Насанд хүрээгүй охидын биеийг хүчээр үнэлүүлэх явдал манай улсад цөөнгүй. Нэгэн жижигхэн зочид буудалд хоёр охиныг гурван сар гаруй хугацаанд хорьж, хүчээр биеийг нь үнэлүүлсэн хэрэг саяхан илэрсэн. Тэдний нэг нь хүчиндүүлсний улмаас жирэмсэлсэн байжээ. Үр хөндүүлэх хугацаа нь хэтэрсэн учраас хөөрхий охин хүсээгүй хүүхдээ төрүүлэхээс өөр аргагүйд хүрчээ. Тэднийг буудалд хорьсон хүмүүс гаднаас үйлчлүүлэгч авчирдаг байсан бөгөөд охидыг гадагш гаргадаггүй, залуусаар цагдуулдаг байж.
Энэ бол хүн худалдах гэмт хэрэг манай улсад гардгийн бодит баримт юм. Амгалан тайван орон гэж бидний боддог улсад маань бэлгийн боолчлол, мөлжлөг нүүрлэчихсэн байхад бүгд чимээгүй байгаа нь жигтэй, бас эмгэнэлтэй. Таны хань, охин, эгч, дүү, ээжийг ингэж боолчилж байвал та яах вэ. Энэ хэргийг газар авахуулах ёсгүй. Эрэгтэй, эмэгтэй, шашин шүтлэг, нас, боловсрол, баян, хоосон ялгалгүй хүн бүр энэ бусармаг гэмт хэргийг жигшин, таслан зогсооход ядаж дуу хоолойгоо нэгтгэе. Бэлгийн мөлжлөгийн 7-8 хэргийг хуулийн байгууллага эдүгээ шалгаж байна.
Манай улсад 1999 онд анх хүний наймаа бүртгэгдсэн цагаас Эрүүгийн хуульд хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан. Гэвч бие даасан хууль хэрэгтэйг ухаарахад хууль санаачлагч, батлагчид 13 жил зарцууллаа. 2012 онд Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуультай болсон юм. Ингэж л бид хүний биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтэнийг нь авч ашиглан мөлжих зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, түүнчлэн өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахуульдах аргаар хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулсан, хүлээн авсан хууль бус үйлдлийг хүн худалдаалах гэмт хэрэг гэдгийг ойлгосон доо.
Хүн худалдаалахыг шинэ төрлийн гэмт хэрэгт тооцож эхэлсэн нь Монголд энэ гэмт хэрэг бодитоор байгааг харуулж буй гэж албаныхан хэлдэг. Өнөөдрийн байдлаар ийм төрлийн 40 орчим хэргийг шүүх шийдвэрлэжээ. Үүний цаана 100 орчим хохирогч бий аж. Эдгээр хэргийн хохирогч бүгд бэлгийн мөлжлөгт өртсөн. Одоогоор хөдөлмөрийн мөлжлөг, цус, эд эрхтэнийг нь авах зорилгоор гэмт хэрэг үйлдсэнийг шүүгээгүй байна. Цагдаа, шүүхэд ийм хэргийн хохирогч хандсаар байгаа нь хүн худалдах гэмт хэрэг манай улсад байнга гардаг болсныг харуулж буй аж.
Гэтэл эрх баригчид хүний наймааны талаар хэлгүй, дүлий мэт суусаар байгаа нь харамсалтай. Учир нь манай улс Хүн худалдаалахтай тэмцэх болон Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулиа хэрэгжүүлдэггүй. Эдгээр хуулийг дагаж гарсан есөн жорын журам нь хохирогчдыг нэмж хохируулдгийг энэ чиглэлээр ажилладаг байгууллагынхан хэлдэг. Тухайлбал, хүчирхийлэлд өртөн бэлгийн замын халдварт өвчтэй болсон хүн шинжилгээ өгөхийн тулд өөрөө мөнгө төлдөг. Хохирогч хэрнээ гэмтэн шиг цагдаа, шүүхийн үүд сахиж, ажил ч эрхлэх нөхцөлгүй байнга байцаагддаг. Тэр ч бүү хэл, хохирогч гэдгээ тогтоолгохын тулд цагдаа, шүүхтэй дөрвөн жил зууралдсан жишээ ч бэлэн байна.
Хүний наймаатай тэмцдэг төрийн бус байгууллага манай улсад ганц бий нь “Хүйсийн тэгш эрхийн төв”. Энэ төв 2003 оноос өнөөдрийг хүртэл 2000 гаруй хүнд тусалсны 700 орчим нь хүний наймааны хохирогч. Тэдний хамгийн бага нь 13 настай бол ахмад нь 49-тэй. Нийт үйлчлүүлсэн хүний 85 хувь нь охид эмэгтэйчүүд, үлдсэн нь эрчүүд аж. Насанд хүрээгүй охидын биеийг зохион байгуулалттай үнэлүүлэх явдал дотооддоо их гардаг бол хилийн чанадад 18-30 насныхныг бэлгийн мөлжлөгт ашигладаг байна.
Амьдралын боломж тааруу хүмүүс голдуу хүний наймааны золиос болдог бөгөөд биеэ үнэлэх явдал энэ гэмт хэргийг хамгийн их өөгшүүлдэг. Гадаад улс руу аялуулна, гадаадын иргэнтэй гэрлэхэд зуучилна, үйлдвэр, барилга, гэрийн үйлчилгээ, баар, саун, массажны газар ажиллуулна гэж хүмүүсийг хууран мэхэлж, ашиг олох хэрэгслээ болгодог. “Царайлаг охидыг өндөр цалинтай ажилд авна” гэсэн зарыг цагдаа, хуулийнхан сэжиглэж эхэлснээр хүний наймаачдын арга улам нарийсан, зохион байгуулалтад орж, “Оюутан залуусыг ажилд авна” гэх зэргээр анхаарал үл татахаар болгон өөрчилсөн гэдэг. Сүүлдээ зар ч тавих шаардлагагүй, танил тал, найз нөхдөөр нь дамжуулан элсүүлдэг болсон талаар цагдаагийнхан ярьж буй. Гадаад паспорт, виз, ажиллах зөвшөөрөл авч өгөх, замын болон бусад зардлыг нь даана гэх өгөөшийг оюутан залуус, амьдралын боломж муутай эмэгтэйчүүд хялбархан “үмхдэг” гэнэ.
Биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэхийг манай улс хуулиараа хориглосон ч амьдрал дээр эсрэгээрээ. “Саппора” болон ХХААХҮЯ-ны дэргэдэх автобусны буудлаас Сүхбаатарын талбай хүртэл биеэ үнэлэгчид зогсож байдгийг хэн хүнгүй л мэднэ. Үүнтэй хэдхэн цагдаа тэмцээд хүчирдэггүй. Хамгийн аюултай нь насанд хүрээгүй хүүхдүүдийг худалдан авах, тэднээр дур хүслээ хангах хүсэлтэй гаж донтнууд олширч буйг “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийнхөн хэлсэн.
Охид, эмэгтэйчүүдийг худалдан авч байгаа хүнийг нь шийтгэдэггүй, биеэ үнэлэгчдэд хариуцлага тооцоод өнгөрдөг нь хуулийн нэг цоорхой. Нэгэнт зах зээл бий учраас биеэ үнэлэгчдийг зохион байгуулалтад оруулж, дундаас нь ашиг ологчид олширсон. Биеэ үнэлж буй хүмүүсийн хэд нь өөрсдийн сайн дураар, хэчнээн нь бусдын эрхшээлд байгааг хэлэх боломжгүй. Тиймээс биеэ үнэлэгчдийн хэд нь хүний наймааны хохирогч болж буйг судалсан тоо баримт манайд алга. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор гадаад улсыг зоригсод нэмэгдэж буй. Өндөр цалинтай л гэвэл өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ эрсдэлд оруулахад бэлэн гэж үү.
Ядаж л манай улсаас ажиллах хүч авдаг, эсэхийг албан ёсны вэб хуудаснаас нь мэдчих боломжтойг албаныхан хэлсэн. Турк гэхэд Монголоос ажиллах хүч авдаггүй атал тус улс руу ажилд зуучилна гэсэн зар хаа сайгүй. Энэ мэт сэжигтэй зүйл бишгүй. Хэдэн жилийн өмнө нэгэн эмэгтэй Гандангийн ойролцоо охидын биеийг хүчээр үнэлүүлж байсныг ажигласан нэг иргэн цагдаад мэдээлснээр энэ хэрэг олонд ил болсон. Тиймээс сэжигтэй зүйл ажиглагдвал цагдаа болон “Хүйсийн тэгш эрхийн үндэсний төв”-ийн итгэлийн утас 1800- 1903-т энгийн утасны үнээр холбогдох боломжтойг сануулахад илүүдэхгүй биз.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Г.Ганбаясгах: Хүний наймаатай тэмцэхэд Засгийн газрын оролцоо маш чухал
“Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн тэргүүн Г.Ганбаясгахтай ярилцлаа.
-Боолчлохоос эхэлж, биеийг нь үнэлэх, бэлгийн мөлжлөгөд оруулах, эд эрхтэнийг нь наймаалах зэргээр хүний наймаа гаарч байна. Монгол Улс дахь хүний наймааны өнөөгийн нөхцөл, байдал ямар байна вэ?
-Хууль болон Олон улсын конвенцод зааснаар мөлжлөгийн чанартай үйлдлүүдийг хүний наймаа гэж тодорхойлдог. Насанд хүрээгүй охидыг зохион байгуулалттайгаар биеийг нь үнэлүүлдэг бүлэглэлүүд манай улсад байна. Он гарснаас хойш насанд хүрээгүй хоёр охиныг хүчээр биеийг нь үнэлүүлсэн этгээдэд Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд зааснаар ял сонсгосон.
-Насанд хүрээгүй охидыг порнографт ашиглан, гадаадынханд үзүүлж байсан явдал саяхан гарсан. Энэ нь хүний наймааны төрөл мөн биз дээ?
-Охидыг порнографт ашигласан хэрэг манайд албан ёсоор бүртгэгдсэн нь цөөн. Гадаад улсад ийм хэрэг нэлээн их гардаг. Хүүхэд харж таашаал авдаг, тэдэнтэй бэлгийн харьцаанд орох сонирхолтой хүн төлбөр төлж, энэ төрлийн мэдээлэл авч үздэг. 18 нас хүрээгүй хүнийг өөрсдийн эрхшээлд оруулан мөлжиж байвал хүн худалдаалах гэмт хэрэгт тооцдог. Порнографт ашиглагдаж байсан эмэгтэйчүүдийн дунд насанд хүрээгүй хүүхэд байсан уу гэдгийг эхлээд тогтооно.
Хэрэв байсан бол энэ нь хүний наймаа. Хэрэв насанд хүрсэн хүн бол сайн дураараа үүнийг хийсэн үү, орлогоо өөрсдөө авдаг уу, ажлаа орхиод явах боломжтой, эсэхийг нь хардаг. Хэрэв хэн нэгний эрхшээлд орсон, гар дээрээ мөнгө авдаггүй, өндөр хэмжээний цалин амласан ч амь зогоох төдий мөнгө өгдөг, хорьж заналхийлж, айлган сүрдүүлсэн бол хүний наймаанд тооцно. Ийм ялгаатай хоёр ойлголтыг хүмүүс андуураад байдаг.
-Танай байгууллага хилийн чанадад хохирсон иргэдээ эргүүлэн авчирдаг. Өнөөдрийн байдлаар хэчнээн хүн авчрав. Тэднийг авчрахад ямар бэрхшээл учирч байна?
-Хилийн чанадаас 264 хүн авчирсан. Тэдний 192-ыг нь Хятадаас авчирлаа. Улсын хил дамжуулж хүн авчирна гэдэг бичиг баримт, тухайн хүний аюулгүй байдлыг хангахаас эхлээд маш түвэгтэй. Энэ ажлыг төрийн бус байгууллага дангаараа явуулна гэж байхгүй, цагдаа, тагнуул, гааль, тухайн улсад суугаа ЭСЯ, Консулын газартай хамтран ажилладаг. Хохирсон хүний тухай мэдээлэл аваад хамгийн түрүүнд амийг нь яаж аврах вэ, аюулгүй байдлыг нь хэрхэн хангах вэ гэдэгт анхаардаг.
Дараа нь эргүүлэн авчирч, хэвийн амьдралд ороход нь тусалдаг. Манай цагдаагийн байгууллагынхан Хятадтай хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг илрүүлэх, олоход туслалцаа үзүүлэх, торгуулиас чөлөөлөх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хоногийн 500 юанийн торгуулиас чөлөөлсөн.
Хохирсон иргэдээ эх оронд нь авчрахад олон улсын хамтын ажиллагаа, төрийн байгууллагын тогтвортой байдал, санхүү хамгийн их тулгамддаг. Манайх гэхэд гадаадын тусламжид найдан, олон улсын төсөл хөтөлбөрөөр санхүүждэг. Манай улсын Засгийн газар хоёрхон удаа (тав болон долоон сая төгрөг) дэмжлэг үзүүлсэн. Үүнийг нь хохирогчдыг хамгаалах байранд зарцуулсан.
-2013 онд Малайзад амиа алдсан Б.Энхтуяа ахтайгаа олон удаа холбоо барьсан байдаг.
-Тэр үед манайд мэдээлэл ирээгүй учраас бид тусалж чадаагүй. Маш харамсалтай явдал болсон. Тухайн үед хүмүүс цагдаагийнхныг буруутгасан. Монгол цагдаа Малайзын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах боломжгүйг хүмүүс ойлгоосой. Хүний наймаатай тэмцэх ажилд Засгийн газрын оролцоо маш чухал. Монгол хүн урьд нь гэмт хэргийн золиос болсон, хүний наймааны хэрэг гардаг улсуудтай Засгийн газар хамтран ажиллах гэрээ байгуулах хэрэгтэй байна.
Мөн хохирогчийг эх орондоо ирэхэд нь хэн хамгаалах, ямар үүрэг хүлээх тал дээр төр оролцох шаардлагатай. Түүнчлэн иргэд өөрсдөө гэмт хэргийн золиос болохгүйн тулд тухайн улсынхаа хууль хяналтын байгууллагад хандах ёстой. Манайхан хууль, хяналтын байгууллагад нь хандахаас айдаг. Гэмт хэрэгтнүүд “Цагдаа миний талд ажиллана” гэж сүрдүүлдэг ч энэ нь өрөөсгөл. Тэд хууль хяналтын байгууллагынхны нэг хэсгийг мэддэг байж болох ч бүгдийг нь танихгүй.
Тиймээс гадаад улс руу сурах, ажиллахаар явахад ар гэрийнхэн чинь чамайг хаана очсон, хэн гэдэг хүн, ямар байгууллагынхан хүлээн авах вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй.
-Хүний наймаатай тэмцэх ажил олон улсын хандив тусламжийн хүчинд л явж байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд төрөөс ямар бодлого баримтлах ёстой гэж та боддог вэ?
-Үүссэн нөхцөл байдалд гал унтраах маягаар хандаж байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй зохион байгуулалттайгаар л тэмцэхгүй бол амжилтад хүрэхгүй. Ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд санхүүжилт чухал. Улаанбаатар, Замын-Үүдэд хохирогчийг хамгаалах байр бий. Тэднийг хооллож ундлахаас эхлээд шүүх дээр өмгөөлөх зардлыг хэн хариуцахыг одоо хүртэл шийдээгүй.