Ц.БУРМАА
СУИС-ийн Соёлын сургууль
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ойн хүрээнд Японы газар хөдлөлт, гамшигт өртсөн зүүн хойд нутгийн ард түмэнд сэтгэлийн дэм өгөх, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор манай Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнтэйгээр аялан тоглолтоо аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 16-нд Япон улсад хийгээд ирлээ.
Хоёр улсын ГХЯ-ны дэмжлэгтэйгээр Япон дахь Монголын соёлын элч, хатагтай Сато Норико, Японы хотын дарга нарын зөвлөл хамтран энэ тоглолтыг зохион байгуулж, МИАТ компани тээврийн ивээн тэтгэгчээр ажилласан юм. Японы зүүн хойд нутаг Фүкүшима мужаас эхлэн Токио, Киото, Ооцү, Нара, Хирошима, Ямагучи, Тоттори зэрэг нийт есөн газрын арваад мянган хүнд тоглолтоо толилуулав. Морин хуурын чуулгын энэ тоглолтыг зохион байгуулахад орчуулагчаар ажилласны хувьд дараах тэмдэглэлийг та бүхэнд хүргэж байна.
ТЭД БИШ, БИД ГАМШИГТ ӨРТСӨН МЭТ
Фүкүшима мужийн Соома хотоос тоглолтоо эхлэв. Наритагийн онгоцны буудалд газардсан Морин хуурын чуулгынхан 45 хүний суудалтай том автобусаар Соома руу шууд хөдөллөө. Өндөр замаар Номхон далайн эргийн дагуу 290 гаруй км давхисаар Соомад дөхөж очих үед бүрий болж, гэрэлтүүлэггүй ч дардан зам угтав. Яагаад гэрэлтүүлэггүй байгааг асуувал газар хөдлөлт, цүнамийн гамшгийн дараа замыг засаж толь шиг болгосон ч энэ нь бүрэн сэргээгдээгүй бололтой. Гэсэн ч овон товон, дэгэн догонтой манай замтай харьцуулахад тэд биш, бид гамшигт өртсөн мэт санагдаж билээ.
Оройн 21 цагийн үед далайн эрэг дээрх багашаархан “Минатоя” хэмээх таван давхар зочид буудалд очив. Шинээр баригдсан бололтой, маш цэвэрхэн уг буудлын эзэгтэй биднийг найрсгаар угтан оруулахдаа таван жилийн өмнө нэгдүгээр давхар бүрэн усанд автсан, өөрсдөө хойд өндөрлөг рүүгээ зугтан гарч амь аврагдсан, буудлаа сэргээн засварласан тухайгаа ярьж амжив. Эрт баригдсан тэрхүү буудал далайн эрэг дээр байрласан тул цүнамийн гамшигт өртсөн аж.
Гамшгийн нөлөөгөөр галт тэрэгний зам бүрэн нээгдээгүйгээс ч юм уу, холоос ирэх зочин гийчин бага байгаа бололтой зөвхөн манай 40 гаруй хүнтэй групп буудлыг бүхэлд нь эзэгнэв. Зочны өрөөнөөс гадна нэг давхрын халуун усны болон хоёр давхрын хоолны, цэлгэр хоёр ч өрөөгөөр үйлчлүүлэн, нэг давхрын түр амрах өрөөний өндөр хурдны интернэтийг ашиглан хол ойрын холбоо барьсан шиг тухаллаа.
Өглөө босож цонхоор харвал 10-аад метрийн цаана далайн эрэг дээр нэлээд хэдэн хүн энд тэнд тарж суун загас барьж буй бололтой харагдав. 06.30 цагийн үед далайн усны цаанаас том улаан нар хөөрөн мандах нь говийн өглөөг санагдуулам.
АМЬ ҮРЭГДЭГСДИЙН СҮНС ХУУРЫН АЯЛГУУНД АМАРЛИН, ТАЙВШИРНА
Очсон өдрийн маргааш нь Соома хотынхны цүнамид амь үрэгдэгсдийн гурван газарт босгосон дурсгалын хөшөөнд бүгд хүндэтгэл үзүүлж, долоон уран бүтээлч ая дуугаа өргөв. Эхнийх нь далайн боомт байсан эргийн дээхнэ өвгөн нарснууд ургасан бяцхан толгод дээр босгосон 200 гаруй амь үрэгдэгсдийн нэр бичсэн хөшөө. Хөшөө рүү, далай руу харж зогсоод манай залуус дуулж, хөгжимдөхөд далайн ус, сэрүүн салхи хоёр ханисан, хуурын аялгуу, уртын дуу, хөөмийг уран яруу, тодоор цуурайтуулан байв.
Тэдний тоглосон Н.Жанцанноровын “Цагаан суварга”, уртын дуучин Мөнхбаатарын дуулсан “Үлэмжийн чанар”, морин хуурч, хөөмийч Ашидын хөөмий нь орчин үеийн дууны төхөөрөмж тавьсан мэт гайхамшигтай сонсогдсон нь ус, салхины ур орсон нь тэр болой. Дараагийнх нь буюу амь үрэгдсэн 458 хүний нэртэй хөшөөнд бас хүндэтгэл үзүүлж, ая дуугаа өргөхөд орон нутгийн NHK телевиз болон бусад хэвлэл мэдээллийнхэн ирж сурвалжлав. Загасчдын холбооны төв цогцолборт очин мөн л далайн эрэг дээр тоглоход ДБЭТ-ын тенор дуучин Батжаргал “Төрсөн нутаг” хэмээх япон дуугаар ая барилаа.
Тэнд байсан ажилтан, ажилчид, Загасчдын холбооны дарга нулимсаа арчиж буй нь харагдав. Биднийг угтан ирж, ая дууг сонссон Соома хотын дарга үг хэлэхдээ “Миний найз, Загасчдын холбооны даргын эхнэр нь цүнамид амиа алдсан учраас тэр маань та нарын уянгалаг хөгжимд нулимсаа барьж дийлэхгүй байх нь аргагүй” гэж билээ.
УЯРАН, ХАЙЛАХ ҮЗЭГЧИД
Хотын иргэдийн соёлын ордонд Морин хуурын чуулгын концерт тоглоход танхим дүүрэн хүн үзэв. Үзэгчдийн тоог асуухад 600 орчим хүн цугласан гэж ярьж байлаа. Тус чуулгын концерт “Монгол аялгуу”-гаар цоглог эхэлж, “Идэр жинчин” дуу, “Алтайн магтаал”-ын хөөмийг сонирхуулан, морин хуурын дөрвөл “Цэцэг нуурын хөвөөнд”, оркестр “Аравт“ киноны хөгжмийг тус тус тоглосны дараа ДБЭТ-ын сопрано хоолойт дуучин Энхнаран Японы “Хана ва саку” дууг эх хэлээр нь дуулахад танхим дүүрэн үзэгчид бараг бүгд нулимсаа арчиж харагдсан юм. Үргэлжилсэн алга ташилтын дараа тайзны ар руу орсон Энхнаран “Уйлж буй үзэгчдийн өмнөөс харж дуулах ямар хэцүү байв аа. Би өөрөө ч уйлах шахлаа” хэмээн ярьж билээ.
Тэр дууг сонссон япон хүн, ялангуяа цүнами, гамшигт өртсөн нутгийнхан яагаад уйлдаг вэ. Энэхүү “Цэцэг цэцэглэнэ” дууг таван жилийн өмнө гуравдугаар сарын 11-нд Японы зүүн хойд хэсэгт болсон газар хөдлөлт, цүнамийн дараахан тэндхийн хоёр уран бүтээлч зохиосон нь Япон даяар алдаршчээ.
“Би юу үлдээсэн билээ...
Ирээдүйд төрөх нялхсын төлөө,
Хайрлан дурлах залуусын төлөө цэцэг заавал дэлгэрнэ” гэсэн амь үрэгдэгсдийг төлөөлсөн өгүүлэмж,
“Өмнө байсан хотоо,
Уулзсан хүмүүсээ дурсана
Тэдний үйл хэргийг үргэлжлүүлэн, цэцэглүүлнэ” гэсэн үлдэгсдийн дуу хоолойг илэрхийлсэн өгүүлэмжийн харилцааг илэрхийлснээрээ энэ дуу байгалийн гай гамшиг, зовлон туулсан хүмүүсийн сэтгэлийг хөнддөг нь аргагүй юм.
Морин хуурын чуулгынхны хөгжимдсөн “Цэцэн Мандухай”, “Сэрсэн тал”, “Морин хуурын гоцлол” концерт ч монгол аялгууны гайхамшгийг анх сонсож буй япончуудад мэдрүүлж, алга ташилт нижигнэсээр байв.
Хуурын дуурьсалт зөөлөн аялгуу япончуудын сэтгэлийг хөдөлгөж буй нь илт. Цав цагаан, торгон, үндэсний хувцсаа өмсөж, ууж сүйхээ зүүсэн хөгжимчин бүсгүйчүүдийн маань гуалаг, царайлгийг ч шагшин магтаж, “Морин хуурын чуулгад уран бүтээлчдийн гадаад үзэмжийг нь харж авдаг уу” гэж үнэнээсээ асуух үзэгчид ч тааралдав. Соома хотын дарга хүртэл “Морин хуурын чуулга гэхээр эрэгтэйчүүд л их байх юм гэж бодсон чинь энэ ертөнцийн биш гэмээр царайлаг охидтай чуулга байна шүү дээ” гэж тоглоом шоглоомын дундуур хэлж билээ.
Өдөр нь хотын хаа ч очсон инээд хөөртэй хүмүүстэй тааралдаж байсан ч оройн концертод ирсэн хүмүүс уйлан хайлахыг хараад сэтгэл зүрхэндээ тээсэн гуниг, харуусал нь хэвээр буй, тэр нь нулимсаар жаахан ч гэсэн гадагшилж, тайвшрахыг мэдэрч байв.
ХОТЫН ИРГЭДЭЭ ГАЙХАМШИГТАЙ УДИРДСАН ДАРГА
Газар хөдлөлтөд өртсөн Фүкүшима мужийн Соома хот нь нийт 35.858 хүн амтай, Номхон дөлгөөн далайтай эрэг нийлсэн загасны аж ахуй, жижиг онгоцны мотор үйлдвэрлэлээрээ алдартай газар юм. Таван жилийн өмнө цүнами болоход далайн ус хот руу дөрвөн км халин орж, эрэг хавийн айл, барилга сүйдэн, 458 хүний амь эрсэджээ. Дэлбэрэлт болсон атомын цахилгаан станцаас 45 км хол ч цацрагийн хор нөлөө нэг хэсэг байсан, одоо бүрэн арилсан гэж үздэг байна. Тус хотыг 15 жил удирдаж буй Тачия Хидэкё (65 настай) гэх эрхэм хэл ам хурц, илэн далангүй, хошин шог яриатай, хүмүүсээ удирдахдаа гарамгай нэгэн юм.
Тэрбээр “Газар хөдлөлт, цүнамийн дараа Японы зүүн хойд нутгийн иргэд шилжсэн ч манайхаас нэг ч хүн яваагүйгээр барахгүй бүр зэргэлдээх хотоос хүмүүс ирж суурьшсан” гэж бахархалтайгаар ярьж байлаа. Яагаад гэдгийг нь лавлахад “Манай Соома нутаг морьтон самурайн үр сад ихтэй. Тиймээс гамшиг, бэрхшээлээс айж зугтах хүн байж болохгүй, нутагтаа л амьдрах ёстой. Хэрэв зугтахдаа хүрвэл би та нарыг дагуулаад явна. Гэхдээ орон гэргүй болсон ч бай, сүйдсэн ч бай би та нартай хамт барилга байшингаа босгон, хамтдаа сэргээн, бүтээнэ гэж иргэдээ ухуулж сэнхрүүлсний ачаар манайхнаас хэн нь ч яваагүй.
Тэгээд ч өндөрлөг газарт байр сууц яаралтай барьж, орон гэргүй хүмүүсийг оруулан, үерийн шинэ далан, зам талбай байгуулж, ан цав гарч нурах шахсан хотын захиргааны байрандаа түгшүүртэй ажиллаж байсан ажилтнуудаа шинэ байр руу нүүлгэн санааг нь амраасан даа” гэж ярьсан юм. “Даргын гэр ч цүнамид сүйдсэн” гэж дагалдаж явсан ажилтан хэлэв. Тачия даргын философи нь байгалийг ялахын төлөө улайрах хэрэггүй, харин ялагдахгүйн тулд хичээх хэрэгтэй гэнэ.
Иргэдийнхээ төлөө гэсэн халуун сэтгэл нь очсон газар бүрт мэдрэгдэж байлаа. Өөрийнх нь тушаалаар цүнамигээс хүмүүсийг аврахаар хөдөлсөн гал сөнөөгч 10 залуу олон хүнийг өндөрлөг рүү гаргаж, амийг нь аварсан ч цүнамид өртөн амь үрэгдсэнийг нь дурсан гашуудаж, өөрийн гараар дурсгалын үг бичин, тусад нь хөшөө босгосныг бид үзэв.
ФИФА-ГААС ТУСЛАМЖ АВСАН “ЗАЙТАЙ” ДАРГА
Үнэхээр тус хотод бүтээн байгуулалт ид өрнөж байв. Том том ачааны машинууд шороо ачиж ийш тийш зөөвөрлөн, энд тэндгүй газар шорооны ажил хийж буйтай тааралдана. Оршин суугчид нь байр сууцандаа орсон ч сүйдсэн үйлдвэр, хөдөө аж ахуйн барилга байгууламж, төмөр замыг сэргээн, засах ажил ундарсаар л байна.
Тус хотод Японы олон газраас хандив тусламж ирж байсан ба гадаадаас, тухайлбал, ФИФА-гийн тусламжаар орчин үеийн, таримал болон хиймэл зүлэгтэй хөл бөмбөгийн дөрвөн талбай байгуулж өгсөн нь залуусын чөлөөт цагаа өнгөрөөхөд таатай орчин бүрдүүлжээ.
Шинээр барьсан Гамшгийн нөөцийн агуулахыг бидэнд үзүүлсэн юм. Газар хөдлөлтийн үед 800 хүнд тусламж үзүүлэх нөөцтэй байсан ч 4000 гаруй хүн хоргодох байранд удаан хугацаагаар амьдарсан нь хаанаа ч хүрэлцэхгүйн зовлонг амссан учраас шинэ агуулахдаа 10.000 хүнийг хангах цэвэр ус, хөнжил, хуурай хүнс, хувцас нөөцөлжээ. Агуулахын хананд “Хариутай бол бариутай” гэсэн агуулга бүхий уриалга хадаж, гамшгийн үед тусалж байсан газрынхаа нэр хаяг, өгсөн зүйлийг нь нарийн бичиж тэмдэглэсэн бөгөөд одоо тэднийгээ гамшигт өртөхөд нь энэ нөөцөөсөө илгээж тусалдаг гэнэ.
Морьтон овгийн үр ач нар суурьшсан энэхүү Соома хот цүнамийн гамшигт өртөн зовлон үзсэн ч дайчин баатарлаг өвгөдийнхөө нэрийг өндөрт өргөн, чадварлаг даргынхаа удирдлагаар хотоо урьдахаас улам сайхан болгох бүтээн байгуулалтын ажилд шамдсаар буй нь бахархалтай санагдсан юм.
Үргэлжлэл бий