Саяхан болсон “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд “Хар Сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах ая дуугаа өргөснийхөө дараа ОХУ-ын элчин сайдын яамны дипломат ажилтанд зодуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл С.Амармандахтай холбоотой асуудлаар түүний гэр бүлийнхэн болон урлагийнхан, хамтран зүтгэгчид нь хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хэвлэлийн хурлын эхэнд Амараагийн аав С.Сүхбаатар “Сахалтай Орос дипломатчид зодуулсных нь дараа би хүүгээ таниагүй. Би арав гаруй хоногийн хугацаанд Монгол Улсын иргэн, хүү Амармандахаа таниагүй. Гэмтлийн эмнэлгийн эмч нарын гавьяагаар хүү маань хүн төрхөндөө орж, “Би Монгол хүн” хэмээн омогшиж, дуулдаг хүүгээ би таньж байна. Оросын дипломатч хүүг минь балмадаар нүдэж зодсон. Бүр Орос, Монгол хоёр орны дидломат ёсыг эвдлээ шдээ. Хүүгийн минь тархинд нөж их хурж, их гэмтэл авсан. Нөгөө талаар хас тэмдгийн талаар зарим хүн буруу ойлголттой байна. Хас тэмдэг чинь Монголын хээ угалзын нэг.
Монгол хүн эх орондоо гадны хүнд зодуулж, хохирсонд би их харамсаж, эмзэглэж байна. Ирээдүй хойч маань эх орондоо гишгэх эрхгүй болчих вий дээ.
Одоо шинэ жил, цагаан сар болдгоороо болно. Төр засаг маань Монгол Улсын иргэдээ хамгаалдаг, өмгөөлдөг байгаасай” гэлээ.
Мөн “Хар сарнай” хамтлагийн дуучин Маадай “Би Амарааг зодуулсан мэдээг сонсоод их цочирдсон. Бид хамтдаа олон жил уран бүтээлээ туурьвиж байна. Энэ хугацаанд эх орон, уламжлал ёсоо дээдэлсээр ирсэн. Бид хоёр ирэх онд Миний төрсөн нутаг, Монголын сайхан орон“ тоглолтоо хийхээр төлөвлөж байсан. Монгол шүүх, цагдаа иргэддээ үнэн, шударга мэдээлэл өгөөсэй л гэж хүсч байна” гэлээ.