Бага байхад шинэ жил бэрсүүт жүржийн сэнгэнэсэн үнэртэй хамт хаалга тогшдог байв. Арван хоёрдугаар сарын тэсгим цагаар газар сайгүй мандарин сэнгэнэж, эргэн тойрон саа шааран гоёлоо өмсөх нь Шинэ жилийн баяр ойртсоны дохио болно. Энэ үеэр сэтгэл нэг л хөнгөн, хөөр баяртай.
Багад цөөн айл шинэ жилийн гацуур мод засдаг байсан юм. Нэгэн удаа ангийн найз маань шинэ мод зассанаа гайхуулахаар биднийг гэртээ урив. Жижигхэн шаазан тоглоомууд өлгөж, өнгө өнгийн саагаар чимэглэн, тал бүрт нь гэрэл анивчсан тэр сүрлэг гацуурыг анх хараад алмайрч, хэсэгхэн зуур хорвоогоос тасарсан байж билээ. Ийм өнгөлөг, сэтгэл татам гацууртай болсон найздаа битүүхэн атаархаж, бас аав ээждээ гомдох ч шиг болов. Гацуур модны чимэглэл дунд улаан, ногоон цаасанд боодолтой дөрвөлжин чихэр шиг зүйлс өлгөсөн нь миний хорхойг хөдөлгөж байсан юм. Боодолтой тэр зүйл юу болохыг мэдэх гэсэндээ найзынхаа нүдийг хариулж байгаад гацуур дээрээс нь нэгийг сэмхэн авчихлаа. Харих замдаа өнөөхөө задалж үзвэл чихэр, шоколад биш, харин жижигхэн дөрвөлжин хөөсөнцөр байсан нь намайг их л гонсойлгож билээ.
Орой нь ажлаасаа ирсэн ээжийгээ хараад өөрийн эрхгүй нүдэнд нулимс дүүрч, барьж дийлэлгүй урсгаж орхив. Ээж санаа нь зовж “Миний хүү яагаад уйлаа вэ” гэхэд нь “Хүүхэд болгон гацуур засаж байхад надад яагаад байдаггүй юм бэ?” гээд хангинатал ориллоо. Гэтэл ээж зөөлхөн инээмсэглэнгээ хацрыг минь илбэн, нулимс арчиж “Хүүдээ шинэ ёлка авсан. Аавыг нь ирэхээр үзүүлэх гэж байсан юм. Өнөөдөр бүгдээрээ засна аа” гэх нь тэр. Тэгэхэд нь ёстой л магнайгаа хагартал баярлаж, шинэ модоо хурдхан харахын хүслэн болов. Ингээд аавыг ирмэгц манайхан гацуур модоо заслаа. Шинэхэн гацуур маань найзынхаас өндөр бас илүү өнгөлөг санагдав. Ийм сайхан гацууртай болсондоо сэтгэл хөдлөөд нойр ч хүрсэнгүй. Нэг хэсэг “манаж” сууснаа өвөртөлж унтахаар шийдлээ. Тэгээд сандал дээр гарч, хэвтүүлэх гэж байж нурааж орхилоо. Шаазан тоглоомууд нь газраар нэг хагарч, хөөрхий гацуур минь голоороо хугарчээ. Би ч гэрийнхнээ сэртэл дуу тавин орилов. Харин аав “Миний хүү битгий уйл даа. Аав нь засаад өгнө” хэмээн намайг тайтгаруулсан юм. Маргааш орой нь гацуур мод минь урьдын адил сүндэрлэлээ. Тэр цагаас хойш гацуур бид хоёр олон жил “найзалж”, олон шинэ жилийн баярыг тэр гэрт маань “урьсан” юм.