Бэлтгэсэн Ч.Болортуяа, Г.Цэцэг, Ж.Сувдмаа, Г.Ариунцацрал, З.Амгалан
Нялх хүүхдээ тэвэрсэн эмэгтэй гэрийн углааштайгаа өвлийн хүйтэнд байрныхаа үүдэнд уйлж зогсох, “Ах, аа туслаарай, ээжийг аав зодоод байна” гээд бяцхан зүрх нь амаараа гартлаа айсан хүү орцныхоо жижүүрийн хаалгыг нүдэх, төрсөн охиноо хүчирхийлээд “Энэ талаар эхдээ хэлбэл дүүг чинь хүчирхийлнэ шүү” гэж сүрдүүлэх мунаг эцэг, нялх охиныг зодсоор байгаад аминд нь хүрсэн мунхаг эх, төрсөн хүүхдээ нохой мэт хазаж яргалсан “араатан” аав. Ийм хүчирхийлэл дунд хэнд хандахаа ч мэдэхгүй арга мухардсан олон хүн аврал эрэн амьдарч байна. Хүчирхийллийн үр үзэн ядалт болон “ургаж”, эцэстээ төрсөн хүүхдүүд нь аавыгаа, зээ нь өвөөгөө, эхнэр нь нөхрийнхөө амийг егүүтгэв.
Гэтэл нийгэмд хүлээлт үүсгэсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцсэн ч баталсангүй. Тус хуулийг хоёр дахь удаагаа хойшлуулж буй шалтгаан нь “Уг төсөл гадаадын хуулийг шууд хуулбарласан, 70-80 хувь нь хэл, найруулгын алдаатай, 10-15 жилийн дараа гэхэд монгол гэр бүлийн үнэт зүйлийг алдагдуулахуйц байна” гэж зарим гишүүн шүүмжилсэнтэй холбоотой. Үнэндээ бол 10-15 жилийн дараа бус, энэ цаг үед монгол гэр бүлийн үнэт зүйл алдагдчихаад байна. Амьдралд дарлуулсан, хэтэрхий завгүй бид гэр бүл, үр хүүхдэдээ зориулах цаг завгүй эхнэр, нөхрөө хүндлэх, хайрлах сэтгэлгүй болсон гэхэд нэг их хилсдэхгүй. Гэртээ нэг буйдан дээр зэрэгцэн суучихаад бие, биетэйгээ чаатаар харилцаж, ухаалаг утастайгаа “учир ургуулсан”, гэр бүлийн гишүүдийн дотно харилцаа, хайр, хүндлэл нуран унасан газарт хүчирхийлэл цэцэглэдэг гэдэг.
Хүчирхийлэл гарах шалтгаан гэр бүлийн хоёрын үл итгэлцэл, хардалт, архидалт, ажилгүйдэл, завхайрлаас үүдэлтэйг цагдаагийнхан хэлдэг. Гэвч гэм буруугүй хүүхдүүд хүчирхийллийн золиос болсоор байна. Гэр бүлийн хүчирхийлэл ямар аюултай хэмжээнд хүрснийг алтан амь, алдхан биеэрээ бидэнд хэлж өгөөд буцсан дөрвөн настай охиныг бид мартаагүй, мартах учиргүй. Бяцхан охин төрсөн эцэг, хойт эхийнхээ харгислалд амиа алдсанаас хойш хоёр жил болох гэж буй ч өнөөдрийг хүртэл гэмтнүүд ялаа үүрээгүй байна. Адгуус хүртэл үр төл, эмэгчнээ хайрлан, харамладаг байтал өөрийн гараар зодож занчин, аминд нь хүрч буй ухамсаргүй эрчүүд олширчээ. Хүчирхийлэлд өртөгсдийн 95 хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг. Биеэ хамгаалах чадваргүй сул дорой нэгнээр бах таваа хангаж буй адгууснаас дор амьтадтай хатуу хариуцлага тооцохоос өөр аргагүй. Гэтэл хуулиа батлалгүй, үг үсгийн алдаа төдийхөн ярьсаар байтал эрдэнэт хүний амь эмгэнэлтэйгээр төгссөөр байна. Он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 12 хүн амиа алджээ.
Манай улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах байр найм бий. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар тэдгээрт 1122 хүн үйлчлүүлсний найм нь эрэгтэй, 749 нь хүүхэд, үлдсэн нь эмэгтэйчүүд байж. Аврал эрсэн нэгэн арга буюу энэ байранд түр толгой хоргоддог. Гэвч насаараа ингэж зугтаж чадахгүйгээс хойш эргээд л хүчирхийлэлд өртөнө. Үг хэлээр доромжилж эхэлсэн хүчирхийлэл гар далайх хэмжээнд хүрч давран эцэстээ нэг нь шороонд, нөгөө нь шоронд орохдоо тулдаг. Архидан согтуурч, гэрийнхэндээ танхайрсан нэгнийг цагдаа нар тоолгүй орхиод явдаг нь хүчирхийлэгчдэд боломж олгодог байна. Бид ч мөн тэднийг өөгшүүлдэг. Архи уусан нөхөр агсам тавьж эхнэр, хүүхдээ зодож байхад ч “Эр, эмийн хооронд илжиг бүү жороол”, “Цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлддэг” гэх зэргээр бусармаг үйлдлийг нь хараагүй царайлан, чимээгүй өнгөрөх нь цаашлаад хүний амь эрсдэхэд хүргэж байна.
Хайртай хүнийхээ гарт хорвоог орхисон олон хүний амиар бид хүчирхийлэл гээч гэмт хэрэг гэдгийг, хэзээ ч, хэн ч өртөж болохыг ойлгож эхэлж байх шиг. Хүчирхийлэл хэмээх мангасыг бид бий болгосон шигээ устгахад ч гар бие оролцох хэрэгтэй. Үүний тулд эхлээд сайн хуультай болж, сайтар хэрэгжүүлье. Уйлсныг асууя, нулимсыг нь арчиж өгье.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
С.БАЙГАЛЬМАА: Таныг хүлээж авахгүй, хамгаалах байр дүүрсэн гэж хэлэх эрх бидэнд байхгүй
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдлын талаар тус байгууллагын менежер С.Байгальмаатай цөөн хором ярилцлаа.
-Хүчирхийлэл хэмээх хүнлэг бус үйлдлийг таслан зогсоохын төлөө хамгаас идэвхтэй дуугардаг гол байгууллагуудын нэг нь танай төв. Хүчирхийлэлд өртсөн хүмүүст тусалж, хүрч ажиллахад тулгамдаж буй бэрхшээл юу байна?
-Хамгийн гол хүндрэл нь санхүүжилт. Дундговь аймаг дахь салбар 2003 онд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай гэрээ байгуулснаар төрөөс анх удаа, бага боловч дэмжлэг авсан юм. Энэ жишгээр манай төв, хөдөөгийн салбарууд ч нийслэлийн дүүргүүдийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулан, түр хамгаалах байранд шаардлагатай зардлын 40 хувийг гаргуулах болсон.
Энэ нь нэлээд хэдэн жил үргэлжилсэн ч эдийн засгийн хямралтай гэдэг үндэслэлээр өнгөрсөн оноос санхүүжилтийг зогсоосон. Одоо бид төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэг авалгүйгээр, өөрсдийнхөө хүч, бололцоонд тулгуурлан үйл ажиллагаа явуулж байна.
-Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ?
-Янз бүрийн төсөл, хөтөлбөрт хамрагдах, хэрэгжүүлэх санал тавьдаг ч дэмжигдэх нь ховор. Ихэвчлэн хандив, хөрөнгө босгох арга хэмжээ зохион байгуулах замаар л шийдэж байна. Өчигдөр (уржигдар) л гэхэд хөрөнгө босгох зорилгоор сүүдэр ший жүжиг тоглолоо.
-Хамгаалах байрандаа хэчнээн үйлчлүүлэгч хүлээж авах боломжтой вэ. Хүрэлцдэг үү?
-Манай байгууллага нийт таван хамгаалах байртай ч нууцлал нь алдагдсанаас хоёр нь хаалгаа барьсан. Одоо Дорноговь, Төв аймаг, нийслэлд тус бүр нэг хамгаалах байр үйл ажиллагаа явуулж байна. 1995 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 9000 гаруй иргэнд үйлчилсэн.
-Үйлчлүүлэгчийн тоо гүйцчихсэн байхад түр хамгаалах байранд оруулж, хамгаалах шаардлагатай хохирогч хандвал хэрхдэг вэ?
-Бидэнтэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг Нэг цэгийн үйлчилгээний төв, нийслэлийн Цагдаагийн газрын Түр хамгаалах байрныханд хандаж, зуучилдаг.
Аюулгүй байдал нь алдагдсан хохирогчид “Таныг хүлээж авахгүй, хамгаалах байр дүүрсэн” гэж хэлэх эрх бидэнд байхгүй шүү дээ. Төр, засгийн зүгээс иргэдээ хамгаалж, аюулгүй амьдрах нөхцөл бүрдүүлэхийн төлөө хичээж ажиллах хэрэгтэй гэж боддог.
-Хүчирхийллийг бууруулъя, хүчирхийлэлтэй тэмцье гэж амтай болгон ярьж, уг асуудлыг нийгмийн анхаарлын төвд тавьдаг ч гэмт хэрэг, хохирогчдын тоо буурдаггүй гэдэг. Энэ үнэн үү. Танай байгууллагад өдөрт, сард хэчнээн хүн ханддаг вэ?
-Өдөрт хамгийн багадаа 6-8 хүн тогтмол ханддаг. Жилд дунджаар 1600-1800 иргэнд үйлчилдэг. Статистик баримтаас харахад нэг жилд үйлчлүүлсэн хүний тоо 2014 оноос буурах хандлага ажиглагдаж байна. Гэхдээ энэ бол зөвхөн манай байгууллагын статистик. Хэрэг дээрээ хүчирхийлэл буурсан гэсэн үг биш.
-Хүний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй төрийн болон төрийн бус байгууллага цөөнгүй. Танай төв тэдгээртэй хэр уялдаа холбоотой ажилладаг вэ?
-Хамтарч, бие биенээ дэмжиж, уялдаатай ажиллах шаардлага зайлшгүй тулгардаг. Ялангуяа төрийн байгууллагуудын дэмжлэг, туслалцаа маш чухал. Түр хамгаалах байраар үйлчлүүлээд хямралын байдлаасаа гарсан хохирогчийг бид хөдөлмөр, халамжийн үйлчилгээнд хамруулж, дэмждэг. Хөдөлмөрийн төв бирж, дүүргүүдийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, эрүүл мэндийн төв, хууль, шүүх, цагдаагийн байгууллагуудтай ч хамтран ажиллаж байна.
ИНФОГРАФИК
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Хохирогчдын 40 гаруй хувь нь дээд боловсролтой
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга П.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.
-Гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байгаа гэдэг үнэн үү?
-Манай хэлтэс 2014 онд байгуулагдаж, түүнээс хойш гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг бүртгэж эхэлсэн. Энэ оны эхний 10 сард бүртгэгдсэн 15 мянга гаруй хэргийн 4.5 хувь нь гэр бүлийн хүчирхийллийнх. Нийт гэмт хэргийн багахан хувь нь боловч гэр бүлийн хүчирхийлэл жилээс жилд нэмэгдэж буй.
-Энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан нь юу вэ?
-Тийм хүчин зүйлээс болсон гэж шууд тодорхойлоход түвэгтэй. Ажилгүйдэл, ядуурал, архидалт нэг хүчин зүйл нь мөн. Гэхдээ нэгнийгээ хүчирхийлэх нь иргэдийн хоорондын харилцаа, хандлагатай холбоотой. Гэр бүлийн орчин хүний аюулгүй байдлыг хангасан бат бөх хэрэм, цайз шиг байх учиртай. Амьдралд тохиолддог жижиг асуудлыг хоорондоо ярилцаж, шийдэж чадаагүйгээс болоод нэг нь нөгөөгөө хүчирхийлж байна.
Тухайлбал, хүүхдийнхээ сургалтын төлбөрөөс болж маргалдаад эцэстээ нэгнийгээ бэртээсэн тохиолдол бий. Мөн эцэг, эхчүүд хүүхдийнхээ амьдралд хэт их оролцсоноос болж байна. Ялангуяа 25-35 насны гэр бүлд ийм бэрхшээл тохиолддог.
-Хохирогч нь бие махбодиос эхлээд сэтгэл санааны хохирол амсдаг. Ийм хүчирхийллээс яаж сэргийлэх нь зөв бэ?
-Нөхөртөө байнга зодуулдаг эмэгтэй эцэстээ цагдаагийн байгууллагад хандахад хадмууд нь бүгдээрээ түүний эсрэг зогсдог. Тэгэхээр хохирогч бие болоод сэтгэл санаагаараа хохирдог. Дээрээс нь нэр хүндээ унагахаас эмээж, хүчирхийлэлд өртсөнөө нуудаг. Нэг жишээ дурдъя л даа. Найман жил нөхрийнхөө дарамтад байсан эмэгтэй бий.
Ажлынхандаа энэ тухайгаа хэлж чадахгүй, нөхөр нь зодох бүрт “Уначихсан. Санамсаргүй бэртчихлээ” гэдэг байж. Тиймээс нэг байгууллагад удаан ажиллаж чаддаггүй байсан гэдэг.
Гэр бүлийн хүчирхийлэл хүмүүсийн хоорондын харилцаатай шууд холбоотой учир манайд мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэл засалч хэрэгтэй байна. Гэр бүлийнхнийгээ хүчирхийлдэг хүн сэтгэцийн эмгэгтэй болчихсон байдаг. Техникээр бол эд анги нь гацаж, арчилгаа шаардсан гэсэн үг. Үүнийг засаж чадах хүн нь сэтгэл засалч. Өнгөрсөн онд найман хүнд ийм эмчилгээ хийлгэсэн.
Энэ жил ч үүнийгээ үргэлжлүүлнэ. Үүнээс гадна хүмүүс хэн нэгнийг хүчирхийлж болохгүй, өөрт нь тийм эрх байхгүй гэдгийг ойлгох учиртай. Хэн ч, хэзээ ч, хаана ч хүчирхийлэл үйлдэж болохгүй.
-Эхнэр, хүүхдээ хүчирхийлсэн хүнд оноож буй шийтгэл хөнгөдөж байна уу. Хуулийн шинэчилсэн төсөлд ийм хэрэгтэнд ямар ял оноохоор тусгасан бэ?
-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж тусад нь авч үзэлгүй, хохирогчид ямар гэмтэл учруулснаас шалтгаалан шийтгэл ногдуулж байгаа. Харин одоо хэлэлцэж буй шинэ хуульд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэх болно.
Улмаар баривчлах, торгох, хорих ялаар шийтгэнэ. Мөн тухайн хүн үнэхээр гэр бүлийн гишүүнээ хүчирхийлж үү гэдгийг судалж, шалгана.
-Ихэвчлэн боловсролгүй, амьжиргааны түвшин доогуур хүмүүс хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудыг хүчирхийлдэг гэдэг. Үнэхээр тийм үү?
-Хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог гэдэг нь үнэн. Гэхдээ эрэгтэйчүүд ч хүчирхийлэлд өртдөг. Бүртгэгдсэн нийт хэргийн 40 хувийг согтуу хүн үйлдсэн байдаг.
Гэвч эмзэг бүлгийнхэн л архи ууж, нэгнийгээ хүчирхийлдэг гэдэг нь буруу ойлголт. Уг хүчирхийлэлд өртөж, хохирсон иргэдийн 40-өөс дээш хувь нь дээд боловсролтой хүмүүс. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл бүхий л түвшинд байдаг гэж болно.
Гэртээ ор гээд хүүхэд рүүгээ чулуу шидэж буй "ээж"
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад хууль, эрх зүйн ямар асуудал тулгарч байна вэ?
Хүмүүсийн чиг хандлагыг өөрчлөх шаардлагатай
П.ОЮУНЧИМЭГ (Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн):
-Хууль эрх зүйн орчин бүрхэг, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах асуудлыг зохицуулаагүй, хүчирхийлэгчдэд хүлээлгэдэг эрүүгийн хариуцлагын талаарх хуулийн зохицуулалт байхгүйгээс болоод гэр бүлийн хүчирхийлэл гарч байна. Мөн нийгмийн тэгш бус харьцаа, ажилгүйдэл, эдийн засгийн баталгаат бус орчин нөлөөлж буй. Ийм хүчирхийллийг асар бага түвшинд байлгадаг хөгжингүй орнуудын туршлагаас харахад тэд сургалт, сурталчилгааг өргөн хүрээнд тасралтгүй хийсэн байдаг.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа гээд энэ асуудал өргөс авсан мэт цэгцрэхгүй нь ойлгомжтой. Нийгмийн бүх түвшинд тасралтгүй сурталчилж, хүн бүртэй тулж ажиллан, хуулийг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх механизмыг шат шатандаа бүрдүүлж байж энэ асуудлыг тодорхой түвшинд барих боломжтой. Нийгмийн бүхий л харилцаанд хүмүүсийн ойлголт, чиг хандлагыг өөрчлөх ажлыг тодорхой үе шаттайгаар хийх шаардлагатай.
Төр хүчирхийлэл үйлдэгчдэд төмөр нүүрээ харуулах цаг болсон
М.ИЧИННОРОВ (Хүний эрхийн хуульч):
-Өнгөрсөн есдүгээр сарын 30-ны УИХ-ын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эгүүлэн татсан нь маш том ухралт байлаа. Энэ хугацаанд хэд хэдэн эмэгтэй харгис хүчирхийллийг даалгүй амиа алдсан. Мөн есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн шинэ хууль, Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах эрх зүйн орчин сайжрах байсан.
Хууль сахиулагчид хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй талаарх дуудлага хүлээж аваад нэн тэргүүнд очно гэдэг заалт оруулсан, хэрэв хаалгаа тайлахгүй бол эвдэж орох эрхтэй болсон байсан юм. Тухайн айл хаалгаа тайлж өгөөгүй бол ахуйн зөрчил гээд орхидог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчийг айлгах замаар өргөдөл авдгийг таслан зогсоох заалтууд орсон байсан.
Ер нь манайд гэр бүлийн хүчирхийлэлтэй эвлэрэх, гэр бүлийн дотоод асуудал гэж үздэгтэй холбоотойгоор олон хүний амь эрсэдсэн. Хүчирхийлэл дунд амьдарч байгаа эр, эмийн дундуур “жороолох” тэрхүү “илжиг” буюу төрийн оролцоо маш чухал. Маndatory arrest, Duluth model гээд АНУ-д анх хэрэгжсэн эдгээр загварыг манайх хэрэгжүүлэхээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд тусгасан байсан юм.
Дэлхийн бараг бүх улс эдгээр загварыг хэрэглэсэн. Гэр бүлийн хүчирхийллийн феномен (үзэгдэл) хаана ч, аль ч соёл, уламжлалд адил давтамжтай байдаг болохоор шууд хуулж хэрэглэх боломжтой гэсэн үг л дээ. Төр хүчирхийлэл үйлдэгчдэд төмөр нүүрээ харуулах цаг болсон.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
“Бушуухан л очмоор байна” гээд нулимс нь цийлэгнэв
Нийслэлийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн харьяа Түр хамгаалах байранд өчигдөр очлоо. Маш нарийн “байцаасны” эцэст уг байранд орох зөвшөөрөл өгсөн юм. Хэр баргийн хүн оруулдаггүй газар аж. Намайг бичиг баримтаа шалгуулж байх хооронд 107 дугаарт дуудлага ирлээ. Харилцуур авсан цагдаагийн ахмад утасны цаадах хүний яриаг анхааралтай сонсож, “Нөхөр чинь ажилдаа явчихсан юм уу. Ийм асуудал давтагдаж байна уу. Цагдаа, хуулийн байгууллагад хандаж үзсэн үү. Хэдэн удаа өргөдөл өгсөн бэ. Хамт амьдраад хэр удаж байна вэ. Хүүхэдтэй юү. Гэрлэлтийн баталгаа бий юү. Сэтгэц нь өөрчлөлттэй юм уу. Хардаад зоддог уу. Эрүүл байхдаа дарамталдаг уу. Чи өөрөө яая гэж бодож байна вэ” гэх мэтийн асуулт тавьж, дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст албан ёсоор өргөдөл гаргахыг зөвлөөд “Ийм асуудал олон удаа давтагдсан, нөхөр чинь өөрийгөө хянах чадваргүй, хийсэн хэргээ санадаггүй бол ноцтой асуудал. Цаашлаад чиний болон хүүхдийн чинь амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлтэй. Юу тааралдсанаа шиддэг юм бол насан туршдаа тахир дутуу болгох ч магадлалтай шүү дээ. Шөнө 02.00 цагт босож зоддог, үс зулгааж, гарт барьсан зүйлээ шидэж байгаа бол Эрүүгийн хуулийн 100, 181-т заасны дагуу тарчлаах, танхайрах гэсэн зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж болохоор юм шиг байна. Эсвэл шүүхэд хандаж, тэр хүний эрхийг хязгаарлуулах арга бас байдаг. Ер нь чи Түр хамгаалах байранд хүрээд ир. Эндээс дэлгэрэнгүй мэдээлэл авч болно” гэв. Нөгөө эмэгтэй нь нөхрөөсөө айгаад цагдаад мэдэгдэхгүй гэсэн бололтой байв. Ямартай ч 20 гаруй минут ярьсны эцэст тэнд ирэхээр болох шиг болсон. Энэ үед гаднаас нэгэн эмэгтэй орж ирэв. Ахад нь зодуулсан бэр эгчийгээ эргэхээр ирсэн гэдгийг ярианаас нь ойлголоо. Тэгэхэд ахмад Ц.Гантуяа “Түр хамгаалах байранд байгаа хүнийг хэнтэй ч уулзуулахгүй гэсэн журам бий. Тэр тусмаа хүчирхийлэл үйлдсэн хүний ар гэрийнхнийг бүр ч оруулахгүй” гээд буцаав. Энд дарга, нярав, жижүүрийн офицер, ахмад, эмч, аргазүйч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан зэрэг 21 хүн ажилладаг бөгөөд янз бүрийн хүчирхийлэлд өртсөн, хүүхэд, том хүн, эрэгтэй, эмэгтэй хэнийг ч нас хүйс, харьяалал харгалзалгүй хүлээж авдаг найман өрөөтэй юм билээ.
Ямар нэгэн байдлаар дарамтлуулж буй хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тохиолдолд 107 дугаарын утсанд дуудлага өгч болох гэнэ. Дуудлагын дагуу тус байрныхан 102-т мэдээлдэг. Улмаар хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар байгаа газарт нь очиж авдаг юм билээ. Түүнчлэн Түр хамгаалах байрны албан хаагчид ч өөрсдөө очиж авчирдаг гэсэн. Хүчирхийлэлд өртсөн хүнийг 1-30 хоног энд байлгаж, хороон дахь хамтарсан баг, харьяа дүүргийнх нь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Цагдаагийн хэлтэст мэдэгдэж, шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлдэг юм байна. Байрлах хугацаанд нь тухайн хүнийг бүрэн хамгаалах бөгөөд өдөрт гурван удаа хооллож, ариун цэврийн хэрэгсэл, хүүхдийг нь живх зэргээр хангадаг гэнэ.
Энэ оны эхний 11 сарын байдлаар нийт 126 гэр бүлийн 268 хүнийг тус байранд хамгаалалтад авч, хууль эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эрсдэлийн үнэлгээ хийжээ. Тэдгээрийн хоёр нь эрэгтэй, 101 нь эмэгтэй, 165 нь хүүхэд байсан аж. Энэ нь өмнөх жилийнхээс 219-өөр цөөрсөн аж. Түүнчлэн 107 дугаарт 1356 иргэн хандсаны 112 нь өөрийн биеэр ирж, хууль эрхзүй, сэтгэл зүйн зөвлөгөө авчээ. Тус дугаарт өдөрт хамгийн багадаа 40 иргэн ханддаг гэнэ. Тэнд байсан 85 настай өвөө “Би Сүхбаатар дүүрэгт амьдардаг. Дагавар тав, өөрийн хоёр хүүхэдтэй. 2010 онд эхнэр нас барснаар ганц бие амьдрал минь эхэлсэн. Бие өвдөөд эмнэлэгт үзүүлэх болсон тул нэг хүүгээ аргагүйн эрхэнд дуудаж, тэднийд амьдрах боллоо. Эхнэр нь муухай аашилж, ад үзэхийн хажуугаар хүүхдүүд нь хүмүүжилгүй, элдэв хараал хэлнэ. Түүнийг нь тэсвэрлэж чадалгүй нэг өдөр үг хэлсний төлөө хүү маань намайг зодсон. Тэгээд л энд байж байна даа. Ер нь хүний гэрт хүний харцаар хөдөлнө гэдэг ч ай даа хэцүү байдаг юм байна. Над мэтийн хүнийг байлгах газар бий бол бушуухан л очмоор байна” гээд нүдэнд нь нулимс цийлэгнэж, хоолой нь зангирлаа. Ийнхүү өвөөтэй уулзаад гарах үед түрүүний утсаар ярьсан эмэгтэй хүүхдээ тэврээд ирсэн байлаа. Хүүхэд нь унтсан байсан тул ахмад Ц.Гантуяа “Дулаан өрөөнд хүүхдээ оруул” гээд түүнийг дагуулан, дотогш оров.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Эмэгтэйчүүдийн 20-50 хувь нь ГЭРТЭЭ ХАЛДЛАГАД ӨРТДӨГ
Дэлхийн 124 улс, тэр дундаа Монгол Улс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуультай. Өнөөгийн нийгмийн хамгийн хүнд, зөрчилдөөнтэй бөгөөд нууцлагдмал асуудлуудын нэг нь гэр бүлийн хүчирхийлэл юм. Статистикийн мэдээнээс үзвэл манай гаригийн эмэгтэйчүүдийн 20-50 хувь нь гэртээ халдлагад өртөж байна.
АНУ дэлхийд анх удаа ийм хүчирхийллийг үндэсний хэмжээний нийгмийн асуудал болохыг хүлээн зөвшөөрсөн аж. Тэрчлэн тус улсад гэрийн хүчирхийллийг судлах онолын бааз, аргачлал, зааварчилгаа боловсруулах томоохон төвүүд байдаг. Хариу үр дүнг заавал шаарддаг хяналт, ажиглалт хийх аргыг түлхүү ашиглаж байна. Ийм замаар гэр бүлийн гишүүд өөрсдөө шийдэж болох хэрэг гэдгийг ойлгуулахыг чухалчилдаг. Энэ нь хүчирхийлэгчийг шийтгэх бус, гэр бүлийг бэхжүүлэх зорилготой юм байна. Одоо тус улсад гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам нь хариуцаж, шууд холбогдох утас ажиллуулж, хүчирхийлэлд хамгийн ихээр өртдөг эмэгтэйчүүдэд зориулж, толгой хоргодох газар ажиллуулах, эсвэл хүнсний тасалбар олгох зэрэг хөнгөлөлт, үйлчилгээг хуулийн дагуу үзүүлдэг. Гэвч тус улсад 15 секунд тутамд нэг эмэгтэй бие махбодийн хохирол амсаж байна.
Францад ихэвчлэн эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртдөг учир тэд хүний эрхийг хамгаалах нийгэмлэгт хандаж болдог. Тус улсад гурав хоногт нэг эмэгтэй бусдад зодуулан мэс заслын ширээн дээр, эсвэл хайртай хүнийхээ гарт амиа алддаг аж. Нөхрийнхөө халдлагад өртсөн гэж жил бүр 50 мянган эмэгтэй цагдаад ханддаг. Гэвч энэ нь ямар нэг хэмжээгээр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн ердөө 10 хувь нь байдаг гэнэ. Бусад нь “хувь тавилан”-тайгаа эвлэрээд үлддэг байна. Хүчирхийлэл, түрэмгийлэл нь гэмт хэрэг учраас Цагдаагийн газар нь хариуцан шалгаж байна. Тус улсад хүүхэд хүчирхийллийн золиос болсон тохиолдолд авах арга хэмжээг хуульд тусгайлан заажээ. 2007 онд баталсан хуулиар хүүхэд хүчирхийлэлд өртвөл мэдээлэл өгөх нь зөвхөн ёс суртахуун төдийгүй иргэний үүрэг байхаар тусгасан байна. Хүүхдэд халдсан этгээд шүүгдэж, гурван жил хоригдох ял шийтгүүлэхээс гадна 45 мянга орчим еврогийн торгууль төлдөг. Сонирхуулахад, гэр бүлийн хүчирхийлэлд нийгмийн хил хязгаар байдаггүй аж. Судалгаанаас үзвэл, орлого багатай төдийгүй атаархам орлоготой эмэгтэй ч гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байна. Мөн эрэгтэйчүүд ч “нударганы амт” хүртдэг гэнэ. Гэхдээ гэр бүлийн маргааны улмаас амь насаа алдсан эрэгтэй францчуудын тоо эмэгтэйгээсээ гурав дахин цөөн байна. Хойд хөрш ОХУ-д хүчирхийллийн болон хүн амины нийт хэргийн 40 хувийг гэр орондоо үйлдсэн байдгийг ДХЯ нь мэдээлжээ. Тус улсад гэр бүлийн хүндээ хүч хэрэглэсэн тохиолдолд 40 мянга рублийн торгууль ногдуулахаас эхлээд хоёр жил шоронд хоригдох ял шийтгэдэг байна. Гэхдээ хүчирхийлэгчдийн ердөө гурван хувь нь шүүхэд очдогийг олон улсын хүний эрхийг хамгаалах “Human Rights Watch” байгууллага мэдээлжээ.
Тэгвэл урд хөрш БНХАУ-д энэ оны гуравдугаар сараас гэр бүлийн гишүүд, эсвэл хамтран амьдрагчаа бие махбодь болон сэтгэл санаагаар хүчирхийлэхийг хориглосон хууль хэрэгжиж эхэлсэн байна. Тус улсын Эмэгтэйчүүдийн холбооны мэдээллээс үзвэл, нөхөрт гарсан эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг ч, жилд 40-50 мянга орчим эмэгтэй л гомдол мэдүүлдэг аж. Эмэгтэйчүүд хүчирхийлэлд илүүтэй өртдөг боловч эрэгтэйчүүд, хүүхэд, бүр өндөр настнуудад ч хүч хэрэглэдэг гэнэ.
ЗӨВЛӨГӨӨ