УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа БНХАУ-д ажиллаад иржээ. Далай лам Монголд айлчилсны төлөө Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-аас уучлал гуйсан, эсэхийг түүнээс тодрууллаа.
-Далай ламын айлчлалаас үүдэлтэйгээр БНХАУ-аас үзүүлж буй таагүй харилцааг эерүүлэх нь таны айлчлалын зорилго байсан уу?
-Тус улсын Коммунист намын болон Засгийн газрын Гадаад хэргийн дэд сайд нартай уулзаж, Ерөнхий сайдаас БНХАУ-ын Ерөнхий сайдад илгээсэн захидлыг гардуулсан. Мэдээж хоёр орны харилцааг хамгийн ойрын хугацаанд яаж сайжруулж болох талаар л ярьсан. Хятадын зүгээс бидэнд тавьж буй шаардлага тун тодорхой. Далай ламыг айлчлуулсан нь Хятадын эсрэг турхирагч үзэл санааг Монгол Улс дэмжиж байна гэж байгаа шүү дээ.
-Ерөнхий сайд захидалдаа юу гэснийг хэлж болох уу?
-Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хоёр хоногийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө захидлын гол утга санааг ерөнхийд нь хэлсэн байна лээ. Нууцлаад байх зүйлгүй л дээ. Үндсэн гурван зарчмыг л томъёолсон. Тодруулбал, “Нэг Хятад”-ын бодлогыг Монгол Улс тууштай дэмждэгээ нотолсон. Өөрөөр хэлбэл, Түвдийн салан тусгаарлах бодлогыг бид хэзээ ч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
Хоёрдугаарт, Далай ламыг Монголын төр, засаг уриагүй ч цаашид, энэ Засгийн газрын үед Далай ламыг дахин ирүүлэхгүй байхад анхаарч ажиллана гэсэн. Гуравдугаарт, X богдыг Монголдоо тодруулж, Монголдоо сургана гэдгээ илэрхийлсэн. Бид “Гандантэгчэнлин” хийдийнхэнтэй уулзсан. X богдыг тодруулж, сургах үйл ажиллагааг өөрсдөө хариуцаж хийнэ гэдгээ Д.Чойжамц хамба хэлсэн. Үүнийг нь ч бид буруу гэж үзэхгүй байгаа.
Монгол шашны тэргүүнээ тодруулж байгаа бол шашны асуудлаа бие даан хариуцаад явдаг тогтолцоотой болох ёстой юм гэдэг талаар дурдсан. Уг захиаг авснаас хойш харилцаа жаахан нааштайгаар эргэж байна.
-Уг захидалд “Уучлал гуйж байна” гэсэн өгүүлбэр, агуулга байсан юм уу?
-Манай улс Далай ламд виз олгохгүй гэлээ, тусгаар улсын статусаа алдлаа, Хятадын тулган шаардалтаар ажиллаж байна гээд л янз бүрийн яриа гарч байна. Бид Далай ламд виз олгохгүй, үзэн ядаж байна гэсэн өнцгөөс ер хандаагүй. Шүтэх эрх монгол хүн бүрт нээлттэй. Гагцхүү улс төрийн харилцаандаа анхаарах цаг болж гэдгийг Монголын ард түмэн ойлгоно гэж найдаж байна.
Эдийн засгийн байдал маань амаргүй байна. Хамгийн хүнд цагт эдийн засгийн хувьд бараг 80 орчим хувь хамааралтай хөрш улстай улс төр, эдийн засгийн харилцаандаа таагүй уур амьсгал бүрдүүлбэл байдал тийм амар өөрчлөгдөхгүй. Тиймээс иргэд маань шашны чиглэлээр БНХАУ-аас тавьж буй шаардлагыг анхааралтай ажиглаж, хоёр улсын харилцаанд аль болох сэв суулгахгүй байх талаас нь хандвал зүйтэй юм.
Бид энэ бүхнийг л ойлгуулах гэж зорьж очсон. Одоо манай Гадаад харилцааны сайдын айлчлалыг зөвшөөрвөл товлогдсон айлчлалууд үргэлжлэх магадлалтай. Ингэвэл бидний харилцаа сайжрах цаг ойрхон гэж найдаж байна. Ер нь хятадууд Далай ламыг хаана ч айлчилсан эсэргүүцлээ илэрхийлдэг. Намайг сая очиход Чех, Англи улс уучлал гуйсан гэж байна лээ. Харин манай Ерөнхий сайдын захидалд “Уучлалт гуйж байна” гэж дурдаагүй.