Тунис улсын дээд шүүхээс 13 настай охиныг бие давхар гэх шалтгаанаар 20 настай хүчирхийлэгчтэй гэрлүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан нь Олон улсын хүний эрхийн байгууллагаас өгсүүлээд иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулгарах болжээ. Кеф мужид амьдардаг бяцхан охины гэрлэлтийг хүргэн ах нь эсэргүүцсэн ч эцэг эх нь ямар нэг үйлдэл хийгээгүй байна. Тус улсын хуулиар 15-аас доош насны охидтой бэлгийн харьцаанд орвол насанд хүрээгүй хүнийг садар самуунд уруу татсан хэргээр зургаа хүртэлх жилээр хорих заалт оруулсан. Түүнчлэн хохирогчтой гэрлэх сонголт байдаг аж.
Нэрээ нууцалсан нэгэн эрхэмийн хэлснээр бол шүүх ажиллагаа ном журмын дагуу болсон гэнэ. Тэрбээр хуулийн дагуу асуудлыг шийдсэн хэмээн тайлбарласан ч тус болсонгүй.
Тэгвэл хэсэг бүлэг хүмүүс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, гудамжинд жагсаал хийжээ. Тэд 13 настай охиныг бие давхар гэх шалтгаанаар хүчирхийлэгчтэй нь гэрлүүлэх шүүхийн шийдвэр хүнлэг бус байна гэж үзжээ. Түүнчлэн Тунисийн гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан яам нь эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, энэ шийдвэр хүүхдийг хүчирхийлэгчдэд боломж олгож байна гэж шүүмжилжээ.