"Монгол HD" телевизээс хоёр дахь жилдээ зохион байгуулсан "Авьяаслаг монголчууд" шоу ирэх жил дахиж зохиогдохгүй. Зохион байгуулагчдын зүгээс санхүүгийн хямралаас шалтгаалж, энэ шоуг дахин хийхгүйгээр төлөвлөж байгаа бололтой. Анхны шоу тун амжилттай болж, монголчуудад телевизийн жинхэнэ шоу гэж юу болохыг зааж, сургасан. Гадны зөвлөхүүдтэй болоод ч тэр үү, манай улсад телевизийн урлагийн "хичээл" заасан гэж хэлж болно. Тэгвэл хоёр дахь шоугаараа монголчууд ч бас дэлхийд өрсөлдөх авьяастантай гэдгээ албан ёсоор зарлав. Энэ шоунаас л дэлхийн хүмүүс МОНГОЛ хэмээх улс байдгийг, С.Шижирбат, О.Энх-Эрдэнэ нарынхаа ачаар энэ улсад авьяастай залуус, чадварлаг дуучин байдгийг мэдрүүлсэн. С.Шижирбатын бүтээлийг дэлхийн хэдэн сая хүн үзэж, түүний бичлэг цахим ертөнцөд бараг 100 гаруй сая удаа тоглогдсон бол О.Энх-Эрдэнийн дууг АНУ-ын радиогоор америк сонсогчид сонсож, урлагийн томоохон цахим сайтад нь магтсан өнгө аястай мэдээлэл нэг бус удаа түгсэн юм. Тийм ээ, Монголчууд авьяастай.
Харамсалтай нь, энэ шоуг бид дахин үзэхгүй бололтой. Энэ талаар тус шоуны хөтлөгч Г.Анхбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ.