Зургийг "Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд" ТББ-ын Facebook хуудаснаас
Өмнөх үг. Дуурь бүжгийн эрдмийн театрт “Үйлийн гурван толгой” үзэж суухнаа Юндэн үхэж, хайртыгаа алдсан Нансалмаа өөрийгөө егүүтгэж балет төгсөхөд гайхсан би хамт үзэж байсан найз хүүхнээсээ “Монгол эмэгтэй хар хүнээ алдлаа гээд амиа хорлох уу?” гэхэд тэрээр “Үгүй ш дээ, хүүхдээ чирээд л зүтгээд байна шүү дээ” гэж огт тээнэгэлзэлгүй хариулж билээ. Даяарчлал өрнөж, гадны соёл салаалан нэвчсэн өнөө үед ч Жульеттын төгсгөл Монгол бүсгүйн дүрд зохицсонгүй. Нансалмаа бол Жульетта биш ажээ.
Харин одоогийн Нансалмаа баян Балганг сонгох болов уу? Монгол эмэгтэйн хувьд гэр бүлийн аз жаргал гэж юу вэ? гэсэн асуултыг тээсээр явсан бидэнд МУИС санхүүгийн дэмжлэг үзүүлснээр Улаанбаатар, Өвөрхангай, Дорнод аймгийн гэр бүлтэй, 21-60 насны 20 хос-40 хүнтэй уулзаж ярилцсан юм. Аз жаргалын тухай эмэгтэйчүүдийн яриа тойрсон бодол, эргэцүүллээ уншигч та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
Аз жаргал гэж юу вэ? “Аз жаргалтай амьдралд хүн тэмүүлдэг. Хүн жаргахыг л хүсдэг” гэж Зигмунд Фрейд нэгэнтээ хэлсэн байдаг. Та хүмүүсээс “Аз жаргал гэж юу вэ?” гэж асуувал тэд голдуу ийм тийм зорилгодоо хүрвэл, энэ тэр хүслээ биелүүлвэл, ингэж тэгвэл жаргалтай байна гэж хариулна. Амьдралынхаа турш бид нэг л зүйлийг эрхэмлэн хүсч, нэг л зорилго өвөрлөдөг бол аз жаргалыг тодорхойлоход хялбар. Гэтэл хүний туйлын хүсэл, зорилго ганц хоёр зүйлээр хязгаарлагддаггүй, эргэх цагийн аясаар хувьсч, өөр хоорондоо зөрчилдөн байх буюу.
Залуу эмэгтэй баян сайхан залуутай амьдарч, эрхэлж хайрлан суухсан гэсэн хүсэлтэй байна бодьё. Гэвч хөрөнгө чинээгээ нэмэх гэж буй ихэнх залуус гэр орондоо байж, эрхэлж наадах цаг заваар хомс бол хөрөнгөтэй хөлтэй, эрхлүүлэх нэг нь залуу биш, сайхан биш байх жишээтэй. Тэгэхээр аз жаргал гэдэг ойлголт нь ээдрээтэй, А.Моруагийн хэлснээр хавар адил өнгө төрхөө өөрчлөн хувьсдаг тул түүнийг тодорхойлох амаргүй ажээ. Дэлхийн сонгодог философчдын энэ талаарх тэмдэглэлийг сонирхон сөхвөл, Аристотел аз жаргал гэдгийг хүмүүний сайн сайхан гэсэн бол Платон мөн хамгийн сайн сайхныг, хүссэндээ хүрэхийг аз жаргал гэнэ хэмээсэн байдаг.
Хэн, хаана жаргалтай вэ? Аз жаргал, сайн сайхны тухай асуудлыг олон оронд тухайлан судалсан байдаг. Хойд Америк болон Европын орнуудын эмэгтэйчүүд аз жаргалыг тухайн цаг үед хүрсэн зорьсон, хүссэн зүйлийнхээ биеллээс илүүтэй мэдэрдэг бол Азийн эмэгтэйчүүд, ялангуяа Япон, Солонгосын эмэгтэйчүүд аз жаргалыг богино биш, удаан хугацааны дараа, жаргал зовлон хосолсон амьдралын дүнд амтална хэмээн хүлээдэг. Күнзийн сургаалиар хүмүүжсэн Солонгос эмэгтэй эхлээд эцэг, дараа нь эр нөхөр, хүүдээ санаа тавих ёстой тул хадам эхийн хатуу аашийг тэвчиж, олон жилийн дараа буюу хүү нь эхнэр авсан цагт өөрийн хүссэн эрх мэдлийг “эдэлдэг” байна. Энэ мэдлийг хүүтэй ээж л мэдэрдэг гэж хэлж болно. 1993 онд Ивао Сумикогийн “Япон эмэгтэй” гэдэг номонд “япон эмэгтэйчүүдийн хувьд аз жаргал магадгүй одоо биш, бүр ойрын 5 жилдээ ч биш, харин удаан хугаацанд-хүн өөрөө хичээж зүтгэсний үр дүнд ирдэг” гэсэн байдаг.
Өнгөрсөн зууны Япон, Солонгост эхнэр хүн гадуур ажил хийвэл нөхрийн нэр төрд сэвтэй гэж үздэгээс эрэгтэйчүүд өрх гэрээ тэжээхээр зүтгэдэг, эмэгтэйчүүд нь гэр орны ажил хийж, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гол үүрэг хүлээдэг байжээ. 1990 онд хийгдсэн гэр бүлийн сайн сайхан амьдралын нөхцөл байдлын талаарх судалгаагаар Япон эмэгтэйд “санхүүгийн аюулгүй байдал” гурав дахь чухал зүйл байдаг бол Америкчууд үүнийг 11 дүгээрт тавьжээ. “Сексийн харилцаандаа үнэнч байх”-ыг Америк эмэгтэй хайр сэтгэлийн дараа буюу 2 дугаар чухал зүйл гэж үздэг бол Япон эмэгтэй үүнийг чухал таван зүйлдээ багтаасангүй. Энэ цөөн үзүүлэлтээр зөрчил ба сэтгэлийн хөдөлгөөнийг урьдал болголгүйгээр гэр бүлийн тогтвортой, тайван байдлыг хангадаг, санхүүгийн баталгааг чухалчилдаг азийн эмэгтэйчүүдийн таталбарыг харж болно.
Азийн олон орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад Монгол эмэгтэй илүү эрх чөлөөтэй байсан хэдий ч хатуу тэвчээрээрээ Япон, Солонгос эмэгтэйчүүдээс дутуугүй, зарим талаар илүү байсан гэж хэлж болно. Малчин монгол эр, өрхийн амьдралын эх үүсвэр болсон мал ахуйгаа хариулах, түүнээс гарах ашиг шим боловсруулахад бараг оролцдоггүй байв. Үүнийг эмэгтэйчүүд, хүүхдүүд гүйцэтгэнэ. Монгол эмэгтэй гэр орны ажлаа амжуулж, хүүхдээ өсгөнө. Харин эр нөхөр нь дээлийнхээ өнгийг цайртал айлаар хэсч айраг эргүүлж, даалуу наадаж ирэх нь тохиолдлын төдий зүйл биш байв. Харин тэд сална сарнина даа тулдаггүй байсан нь ганц хүн айл болдоггүй, эр хүн-өрх гэрийн сүлд, түшиг тулгуур гэсэн монголчуудын итгэл, үнэмшилтэй холбоотой болов уу. Кембриджийн их сургуулийн эрдэмтэн Хампрейн дүгнэснээр “монгол эр хүн эхнэр хүнгүйгээр амьдарч чаддаггүй” байлаа. Социализмаас өмнө үеийн Монголд эр хүн айл гэрийн туг нь, сүлд нь болохоос эхнэр хүүхдийнхээ хоолыг залгуулах гэж дээлийнхээ өнгийг гандтал гадуур ажилладаг нэгэн байсангүй. Гэхдээ монгол эмэгтэй нөхрийгөө өрхийн тэргүүн хэмээн дээдэлдэг байлаа.
Энэ асуудал хотжилт, үйлдвэржилт, боловсролын хөгжил, мэдээллийн технолог, төлөвлөгөөтэй, төлөвлөгөөгүй эдийн засгийн хөгжлийн эрчмээр, мөн нийгмийн сэтгэхүйн өөрчлөлт, ялангуяа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн тунхаглалаар нэлээд өөрчлөгджээ. Өнөө үеийн монгол бүсгүйчүүд гэр бүлдээ хэдийд жаргалтай байдаг юм бол?
Орчин цагийн Монгол эмэгтэйчүүд гэр бүлийн аз жаргалын тухай. Хамгийн сүүлийн үеийн буюу 2015 оны судалгааны тайлангаар дэлхийн 158 улсыг аз жаргалын үзүүлэлтээр эрэмбэлэхэд Япон 46-р байр, Өмнөд Солонгос 47, Монгол улс 100-д жагсжээ. Аз жаргалын багц үзүүлэлтэд амьдрах дундаж наслалт болон нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт нэлээд жин дардаг тул Япон, Солонгос улсууд дээгүүр байр эзэлсэн байна. Гэхдээ өгөөмөр байдлын үзүүлэлтээрээ Монгол дээрх хоёр орноос илүү байв.
Бид судалгаанд оролцогсдод “Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?” гэсэн энгийн асуулт тавьсан юм. Судалгаанд хамрагдсан хорин эмэгтэйн 7 нь эрүүл, өвчин зовлонгүй байх, 8 нь элэг бүтэн, 5 нь бүгдээрээ хамтдаа байхыг, бас хүүхэдтэй, эвтэй найртай байхыг аз жаргал гэнэ гэжээ. Тэд “эрүүл энх, элэг бүтэн, бүгдэээрээ хамтдаа байвал бусад нь болж бүтнэ” гэж үзэцгээсэн байв. 53 настай эмэгтэй “Би өөрийгөө аз жаргалтай гэнэ дээ. Хүүхдүүдээ өсгөөд хүмүүжүүлчихсэн, муухан айлыг бодвол зовлонтой биш. Хоёр биенээ хараад инээхдээ инээгээд явж л байна даа” гэж өгүүлсэн юм.
Судалгаанд оролцогсдыг төрсөн оноор нь 1980 оноос өмнө ба хойно төрсөн гэж хоёр ангилвал, 1980 оноос өмнө төрсөн эмэгтэйчүүд эвтэй найртай, амгалан тайван, хэрүүл шуугиангүй, ажил төрөлтэй байхыг аз жаргалын ойлголтод нэмж дурдсан байна. Монгол эмэгтэйчүүдийн бодлоор аз жаргал гэдэг нь ...
1980 оноос өмнө төрсөн | 1980 оноос хойш төрсөн |
Эрүүл, өвчин зовлонгүй, элэг бүтэн, хамтдаа байхын зэрэгцээ эвтэй найртай, амгалан тайван, хэрүүл шуугиангүй, ажил төрөлтэй, дутагдах зүйлгүй, үр хүүхдүүд нь сайхан амьдралтай байх | Эрүүл, өвчин зовлонгүй, элэг бүтэн, үр хүүхэдтэй, гэр бүлээрээ хамтдаа байх |
Гэр бүлийн амьдралын арвин туршлага дунд насны эмэгтэйчүүдийн аз жаргалын тухай ойлголтод нөлөөлсөн нь дамжиггүй. Социализмаас хөрөнгөт нийгэмд шилжих үедолон эерэг өөрчлөлт гарсан хэдий ч ажилгүйдэл бий болж, архидалт ихэссэн, өөртөө болон бусдад итгэх итгэл алдарч, хамт олны тогтолцоо нуран унасан гэх мэт сөрөг үзэгдлүүд энэ насны эмэгтэйчүүдийн амьдралд нөлөөлж, хэрүүл шуугиан нэмсэн юм. Эр нөхрийнхөө эзгүйд малчин монгол эмэгтэй цас, шуурга сөрж, мал хөрөнгөө хамгаалаад гардагийн адилаар зах зээлийн шуурганд ч эмэгтэйчүүд үл сөхрөн, гэр бүлийн амьдралынхаа төлөө тэмцсээр байв. Эрээн хотод том том баглаатай бараа зөөж буй монголчуудын ихэнх нь яагаад эмэгтэйүүд байдгийг лавлахад мөнгө өвөрлөн бараа дарахаар явсан эр нөхрүүд бараа ч үгүй, мөнгө ч үгүй ирдгийнх гэлээ. Ийм гэр бүлд эрчүүд гэрээ сахиж хүүхдээ харж, эмэгтэйчүүд “бяраа” шалгаж, гэрээ тэжээдэг байна.
43 настай нэг эмэгтэй “өөрийгөө аз жаргалгүй гэж хэлэхгүй ээ. Жоохон зөрчил маргаантай асуудлаас бусдаар бол аз жаргалтай. Өвчин зовлонгүй бол аз жаргалтай байна л гэсэн үг дээ... Олон жил хамт амьдарч байна. Аз жаргалтай сайхан гэр бүлүүдтэй харьцуулахад 100 хувь сэтгэл хангалуун гэж хэлэхгүй. Манай нөхөр дайчин биш, өөрөө шийдвэр гаргах тал дээр учир дутагдалтай учраас би өөрөө амьдрал дээр бүх юмаа заагаад л зураад л тэг ингэ гээд явдаг. Намайг аваад явдаг, удирдаад шийддэг хүн байдаг бол гэж хааяа боддог” гэжээ.
Дунд насны эмэгтэйчүүдийн аз жаргалын ойлголтод амар тайван, хэрүүл шуугиангүй, ажил төрөлтэй, дутагдах зүйлгүй амьдрал багтсан нь ийм учиртай. Харин эрчүүдийн ихэнх нь нас үл харгалзан гэртээ сэтгэл тайван, элэг бүтэн амьдрахыг аз жаргалд тооцжээ.
2013 онд үндэсний хэмжээнд явуулсан “Гэр бүлийн үнэ цэнэ” хэлэлцүүлэг, судалгаанд оролцсон 600 орчим эмэгтэйчүүдийн 78.2% нь нөхрөөсөө архи бага уухыг, 72.4% нь илүү их мөнгө олохыг, 71.6% нь гэрийн ажилд туслахыг хүсдэг бол эрэгтэйчүүдийн тал хувь нь эхнэрээсээ бага гомдохыг, бас найз нөхдийг нь хүлээн авахыг хүссэн байдаг юм.
Хар тамхи дэлгэрүүлж, архинд уусгаж улс үндэстнийг номгочилдог аргын талаар олон улсын түүх өгүүлдэг. Монгол эр хүн архинд донтох нь зөвхөн түүний төдийгүй эр хүний нөмөр нөөлөгт буй эмэгтэйүүд, хүүхдүүдийн эрүүл мэнд, хэвийн амгалан амьдрал, цаашилбал улс орны эдийн засаг, аюулгүй байдал ганхахад нөлөөлдөг. Монгол эмэгтэйчүүд эр нөхрөөсөө архи бага ууж, гэр бүлийнхээ аз жаргалыг өрхийн тэргүүн шиг удирдаж босгоосой гэж хүсдэг байна. Гэхдээ энэ боломжийг хүндлэл, тэвчээр, ур ухаанаа зарж эр хүндээ олгохоос өмнө гэр бүлийнхээ эдийн засгийн болон сэтгэл санааны “ган зуд”-ын эсрэг өөрсдөө босон суун тэмцсээр, цуцахдаа уурлаж бухимддаг ажээ.
Бидний хийсэн өөр судалгааны дүнгээр нөхөргүй залуу эмэгтэйчүүд амьдралын төлөө боломжоороо хичээж ажилладаг хүнтэй суух хүсэлтэй гэсэн юм. Одоогийн эмэгтэйчүүд мөнгөтэй хүн л хайдаг гэсэн нь үгүй байлаа. Энэ нь монгол эмэгтэйн нийтлэг шинж биш. Тэд уг угшлаараа зүтгэгчид тул “баян Балган” хайсангүй ээ. Тэд сэтгэлийн жаргалыг аз жаргал гэнэ.
Төгсгөлийн үг. Монгол эмэгтэй эрүүл энх, элэг бүтэн, үр хүүхэдтэй, эвтэй найртай хамтдаа байхыг гэр бүлийн аз жаргал гэж үзэж байна. Баян тансагийг тэр жаргал гэсэнгүй. Тэр үүрэндээ хоол зөөхийг хүлээдэг шувуухай байсангүй. Тэр эр нөхрийнхөө даль жигүүрийн дэлгэлтэнд, түүний нөмөр нөөлөгт, үр хүүхдийнхээ инээдээр жаргадаг нэгэн ажээ.
Данзангийн Нарантуяа
Болдбаатарын Мягмарсүрэн
МУИС, эдийн засгийн тэнхим