Америкийн алдарт “Playboy” сэтгүүлийн 1963 оны аравдугаар сарын дугаарт хэвлэгдсэн Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру(1889-1964)-гийн доорх яриа ихээхэн дуулиан шуугиан дагуулсан, түүхтэй ярилцлага юм. Вашингтон дахь Энэтхэгийн Элчин сайдын яамнаас албан ёсоор мэдэгдэл гаргаж, Ж.Неруг ийм ярилцлага өгөөгүй хэмээсэн бол “Playboy” сэтгүүлд ярилцлагыг нь “нийтлүүлсэн” сэтгүүлчээс Энэтхэгийн нэрт удирдагчтай үнэхээр нүүр тулан уулзсан, үгүйг нь тодруулах гэсэн боловч холбогдож чадалгүй хэдэн оныг үджээ.
Харин Ж.Неруг өөд болсны дараа хэргийн учир олдож, мөнөөх сэтгүүлч Ж.Неругийн урьд өмнө өгч байсан хэд хэдэн ярилцлага болоод тэмдэглэл, илтгэл зэргээс нь ийм нэгэн ярилцлага “бүтээсэн”-ээ хүлээсэн байна. Энэтхэгийн албаны хүмүүс тусгаар тогтнолынх нь эцэг болох Ж.Неру шиг нэр хүндтэй хүнийг хагас нүцгэн эмэгтэйчүүдийн зураг нийтэлдэг сэтгүүлд ярилцлага өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүйдээ гомдол, санал гаргасан гэдэг яриа ч байдаг.
Юутай ч бидний товчлон хүргэж буй уг ярилцлагыг “Playboy” сэтгүүлийн редакц сурвалжлагч, зочин хоёрын нүүр тулсан илэн далангүй яриа биш болохыг зөвшөөрсөн гэлээ ч Ж.Неругийн барууны хэвлэлд өгсөн хамгийн дэлгэрэнгүй, томоохон ярилцлагын хувьд түүний үг, үзэл санааг хэвлэлд үлдээсэн чухал баримт хэмээн байр сууриа хамгаалж иржээ. Энэтхэгт ч уг яриаг цахим болон хэвлэмэл хэлбэрээр дахин нийтэлсэн нь олонтаа.
- Та Энэтхэгийн Ерөнхий сайдаар 16 жил ажиллах хугацаандаа өөрийгөө болоод улс орноо хүйтэн дайны зөрчил тэмцлээс ангид байлгаж ирсэн. Аль нэгэн хүчинтэй эвсэхгүй байх бодлоготой хүний хувиар та өнөө цагийн дэлхий дахины улс төрийн чиг хандлагын талаар юу хэлэх вэ?
- Цөмийн бөмбөг, цөмийн эрчим хүч манай эрний гол илэрхийлэл болжээ. Хүн төрөлхтний бодол санаанд ч мөнөөхөн бэлгэдэл нь нөлөөлөөд эхэлчихэж. Үүнээс үүдэн би одоогийн дэлхий ертөнцөд айдас хүйдэс ноёрхох болжээ гэж дүгнэх гээд байна. Хүн бүр ямар нэгэн зүйлээс, улс орон болгон л өөр нэг улсаас айж эмээдэг болж. Дэлхий нийтээрээ л ямар нэг тодорхойгүй зүйлд хүчгүйдэн хүлэгдэж байх шиг санагдах юм. Гэтэл эрх мэдэлтэй, хариуцлагатай ажил эрхэлдэг хүмүүс өдөр хоног ирэх бүрт өшөө хорсол, эсэргүүцэл тэмцлийн тухай ярих болсон нь тоогүй.
Тэд аюулгүй байдлын талаар ярих атлаа амгалан тайван байдлыг бүр мөсөн үгүй хийх гэнэ. Энх тайвны талаар ухуулах хэрнээ дайсагнасан бодлогоо цаг ямагт хамгаална. Одоогийн дэлхий дахины улс төр гэж нэг иймэрхүү л дүр зурагтай байна даа.
-Өөрт тань хамгийн ихээр нөлөөлсөн хоёр хүнээр та Махатма Ганди, аав хоёроо нэрлэж байсан. М.Гандигийн үзэл бодол чухам юугаараа таны сэтгэлд хүрсэн юм бэ?
-Энэтхэгийн нийгэм, улс төрд Махатма Гандигийн гэнэт тодорч ирсэн үзэгдлийг их тэсрэлттэй зүйрлэж болох юм. Тэр өмнө нь Өмнөд Африк дахь ажлаараа танигдаж, нэр хүнд олоод байсан ч зөвхөн Энэтхэгийн асуудлыг дангаар нь эрхэлж байгаагүй. Харин тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнийг тэргүүлэх болсноор Энэтхэг нутагт гайхамшгийг бүтээсэн. Түүний дэлгэрүүлсэн үзлээс юунаас ч битгий ай гэсэн санаа нь энгийн бөгөөд хамгийн чухал нь юм. Бид юм бүхнээс айдаг байлаа шүү дээ.
Гэтэл тэр “Битгий ай. Юунаас айж эмээсэн юм бэ? Өөрсдийнхөө төлөө тэмцлээ гээд юу ч алдахгүй шүү дээ” гэж ухуулах болсон. Ганди бидний улс төрийн айдас, эмзэглэлийн талаар ярьж байсан нь тодорхой. Бид Британийн Засгийн газарт таалагдахгүй зүйл хийлээ гэхэд хатуу шийтгүүлдэг байлаа. Шорон гянданд орж, бүр амиа алдах ч энүүхэнд байсан.
Тийм байхад юунаас ч битгий ай гэсэн нь бүх ардыг зоригжуулсан хэрэг.
-Махатма Гандигийн өөр нэг чухал үзэл нь хүч хэрэглэхгүй байх. Энэ хандлага одоогийн олон улсын дипломат харилцаанд хэр үр өгөөжтэй вэ?
-Би үүнийг шилдэг, шалгарсан арга гэж хэлэхгүй ээ. Зохион байгуулалттай хүчирхийлэл, гэмт хэргийн өмнө бид гар хумхин сууж болохгүй шүү дээ. Гандигийн хүч хэрэглэж болохгүй гэсэн санааны цөм нь угтаа аливаа бүхнийг эрүүл ухаанаар тунгаах юм. Улс орнууд бие биеэ цус хурсан нүдээр харах болсон тухай тэр нэг удаа ярьж байсан. Түүнийг нь би үргэлж санахыг хичээдэг.
Ганди бас нэгэн чухал зүйлийг бидэнд үлгэрлэж харуулсан. Хүч нөлөө, эрх мэдэл хэдий чухал ч алсын хараа, мэргэн ухаан түүнээс ч чухал гэдгийг, билиг ухаангүй эрх мэдэл юу ч биш болохыг тэр бидэнд сургамжилсан.
-Та НҮБ-ыг олонтаа шүүмжилж байсан. Тухайлбал, Солонгосын дайны асуудлаар уг байгууллагыг ихэд эсэргүүцсэн байр суурьтай байсан санагдана.
-Алдаа мадаг гаргадаггүй хүн гэж байхгүй. Түүний адил ямар нэгэн байгууллага, хувь хүн, эсвэл аль нэг улс орон бүгдээс дээгүүр эрх эдлэх ёстой гэсэн хандлагыг би ямагт эсэргүүцнэ. Гэхдээ алдаа дутагдал олонтой ч би НҮБ-ыг одоогийн дэлхий дахинд тун хэрэгтэй гэж боддог. Хэрэв ийм байгууллага байхгүй бол олон улсын найрамдалт харилцаа гээч зүйлд итгэж найдах аргагүй болно шүү дээ.
-Ардчилсан тогтолцооны гол алдаа дутагдал нь юундаа байна вэ?
-Ардчилал зөвхөн одоо цагийн сайн сайхныг л чухалчилдаг. Бас ард түмний олонх нь үргэлж зөв шийдвэр гаргадаг гэдэгт хөдөлбөргүй итгэхийг шаарддаг. Энэ хоёр онцлогийг нь би ардчиллын дутагдал гэж үздэг юм. Хэдийгээр бусад тогтолцоог бодвол хувь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх тулгуур үзэлтэй ч ардчилсан тогтолцооны уг үндсийг сайтар ухахгүй бол эмх замбараагүй, ойлгомжгүй байдал үүсэх эрсдэлтэй.
-Та үүрэг хариуцлагадаа хэр нухацтай ханддаг хүн бэ?
-Би бол энгийн нэгэн үнэний эрэлч. Зам мөрөө олохоор одоо ч зүдэрч, чармайж байгаа жирийн нэг хүн. Аливаа зүйлд хүрэх нь бус, тийш тэмүүлж буй үйл явц л чухал юм даа.
-Та нэг насаараа улс орныхоо төлөө зүтгэж, төрийн алба хашин, олон улсад нэр хүндтэй болжээ. Энэ бүхнээс хамгийн хүндтэй алдар гавьяагаа нэрлэнэ үү гэвэл та алийг сонгох вэ?
-Ард түмний минь хайр, хүндэтгэл л энэ насны маань хамгийн үнэтэй бэлэг юм. Хүнд ер нь үүнээс эрхэм зүйл бий гэж үү? Би олон жилийн өмнө Жорж Бернард Шоугийн нэг өгүүллийг уншсанаа одоо ч тод санадаг. Тэнд хүний амьдралын баяр баясгалан бол өөртөө хүлээн зөвшөөрөгдөх, өөрийн чадал, ухааныг таньж мэдсэнийхээ хэрээр бусдад үйлчлэх гэж бичсэн байсан.
Амьдралын минь ганц зорилго бол эцсээ хүртэл, чадах чинээгээрээ ажиллаж, хөдөлмөрлөх л юм.
-Та түүхийн олон ном бичсэн хүн. Түүх сонирхон судлахаас гадна эрин цагийнхаа тун сонирхолтой үе мөчлөгийг биеэр туулсны хувьд хүн төрөлхтний сэтгэхүй болоод эд материалд хандах хандлага хэрхэн өөрчлөгдөж байна гэж боддог вэ?
-Оюун санааны хувьд ч, хүний ёс талаасаа ч бүх улсад хүний чанар хувирч, алдагдаж байгаа нь харамсалтай санагддаг. Хүн гэдэг амьтан аливааг шүүн тунгаахдаа улам л харалган болж үг, үйлдэл нь ч зэрлэгшиж байх шиг. Гэхдээ би хүн төрөлхтөн тэр чигтээ уруудан доройтож байна гэсэн гутранги бодолтой байгаа юм биш шүү. Ердөө л цаг үеэ дагаад их олон зүйл өмнөхөө бодвол ярвигтай болсныг хэлж байна.
Хүний мөс, нинжин сэтгэл хэзээд хувирч өөрчлөгдөхгүй. Үүнд итгэлтэй байж болно. Гагцхүү хорвоо дэлхийн гаж буруу, дутуу бүхнийг анагаах ерөндөгийг олох л бэрх юм даа. Магад үзэгдэл, юмсыг ойлгож ухамсарлах нь бидэнд заяасан ганц “эм” ч байж мэднэ.