Дуучин Мөнхбаатар, Энхнаран, Батжаргал, хөөмийч Ашид нар Японы “Төрсөн нутаг” дууг дуулж байгаа нь
Ц.БУРМАА
СУИС-ийн Соёлын сургууль
Монгол Улсын Морин хуурын чуулгынхан Фүкүшима мужийн Соома хотынхонд сэтгэлийн дэм өгсөн сайн санааны тоглолтоо амжилттай өндөрлөж, Токио руу аяллаа үргэлжлүүлэв. Токиогийн Итабаши дүүргийн удирдлагууд Монголтой найрамдлын харилцаа тогтоосны 25 жилийн ойн баяртаа тус чуулгынхныг урьж тоглуулсан юм. Харин дүүргийн захиргааныхан интернэтээр концертын зар түгээж, хүсэлт гаргагч иргэдээсээ сонгон, үнэгүй билет тарааж үзэгчдээ зохион байгуулав. Үзэгчид нь ч сэтгэл хангалуун байлаа.
ЭРТНИЙ ТОСГОНЫ НАЙРСАГ ХҮМҮҮС
Нара мужийн Каваками тосгон. Эртний түүхийн сударт гардаг үзэсгэлэнт ой мод, уулын тунгалаг гол горхи олонтой энэ тосгон таримал ойн 500 жилийн туршлагатайгаараа алдаршиж, Японы байгалийн өвд дөнгөж бүртгэгдчихээд байхад нь бид очсон юм. Эргэн тойрон дахь ногоон ойгоо тасралтгүй ашиглаж, нөхөн тарьсаар байдаг нь гайхалтай. Авч хэрэглэсэн нэг модны оронд нэгийг тарьдаг жишигтэй. Тиймээс ойгоо нөхөн сэргээж, байгальтайгаа мөнх амьдардаг хөдөлмөрч тосгон юм. Концерт тоглосон Соёлын ордны танхим нь том биш агаад модон доторлогоотой, акустик сайтай аж.
Уулын мухарт орших нэг тосгон нь хүртэл ийм гоё концертын танхимтай байхад манай бүхэл бүтэн улсад ганц ч үгүй гэж уран бүтээлчид маань ярьж байлаа. Энэ танхим 400 суудалтай, үүний бүрээсийг 10 гаруй жил ашигласан гэхэд шинэ юм шиг өнгөлөг. Тайз нь дуу шингээгч угсардаг ханануудтай аж. Япон даяар тэмдэглэдэг соёлын өдөрт зориулсан, Монголын уран бүтээлчдийн тоглолтод баяр хүргэсэн цахилгаан утас хэнээс, хаанаас ирснийг концертын эхэнд уншиж танилцуулав. Тэд Японы Парламентын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд, Нара мужийн захирагч гээд нэр хүндтэй эрхмүүд байлаа.
Эртний түүхтэй тосгоны Монголын урлагийнхныг урьсан соёлын өдрийн арга хэмжээг тийн өндрөөр үнэлж, талархаж байгааг нь харахад гадаадын соёлд ч хүндэтгэлтэй ханддаг япончууд гайхамшигтай ард түмэн юм даа гэж биширмээр. ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийг тээгч Морин хуурын чуулга Японы Байгалийн өвийг тээгч Каваками тосгонд ийнхүү ээлжит тоглолтоо хийсэн билээ.
Уулын мухарт атлаа тансаг, халуун рашаантай, өндөр хурдны интернэт бүхий зочид буудалд нь манайхан тухалсан бөгөөд таазнаасаа хана, шал хүртлээ модон хийцтэй, өнгөлөг дулаан орчныг тэнд бүрдүүлжээ. Нуурын эрэг дээр баригдсан энэхүү гоёмсог буудалд Японы эзэн хаан, хатан хоёр аялах замдаа түр тухалж буугаад мордож байсныг бахархан танилцуулж байв. Тосгоны дарга Күрияма бол энэ нутагт төрж, өссөн ид насны эр.
Тэрбээр түүх судартай тосгон, үзэсгэлэнтэй байгалиараа бахархаж, төрөлх тосгоноо залуусын гараар орчин үетэй хөл нийлүүлсэн газар болгон хөгжүүлэхээр зүтгэж буй нэгэн. Тосгоны хүн ам ердөө л 1313. Хүн амаа өсгөх бодлого барьж, жил бүр гурван залуу гэр бүлийг угтан авч, амьдрах бололцоогоор ханган суурьшуулдаг гэнэ. Тиймээс шилжих хөдөлгөөн 30 хувиас 10 болтлоо буурсан гэж тосгоны танилцуулга хуудсанд тэмдэглэжээ. Эдний алдартай хоол нь хурма жимсний навчинд боосон амар загасны сүши юм.
Биднийг явахад тосгоныхны гарын бэлэг гэж хүн бүрт жижигхэн боодолтой зүйл өгсөн нь тэрхүү сүши, ойн хуш модны хаягдлаар хийсэн савх, хөргөгчний наалт байв. Түүнийгээ захиргааны ажилтан нь “Манай бяцхан тосгоны бядуу бэлэг” гэж ичингүйрэн хэлж өгөхөд нь “Үгүй ээ, наадах чинь баян тосгоны байгалийн хишиг юм” гэж хөрвүүлмээр санагдсан.
ЕРӨНХИЙ САЙДУУДЫН НУТАГ-ЯМАГҮЧИ
Нарагийн Каваками тосгоноос Хирошимагийн Күрэ хотод тоглолт үргэлжлэн, улмаар Ямагүчи мужийн Хоофү хот руу хөлгийн жолоо залав. Ямагүчи муж нь Япондоо олон Ерөнхий сайд төрүүлснээрээ алдартай. Манай олон Ерөнхийлөгч төрсөн Завхан аймаг шиг гэсэн үг. Нийтдээ есөн Ерөнхий сайд эндээс төржээ. Өнөөгийн Ерөнхий сайд Шинзо Абэ ч Ямагүчи мужаас гаралтай.
Тус мужийн Хоофү хотын 80 жилийн ойн баярт манай чуулгынхан уригдан тоглосон билээ. Хотын дарга Мацүра Масато гэгч 70-аад насны, намхан бор хүн. Ер нь шууд хэлэхэд энэ хүний удирддаг Бүх Японы хотын дарга нарын холбоо энэ удаагийн Морин хуурын чуулгын тоглолтыг зохион байгуулсан гэж болно. Бас Монголын соёлын элч Сато Норико тус хотын уугуул иргэн бөгөөд Мацүра даргатай дунд сургуулийн нэг анги. Энэ хоёр хүний нэгдсэн хүч Япон дахь 10 газрын тоглолтын гол хөдөлгөгч хүч нь байсан гэхэд хилсдэхгүй.
Мацүра дарга маш энгийн хүн. Таван ачийнхаа жижигхэн гуутай зургийг түлхүүрийн оосортоо зүүгээд шажигнуулж явах. Тэднээрээ бахархан, хайрлаж буй нь илт. Аль нь ирээдүйд сүрхий хүн болохыг таа даа хэмээн ач нарынхаа зургийг бусдадаа харуулан асуух. Хүнтэй ярьж байх завсар утас нь дуугарвал аваад цаадах хүнтэйгээ ярингаа эндэх хүмүүстэйгээ ч харилцан, төвөггүй хандах нь сонин. Түүнд чадахгүй, бүтээхгүй зүйл үгүй мэт. Хэнээс ч санаа гарсан шууд л утсаа шүүрч аваад юм уу, хажуу дахь туслагчдаа хэлж, хэрэгжүүлэх ажилд орно. Дараа, тэгж байгаад гэдэг үгийг “огт мэддэггүй” хүн шиг санагдав.
Тэгсэн атлаа Морин хуурын чуулгын танилцуулга хөтөлбөрт бичсэн өмнөх үг нь албаны бусад хүмүүсийнхээс хамгийн богино нь байлаа. Яриа ихтэй ч үг цөөн, бодол, шийдвэр нь хурдан, өөрийгөө танилцуулахдаа харам, ийм нэгэн “сонин” дарга Хоофү хотыг 25 жил удирдаад зогсохгүй, тэр том Япон орны хотуудын дарга нарын даргаар сонгогдсон ажээ.
Энэ муж удирдагч олонтой байдаг нь өсвөр залуу үедээ ихээхэн анхаарал тавьдагтай нь холбоотой болов уу. Юу гэвэл, хотод очсон даруйд бага сургуулийн зааланд Морин хуурын чуулгын зургаан уран бүтээлчийг урьж, морин хуур, хөөмий, монгол аялгууг сурагчдад танилцуулах тоглолт зохион байгуулсан. Өөр улс үндэстний дуу хөгжмийг хүүхдүүд шалан дээр эгнэн сууж маш анхааралтай сонсож байхад багш нар нь ч хажууд суух нь сууж, зогсох нь зогсож үзнэ.
Ихэнх эмэгтэй багш энгийн цамц, өмд өмссөн байх бөгөөд хүүхдүүдийнхээ төлөө санаа тавьж, найрсгаар, нам дуугаар тэдэнтэйгээ харьцан, жагсааж, суулгаж байв. Зандарсан, хөмсгөө зангидсан нэг ч багш харагдсангүй. Хэрэв манайд 300 гаруй хүүхдийг тийнхүү гадаадын үзвэр үзүүлэх гэж яваа бол яаж харагдах байсан бол. Өөрсдөө гоёж, өндөр өсгийт өмсөн, сурагчдаа зандарч, хашгирсан дүр төрх санаанд буугаад болохгүй байв. Бага сургуулиас нь хүүхдүүддээ анхаарч ажилладаг тул тус муж “Ерөнхий сайдыг хүмүүжүүлэхийн төлөө гэдэг уриатай” хэмээн бусад нь атаархах, шоолохын дундуур хэлдэг гэсэн.
ЯПОН ЗОХИОЛЧИЙН “ЧИНГИС ХААН” АЯЛГУУГ ХАМТРАН ТОГЛОСОН НЬ
Бас нэг гайхамшигтай арга хэмжээ нь бага, дунд сургуулийн сурагчдын үлээвэр найрал хөгжмийн хамтлаг нь Морин хуурын чуулгын тоглолтын үеэр хамтран тоглосон нь байв. Тэд Бүх Японы сурагчдын үлээвэр хөгжмийн хамтлагийн тэмцээнд түрүүлсэн аж. Хамтран тоглосон ая нь хөгжмийн зохиолч Сүзүки Эйжигийн “Чингис хаан” зохиол байлаа.
Японы хөгжмийн зохиолчийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн жинхэнэ гишүүн, удирдаач тэрбээр уг зохиолдоо монгол ардын дууны аялгууг оруулж бичсэн бөгөөд лимбэ, бөмбөр, нарийн, бүдүүн бүрээ голчлон тоглож, дэлхийг эзэлсэн Чингис хааны сүрлэг дүр төрхийг илэрхийлсэн байв. 40 орчим сурагч манай чуулгынхантай хамтарч тоглочихоод тайзнаас буухдаа өөрсдийн хөгжим хэрэгслийг маш хурдан, үзэгчид, тоглогчдодоо садаа болохгүйгээр зайчилж байх нь гайхалтай.
Багш нар нь ч тэдэнд тусалж байв. “Чингис хаан” аялгууг үлээвэр хөгжмийн сурагчид гайхамшигтай, мэргэжлийн түвшинд тоглосон. Ямар сайндаа л манай удирдаач Д.Түвшинсайхан “Хөгжимчнөө болгон дагуулаад явчихмаар хүүхдүүд байна даа” гэж бахдалтайгаар хэлж байх вэ дээ.
Морин хуурын чуулгын тоглолтыг зохион байгуулахаас гадна нутгийн алдартай газар үзүүлэх, хүнс танилцуулах аялалд биднийг урив. Японд гуравхан байдаг шинто шашны, 1300 жилийн түүхтэй эрдэм мэдлэгийн сүм Тэнмангүг энэ үеэр үзүүллээ. Сүмээс авууштай нь, хашаан доторх гол дуганы өмнөх бяцхан цэцэрлэгт тэр нутгийн алдартай хүмүүс хөрөнгө гаргаж гоёмсог модуудыг суулган, нэрээ бичсэн хаяг хадсан нь дурсгалтай юм. Манайхны бурхан бүтээлгэн хийдийн дотор өрж тавихаас илүү сүм хийдийн хашааг моджуулан, цэцэрлэгжүүлэхэд энэ нь нэмэртэй агаад байгалиа хамгаалахад ашигтай үйл санагдлаа.
Эрдмийн сүмийн хашаанд сайхан агч мод тарих нь буянтай үйлд ордог биз. Үүний дараа хотоос цаг гаруй явж хүрдэг алимны цэцэрлэгээр биднийг аялуулав. Хөндий дүүрэн алимтай цэцэрлэг биднийг угтан авлаа. Ямар ч элдэв бордоогүй, байгалиар нь ургуулсан том том улаан алимыг “хураагаад өгөх” юм болсон чинь зүгээр л өөрсдөө 1-2 алим тасалж авч идэх “ажил хийв”. Алим хурааж идэх аяллыг тэнд тийн зохион байгуулдаг юм санж. 15 жил ургасан саглагар мөчиртэй модноос түүсэн нэг алимаа бид арай гэж идэж дуусмагц яг буцах цаг тохиов. Энэ нь жинхэнэ фүжи сортын алим байсан бөгөөд шүүслэг, үл мэдэг исгэлэн, чихэрлэг юм. Монголд иддэг фүжи алим хатуу мод шиг, сулхан амттай байдаг нь ямар учиртай юм бол доо...
Ийнхүү Японоос зүүн хойд хэсгээс эхэлж дунд, баруун зүгийнх нь 10-аад хотоор аялан тоглосон Морин хуурын чуулгын тоглолт амжилттай өндөрлөсөн юм. Тэдгээр газрын япончууд манай хуурын аялгуу, хөөмий, ардын дуунд уярах нь уярч, уйлах нь уйлж, баярлах нь баярлаж, дэлхийд ганцхан Морин хуурын чуулгын тоглолтыг үзсэндээ бахдан биширсээр үлдэв.
Байгалийн гамшигт өртсөн атлаа Фүкүшимагийнхан, уулын мухарт байдаг эртний жижигхэн тосгон Кавакамигийнхан, хуучин нийслэл Киотогийнхон, шилдэг удирдагчдыг төрүүлдэг цэргийн жанждын өлгий Ямагүчигийнхэн бүгд л Морин хуурын чуулгынхныг дахин ирэхийг урьж байсан нь юутай таатай. Монгол Улсын маань нэрийг гаргасан, бахархалт чуулгын залуус мундаг аа.
Үргэлжлэл бий