“Амьдралыг чи алтаар үнэлбэл
Амьдрал чамайг алтаар мялаана
Эс тоон, сохор зоос шиг үзвэл
Эргээд чамайг элсний ширхэг шиг үлээнэ” гэж Оросын нэгэн зохиолчийн бичсэн мөртүүд надад хүч, урам зориг хайрладаг хэмээн ярих эмэгтэй бол ТөмөрбаатарынТуяажаргал. Тэрбээр гурван хүүхэдтэй, өрх толгойлсон жирийн нэг эмэгтэй ч хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ эрүүл болгохын төлөө шантралгүй зүтгэж яваа эх хүн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг шиг энэ цагт тэр эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүд нь бусдын дэм хамгийн их хэрэгтэй байна. Тиймээс бид түүнтэй уулзахаар өчигдөр өглөө гэрт нь очлоо.
ХҮҮ ХОЁР НАС ХҮРТЛЭЭ ЭРҮҮЛ БАЙЖЭЭ
09.00 цаг. Тэд хаалгаа онгойлгох гэж нэлээн түжигнэв. “Манай хүү хаашаа ч хамаагүй гүйчихдэг болохоор түлхүүрээ нуудаг юм. Сая олох гэж будиллаа” гэсээр Т.Туяажаргал үүдээ тайллаа. Тас хар нүдтэй өндөр хүү миний гараас хөтлөн, сандал дээр суулгаад углааш авчирч өгсөн нь Д.Түвшинтөр аж. Тэр их халамжтай бас эрх юм. Одоо 11 настай ч ой гарантай хүүхдийнх шиг сэтгэдэг гэнэ. Эхээс эрүүл саруул төрсөн ч хоёр настайдаа гэнэт хүчтэй халууран, татаж, эмнэлэгт яаралтай хэвтжээ. Эмч нар Д.Түвшинтөрийг цусан суулгаар өвчилснийг нь мэдэлгүй, менингиттэй гэж оношлон эмчилгээ хийжээ.
Тэр үеэс л хүүгийн оюун ухааны хөгжил зогссон нь харамсалтай. Эмч нар буруу оношлон, түүнийхээ дагуу эмчилгээ хийсэн, ээжийнхээ хэвлийд байхдаа хүчилтөрөгчийн дутагдалд орсон нь ийм эмгэгтэй болоход нөлөөлсөн гэж хожим Т.Туяажаргал бодсон гэнэ. Өвчтэй хүүгээ эдгээхийн төлөө есөн жил шантралгүй зүтгэж явахдаа саажилт, тархины усжилт зэргээр эмч нар өөр өөр онош хэлэхийг бишгүй л сонсчээ. Энэ бүхний алинд нь итгэхээ мэдэхээ больсон тэрбээр хүүдээ элдэв эм, тариа өгөхөө ч байж. Харин өнгөрсөн аравдугаар сард БНСУ-аас ирсэн эмч нар АШУҮИС-д үзлэг, оношилгоо хийж байхад нь хүүгээ үзүүлсэн байна.
Тэд хүүг “Тархи нь хурдацтай хатингаршсан байна” гээд мэдрэлийн MRI зургийг нь үзээд эмчлэх боломжтой” гэж хэлжээ. “Хүү чинь байнга л хэвтэрт байна, бие даан явж чадахгүй” гэж олон удаа сонссоноос биш, “Эрүүл болно, эмчлэх боломжтой” гэсэн баярт мэдээ анх удаа л сонссон нь тэр. Хэзээ ч ийм сайхан мэдээ дуулна гэж бодоогүй тэрбээр одоо ч итгэж чадахгүй яваагаа хэлсэн. “Миний хүү чинь хоёр настай байхдаа “Ээж ээ, би капуста идэхгүй” гэдэг байлаа. Хоёр настай байхдаа л байцааг оросоор хэлсэн гэхээр ухаантай, сэргэлэн хүүхэд байсан байгаа биз. Одоо бол ой гарантай хүүхэд шиг л сэтгэдэг.
Хүү минь хоёртой байхдаа одоогийнх шиг биш, илүү их юм мэддэг, ойлгодог байсан. Эмч нар хүүг минь гурван настай хүүхдийнх шиг сэтгэдэг л гэдэг юм. Оюуны хоцрогдолтой болсноос хойш хүн бүрийг “Ээж ээ” гэж дууддаг байв. Харин нэг өдөр өвөөгөө “өвөө” гэхэд нь ямар их баярласан гээч. Сэтгэцийн өвчин, оюуны бэрхшээл хоёр өөр. Сэтгэцийн өвчтэй хүн гэнэт ааш нь хувирч, эргэн тойрондоо аюул тарьдаг бол миний хүү бусдад гэмгүй, их зөөлөн зантай” гэж тэрбээр ярив.
Д.Түвшинтөр үнэхээр эелдэг зантай нь тэднийд байх хэсэгхэн хугацаанд анзаарагдав. Тэрбээр ээжийнхээ гар утаснаас “Маамуу нааш ир”, “Гацуурхан” зэрэг хүүхдийн дуу сонсоод тэрүүхэн тэндээ томоотой суух юм. Гэхдээ л оюуны бэрхшээл бий учраас гэнэт толгойгоо юманд хүчтэй цохих, газар тийчлэн савж унах зэргээр ээжийнхээ сэтгэлийг зовоодог гэнэ лээ. Гадуур явж байхдаа танихгүй хүний гараас барьж, тэврэх дуртай аж. Үүнд нь хүмүүс дургүйцэн, жийрхэх бүрт Т.Туяажаргал “Уучлаарай, миний хүү зүгээр ээ” гэж учирлах.
...Бяцхан охин 11 настай ахынхаа эгч нь юм шиг л буруу юм хийвэл хэлж сургадаг гэнэ лээ. Д.Түвшинтөр сардаа 126.000 төгрөгийн тэтгэмж авдаг бол хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ асардаг гэж Т.Туяажаргалд улсаас сард 64.000 төгрөг өгдөг. Үүгээр энэ гэр бүл амь зогоодог. Гэхдээ улсаас мөнгө горилж зүгээр суулгүй, зовлон нэгтэй эмэгтэйчүүдтэйгээ хамтран зөөлөн тоглоом, элдэв чимэглэл хийж, амьдралаа өөд татахаар зүтгэж буй нь сайшаалтай...
Бусдын адил сурч боловсрохгүй юм аа гэхэд, хэн нэгнээс хамааралгүйгээр биеэ авч явдаг болоосой гэсэндээ Т.Туяажаргал хүүгээ “Хүслийн ордон” хэмээх хүүхэд хөгжүүлэх төвд явуулдаг. Сургуульд орох нас нь хэдийнэ өнгөрсөн ч ийм бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургалт, хөтөлбөр манай улсад байхгүйтэй адил. Цөөн тооны тусгай сургуульд бичиг үсэг, тоо заахаас биеэ дааж сургах талаар хичээл ордоггүй нь асуудалтай. Харин уг сургалтын төвд гутлаа хэрхэн үдэх, төмс яаж арилгах, хувцсаа яаж зөв өмсөх зэргийг заадаг гэнэ. Оюуны хоцрогдолтой хүүхдүүд аливааг олон дахин давтаж байж сурдаг онцлогтой.
Хүүгээ эдгэрнэ гэсэн баяртай мэдээ сонссон цагаас Т.Туяажаргалын туйлын хүсэл оношилгооны мөнгө олох болжээ. Энэ тухайгаа фэйсбүүкийн найз нартаа хуваалцсанаар түүнд туслах хандивын аян өрнөсөн аж. Солонгост очин, тархины хурдацтай хатингаршил юунаас болж үүссэнийг тодруулахад 25 сая төгрөг хэрэгтэйгээс одоогийн байдлаар тав орчим сая төгрөг цугларчээ. Сэтгэлийн дэм багаддаггүй гэдэг. 1000 төгрөг өгсөн хүнд ч тэд талархаж буйгаа уламжилсан. Оношоо тодруулчихвал олон улсын байгууллагаас эмчилгээний зардлыг нь өгөхөөр болсон юм билээ. Тиймээс ээж хүү хоёр Солонгос явах зардал болон онош тодруулах мөнгөө л олчихвол болох гээд байгаа аж.
АЛДАРТАЙ СЭТГҮҮЛЧ БОЛОХ МӨРӨӨДӨЛ НЬ ИНГЭЖ ӨӨРЧЛӨГДӨВ
Т.Туяажаргал хүү шигээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, өрх толгойлсон эхчүүдийг дэмжих зорилгоор 2009 онд “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага байгуулсан. Онцгой асаргаа, анхаарал шаардлагатай хүүхэдтэй ээжүүдийн олонх нь ажил хийх боломжгүй тул санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс хүүхдээ асрангаа зөөлөн тоглоом оёдог гэнэ. Өхөөрдөм хөөрхөн шар унагануудаас эхлээд ганган гацуурт өлгөөтэй байгаа элдэв тоглоомуудыг тэд урлажээ. Даавуун тоглоомууд хүүхдэд хоргүйн дээр амархан эвдрэхгүй давуу талтайг хэлэхэд илүүдэхгүй болов уу.
Өөрийн болон өрөөлийн хүүхдийн төлөө зүтгэж яваа Т.Туяажаргал хүүгээ эрүүл болоод зогсохгүй мэдрэлийн алдартай эмч болгоно гэж мөрөөддөг. Энэ нь зүгээр ч нэг мөрөөдөл биш, биелнэ гэдэгт итгэдэг. Тиймдээ ч төдийгөөс өдий хүртэл гурван хүүхдийнхээ төлөө зүтгэж ирсэн. Тэрбээр 107 FM радио, “Чиний зураг” сонин, МҮОНРТ-ийн Хүүхдийн нэвтрүүлгийн редакцад “Эрэл” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллан, сэтгүүл зүйн гал тогоонд багагүй хугацаа өнгөрүүлжээ. Есдүгээр ангид байхдаа бие даан сонин гаргаж, алдартай сэтгүүлч болохыг мөрөөддөг байсан ч одоо бол хүү нь эдгэрч байвал өөрийн хүсэл огт хамаагүй болжээ.
Хоёр жилийн өмнө живхнээс гарч, хоол ундаа өөрөө идэхтэйгээ болсон Д.Түвшинтөрийн хамгийн сайн найз нь дөрвөн настай охин дүү Дөлгөөн нь. Тэрбээр өвлийн өвөөгөөс “Ахыг минь эрүүл болгож өгөөч” хэмээн гуйсан гэнэ. Түүнийг ухаан орсон цагаас л ах нь ийм өвчтэй, “эрүүл болоосой” гэж ээж нь байнга ярьдаг байсан учраас дөрөвхөн настай охины өвлийн өвөөгөөс авах хамгийн том бэлэг нь эрүүл сайхан ахтай болох.
Бяцхан охин 11 настай ахынхаа эгч нь юм шиг л буруу юм хийвэл хэлж сургадаг гэнэ лээ. Д.Түвшинтөр сардаа 126.000 төгрөгийн тэтгэмж авдаг бол хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ асардаг гэж Т.Туяажаргалд улсаас сард 64.000 төгрөг өгдөг. Үүгээр энэ гэр бүл амь зогоодог. Гэхдээ улсаас мөнгө горилж зүгээр суулгүй, зовлон нэгтэй эмэгтэйчүүдтэйгээ хамтран зөөлөн тоглоом, элдэв чимэглэл хийж, амьдралаа өөд татахаар зүтгэж буй нь сайшаалтай.
Бэлэн мөнгө болгох хөрөнгө чинээгүй тул хүүгийнхээ эмчилгээнд ард түмнээсээ л тусламж хүсэхээс өөр аргагүйд хүрснээ Т.Туяажаргал хэлсэн. Тэр дөрвийн амьдарч буй байр Т.Туяажаргалын нэр дээр биш учраас банкинд барьцаалж, зээл авах ч боломжгүй юм билээ. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар нийгэмд зөв ойлголт өгөхийн тулд фэйсбүүктээ энэ тухай байнга мэдээлэл оруулдаг аж. Тиймдээ ч цахим ертөнцийн найз нар нь түүнийг дэмжиж, сэтгэлийн дэм хайрладаг гэнэ. Т.Туяажаргалын хүүтэйгээ хамт хийсэн бичлэгийг 48 мянган хүн үзжээ. “Хэрэв уг бичлэгийг үзсэн хүн бүр бидэнд 1000 төгрөгийн хандив өгсөн бол хэдийнэ Солонгос явчих байлаа.
Тиймээс “Хайрын хүч” гэсэн пэйж хуудас нээж, гишүүнчлэлтэй хүн бүр сар болгон 1000 төгрөг хандивлахыг уриалах гэж байгаа. Цугларсан мөнгөөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сар болгон гадагшаа эмчилгээнд явуулах юм” гэж тэрбээр ярьсан. Санаж явбал бүтнэ гэдэг дээ.
Хүүхдүүдийн аавтай холбоотой бараан сүүдрийг амьдралдаа эргэн тусгахыг тэд хүсээгүй. Гэрэлт ирээдүй рүү тэмүүлж, зүтгэж яваа ээж, хүүхдүүдэд сэтгэлийн дэм өргөхийг хүсвэл ХААН банкны 5753378875, Төрийн банкны 103300131294 тоот данс болон Т.Туяажаргалын 88302278 утсанд хандаарай. Бяцхан охины хүслийг өвлийн өвөө сонссон нь лавтай.