Хүүхэлдэйн театрын залуу уран бүтээлч Ц.Цэрэндоржийг “Ням гариг”-ийн зочноор урьж ярилцлаа. “Хүүхдийн гэнэн цагаахан инээд, чин сэтгэлийн алга ташилт надад эрч хүч, урам хайрладаг” хэмээн ярьсан тэрбээр их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Монгол ардын суут” драмын жүжгийн гол дүрд тоглосон юм.
Ихэвчлэн үндэсний болон дэлхийн сонгодог хүүхдийн зохиолын гол дүрд тоглон бяцхан үзэгчидтэй уулзаж, үлгэрийн шидэт ертөнцөөр аялуулдаг түүний хувьд драмын жүжгийн дүр бүтээх нь томоохон сорилт байсан ч үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Тус театрын ахмад уран бүтээлч Д.Батмөнх “Цэрэндорж их сэргэлэн, адтай хүү. Чадахгүй зүйл үгүй. Манай театрын урдаа барьдаг уран бүтээлчдийн нэг. Хүүхэлдэйн урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа, бидний үйл хэргийг залгамжлах авьяастай жүжигчин гэж боддог” хэмээсэн юм.
-Их зохиолчийн амьдралаас сэдэвлэсэн “Монгол ардын суут”, “Жаргаагүй нар”, “Чулуудын хүүрнэл” жүжиг өнгөрсөн сард үзэгчдийн хүртээл болж, нийслэлчүүд бид орчин цагийн гурван ч Д.Нацагдоржтой уулзлаа. Үүний нэг нь та. Энэ жүжгийн гол дүрд тоглох боломж хэрхэн олдсон талаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо.
-Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, төр, нийгмийн зүтгэлтэн, ховор, түүхэн хүний дүрд тоглох боломж хүн бүрт олддоггүй учраас өөрийгөө их азтай гэж боддог. Жүжгийн зохиолч, найруулагч болон театрын уран бүтээлчид зөвлөлдөж байгаад намайг сонгосон юм билээ. Чухам ямар шалгуураар “шигшсэнийг” мэдэхгүй.
-Санал тавихад нь хэрхэн хүлээж авсан бэ.“Чадах болов уу” гэж бэргэж, өөрийгөө голж байв уу. Эсвэл өөртөө итгэлтэй байсан уу?
-Анх маш их баярлаж хүлээж авсан ч нөгөөтэйгүүр эмээж байлаа. Их үүрэг хариуцлага оноож байгаа мэт санагдсан учраас надад итгэж энэ гайхалтай дүрийг оноосон эрхэм хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд өөрийгөө 100 хувь дайчилж, чадлынхаа хэрээр хичээсэн.
Бид Д.Нацагдорж зохиолчийн шүлэг, зохиолыг сайн мэддэг хэрнээ ямар зан араншинтай, амьдралдаа юу үзэж туулсныг нь тэр бүр мэддэггүй. Би ч тийм л байсан. Харин “Монгол ардын суут” жүжиг надад түүний ертөнцөөр аялах, таньж мэдэх боломж олгосон. “Нацагдорж гэж чухам хэн бэ” гэдгийг мэдэхийн тулд чамгүй судалсан.
Ш.Гүрбазар, П.Батхуяг нар зохиолыг нь бичсэн “Жаргаагүй нар”, “Чулуудын хүүрнэл” жүжгийг үзсэн. Эх орноо гэсэн чин сэтгэлтэй, аливааг бодож тунгаадаг сэхээтнүүдэд бид энэ жүжгээ зориулсан. Жүжгийн тасалбар дээр ч “Хэнээтнүүдэд биш, сэхээтнүүдэд зориулав” гэж бичсэн байдаг.
-Жүжгийн нээлт болохоос өмнөхөн гэнэт бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн ч “Үхсэнч гомдолгүй” гэж гарын үсэг зурчихаад тайзан дээр гарсан гэж дуулсан. Үнэн үү.
Энэ дүр амь наснаас ч үнэ цэнэтэй байсан гэж үү. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?
-Бид уг жүжгээ хоёр сар гаруйн хугацаанд дэглэсэн. Хэт их ачаалалтай, байнгын бэлтгэл сургуулилалт хийснээс болсон уу, жүжгийн нээлт болохын өмнөх оройноос бие тавгүйрхэж, өглөө нь эмнэлэгт хүргэгдсэн. Эмч үзээд “Олгой нь хагарах дөхсөн байна. Яаралтай хагалгаанд ор” гэлээ. Тоглолтын бүх тасалбараа борлуулаад, урилгаа тараачихсан байсан учраас яаж ийгээд тайзан дээр гарах хэрэгтэй гэж бодсон.
Хамт олон маань “шок”-нд орсон. Тэд “Бие нь сайнгүй байхад тайзан дээр гарвал дэмий” гээд эсэргүүцэж байсан ч би зөрсөөр байгаад л тоглосон доо. Багш маань надад “Урлагийн хүн амьдралд нь ямар ч зовлон бэрхшээл, гунигтай зүйл тохиолдсон тайзан дээр юу ч болоогүй юм шиг үүргээ гүйцэтгэх ёстой” гэж хэлдэг байсан юм.
Тийм ч учраас надад итгэж дүр оноосон хүмүүс, жүжиг үзэхээр догдлон хүлээж буй үзэгчдээ бодоод ийм шийдвэр гаргасан. Өвчин намдаах тарианы ачаар жүжгийнхээ нээлтийг амжилттай дуусгасан ч орой нь хагалгаанд орсон.
Өглөө нь “Чухал тоглолттой учраас хагалгаанаас татгалзаж байна. Ямар нэгэн зүйл болбол гомдолгүй” гэж өргөдөл бичиж өгчихөөд явсан хүн орой хагалгааны орон дээр хэвтсэн дээ.
-Хэрэв танд их зохиолчийн амьдарч асан он жилүүдээс аль нэг мөчийг сонгож, түүний амьдралаар түрхэн зуур аялах боломж олговол хэдий үед очиж, юу
мэдэхийг хүсэх вэ. Энэ боломж дүрийн судалгаанд хэрхэн нөлөөлөх байсан бол?
-Ямар сайхан боломж байх бол. Эгэл жирийн амьдралаар өсөж торниж буй хүүхэд ахуй үеийг нь сонгох байсан болов уу. Мөн юу ч бичиж, сараачаагүй цагаахан цаас адил залуу байхдаа анхны гэргий Д.Пагмадуламтайгаа хэрхэн учирсныг нь хармаар байна. Түүний дүрд тоглохын тулд чамгүй судалсан.
С.Лочин тэргүүтэй эрдэмтэн судлаачидтай очиж уулзан, театрынхнаасаа ч зөвлөгөө авсан. Дүрийн судалгаа хийж байхад энэ хүний туулсан зовлон минийхтэй төстэй юм шиг сэтгэгдэл төрсөн удаатай. Д.Нацагдорж тухайн цаг үе, нийгмийнхээ гэрэлтүүлэгч од нь байсан хэдий ч эсэргүүн хэмээн хэлмэгдэж, 165 хоног гянданд хоригдож байсан түүх байдаг.
Нуулгүй хэлэхэд, би ч хилс хэргээр “хэцүү нэрт”-д орж байсан. Магадгүй миний амьдралд тохиосон тэр хар бараан явдал түүнийг чин сэтгэлээсээ мэдрэхэд нөлөөлсөн байж ч мэднэ.
-Чухам юу болсон юм бэ. Тэр үед юу бодогдож байв?
-Тэр талаар ярьж болох, эсэхийг мэдэхгүй байна. Ямартай ч жирийн үед олж хараагүй зүйлсийг тэнд байхдаа хэчнээн үнэ цэнэтэй, сайхан болохыг нь мэдэрсэн.
Эрүүл энх, элэг бүтэн халуун ам бүлээрээ тойрч суугаад хооллох, аав, ээжийнхээ инээхийг харах, хэн нэгний шахалт дарамтгүйгээр дураараа сууж босох эрх чөлөөтэй байна гэдэг ямар их үнэ цэнэтэйг мэдэрч, ухаарсан. Цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлж, хайртай хүмүүсээ бүү гомдоогоорой гэж залуустаа захимаар байна.
-Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан нэгэн ярилцлагадаа уг жүжгийн зохиолыг бичихдээ маш их шаналсан гэсэн байна лээ. Жүжигчдийн хувьд ч нэлээд “шүүслүүлсэн” байх даа?
-Жүжгийн найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар ажилласан. Шаардлага өндөртэй, бодож санаснаа ил тод хэлчихдэг түүний удирдлага дор хоёр сар орчим бэлтгэл хийж, “шүүсээ шахууллаа”. Ийм байж л бидний ажил урагшилна шүү дээ.
Ихэвчлэн хүүхэд багачуудад зориулсан уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулздаг манай хамт олны хувьд энэ нь маш том сургуулилалт юм. Бид тайзан дээр эгэл, үнэн байх хичээлийг заалгалаа.
Хүүхэлдэйн театрынхан зөвхөн багачуудад зориулсан бүтээл дэглэдэг гэсэн ойлголтыг “Монгол ардын суут” драмын жүжгээр халж чадлаа гэж бодож байгаа.
-Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид өнгөрсөн жил нэгэн томоохон бүтээл толилуулсан нь “Мял Богдын намтар” хэмээх жүжиг байлаа. Уг жүжгийн Мял Богд Шадавдоржийн дүрийг та бүтээсэн байх аа?
-Тийм. Бид багачуудыг инээлгэж, баясгахаас илүү ямар нэг зүйл ухааруулж, ойлгуулахыг хичээдэг. Тийм ч учраас Монголын төдийгүй дэлхийн сонгодог зохиолуудыг сонгож тайзнаа амилуулдаг.
Үүний нэг нь багш шавийн барилдлагын тухай өгүүлэх “Мял Богдын намтар” жүжиг байлаа. Хэдийгээр бид уг жүжгээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан ч насанд хүрэгчид ч шимтэн үзсэн.
-Та аль нутгийнх вэ?
-Уугуул нутаг минь Өвөрхангай аймгийн Хужирт сум. Манайх нэгдлийн мал малладаг байсан учир намайг багад Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд илгээлтээр очиж, тэндээ суурьшсан. Аав, ээж маань одоо ч Сүмбэрт ажиллаж амьдарч байна.
-Та өөрийн “Пагмадуламтай”-гаа учирч амжсан уу?
-Тийм ээ, амьдралаас авсан хамгийн том бэлэг минь юм шүү дээ. Бид гурван настай хөөрхөн хүүтэй. Удахгүй бүл нэмэх гэж байна.
-Жүжигчний мэргэжил сонгоход юу нөлөөлсөн бэ. Хүүхэлдэйн театрт хэзээнээс хөл тавив?
-Их сонин түүх бий. Намайг гуравдугаар ангид байхад Хүүхэлдэйн театрынхан манай суманд очиж тоглож байсан юм. Жүжгийнх нь нэрийг мэдэхгүй ч тахиатай үзүүлбэр байсан санагддаг. Тэр үеэс л жүжигчин болохыг мөрөөдөж эхэлсэн.
Жүжигчид нийгмийн бүхий л давхаргынхны дүрийг бүтээдэг гайхалтай улс. Энэ нь надад маш их таалагдсан. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, дэгэж дэрвэж явсаар 2007 онд дунд сургуулиа төгсөөд КУДС-д элсэж суралцсан. 2011 онд Хүүхэлдэйн театр хэмээх их айлын босгоор алхсан даа.
Жүжигчин болох хүсэл мөрөөдөлд хөтөлсөн, тэрхүү жүжгийн тахианы дүрд тоглосон жүжигчин одоо ч манай театрт ажиллаж байна. Анх театрт орж ирэхдээ бүхнийг чаддаг, мэддэг баатар мэт ойворгон, додигор амьтан байлаа шүү дээ.
Хүүхэлдэйн урлаг тийм ч амар биш учраас удалгүй шалгалтуудад нь бүдэрч эхэлсэн. Манай театр 30-хан ажилтантай ч томоохон уран бүтээлүүдийг сонгож, тоглодог.
-Хүүхэлдэйн урлаг дотроо багт, утсан, бээлийт, хуруун, сүүдэр гээд олон төрөлтэй юм билээ. Ихэвчлэн аль төрөлд нь тоглодог вэ?
-Амьгүй хүүхэлдэйг амь оруулдаг нь бидний мэргэжлийн онцлог. Манай театр бүхий л төрлөөр уран бүтээл туурвидаг ч би хуруун хүүхэлдэйнд маш их дуртай.
-Жүжигчин хүн бүрт мөрөөдлийн дүр гэж байдаг. Танд бодсон юм бий л биз дээ?
-Би мөрөөдөлдөө алхам алхмаар ойртсоор явна. Ер нь чин сэтгэлээсээ хүсэж, мөрөөдсөн бүхэн минь биелээд байх шиг санагддаг. Хүүхэд ахуй наснаас эхтэй, хамгийн том мөрөөдөл минь биелчихлээ.
Түүгээр ч зогсохгүй Д.Нацагдорж, Мял Богд зэрэг гайхалтай, түүхэн хүмүүсийн дүрд ч тоглолоо. Одоо би дэлхийд танигдахыг хүсэж байна.
-Нэгэн билиг танхай зохиолч “Өөрийгөө авьяастай хэмээн өргөмжилсөн, дэлгэцээр гарах дон шүглэсэн жүжигчин нэртэй алиалагчид Монголд олширчээ” гэж хэлсэн нь ортой санагддаг.
Та дэлгэцийн урлагт хүч сорьё гэж бодоогүй юу. Эсвэл тийм боломж олдоогүй юм уу?
-Би хүүхэлдэйн урлагт хайртай. Бид их хувьтай хүмүүс. Хүүхдийн гэгээн, ариун энерги биднийг үргэлж ивээж, цэнэглэж байдаг юм. Уран бүтээлчид бид үүнд “хүлэгддэг”. Гэхдээ би дэлгэцийн бүтээлд тоглохоос татгалзахгүй. Тийм санал ирвэл дуртайяа зөвшөөрч, ажлынхаа цаг заваар амжуулна.
-Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг баяр тун удахгүй болох нь. Танай хамт олон багачууддаа ямар бэлэг барих гэж байна вэ?
-Бид одоо “Хүслийн шинэ жил III” жүжгийнхээ сургуулилалтыг хийж байна. Хүүхэд багачуудын маань үзэх дуртай хүүхэлдэйн кино, үлгэрийн баатрууд шинэ жилээ тэмдэглэхийн тулд хэрхэн тэмцэж байгааг уг жүжигт харуулах юм. Жүжгээ 24-нөөс тоглоно.
-Та юунаас хамгийн их айдаг вэ?
-Хайртай, дотнын хүмүүсээ алдахаас л айдаг. Тэд маань намайг үргэлж дэмжиж, урам зориг хайрладаг. Ижий, аав маань намайг “Миний хүү бусдаас юугаараа дутах вэ. Хичээ, зүтгэ” гэж хурцалдаг.
-Элэглэл сонирхдог гэж дуулсан юм байна. Энэ тухай ярихгүй юү?
-Хүүхэлдэйн театрт жүжигчдэд тавьдаг нэг гол шалгуур бол хоолойн өнгө, хувирах чадвар байдаг. Би жүжигчин Д.Сосорбарам, улстөрч С.Ламбаа, хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням гээд 10 гаруй хүнийг дуурайж элэглэдэг.
Цаашид “Пароди” хамтлагийн Нямка ахтайгаа хамтраад энэ чиглэлээр уран бүтээл хийх бодолтой байгаа. Түүнээс суралцаж, зөвлөгөө авдаг.
-Хүн аливаад шантарч, итгэл найдвараа алдах үедээ өөрийгөө хэн ч биш болгож орхидог. Ийм байдалд орсон үедээ өөрийгөө хэрхэн хөглөдөг вэ?
-Би найруулагчдадаа загнуулж, гологдох бүртээ хурцлагдаж, илүү олон цагаар бэлтгэл сургуулилалт хийдэг. Бэлтгэл дууссаны дараа ганцаараа үлдэж, болохгүй байгаа хэсгээ хэдэн зуун удаа давтдаг.
Хүүхдийг цэвэр, сайхан бичдэг болгохын тулд нэг зүйлийг нь хэдэнтээ давтан бичүүлж, зүгшрүүлдэгтэй ижил. Хэдий чинээ их хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилалт хийнэ, төдий чинээ дүрээ илэрхийлнэ. Бид үүргээ сайн биелүүлж байж зохиолчийн санааг үзэгчдэд дамжуулна. Жүжигчид бол дамжуулагчид.
-Яруу найрагч Ц.Хулан “Уран бүтээл бол жүжигчин, үзэгч хоёрын хуйвалдаан юм” гэсэн байдаг.
-Тийм шүү.
-Залуу хүн завтай байх нь эмгэнэл гэдэг. Мэргэжил тань таныг завгүй байлгадаг байх. Гэр бүлийнхэндээ хэр их цаг гаргадаг вэ?
-Урлагийн хүний хань байна гэдэг амаргүй. Азаар намайг маш сайн ойлгож, дэмждэг сайн эхнэртэй учирсан.
Энхийг сахиулагчийн үүрэг гүйцэтгэдэг юм шүү дээ. Жүжгийнхээ бэлтгэлээ тараад үүрээр гэртээ очиход л халуун цай, хоолтой угтдаг.