Youtube-ийн од, 1.6 сая дагагчтай америк эр Адам Салехийг "Delta" компанийн нисэх онгоцонд сууж байхдаа утсаар ээжтэйгээ арабаар ярьсных нь төлөө хөөжээ. Түүнийг арабаар ярихыг нь сонссон эмэгтэй зорчигч гомдол гаргаснаар ийм шийдвэр гаргалаа гэж Адам бухимдсан байна. Араб гаралтай америк эр Лондоноос Нью-Йорк хүрэх онгоцонд суухад ийм зүйл болсон бөгөөд тус онгоцонд сууж байсан 20 гаруй хүний хүсэлтээр түүнийг хөөжээ. Энэ талаар Адам "Үнэхээр ойлгомжгүй байлаа. 20 гаруй хүн гомдол гаргасан учраас намайг онгоцноос буухыг шаардсан. Энэ бол арьс өнгөөр ялгаварлаж буй гэмт хэрэг" гэж ярьсан байна.
Мөн Адам "Миний ээж зөвхөн арабаар ярьдаг. Би нисэх бүртээ ээжтэйгээ холбогдож, утсаар ярьдаг ч анх удаа ийм явдал болж байна" гэжээ. Нэгэн эмэгтэй зорчигч түүнийг англиар ярихыг шаардсан бөгөөд хариуд нь Адам ямар хэлээр ярихаа өөрөө мэднэ гэж хэлсэн аж. Ингэж хэлснийх нь дараа хүмүүс түүнийг эсэргүүцэж, онгоцыг орхихыг шаарджээ.
Адам Салех раппер дуучин бөгөөд цахимаар хийдэг хөгжилтэй бичлэгүүдээрээ алдартай юм.