“Улс орны эдийн засаг хямарлаа, сүйдлээ”, “Монголд мөнгө алга байна” хэмээн манай төр, засгийн түшээд тал тал тийш мөнгөний эрэлд мордоцгоож байна. Ийм үед нэмэр дээр нь нэрмээс болох гэж байгаа юм шиг ард түмэн бид төрийн түшээдээ адалж загнаад, амаа билүүдээд суугаад байх уу. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг үгийг ухаант өвөг дээдэс маань монгол хэлний арвин сан хөмрөгт зүгээр нэг тоо бөглөх гэж оруулаагүй биз.
Энэ үгийг өргөн утгаар хэрэглэх цаг нь болжээ. Монгол хүний заяа хэзээнээсээ их байсан учраас бидэнд уудлах авдар, ухах “эрдэнэс”-ийн аль аль нь бий. Үүнд зөвхөн уул уурхайн баялаг ороод зогсохгүй, 56 сая мал ч, гурван сая монголчуудын элгэн халуун сэтгэл ч хамаатай билээ.
Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр улс орноо эдийн засгийн хямралтай, хэцүүхэн байхад нь гараа сунган тусалъя гээд малчид маань эхнээсээ санаачилга гаргалаа. Хэнтий аймгийн Дархан сумын харьяат, Улсын сайн малчин Н.Шаравжамц гуай салхийг нь хагалаад, улсдаа 100 хонь бэлэглэсэн юм.
Энэ тухай “Өнөөдөр” сонин анх олон нийтэд хүргэж, Н.Шаравжамц гуайн гэрт очиж сурвалжилга бэлтгэснийг манай уншигчид санаж буй биз. Улсын сайн малчны энэ санаачилгыг холбогдох газрууд нь дэмжин, улам өргөжүүлээд, найдвартай сайн зохион байгуулбал үүнд нэгдэх хүсэлтэй хүн ч цөөнгүй байгаагаа илэрхийлээд буй.
Тиймээс “Өнөөдөр” сонин хямралгүй маргаашийн төлөө өнөөдөр зүтгэхийг ард түмэндээ уриалан “Далайд дусал нэмэр” аян өрнүүлж байна. Хэрвээ танд эх орноо, ирээдүй хойчоо гэсэн сэтгэл, хямралыг сөрөх зүтгэл байвал манай аянд нэгдээрэй.
Хандивын аян гэхээр нуруугаа авсан морь шиг халгаж, зугтаах шахам болсон олон хүнийг ойлгож байна. Өчигдөр гэхэд л Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийнхөн “Малчдадаа тусалъя” сайн үйлсийн хандивын аян зарлаж буйгаа мэдэгдэж, хэвлэлийн хурал зохион байгууллаа. Орон нутагт өвөлжилт хүнд байгаа учраас малчдадаа тусалцгаая, та минь ээ л гэж байна. Иймэрхүү аян жил болгон шахуу л өрнөдөг, хэр үр дүнтэй байдгийг мэдэхгүй юм.
Хэвлэлийн хурал хийсэн хүмүүсээс Н.Шаравжамц гуайн санаачилгын талаар дуулсан, эсэхийг нь асуухад “Мэдээгүй ээ” гэнэ. Нутгийнх нь Улсын сайн малчин тэнд “Малчин бид улсаас бишгүй л дэмжлэг авдаг.
Одоо харин улс орноо эдийн засгийн хямралаас гарахад нь хувь нэмрээ оруулах хэрэгтэй” гээд халуун намраар 100 хонь бэлэглэснийг мэдэлгүй, одоо, энд биднээс хандив гуйж байдаг. Таарч дээ.
Монголын хамгийн олон мянгат малчинтай аймгуудын эхний гуравт Хэнтийнхэн ордог. Худлаа гэвэл батлаад өгөх статистик баримт ч бий. Мянгатууд нийгмийн хариуцлагаа ухамсарлах цаг болсныг үлгэрлэн түүчээлсэн Н.Шаравжамц гуайн санаачилгыг ажил хэрэг болгоод, тэр олон мянгат малчдаа уриалан, 50, 100 хониор хандив өргүүлбэл овоо хэдэн төгрөг босгочих бүрэн боломжтой.
Тэр байтугай, манай УИХ-д 4000 шахсан малтай гишүүн ганцхан байгаа нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэрийнх. Хавь ойрын хэдэн сумаар дамнан бэлчсэн 3000 хониноосоо улсынхаа эдийн засгийг өөд татахад нэмэрлэдэггүй юм гэхэд ядаж тойргийнхондоо, нутаг усныхандаа өвлийг өнтэй давахад нь зориулж 300-г хандивлаач гээд Б.Бат-Эрдэнэ гишүүн дээр орвол үгүй гэхгүй л байлгүй дээ.
Эрхэм гишүүн ч өөрөө саяхан өдөр тутмын нэгэн сонинд “Малчид улсынхаа эдийн засагт сэтгэл зовж байна” гэсэн гарчигтай бүтэн нүүр нийтлэл бичиж, Н.Шаравжамц гуайн санаачилгыг хөндсөн байна билээ. Тэгэхээр манайхан одоо хуучин арга барилаа өөрчилж, хэнээс ямар хандив аваад, хэнд зориулах вэ гэдэг зорилтот бүлгээ тодорхойлдог болмоор байна.
Юм болгон дээр хөөрхий Монголын ард түмнээс (үнэн хэрэгтээ иймэрхүү зүйл дээр манай малчид, тэр тусмаа мянгатууд харь элгийн хүн шиг аашилж, огт хөдөлдөггүй) хандив тусламж гуйсаар байтал халуун сэтгэл нь эхнээсээ зүрхшээгээд байх шиг. Цалингаас цалингийн хооронд амь зуудаг олон хүн эдийн засгийн хямралын энэ хүнд үед амьдралаа хэрхэн болгож буйг бодоод үзсэн ч ингэх нь зүйд нийцмээр санагдаад байгаа юм.
Малын тарга тэвээрэг танагтай байгаа дээр Улсын сайн малчны ухаан зарж бэлэглэсэн 100 хонийг холбогдох газрууд нь очиж аваад, хэрэгтэй зүйлд нь зарцуулаасай, энэхүү санаачилгыг Монгол даяар дэлгэрүүлэн бүх мянгатуудыг хамруулаасай гэсэндээ “Өнөөдөр” сонин нийтлэл, сурвалжилга бичсээр ирсэн.
Бидний эхлүүлсэн “Далайд дусал нэмэр” аяны зорилго бол ийм тэвдүү цаг үед хэн арай илүү боломжтой нь бусдадаа, улс эх орондоо тус хүргэе гэсэн санаа юм. Түүнээс биш хот, хөдөөгийнхнийг талцуулан, “Та нар л хандив өгөх ёстой” гэж тулгаагүй билээ. Нийтлэл, сурвалжилга маань ч цахим сүлжээгээр түмэнд багагүй хүрч, “Энэ ажлыг зөв, шударга зохион байгуулбал солонгосчууд шиг алтан ээмгээ тайлаад өгөхөд би бэлэн шүү” хэмээсэн эх оронч бүсгүй хүртэл гарч байв.
... Хэзээ мөдгүй эхлэх гэж буй мал тооллогоос өмнө эртхэн уг нь ингэх хэрэгтэй байсан юм. Гэвч цаашид улс орны эдийн засаг тийм ч хурдан сэргэхгүй гэсэн таамаг байгаа учраас малчдын өгөх хандив оройтохгүй биз. Харин Улсын сайн малчин Н.Шаравжамц гуайн бэлэглэсэн 100 хонийг хэрхэх асуудлыг орон нутгийнханд нь даалгахаар болсон сурагтай. Тэгэхээр бид эхний ээлжинд Хэнтий аймгийн ХХААХҮГ-ынхан мянгат малчдаас анхны шанг нь татсан Н.Шаравжамц гуайн хандивыг хэрхэн зохион байгуулж, ямар зүйлд зарцуулахыг харах болж байна ...
Намраас хойш Хэнтий аймгийн болоод Дархан сумын Засаг дарга нар луу холбогдож, тэр нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн албан ёсны цахим хаягаар захидал илгээн, салбарын яаманд нь албан хүсэлт хүргүүлсний эцэст өчигдөр ХХААХҮЯ-наас хариу ирлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулгын гарын үсэгтэй энэхүү албан бичигт “Цаг агаарын урьдчилсан төлвөөр өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг харгалзан үзэж “Малчдад туслах сайн санааны аян”-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын санаачилгаар зохион байгуулж буй энэ үед дээрх ажил давхцаж байгаад манай яам дэмжин, хандивын аянд нэгдэж, хамтран ажиллах чиглэлийг бүх аймгийн ХХААХҮГ-ын дарга нарт хүргүүлээд байна” гэжээ. Овоо доо.
Хэзээ мөдгүй эхлэх гэж буй мал тооллогоос өмнө эртхэн уг нь ингэх хэрэгтэй байсан юм. Гэвч цаашид улс орны эдийн засаг тийм ч хурдан сэргэхгүй гэсэн таамаг байгаа учраас малчдын өгөх хандив оройтохгүй биз. Харин Улсын сайн малчин Н.Шаравжамц гуайн бэлэглэсэн 100 хонийг хэрхэх асуудлыг орон нутгийнханд нь даалгахаар болсон сурагтай. Тэгэхээр бид эхний ээлжинд Хэнтий аймгийн ХХААХҮГ-ынхан мянгат малчдаас анхны шанг нь татсан Н.Шаравжамц гуайн хандивыг хэрхэн зохион байгуулж, ямар зүйлд зарцуулахыг харах болж байна.
ХХААХҮЯ-ныхан саяхнаас малчдад туслах бас нэг аян орон даяар эхлүүлээд, гадаадын хандивлагч байгууллагуудаас хүртэл тусламж хүссэн байсан. Дээр хэлсэнчлэн, хэнээс ямар хандив аваад, юунд зарцуулах вэ гэдгээ зөв тодорхойлсны үндсэн дээр энэ хоёр аяныг харилцан уялдаатай зохион байгуулбал уг нь ихээхэн үр дүнд хүрэх боломж харагдаад байна.
Жишээ нь, П.Сэргэлэн сайдын санаачилсан “Малчдад туслах сайн санааны аян”-ыг Монголын морин спорт уяачдын холбоо хамгийн түрүүнд дэмжиж, 20 сая төгрөгийн хандив өргөсөн байна билээ. Тэр хандивын мөнгийг малчдад дулаан хувцас, хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл, малын өвс тэжээл авахад зарцуулах бөгөөд гол нь зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, татвар төлөгч аж ахуйн нэгжийн борлуулалтыг дэмжих нь зүйтэй гэж үзэж буй гэсэн. Зөв шүү дээ. “Сайд нь уяач болохоор холбооныхон нь тэгж байгаа юм” хэмээн баалах хүн мэр сэр байсан. Хамаа алга, бидэнд ядаж энэ зэргийн эх оронч сэтгэл байх хэрэгтэй биш гэж үү. Одоо үүний нэгэн адил Монголд байгаа 6800 гаруй мянгат малчны эх оронч сэтгэлийн галыг өрдөн, хандивын аянд нэгтгэх хэрэгтэй байна. Нэг мянгат малчных 100 хонь бэлэглэлээ гэж бодоход дор хаяж 50 гаруй тэрбум төгрөг босгох боломжтой талаар манай сонин өмнөх нийтлэлдээ хөндөж байв. Тэрийгээ байг гэхэд бичин жилийн сүүлчийг ажралгүй давах өвөл, хаврын бэлтгэлээ базаах хөрөнгийн эх үүсвэрийг мянгат малчдын хандиваар бүрдүүлж болох юм.
Ураг ядарвал төрлөө, тураг ядарвал уулаа гэдэг үгтэй, монголчууд. Эдийн засаг хямарсаар бүр болохоо байхад муулаад, амиа аргацаачих 56 сая толгой мал бидэнд байна. Тийм атал “Хятадаас авах байсан дөрвөн тэрбум ам.долларын зээл хойшлогдчихлоо”, “Манай хэд хэдэн айлчлалыг цуцалчихлаа” хэмээн амьтны өмнө аргаа баран уйлан дуугарч буй түшээдтэйгээ зэрэгцээд бас малчдад зориулан гадаадаас тусламж гуйгаад яах юм бэ. Эхний ээлжинд мянгат малчдадаа ханд л даа.