Үндэсний язгуур урлагаа дэлхий дахинд сурталчилж, өнөөгийн байгаагаар нь уламжлан хадгалах, үр хойчдоо өвлүүлэн үлдээхийн төлөө зүтгэж яваа хамтлагуудын нэг бол яахын аргагүй “Домог” билээ.
“Домог” хамтлаг морин хуурын дөрвөл, цохивор хөгжимчин бүхий таван хүний бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурьвидгаараа онцлогтой.
Эл хамтлагийн 10 жилийн ойд зориулсан “Домог-10 жил” хүндэтгэлийн тоглолт “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд ирэх арванхоёрдугаар сарын 2-нд 19.00 цагт болно.
“Домог” хамтлагийнхан өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, “Домог-10 жил” тоглолтын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Эл хуралд “Домог” хамтлагийн ахлагч Б.Бат-Орших, морин хуурч Б.Энхсайхан, “Хурд” хамтлагийн гитарчин Н.Наранбаатар нар оролцов.
Хурлын эхэнд Б.Бат-Орших “Манай хамтлаг орчин үеийн төдийгүй дэлхийн сонгодог бүтээлүүдийг морин хуур, хөөмийн аялгуутай хослуулан мэргэжлийн өндөр түвшинд туурвих, үндэсний язгуур урлагаа хөгжүүлэх, үр хойчдоо өвлүүлэх зорилготойгоор Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор байгуулагдсан.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийж бүтээснээ монгол түмэндээ тайлагнаж, хүндэтгэлийн тоглолт хийх гэж буйдаа баяртай байна. Манай тоглолтод улсын Филармонийн семфони оркестор, Улаанбаатар чуулгын бүжигчид, “Хурд”, “Uwertura” хамтлаг, уртын дуучин Г.Энхбаатар, Э.Болормаа, Б.Солонго, уран нугараач Г.Нямгэрэл нар оролцоно.
Тоглолт 2 цаг 30 минут үргэлжилнэ. Бид урын сангаа баяжуулах зорилгоор хөгжмийн зохиолчид, Улаанбаатар чуулга, зарим томоохон хамтлаг, уран нугараач, уртын дуучидтай хамтарч чуулгын хэмжээнд уран бүтээлээ туурьвиж байна.
Манай хүндэтгэлийн тоглолт чуулгын хэмжээнд болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Харин Н.Наранбаатар “Өнөө цагийн Монголын язгуур урлагийн хамтлагуудын тэргүүн эгнээнд явж буй, шилдгүүдийн нэг бол яах аргагүй “Домог”. Зөвхөн Монголд төдийгүй дэлхийд алдартай олон сайхан уран бүтээл бий. Манай хамтлаг “Домог”-той хамтарч “Бахархал” дууг сэргээн дуулах гэж байна. Сонсогч, хөгжөөн дэмжигчдэд маань таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв.
"Домог" хамтлагийн зарим томоохон амжилт:
1.2007 он-“It is Different” амьд хөгжмийн наадмын тэргүүн байр
2. 2008 он- “Coken Beat” амьд хөгжмийн наадмын үзэгчдийн нэрэмжит шагнал
3. 2009 он-Дэлхийн биет бус өвийг хамгаалах хүрээнд зохиосон олон улсын наадмын тэргүүн байр
4. 2010- “Дэлхийн экспо”-гийн хүндэт өргөмжлөл
5.Франц Шубертийн нэрэмжит Олон улсын мэргэжлийн хөгжимчдийн уралдааны нэрэмжит шагнал
6. Дэлхийн ардын урлагын аварга шалгаруулах уралдааны тэргүүн байрын шагнал
7.2013- “Гоо марал” шагнал