АНУ-ын Техас мужид амьдардаг 18 настай охин сошиал цуурхлаас болж амиа хорлосон эмгэнэлт явдал болжээ. Брэнди Вела хэмээх охин өнгөрсөн мягмар гаригт амиа хорлох болсноо гэр бүлийнхэндээ мэдэгдэхийн тулд емайл бичиж үлдээсэн аж. Түүнийг гэртээ цээжин тус газраа буудаж, амиа хөнөөсөн гэдгийг орон нутгийн цагдаагийнхан нотолжээ. Амиа хорлох үеэр гэрт нь Велагийн эцэг эх, өвөө, эмээ нар нь байсан бөгөөд гэр бүлийнхэн нь түүнийг болиулах гэж оролдоод дийлээгүй байна. Аавынх нь ярьснаар бол охин одоо шийдвэрээсээ буцахад хэтэрхий хол зам туулсан, эргэж буцах арга байхгүй гэж хэлээд өөрийгөө хөнөөсөн байна.
Түүнчлэн эцэг Раул Вела нь ахлах сургуульд сурдаг охиноо кибер гэмт хэргийн золиос болсон гэж үзэж байгаагаа мэдэгджээ. 18 настай охин илүүдэл жингээсээ болж бусдад шоолуулдаг байсан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард нэг сургуулийн үеийнхэн нь түүнийг шоглож, бие үнэлдэг, порно од гэх утга агуулгатай хуурамч хаяг нээсэн аж. Энэ хаягийн улмаас хохирогч охин утасны дугаараа өөрчилж, цагдаагийн газарт хандсан гэнэ.
Харамсалтай нь, цагдаагийнхан хэн энэ хаягийг нээж, охины амьдралаар тоглосон болохыг олж тогтоож чадаагүй гэж эгч Жаки Вела нь CNN-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
18 настай охины төрсөн эгчдээ хаягласан сүүлчийн мессежинд "Би танд маш их хайртай. Үүнийг үргэлж санаж яваарай, бас хийсэн бүх зүйлд минь уучлаарай" гэж бичжээ.
Техас мужийн цагдаагийнхан цахим хүчирхийлэл гэж үзэн, хэрэгт холбоотой байж болох хүнийг хайж байгаа аж.