд урагдаагүй хуучин хувцас, хэдхэн литр аарц, гурил ч хандивлахад том тус болно гэдгийг уншигчдад дамжуулж өгөхийг Кори хүссэн юм.
Мөн орон гэргүйчүүдийн үсийг засах зэргээр туслах хүмүүс хэзээд хэрэгтэй байдаг юм билээ. Эд материал хандивлахгүй ч ядаж гудамжны хүмүүстэй таараад сэжиглэж, хамраа чимхэхгүй байхыг харин Баянаа хүссэн. Бидний ийм өчүүхэн үйлдэл ч тэдний зүрх, сэтгэлийг асар хүчтэй шархлуулж, архи уух шалтгааных нь нэг болдог аж.
Амьдрал үзээгүй хэрнээ гүн ухаантны дүр эсгэдэг хэн нэгэн боловсролтой хүний биш, алдаж оносоор амьдралын үнэнийг мэдсэн “хавх тайлагч” Л.Баянмөнхийн хэлсэн “Нүцгэн буцах хорвоод эд мөнгө биш, хүн л эрхэм. Бүх юм нэгээс, нэг шил архинаас ч эхэлж болдог” гэсэн үгээр сурвалжилгаа өндөрлөе.