- Дэлхийд шар металлын олборлолтоор сүүлийн 9 жил тэргүүлж байгаа Хятад улс өнгөрсөн 2015 онд уг амжилтаа улам бататган алт олборлолтоо нэмэгдүүлэн 490тн хүргэсэн. Хэдийгээр алтны үнэ буурсаар байгаа ч тус улсын алт олборлолтын хэмжээ 10 хувиар өсөж 490 тонн хүрнэ хэмээн таамаглаж буйгаатэр үед уул уурхайн ассоциацаас нь мэдэгдэж байсан. БНХАУ-н засгийн газраас өнгөрсөн зууны 80-аад онд хэрэгжүүлж эхэлсэн чөлөөт эдийн засгийн систем, хууль дүрмийн өөрчлөлттэй холбоотойгоор 1990-ээд оноос алт олборлолтонд гадаад дотоодын маш их хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүний үр дүнд алт олборлолт маш хурдацтай эрс нэмэгдэж 2007 он гэхэд 280,5тн алт олборлон сүүлийн 100 жил алт олборлолтоороо дэлхийд тэргүүлсэн ӨАБНУ-г ардаа орхин тэргүүлж эхэлсэн.
Сүүлийн жилүүдийн БНХАУ-н эдийн засгийн үсрэнгүй хөгжил дэвшил нь алт олборлолтын хөгжилтэй салшгүй холбоотой.
Геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж, алт олборлолтыг дэмжих ажлын хүрээнд Хятадын засгийн газар 1993 онд хууль журмаа өөрчилөн гадны уул уурхайн компаниуд ба хөрөнгө оруулагчидад хаалгаа нээсэн. Мөн дотоодын хөрөнгө оруулагч нарыг ч дэмжин бизнесийн үйл ажиллагаа нь ямар байхаас үл хамааран дурын компанид хүссэн металлаа олборлоход нь чөлөөтэй лиценз, эрхийг олгож эхэлсэн.
Үүний үр дүнд Хятадын төрийн өмчит компанууд ч гэсэн хувьцаагаа зарж хайгуулын ажил хийх хөрөнгө мөнгө босгох боломжтой болсон байна.
Энэ боломжийг ашиглан хамгийн анх Канадын Placer Dome Inc компаниас эхлээд гадны маш олон уул уурхайн компаниуд Хятадад орж ирэн геологи хайгуул болон олборлолтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гадны хөрөнгө оруулалтыг татах нээлттэй хаалганы энэ бодлого нь өрөмдөх газар хайсан олон жижиг хайгуулын компаниудыг Хятадруу хошууруулжээ.
Хятадын алт олборлолтын үндсэн төв район бол Шандьдуны хагас арлууд тэндээс олборлож буй бүх алтны 50 гаруй хувийг авч байна.
Тэнд Чжаое, Цзяоцзя, Синьчэн, Саньшаньдао гэсэн алт угаан баяжуулах том том шороон ордын уурхайнууд ажилладаг. Түүнээс гадна Хятадын өнцөг булан бүрт нийт 110-120 алт угаах шороон ордын уурхай ажиллаж байна. Мөн Хейхэ мужын Хэйлунцзян, зүүн хазгаарт Гирин муж, баруун хязгаарт Хунань муж, хойд нутагт Хэбэй муж мөн Өвөр Монголын төв хэсэгт гээд олон газар маш олон ил, далд уурхайнуудаас алт олборлолдог. Дөнгөж л өнгөрсөн зууны 70-80-иад онд Хятадад алт олборлолтын орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмж (АНУ, Канад, Финляндын) нэвтэрч эхэлсэн. Гэхдээ өнөөдөр БНХАУ-д алт олборлолт маш эрчимтэй явагдаж байна.
Хамгийн том алтны үйлдвэрлэл нь Хунань мужын төвд орших Уси-Сиань-Таоань-н вольфрам-сурьмагийн уурхайд явагддаг. Тэндээс өнгөт металлыг дагалдан орших алтыг олборлодог.
Түүнээс гадна Хунань ба Гуйнжоу мужын Юаньцзян голын хөндийгөөс алт, алмаз олборлож байна.
Хятад улсын алт олборлолтын жил бүрийн өсөлт 1977-2014 он, тонн:
- Хятадын алт олборлотын түүх бол гадныхныг үзэн яддаг дотогш чиглэсэн бодлоготой техник технологийн хувьд хоцрогдсон орноос асар их алт үйлдвэрлэгч болсон Хятадын төрийн бодлогын түүх юм. Хятадын алт олборлолтын дийлэнх хэсгийг техник, технологи муутай жижиг ил, далд уурхайнуудаас авч байна. Жишээн нь ойролцоогоор 1000 орчим уурхайгаас жилд дундажаар 500кг алт олборлодог байна.
Өнөөдөр Хятад улсад бараг 10,000 алтны бичил уурхай ажилладаг гэсэн тоо мэдээ бий бүр 60,000 нь уурхай ажилладаг гэсэн тоо баримт ч байдаг аль алинаар мэдээлдэг яг бодит тоо баримт байдаггүй. Сүүлийн жилүүдэд Хятадад алт олборлолтын салбар “галзуу мэт” явагдаж байна гэж хэлж болно. Зарим уурхайд алт угаах хувингаас өөр багаж хэрэгсэлгүй ганц гэр бүл ажиллаж байхад нөгөө хэсэгт нь Бирмээс Монголын хил хүртэлх өргөн уудам газар нутагт том том ордуудад олборлолт явуулдаг. Эдгээр жижиг том уурхайнуудаас жилдээ 300-400 тн алт олборлож байна.
Дэлхийн зах зээл дээрхи алтны үнийн өсөлт тэр олон бичил уурхайг ажиллахад ихэд дэмжлэг болж байгаа. Ер нь Хятад улс дэлхийд тэргүүлэгч алт олборлогч болсон нь баялаг нөөцтэй том том уурхайнуудаас биш харин олон жижиг бичил уурхайнуудын үйл ажиллагааны үр дүн гэдэг нь дараах баримтаас харагддаг. Хятадад 2011 оны байдлаар улсын хэмжээнд хамгийн том 10 уурхайн нийт алт олборлолтын хэмжээ нийлээд дөнгөж 50 тн байжээ тэгэхээр үлдсэн 270тн алтыг бусад 10950 уурхайгаас авсан гэсэн үг юм. БНХАУ-н төрөөс хууль бус алт олборлогчдыг журамлах ажлын хүрээнд гаргасан 2004 оны нэгэн тайланд Хятадад лицензгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхайн тоог 60,000 гэсэн тоо баримт байсан.
Сүүлийн жилүүдэд алт олборлолтоороо тэргүүлж байгаа улс орнууд:
Улс орон |
Алтолборлолт, (тн) |
||||||||
2009 он |
2010 он |
2011 он |
2012он |
2013 он |
2014 он |
2015 он |
|||
1 |
Хятад |
314 |
340 |
355 |
413 |
438 |
465 |
490 |
|
2 |
Орос |
178 |
176,5 |
200 |
229 |
252 |
272 |
242 |
|
3 |
Австрали |
220 |
261 |
270 |
265 |
249 |
269 |
300 |
|
4 |
АНУ |
210 |
231 |
237 |
235 |
231 |
200 |
200 |
|
5 |
Перу |
175 |
164 |
150 |
185 |
179 |
169 |
150 |
|
6 |
Өмнөд Африк |
210 |
189 |
180 |
182 |
190 |
164 |
140 |
|
7 |
Канад |
100 |
91 |
110 |
105 |
125 |
153 |
150 |
|
8 |
Мексик |
|
73 |
84 |
97 |
104 |
115 |
120 |
|
9 |
Узбекстан |
87 |
90 |
91 |
93 |
98 |
100 |
103 |
|
10 |
Гана |
85 |
90 |
100 |
99 |
102 |
91 |
85 |
- БНХАУ-н алт олборлолтын түүх бол тэдний улс төр, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн түүхтэй салшгүй холбоотой. Түүхээс үзвэл Хятадууд МЭӨ-1300 онд алт олборлож байсан баримт бий. Тэд тухайн үедээ алт боловсруулах маш боловсронгуй арга хэрэглэж байжээ. VII зууны нэгэн албаны түшмэлийн бичиж үлдээснээр "Өнгөн хөрсөн дээр улаан мөнгөн ус байгаа бол, түүний дор алт агуулагдаж байгаа гэсэн үг” хэмээжээ. Тэр ч байтугай тэд үнэт металлыг олох чиг баримжаа өгөх ургамлыг бас тодорхойлсон байдаг. “Хэрэв ууланд мангир элбэг ургасан бол хөрсөн доор нь мөнгө байгаа харин жууцай ихтэй бол алттай байна ” гэж бичиж байжээ.
Тэдний зөв байж болох юм. Учир нь ургамал хөрсөнд буй эрдсээс шим тэжээл авч ургадаг. Хожим 1980 онд Лондоны их сургуулийн судлаачид алтаар тэжээгдэн ургадаг, эд эсэндээ алт хуримтлуулдаг ургамлыг нээсэн байна. 1998 оны “Натур" сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлд хүдрээс алтыг шингээн авдаг ургамлууд дээр хийсэн туршилтын талаар өгүүлж байсан. 2004 онд Шинэ Зеландын судлаачид ургамал алтны уурхайн хортой хаягдалаас металлыг өөртөө татдаг үйл явц буюу “ургамлын нөхөн сэргэлт”/phyto-remediation/системийн санааг дэвшүүлжээ. Үр дүнд нь акр тутмаас 32унц алт авах боломжтой гэж тооцоолсон.
Энэ судалгааны ажлыг 2010 онд Дэлхийн хөрс судлалын XIX хурал дээр танилцуулсан бөгөөд өнөө хэр нь зарим мэргэжилтнүүд “ургамлын төрөл зүйлийг хөрсөн дэх алтны илэрцийг тогтоох био-индикатор болгон ашиглах” санааг дэмждэг. Гэтэл Хятадууд үүнийг бүр эрт үеээс мэддэг байжээ. Тэд алтыг галуугаар цэвэршүүлэн, баяжуулах гэх мэт жигтэй сонин аргууд хэрэглэж байсан байна. Алтыг гараар хувинд угаахад янз бүрийн хольц ихтэй гарна түүнийг хивэгтэй холиод галуу хооллодог байна. Дараа нь галууны сангасыг цуглуулаад хоёр дахь удаа, гурав дахь удаа угааж мөн дахин хивэгтэй хольж өгөх гэх мэтээр олон дахин давтахад алт цэвэршдэг байна.
- МЭ 1-р мянганы эхээр Хятадын хаад тухайн үедээ Ромын эзэнт улсын хаадтай адил 200 орчим тонн алтны нөөцтэй байсан гэж түүхэн сударт бичсэн байдаг. Гэвч Хятадын уул уурхайн үйл ажиллагаа, хөгжил хэсэг хугацаанд зогссон байна.
Харин XIII-зуунд Монголчууд хүчирхэгжин Хятадыг эрхшээлдээ оруулан захирах болсоноор алтны уурхайн үйл ажиллагааг хөхүүлэн дэмжин дахин сэргэжээ.
Тэд уурхайгаас хулгай хийж байсан дээрэмчдийг нухчин дарж тэнд хяналтаа тогтоон өөрсдийн цэргийн жанждыг хүртэл алт хулгайлахгүй, завшихгүй байх зарлиг гаргаж байжээ. Алт угаах олборлох үйл ажиллагааг эрчимжүүлэхээр Монголын их хаан Хубилай Шандуны 4000 өрхөд алт угаах, боловсоруулах үүрэг өгч байжээ.
Түүний дараа Минь улсын үед алтны олборлолт идэвхтэй сайн хөгжсөнгүй зогсонги байдалд байсан. Харин Хятадын хаан Линлуны уурхайг 1621 онд алдартай тайган эр Вэйд өгч ажиллуулж байжээ. Тэрээр 6 жил алтны уурхайг удирдан ажиллуулж жилд 40,000 унци алт олборлон олборлолтын хэмжээг нэмэгдүүлж байсан баримт бий.
Хэдэн жилийн дараа Минь династи задран унахад Линлуны алтны уурхай ч хамт мөхжээ. Түүний дараа төрийн эрхэнд гарсан Манжийн хаад алтны уурхай олборлолтыг ойшоодоггүй байсан. Тэд алтны судлыг луугийн судас хэмээн үзэж түүнийг олборлох нь орон зайн зохицлын тухай сургадаг Фэнг Шүй-д харшлана гэж үздэг байжээ.
Түүнээс гадна Манжийн хаад алт мөнгө гэсэн үнэт металлууд нь төр засгийн эсрэг бослого, үймээн самууныг санхүүжүүлэх эх ундарга болхоос сэрэмжилдэг байсантай холбоотой. Тэд тусгайлан уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хууль гаргаж байжээ. Алт олборлолт зогссонтой холбоотойгоор удалгүй хааны сан хөмрөг хоосорсон байна.
- Хятадууд XX-зууны эхээр Орос, Герман, Франц, Британи, Япон гээд их гүрнүүдэд төлөх нөхөн төлбөрт бүх алтаа өгч 1942 он гэхэд тэдний улсын сан хөмрөг хоосорч алтны нөөцгүй болж байжээ. Коммунист нам ялсан Хятад улсад алт олборлолтыг нэг хориглож, нэг зөвшөөрч байсан ба Дэн Сяо Пиний чөлөөт эдийн засгийн бодлого хэрэгжиж алтны олборлолт чөлөөтэй болсоны дараагаар сэргэж эхэлсэн. Өнө эртний баялаг түүхтэй Хятадын ард түмний уул уурхайн түүхийн тухай бүгдийг энд бичнэ гэвэл боломжгүй юм. Зөвхөн сэдэвтэй холбоотой алт олборлолтын түүхэн цаг үеийг бага зэрэг тодруулсан болно.
Дундад зууны үеийн Хятадын алт олборлогчид:
Хятадад 2003 оноос алтны зах зээлийн үнийг чөлөөтэй болгосноор алт олборлолт эрс нэмэгдсэн. Олборлосон бүх алтыг Хятадын үндэсний банкинд хатуу тогтоосон үнээр өгдөг байсан журмыг өөрчлөн алтны үнийг чөлөөлсөн энэ шийдвэр чухал үүрэг гүйцэтгэсэн. Алтны хайгуулын ажил эрс нэмэгдсэнээр 2007 он гэхэд Хятад улсын алтны батлагдсан нөөц 5500тн хүрсэн ба цаашид өсөж 10-11 мянган тонн хүрэх төлөвтэй байгаа. Хятадын алтны шинэ ордууд ихэнхдээ нутгийн дорнод хэсэгт Шэньси, Гансу мужууд мөн Шиньжян-Уйгур, Өвөр Монголын Өөртөө Засах Улсуудын нутаг дэвсгэрт нээгдээд байгаа. Хятадад 20 гаруй алтны хүдэржилтийн бүс байдаг тэднээс доорхи 6 бүс нутагт алт олборлолтын дийлэнхийг явуулж байна.
- Jiaodong (Цзяодун)
- Xiaoqinling (Сяоциньлин)
- Chuan-Shaan-Gan (Чуань-Шань-Гань)
- Yan-Liao (Янь-Ляо)
- E-Wan-Gai (Э-Вань-Гай)
- Dian-Gui-Qian (Дянь-Гуй-Цянь)
1: Номхон далайн тектоник хөдөлгөөний бүс Хятад –Солонгосын хойгт Цзяодун мужад 100 гаруй алтны орд нээгдсэн энэ нь дэлхийд алтаар хамгийн баян нутагт тооцогдож байна. Орд газруудын хувьд тийм ч том биш мезозойскийн эриний интрузив чулуулгийн тогтоцтой эндо ба экзоконтактив бүсийн алт агуулсан металл сульфидийн хүдрүүд юм.
2: Металл эрдэсжилт алт агуулсан Сяоциньлин бүс нутаг Янцзы (Yangtze) тэвшит талбайгаас (платформ) Хятад –Солонгосын платформ хүрэх Циньлин (Qinling) хугарлын бүсэд оршдог. Ихэнх ордууд нь эртний цэрдийн галавын үеийн бүсэд хамаарах алт агуулсан сульфид-кварцын төрлийн хүдэржилтийн бүс.
3: Алтны хүдэртэй Чуань-Шань-Гань хязгаар нутаг нь тектоник хугаралын бүс Циньлины баруун хэсгээс баруун өмнөд Суннпань-Гардзе (Songpan-Garze) хугарлын бүс хүртэлх талбайд хамрагддаг. Эдгээр ордууд нь Палеозойск ба мезозойскогийн эринд үүссэн галт уулын гаралтай тунамал чулуулгийн тогтоцтой алт болон өнгөт металлын сулфидийн хүдрийн нөөцтэй. Ордууд геологийн төрлийн хувьд карлинскийн төрлийн алт –өнгөт металлуудын сульфид хүдэр юм.
4: Алтны хүдрээр баян Янь-Ляо хязгаар нутаг нь өвөр Монголын нутагт Их Хянганы нурууны хойд хэсгийн хугарлын бүсээс Хятад –Солонгосын хойгын платформ хүртэл дорнодоос баруун тийш 650км урт сунаж тогтсон. Энэ хязгаар нутаг дахь алтны ордуудын нийт нөөц одоогоор 900тн гэж тогтоогдоод байгаа. Орд газар нь алт агуулсан кварцын чулуулаг, нүүрс, элсэрхэг шаварлаг чулуулаг тогтоцтой. Энд Ази тивдээ хамгийн томд тооцогдох 2,5г/т алтны агуулагтай хүдэрт 308тн алтны нөөцтэй Яншань (Yangshan) орд газар нээгдсэн.
5: Алтны ордуудаар баян Э-Вань-Гай хязгаар нутаг нь эрт үеийн палеозойские ба мезозойскиин эринд хамаарах тунамал чулуулгийн хурдаст, үелсэн тогтоцтой.
Зэс порфирийн орд газар ба өнгөт металлын хүдэртэй хамт орших алтыг бусад металлуудтай хамт баяжуулан авч байна.
6: Алтны хүдрийн бүс Дянь-Гуй-Цянь нь Наньпаньцзян (Nanpanjiang) тунамал чулуулгийн сав газар терригенно-карбонат чулуулгийн тогтоцтой металл сульфидийн орд юм. Карлинскийн төрлийн Цзыньфын (Jinfeng), Бока (Boka) болон бусад ордуудтай ижил 200-250 сая жилийн өмнөх триасовийн галавын үед үүссэн. Зарим ордууд нь 100тн алт түүнээс дээш нөөцтэй том ордууд юм.
БНХАУ-д 2003 оны дунд үеээс геологи хайгуул судалгаанд улсаас санхүүжилтийг бүрэн зогсоож алт болон бусад үнэт металлын эрэл хайгуул хийж байгаа компаниуд ба ажиллаж байгаа уурхай үйлдвэрүүд эрх лицензийг чөлөөтэй олгож эхэлсэн.
Ингэсэнээр 2004 оны дунд үе гэхэд бараг 130 компани шинээр бүртгүүлсэн байна.
Эдгээр компаниудаас хамгийн том нь China National Gold Group Corporation (CNGGC) Хятадын Үндэсний Алтны Корпораци юм. Тэр үеээс Хятадын өнцөг булан бүрд (ихэнхдээ хойд, баруун хойд нутгийн Шиньжян Уйгур, Өвөр Монголын Автономит БН улсуудын нутагт) алт олборлох, хайх ажил эрс нэмэгдсэн.
2008 оны тоо мэдээгээр нийт алтны 21% Шаньдун муж, Хэнань муж 21%, Фуцзяньмуж 11% -г олборлон эдгээр мужууд тэргүүлсэн байна. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд Гуанси-Чжун муж Шиньжян Уйгур, Өвөр Монголын автономит БНУлсуудын нутагт алтыг бусад өнгөт металлуудтай хамт олборлолт эрс нэмэгдэж байна.
БНХАУ дахь бүх алт олборлолт үйлдвэрлэлийг China National Gold Group Corporation (CNGGC) буюу Хятадын Үндэсний Алтны Групп Корпораци гэсэн байгууллагаар дамжуулан төр хянаж зохицуулдаг. Энэ корпорацийн мэдэлд 450 гаруй уурхай ажиллаж бүх алтны 20 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Жишээ нь гэхэд 2006 онд энэ корпораци 49,3 тн алт олборлож байсан байна.
- БНХАУ-н засгийн газраас алтны зах зээлийг чөлөөтэй болгосноор энэ салбарт гадны хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн гэж дээр дурьдсан .
Түүнтэй холбоотойгоор Өвөр Монголын нутагт орших Чан-Шан-Хао-217 (Chang Shan Hao 217, CSH 217 уурхайн 95% Канадын Jinshan Gold Mines Inc компаний мэдэлд 2012 оноос шилжин ажиллаж байна. 2008 онд хийгдсэн геологи хайгуулын судалгаагаар Чан-Шан-Хао-217 уурхайн батлагдсан нөөц 0,71г/т агуулагтай хүдэрт 122тн алт байна гэж тогтоосон. Боломжит нөөц 0,65г/т агуулгатай хүдэрт 41 тн алттай нийт орд газарт 163тн алт бий гэж үздэг.
Jinshan Gold Mines Inc компани 2005 оноос туршилт судалгааны ажил хийсэн бөгөөд 2008 оноос алт олборлолтын үйл ажиллагааг ил уурхайн, овоолгон уусгалтын аргаар эхэлсэн. Тэд тэр жилдээ 1,8 тн алт олборлосон ба цаашид жилд 5,5-6 сая тонн хүдрээс 3,2 тн алт авахаар төлөвлөн ажиллаж байна.
-Цзиньфын орд газар бол Хятад улсдаа хамгийн том ордуудын нэгд тооцогддог энэ орд газар нь 4,5г/т агуулгатай нийт 34,3 сая тн хүдэрт, 155,6 тн алтны нөөцтэй гэж урьдчилсан хайгуулаар тогтоосон байна. Батлагдсан нөөц нь 5,2г/т агуулгатай 19,3 сая тн хүдэрт 100,5 тн алт бий гэж тогтоосон. Хүдрийн биет нь триасовын галавд үүссэн тунамал чулуулгийн үе давхаргад зүүнээс-өмнөд-зүүн гэсэн чиглэлд сунаж тогтсон. Алттай хүдрийн бүсийн зузаан 1-1,3км хүрдэг алт нь сульфид эрдэсүүдтэй хамт оршдог. Алт нь пирит, арсенопирите бусад сульфидүүдийн дотор маш нарийн ширхэгтэй шигдэн сууж өгсөн байдаг.
Цзиньфын (Jinfeng) уурхайг Австралийн Sino Gold Mining Ltd компани ажиллуулж жил бүр 180.000 унц алт авхаар төлөвлөн ажиллаж байна. Цзиньфын орд газар албан ёсны олборлолт 2007 онд эхэлсэн тэр ондоо 1,8тн алт авсан. Эхэн үедээ ил уурхайн аргаар олборлолт явуулж 692 мянган тн хүдэр олборлоод 2009 оноос далд уурхайгаас 400 мянган тн хүдэр жилд олборлож байна. Энд алт баяжуулах хэд хэдэн аргыг хослуулан хэрэглэдэг флотацийн арга, цианидад уусгах, пириттэй хамт орших нарийн ширхэгтэй алтын биоуусгалтын (BIOX) аргаар авч байна.
Дундаж металл авалт 85%, орд газрын нөөц 4,5г/т агуулгатай хүдэрт 156тн алт бий гэж тогтоосон.
Jinfeng Gold Mine- Цзиньфын алтны уурхай:
- БНХАУ-н бас нэг том алт олборлогч компани бол Zijin Mining юм. 2008 онд 28тн цэвэр алт олборлож байсан. Энэ компанийн мэдэлд Гоучжоу мужад Шуйиндун (Shuiyingdong) алтны уурхай, Фуцзянь и Хуньчунь мужуудад зэс алтны Цзыцзиньшань (Zijinshan), Хуньчунь (Hunchun) гэсэн уурхайнууд байдаг. Тус компани 2008 онд нийт 57тн алт олборлож байсан ба энэ нь тухайн үедээ Хятад улсын нийт алт олборлотын 19-20% байсан юм. Мөн Zhaojin Mining гэж компани 2007 онд өөрийн мэдлийн орд газруудаас 20тн алт олборлож байсан.
Zijinshan Gold-Copper Mine-Цзыцзиньшань алт-зэсийн уурхай:
- Хятадын зүүн хойд хэсэгт орших Цзилинь мужын Цагаан уул (White Mountain) орд газрыг Sino Gold Mining Ltd компани 2008 оноос ил уурхай, овоолгон уусгалтын аргаар ашиглан алт олборлож байгаа. Баяжуулах үйлдвэр нь жилд 650 мянган тн хүдэр боловсруулаад 2тн алт авах хүчин чадалтай. Батлагдсан нөөц 3г/т агуулгатай 12,4 сая тн хүдэрт 37,3тн алттай , судлагдсан боломжит нөөц 3,7г/т агуулгатай 6,6 сая тн хүдэрт 24,9тн алт бий гэж тогтоосон.
- Канадын Southwestern Resources Corp компани Юньнань мужад 2002 оноос геологи хайгуулын судалгаа хийж карлинскийн төрлийн алтны орд газар Бокаг олж нээсэн.Орд газрын хүдрийн биет нь протерозойскийн галавын үед үүссэн шаварлаг шохойн чулуулгийн бүтэцтэй тус бүрдээ маш баян нөөцтэй 4 хэсгээс бүрдсэн. Тэдний нэг маш их нөөцтэй хүдрийн биетийг ил уурхайн аргаар олборлож байна. Гэвч 2007 оны геологи хайгуулын нарийвчилсан судалгаар алдаатай нөөц тогтоосон нь илэрч урьд нь тогтоосон 158тн алтны нөөц 15 тн болж буурсан байна.
Энэ бүхний дараа Канадын Southwestern Resources компани 2008 онд эхлүүлсэн төслөөсөө зугтан өөрийнхөө хувьцааны 90%-г Хятадын улсын мэдлийн Eastern China Geological Exploration and Mining Bureau for Nonferrous Metals компанид 9,4 сая доллараар худалдсан байна. Орд газрын худалдаж авсан компани цаашид геологи хайгуулын ажлыг өргөн хүрээн явуулан боломжит нөөцийг 500тн гэж тогтоосон. Өнөөдөр энэ төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа ид явагдаж байна.
-Хятадын дорнод хэсэг Ляонин, Шаньдун, Цзилинь (Гирин) мужуудад геологи хайгуулын судалгаа харьцангуй сайн хийгдсэн гэж үздэг. Энд Канадын Mundoro Mining Inc компани 2003 онд Даньдуны хагас арлуудын ойролцоо Ляонин мужын Маолинд (Maoling) алтны том ордод геологийн эрэл хайгуул судалгаа хийж эхэлсэн.
Энэ ордын хувьцааны 79% Канадын компаний мэдэлд, орон нутгийн удирдлагын мэдэлд 21% байдаг. Хүдрийн биет нь ан цавархаг шаварлаг элсэн чулуулгаас бүрдсэн ба сунаж тогтсон хэлбэртэй 350 метрийн гүнд байрладаг.
Орд газрыг ашиглах ТЭЗҮ-н хийгээд Канадын Golder Associates компани ашиглаж байна. Маолин орд газрын захын агуулга 0,5г/т ба 2008 онд батлагдсан нөөц 1г/т агуулгатай хүдэрт 87тн алт бий гэж тогтоосон. Тус орд газар геологийн судалгаагаар тогтоосон нөөц 0,8г/т агуулгатай хүдэрт 149тн алттай цаашид нэмэгдэх боломжит таамаг нөөц 0,8г/т агуулгатай хүдэрт 137тн металл алттай бүгд нийлээд 286тн алтны нөөцтэй гэж 2008 онд тогтоосон байна.
- Канадын Silk Road Resources Ltd компани Ганьсу мужын Лаэрма (Laerma) ордод геологийн судалгаа үйлдвэрлэлийн үнэлгээ хийсэн. Тэндээс 2006 онд шаварлаг ба тунамал чулуулгийн бүтэцтэй 1000м сунаж тогтсон хүдрийн биетийн судал олж тогтоосон байна. Хүдрийн биетийн зузаан хэдэн арван метр бөгөөд хөндлөн огтлолын талбай нь 97-115м хүрдэг, хүдрийн агуулга 1,18-2,4г/т, зарим хэсэгтээ 5,4-17,4г/т хүрдэг гэсэн.
- БНХАУ-н баруун хойд нутагт Цинхай мужын Дачанд(Dachang) карлинскийн төрлийн алтны ордыг Цинхайгын гоелоги хайгуулын институт ба Канад улсын Canada Inter-Citic Mineral компани хамтран 1990 онд нээж илрүүлсэн. 1996 оны урьдчилсан геологийн хайгуул судалгаагаар 80тн алттай гэж үнэлсэн. Гэвч 2002 онд геологи хайгуулын ажил хөрөнгө мөнгөний гачаалаас болж зогссон байна. 2006 онд тус орд газрын ашиглалтын лицензийг 26 жилээр Канадын Canada Inter-Citic Mineral компани авч геологи хайгуулын ажлыг үргэлжлүүлэн явуулж нөөцийг шинээр нэмэгдүүлэн тогтоосон байна. Ингээд геологи хайгуулын ажил маш эрчимтэй явагдаж 2007-2008 онд гэхэд л 78 мянган тууш метр өрмийн ажил хийгдэж байсан.
2009 оны 6-р сард тус орд газрын батлагдсан нөөц 3,3г/т агуулгатай 26,7 сая тн хүдэрт 89тн алттай гэж тогтоосон. Урьдчилан хийгдсэн хагас үйлдвэрлэлийн био уусгалтын туршилтаар металл авалт маш өндөр 96% хүрч байсан. Өнөөдөр тэнд төсөл хэрэгжүүлэх ажил явагдаж байна.
- Австралийн Tianshan Goldfields компани Шиньжян Уйгурын Автонмит БНУ-н нутагт Алтан уул (Gold Mountain )гэдэг орд газрын Йелманд (Yelmand), Цзиньси (Jinxi), Майитуоби (Mayituobi) и Лайон (Lion) хэсгүүдэд алтны нөөцийг тогтоох нэмэлт геологи хайгуул судалгааны ажил хийсэн. Судалгаагаар эдгээр хэсгүүдэд 0,9г/т агуулгатай 94,8 сая тн хүдэрт 82тн алт бий түүнээс 63тн алт нь захын бага агуулгатай 0,4г/т хүдэрт байна гэж тогтоосон. Урьдчилсан технологийн туршилтаар орд газрын Йелманд хэсгийн алтны металл авалт 79,8%, Цзиси хэсгийнх - 66,9% хүрч байсан. Тус орд газрыг ил уурхай ба овоолгон уусгах технологи ашиглан баяжуулхаар төлөвлөн 2009 онд ТЭЗҮ хийгдэж 2010 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн. Тус орд газраас жил бүр 2,4-3 тн алт авхаар төлөвлөн ажиллаж байна.
- Шиньжян Уйгурын Авт БНУ-н Савай яэр дун (Sawayaerdun) орд газар анх Канадын MajesticGold Corp компани геологи хайгуул судалгааны ажил хийж байгаад орхисны дараа Канадын GobiMin Inc (70%) компани мөн Хятад улсын Xinjiang Baodi Mining (15% , Brigade No.2 of Xinjiang Bureau of Geology and Mineral Resources (15%) компаниуд хамтран геологи хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж алтны нөөцийг шинээр тогтоосон. Орд газар нь эдийн засгийн болоод үйлдвэрлэлийн маш их ач холбогдолтой алт агуулсан нүүрс, элсэн чулуулгийн тогтоцтой. Орд газрын хүдрийн бүсийг аж үйлдвэрийн ач холбогдлоор нь 4 үндсэн хэсэгт хуваасан ба хамгийн их судлагдсан хэсэг бол 4-р хэсэг юм. Энэ хэсэгт хүдрийн биет нь хойд- хойд-зүүн гэсэн чиглэлд 4,5км сунаж, хойноос баруун тийш 70° уналттай тогтсон байдаг.
Батлагдсан нөөц 1,16г/т агуулгатай 18 сая тн хүдэрт 20,8тн алттай, боломжит нөөц 1,09% агуулгатай 24,4 сая тн хүдэр 26,5тн алттай нийт авч болох алт 93тн гэж тогтоосон. Чулуулгийн хугарлын бүсэд тогтсон хүдрийн биет нь тийм ч гүнд биш 500м доор оршдог. Энэ том ордын хувьд техник эдийн засаг, үйлдвэрлэлийн хувьд маш ашигтай 1-1,5км доош ухаад бараг анхны 1000тн хөрс хуулалтын дараа шууд хүдрийн биетэд хүрэх боломжтой маш их ирээдүйтэй орд юм. Узбекистаны Мурунтау, Гана улсын Ашанти, Оросын Нежданинское ордуудтай төстөй аж үйлдвэрийн ач холбогдол өндөртэй орд газарт тооцогддог.
Хятадын алтны хэрэглээ ба худалдан авалт:
БНХАУ-д өнөөдөр 8 алт цэвэршүүлэн хайлах үйлдвэр ажиллаж алтан гулдмай гаргаж байна. Тэдний 2 нь Heraeus Ltd. Hong Kong ба Metalor Technologies (Hong Kong) Ltd. компанууд Хонконгод ажилладаг ба зүүн өмнөд азийн бүх алтыг тэнд цэвэршүүлж байна. Хятадын хамгийн том зэс хайлуулах үйлдвэрүүд Цзянси мужад (Jiangxi Copper Company Ltd.), Юньнань мужад Юньнань (Yunnan Copper Industry Co Ltd.) үйлдвэрүүд юм. Мөн Хэнань мужын Сань-мынь-ся хотод бас нэг том зэс хайлуулах үйлдвэр Zhongyuan Gold Smelter of Zhongjin Gold Corporation ажилладаг. Энэ үйлдвэр нь Хятад улсын хамгийн том алт олборлогч компани Zijin Mining компанийн мэдэлд байдаг.
Үйлдвэрийн жилийн хүчин чадал 30тн цэвэр алт үйлдвэрлэх боломжтой.
БНХАУ алт олборлолтоороо дэлхийд тэргүүлж байгаа хэдий ч олборлосон бүх алтаа хөрш зэргэлдээ улс орнуудынхаа алттай хамт хайлуулан цэвэршүүлэх боломжой хүчин чадал өндөр хайлуулах үйлдвэрүүд тэнд ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг үсрэнгүй хөгжиж ард түмний амжиргаа эрс дээшилсэнтэй холбоотойгоор жилд 200-300тн алтыг уламжлалт гоёл чимэглэлийн зүйлд хэрэглэдэг. Жишээ нь 2008 онд 326,7тн алт мөн 2013 онд 724тн алтыг гоёл чимэглэлийн зүйл хийхэд зарцуулсан байдаг. Энэ салбарын эрэлт улс орны санхүү, эдийн засгийн хөгжил дэвшил, хүн амын амжиргааны түвшинтэй шууд холбоотойгоор хэлбэлздэг. БНХАУ-н эдийн засгийн өсөлт асар хурдацтай өсөж байгаа өнөө үед алтыг электрон техник болон бусад салбаруудад өргөн хүрээнд хэрэглэж алтны хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байгаа. Электрон техникийн салбарт гэхэд жилд дунджаар 15-18тн алт хэрэглэж байна.
- Тэд алт олборлож үйлдвэрлэхээс гадна маш ихээр худалдан авч байна. Жишээ нь гэхэд 2012 онд Хятад улс бараг 1000тн алт худалдан авсан гэж Thomson Reuters GFMS гэж металлын зөвлөх компани гаргасан байдаг. Хятад улс гоёл чимэглэл болон бусад зориулалтаар алт худалдан авалтаар Энэтхэг улсыг гүйцэж түрүүлэн дэлхийд тэргүүлж эхэлсэн. 2013 онд Хятадын алтны хэрэгцээ 32% нэмэгдэж 1189тн болсон. Харин Энэтхэг улсын алт худалдан авалт тэр үед 987,2тн байсан.
БНХАУ 2012онд зөвхөн Хонконгийн хөрөнгийн бирж, банкаар дамжуулан 834,5тн алт худалдаж авч байсан. Шар металл Хятадруу зөвхөн Хонконгийн банкаар дамжиж биш өөр бусад Сингапур, Макао дамжин орж ирдэг.
БНХАУ-н банк санхүүгийн байгууллагууд алтны валютын нөөцөө жил ирэх тусам нэмэгдүүлсээр байна. Жишээ нь 2004 онд 400тн алт худалдан авч байсан бол өнөөдөр жилд 1054тн алт худалдан авч байна. Хятад улс 2009 оны 9-р сард 403,3тн алт худалдан авах тухай Олон Улсын Валютийн Санг гайхашралд оруулсан мэдэгдэл хийж байсан.
Өнгөрсөн 2014 онд Хятад улс 973,6тн алт худалдаж авсан бол 2015 оны эхний хагас жилийн байдлаар 497,3тн алт худалдаж авсан тухай (World Gold Council) Дэлхийн Алтны Зөвлөлөөс мэдээлж байна. БНХАУ-н Үндэсний Банк 2015 оны 7-р сард анх удаа өөрийн улсын алтны нөөцийг 1658тн гэж мэдээлсэн. Хятадын алтны нөөц 2009 онд 1054тн байсан бол түүнээс хойш 5 жилийн хугацаанд 57% өссөн байна. Зөвхөн 2015 оны 7-сард гэхэд л 19 тн, 8-р сард 16,2тн алт худалдан авч алтны нөөцөө 1693,6тн хүргэсэн байна.
Энэ мэтээр Хятад улс алт худалдан авалтаа нэмэгдүүлэн санхүү, эдийн засгийн хүчин чадалтай болох төрийн бодлого явагдаж байна. Жил ирэх тусам алтны эрэлт нэмэгдэж байгаа нь гоёл чимэглэл бусад үйлдвэрлэлийн салбарт алтны хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбоотой хэдий ч дэлхийн улс орон бүр өөрийн алтны нөөцийн сангаа нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэлтэй байдаг.
Хятад улсын 2000-2013 оны алт олборлолт ба импортын мэдээ |
Нийт алтны нөөц (тонн) Жил бүрийн алт олборлолт ба худалдан авалт (тонн)
- Алтны нөөцөө нэмэгдүүлэх нь 1-р стратегийн ач холбогдолтой санхүү, эдийн засгийн хямралын эсрэг, валютийн ханш уналт, цэрэг дайны зориулалтанд ашиглах 2-р валютийн нөөцөө нэмэгдүүлэн юаны ханшийг тогтвортой барих зориулалттай.
БНХАУ-н улсын алтны экспорт жилд ойролцоогоор 20тн гэж үздэг ер нь улс төр, эдийн засгийн хувьд хаалттай улс орны хувьд хэд, хичнээн тонн алт худалдаж, худалдан авч байгаа мэдээлэл албан бус байдаг. Зөвхөн хөрш Монгол улсаас гэхэд л жил бүр 5тн алт хууль бусаар орж ирдэг гэсэн мэдээлэл байдаг. Харин Хятадууд алтны геологи хайгуулын ажлыг орчин үеийн техник технологийн өндөр түвшинд явуулж чадахгүй байгаа нэг сул тал бий. Уул уурхай, алт олборлолтын салбарт чөлөөт эдийн засгийн өөрчлөлт хийснээр гадны хөрөнгө оруулалт маш их орж ирсэнээр алтны нөөц, олборлолт цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа.
Дэлхийн Алтны Зөвлөлөөс (World Gold Council) 2011 онд гаргасан статистик судалгаагаар Хятад улс энэ хурдаараа алт олборлох юм бол дотоодын алтны нөөцөө 6-7 жилийн дараа олборлож дуусна гэж мэдээлсэн.
АНУ-н геологийн албанаас гаргасан мэдээлэлд 2011 он гэхэд Хятад улс өөрийнхөө бүх алтны нөөцийн 20% олборлоод байна гэж мэдэгдсэн.
Дэлхийд алтны нөөцөөр баян улсорнууд дотор Хятад улс 5-р байранд жагсаж байна:
-Өнөөдөр эдийн засгийн болон техник технологийн хувьд хүчин чадалтай болсон Хятад улс гадаад улс орнуудад алт хайх олборлох үйл ажиллагаанд илүү анхааран маш их хөрөнгө мөнгө зарцуулж байна. Хятадын төрийн мэдлийн China Gold Group болон Shandong Gold, Zijing Mining, Zhaojin Mining гэсэн том том компаниуд гадаад улс оронд алтны уурхай, орд газруудыг худалдаж авах үйл ажиллагааг идэвхитэй явуулж байна. Жишээ нь гэхэд 2012 оны 4-р сард Хятадын Zijin Mining Group Австралийн алт олборлодог Norton Gold Fields компанийн Paddington уурхайг 299 сая доллараар худалдаж авч байсан. Мөн 2011 онд Мельбурний ойролцоо орших A1 Minerals алтны уурхайг худалдаж авсан.
Зөвхөн Австрали биш дэлхийн өнцөг булан бүрт алтны уурхайд хөрөнгө оруулалт хийж байна. Америкийн Аляск мужад d’Alene Mines (CDE) алтны уурхайг China National Gold Corp Coeur худалдаж авсан, мөн Хятадын Stone Resources Limited компани Өмнөд Африкийн Gold One International компанийн хувцааны 17% -г 79 сая доллараар худалдаж аван хамтран ажиллаж эхэлсэн. 2012 он намраас Венесуэлын Лас-Кристинас уурхайг Хятадын China International Trust and Investment Corp компани засгийн газартай нь хамтран ашиглахаар гэрээ байгуулсан. Энэ орд газар нь алтнаас гадна зэсийн асар их нөөцтэй том орд газар юм. Энэ мэтээр Хятад улс гадаад улс орнуудад уул уурхайн үйл ажиллагаа явуулахад маш их хөрөнгө мөнгө зарцуулан идэвхтэй ажиллаж байна.
Ашигласан материал: http://www.mining-technology.com/, http://www.mining.com/http://goldenfront.ru/, http://www.gold.org/gold-mining, "Eurasian mining" журнал 2015 №1, “Алт” 2015
Уулын инженер баяжуулагч Д.Отгонбаатар.12.10.2016