Монголын боулинг сонирхогчдын холбоо, нийгмийн хариуцлагыг амжилттай хэрэгжүүлэгч “МCS- Coca Cola” ХХК-тай хамтарч, 2010 оноос “Coca Cola Zero Bowling Championship” тэмцээнийг зохион байгуулж ирсэн билээ. Сар бүр, салбар бүрийн шилдгүүдийг тодруулдаг тус тэмцээнээс шалгарсан 10 гаруй салбарын 20 шахам багийн шигшээ тоглолт өнгөрсөн бямба гаригт тун өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Салбартаа өнгөлдөг ч финалын шатанд амжилт үзүүлж байгаагүй хоёр шинэ баг энэ удаа аваргын төлөө өрсөлдөж, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-ний баг хамт олон анх удаа түрүүлж, өргөмжлөл, мөнгөн шагнал, цом, алтан медалийн хамт хүртсэн байна. “IT Zone”-ын баг мөн анх удаа мөнгөн медалийн эзэн боллоо. Түүнчлэн долоон жилийн түүхтэй тэмцээнд бүгдэд нь оролцсон Санхүү эдийн засгийн их сургуулийн баг өнгөрсөн жил анх удаа мөнгөн медаль хүртсэн бол өнөө жил хүрэл медалийг энгэртээ гялалзууллаа.
Сонирхуулахад, тэмцээний шилдэг тоглогчоор 245 оноо авсан Санхүү эдийн засгийн их сургуулийн тамирчин, сагсны ОУХМ Б.Пүрэвдорж тодорлоо. Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс хувийн оноогоор 300 оноо авсан тамирчинд 10 сая төгрөг амласан ч өнгөрсөн долоон жилийн хугацаанд ийм амжилт үзүүлсэн тамирчин тодроогүй. Харин Б.Пүрэвдорж дээрх амжилтаараа тус тэмцээний дээд амжилтыг тогтоосон юм.
Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь гадаадын Элчин сайдын яамдын баг тэр дундаа Элчин сайд нар, дипломат ажилтнууд хүч сорьсон явдал байлаа. Мөн Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга асан, хошууч генерал Б.Баярмагнай холбоогоо төлөөлж оролцжээ.
Тус тэмцээн нь боулинг сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээн болсон төдийгүй брэнд болон хөгжсөн бөгөөд өнгөрсөн хугацаанд давтагдсан тоогоор 4000 гаруй тамирчин оролцсон юм. Сонирхуулахад, тус тэмцээний эхний найман баг ”City Cup 2016” тэмцээний эхний найман багийн хамт “Холбооны цом 2016” тэмцээнд хүч сорино. Тустэмцээн ирэх оны хоёрдугаар сард болох аж.