Хаалга аяархан нээгдэв. Хурц гэрэл гялбах тэр мэдрэмжээс түрүүлээд урд орой толгойд эргэлдэж асан түмэн янзын бодол намайг бүчин авлаа. Тархи зогсоо зайгүй ажиллаж эхлэв. Урд шөнийн зүүд, өнөө өдрийн төлөвлөсөн ажлууд, хэнтэй юу ярих, ажлаа хэрхэн бүтээх гээд юу эсийг бодох вэ. Гагцхүү тэрхүү хүнд бодлуудаас хэсэг ч атугай ангижруулсан шидэт агшин нь нялхын үнэр нь арилаагүй, унтаж буй үрсийн минь төрх юм уу даа.
Ажилдаа хоцорчих вий гэж яарна, утаа, жавар, мөстсөн зам, түгжрэл, нэмээд өнөөх л “навсайсан” бодлууд бас ээрнэ. Бодол хэрэв “балбуулсаар” байгаад захаасаа сэмэрч эхэлдэг бол өдрийн төгсгөлд үгүй болчихсон л баймаар. Гэхдээ үгүй юм аа, хуучирч өгөхгүй толгойд эргэлддэг. Бид ер нь яасан их юм толгойдоо “чихэж” явдаг юм бэ. Магадгүй зовлонгийн нэг шалтгаан энэ байж мэднэ. Хэн ч билээ нэг ламын ярианаас ой тоонд минь үлдсэн ганц өгүүлбэр бий.
Элдэв бодлоо толгойноосоо авч хаяад яг одоо харж, хүртэж, мэдэрч буй бүхнээсээ баяр баясгаланг мэдэрч сур гэж тэр зөвлөсөн. Байгаадаа сэтгэл ханаж, бий болгосон бүхэндээ баярлаж амьдрах энэ энгийн философийг та нар хэрэгжүүлж чадах уу.
Ажиллаад л, амьдраад л байгаа хэрнээ амтгүй, адилхан, зөндөө олон өдөр хоног өчигдөрт үлдчихсэн байгаад харамсах үе бий. Тэгвэл бид юунаас хамгийн эерэг зүйл мэдэрдэг вэ, өөрөөр хэлбэл олон олон бодлоос ангижруулж дөнгөдөг тэр зүйл юу вэ.
Харахад хайр хүргэдэг, өөрийн эрхгүй инээлгэж чаддаг үр хүүхэд, гэр бүлээ хамгийн түрүүнд нэрлэх байх. За мэдээж дуртай, сонирхдог зүйл маань биднийг стресс гээч зүйлээс хол аваачиж чадна. Уулзаад ярих найз нөхөд, учран золгох аав ээж, ах дүүс, нутаг ус гээд сэтгэл цэлмээх зүйл уг нь олон.
Түр зуурын л сэтгэл хөдлөл шүү дээ гэж найз минь эндээс хэллээ. Тэгвэл бид яаж бурхны сургаалд заадагчлан хэзээ яг сэтгэлийн амар амгаланг эдлэх юм бэ.
Нэг л мэдэхэд ажлын цаг дуусчээ. Халуун дулаан гэр рүүгээ яарлаа. Ажлын стрессийг минь мартуулж дөнгөдөг хүүхдүүд рүүгээ, зөвхөн миний л гэж мэдэрдэг халуун дулаан тэр ертөнц рүүгээ тэмүүлнэ. Маргааш, нөгөөдрийн тухай, мартагдахгүй байгаа тэр хүнд бодлуудын тухай биш, зөвхөн тэднийгээ л бодож алхана. Өнөө ламын хэлснээр гудамжаар алхаж явахдаа цасанд дарагдсан модод ямар үзэсгэлэнтэйг, шонгийн утсан дээр суусан болжморууд яасан яруу жиргэдгийг, зөрж өнгөрсөн хосын царай жаргалаар гэрэлтэхийг, зөөлөн орох цас хацрыг минь гижигдэхийг бас мэдэрье. Өөр юуг ч бус, зөвхөн энэ тухай л бодъё. Та юу гэж бодож байна.