Дэлхийн хэмжээнд энэ онд нэг тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх өөрийн өртөг нь 3984 ам.доллар байгааг Азийн зэс үйлдвэрлэгчдийн хурлын үеэр мэргэжилтнүүд өгүүлжээ. Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” энэ оны эхний 10 сарын байдлаар уг дүнгээс 12 ам.доллароор бага өртгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Цаашид уг дүнг 3900 “ногоон”-д хүргэх боломжтой хэмээн тэд үзэж буй. Өнгөрсөн зургадугаар сард 100 хувь Монголын компани болсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай өнгөрсөн бямба гаригт танилцлаа. ОХУ-ын эзэмшлийн хувийг авсан нь тус компанийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлснийг сонирхвол шахааны бизнес багасаж, шилэн дансны мэдээлэл нь цаашид улам сайжрах талтайг мэргэжилтнүүд нь хэлж байв.
Хоёр улсын хамтарсан үйлдвэр байх үед ОХУ-ын талаас бизнесийн нууцтай холбоотой гээд мэдээллийг ил дэлгэхгүй байхыг шаарддаг байсан нь өөрчлөгдсөн гэсэн үг. Үндэсний аудитын газар, УИХ-аар хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр”-ийг тусгайлан авч үзэж, шилэн дансны мэдээллийг гаргаж болохгүй нь гэсэн асуудал өмнө нь тавигдаж байжээ. Харин одоо “Эрдэнэт үйлдвэр” нь Компанийн тухай хуулийн дагуу ажиллаж, шилэн дансны мэдээллээ шинэчилж байх нь. Тус компанийнхан мэдээллээ бэлтгэж эхэлсэн бөгөөд одоогоор тендерийн урилга зэрэг тодорхой мэдээллийг цахим хуудсандаа байршуулсныг харж болохоор байв.
40 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАНА
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрс хуулалт, хүдэр олборлолтын энэ оны төлөвлөгөө биелж байгаа гэнэ. Тус компанийн Геологи, маркшейдерийн хэлтсийн дарга, ерөнхий геологич А.Ундрахтамир “Хүдрийн нөөцийг геологийн болон үйлдвэрлэлийн гэж ангилдаг. Геологийн нөөц болох газрын хэвлийд байгаа хүдрийн нөөцийг өнгөрсөн зургадугаар сард шинэчилсэн. Нийт 2.2 тэрбум тонн хүдэр, 300 мянган тонн молибден бий гэж үзсэн. Одоо ТЭЗҮ-ийг боловсруулж, эдийн засгийн ашигтай нөөцийг тодорхойлно. Урьдчилсан байдлаар хүдрийн нөөц 200 орчим сая тонноор нэмэгдэж байгаа.
Үйлдвэр 35-40 жилийн хугацаанд тасралтгүй ажиллах боломжтой гэсэн эхний дүр зураг гарсан” гэв. Тэд цаашид нарийвчилсан хайгуул хийн, нөөцөө өсгөхөөр төлөвлөжээ. Мөн уурхайн олборлолтыг бүхэлд нь тольдох системийг тэд үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. Австралийн “Micromine” компанийн уулын удирдлагын “Pitram” системийг энэ жилээс нэвтрүүлснийг Диспетчерийн ээлжийн дарга Г.Зоригтбаатар дуулгав. Ингэснээр аль эксковатор ямар агуулгатай хүдэр ачиж, эсвэл зогсож байгааг харж, хэдэн тонныг буулгасныг ч мэдэж болох нь. Уг системийг өнөөдөр албан ёсоор нээж буй.
Өдгөө 31 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болоод буй Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр, техникийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч М.Отгон “Энэ сарын 26 гэхэд 2016 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэх нөхцөл бүрдээд байгаа. Өнгөрсөн жил өөрөө нунтаглах хэсэгт өргөтгөл хийн, зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай секц ашиглалтад оруулсан” гэлээ. Хуучирсан тоног төхөөрөмжүүдээ шинэчилж эхэлснээс гадна тус компанийнхан импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч буй.
Энэ талаар Засвар механикийн заводын Механик цехийн дарга Д.Галбямба “Манай завод 2014 онд 5.7, өнгөрсөн онд зургаан тэрбум төгрөгийн импортын бараа орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн” хэмээв. Тэгвэл энэ оны эхний есөн сард долоон тэрбум төгрөгийн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж. Энэ нь зэсийн баяжмал үйлдвэрлэх өртгийг бууруулахад нөлөөтэй нь тодорхой. Мөн тэд Монгол Улсад туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэх анхны шугамыг өнгөрсөн сарын эцэст нээжээ. Үйлдвэрлэл нь жигдэрч буй агаад 300 орчим ширхэг өнхрөвч үйлдвэрлэсэн байв.
“Эрдэнэт үйлдвэр” ирэх онд 11.000 ширхэг өнхрөвч үйлдвэрлэх захиалгаа уг цехэд өгчээ. Үүнээс гадна Монголын зах зээлд шаардлагатай бүтээгдэхүүний захиалгыг биелүүлбэл өнхрөвчийн шугам ашиглалтад оруулсан зардлыг нэг жилийн дотор нөхөх юм билээ. Өмнө нь тус компани жилд 5000-6000 ширхэг өнхрөвчийг 600-700 мянган ам.доллароор импортолдог байсан нь ийн өөрчлөгдсөн хэрэг. Өнхрөвч үйлдвэрлэн, угсрах хүчин чадалтай хагас автомат шугамыг нээснээр импортынхоос даруй 20-30 хувь хямд үнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь.
ХАР ЖАГСААЛТЫН КОМПАНИУДТАЙ ХАМТРАХГҮЙ
“Эрдэнэт үйлдвэр” үйл ажиллагаагаа эхлүүлэх үед нийт ажилчдын 95 хувь нь ЗХУ-ын иргэд байжээ. Харин одоо яг эсрэгээрээ, нийт 6035 ажилтны тав орчим хувь нь л гадаадын иргэд (390 хүн) гэнэ. Тус компанийн Олон нийттэй харилцах албаны дарга Д.Мөнхсайхан “Оросын ажилчид гэрээний хугацаагаа дуустал ажиллана. Хэрэв хүсвэл үргэлжлүүлэн ажиллах нь нээлттэй” хэмээн дурдлаа. Сонирхуулахад, ажилчдын цалинг нэмэх боломжийг судалж байгаа гэсэн. Гагцхүү зарим байгууллага тус компанитай хамтран ажиллах гэрээгээ зөрчин, үүргээ биелүүлдэггүйгээс үүдэн их хэмжээний хохирол учруулах тохиолдол цөөнгүй гарч байгаа нь хүндрэл үүсгэж буйг учирлаж байлаа.
“Эрдэнэт үйлдвэр”-т бараа материал нийлүүлэх гэрээгээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлж найдваргүй авлага үүсгэсэн 161 компанид холбогдох 60.8 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулахад анхаарчээ. Сүүлийн гурван жилд дээрх авлагын 71 орчим хувийг барагдуулжээ. Тэдгээр компанийг хар жагсаалтад бүртгэн, олон нийтэд найдваргүй түншээр зарлан, цаашид гэрээ байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн гэнэ. Ингэж зарлаад эхэлбэл шахааны бизнес багасах нь тодорхой болов уу.
Ганц жишээ дурдахад, иргэн Ж.Мягмаржаргал Хонконгод “Henlon”, “Great global international” компани байгуулж, ерөнхий захирлаар нь бүртгүүлэн, 2005, 2006 онд гэрээ байгуулан, 20.000 тонн ган бөмбөлөг нийлүүлэх байсан ч хугацаандаа өгөөгүй байна. Бас 2007 онд 4000 тонн ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулан, урьдчилгаа төлбөрт 1.58 сая ам.доллар авсан ч одоо хүртэл үүргээ биелүүлээгүй гэнэ. Түүний учруулсан хохирол, алдангийн хэмжээ 2013 оны байдлаар 6.3 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өмгөөлөгч нар нь шүүх хуралдааныг 27 удаа хойшлуулсан нь хачирхмаар.
Тонн зэсийн үнэ 5000 ам.доллароос дээшилбэл ашигт малтмалын нөөцийн төлбөр төлдөг “Эрдэнэт үйлдвэр” ирэх онд 30.9 сая тонн хүдэр боловсруулж, 576.6 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Мөн 2016-2025 оны хөгжлийн хөтөлбөрөө батлаад буй. Үйл ажиллагаандаа анхаарахын сацуу “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд “Эрдэнэт медипас” төв эмнэлгийг өнгөрсөн тавдугаар сард нээсэн. Тус эмнэлэг өдгөө 170 эмч, ажилтантай болжээ.
Гуравдугаар шатлалын тус эмнэлэг дэлхийд гологдохооргүй тоног төхөөрөмжтэй. Зөвлөх эмч С.Дандарын хэлснээр, эмнэлгийн барилгыг Японы архитектурын жишгээр барьжээ. Дурангийн оношилгооны тасагт аппаратуудыг озоноор “цэвэрлэдэг” агаад ариутгалын хувь нь 99.99 хувь хэмээн ам бардам хэлж байлаа. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр “зэвсэглэсэн” тус эмнэлэгт үйлчлүүлэгч анх ирэхэд л мэдээллийн бааз үүсгэдэг байна. Дахин ирэхэд нь өмнөх бүх л мэдээллийг нь харж болох аж.
Ер нь үйлчлүүлэгчийн мэдээлэл эмнэлгийн баазад 10 гаруй жил хадгалагдах гэнэ. Гадаад орнуудыг зорилгүй, чанартай эмчилгээг дотооддоо хийлгэн, валютын урсгалыг авч үлдэхэд ач холбогдолтой тус эмнэлэгт өнгөрсөн сарын эхэн хүртэл 8000 гаруй иргэн үзлэг, оношилгоо хийлгэжээ. Энэ нь өвчнийг эрт илрүүлэхэд чухал нөлөөтэй нь мэдээж.