Зургийг Маргад-Эрдэнэ
Тэвдэж ядарсан иргэдийн төлөөлөл сэтгүүлч бүсгүйгээс захидал аваад
Тэгтлээ сандрах хэрэг юу байна? Хотын дарга аа,
“Ардчилсан намын түйвээснийг
Ардын намын баатрууд арай чүү эмхэлж байхад
Арай ч дээ та нар шүүмжиллээ” гэж
Хөөрхий муу бүсгүйг хүнээр дарамтлуулах хэрэг юун
Ардчилсан намын үед цөөхөн ордог
Ардын намын үед их ордог
Адайр цаснаас нэг боллоо шүү, тийм ээ
Хүнээр дарамтлуулаад
Хувирах шинжгүй бүсгүй байна лээ
Удирдлагад нь хэлээд үзвэл
Урагшгүй хувийн хэвшлийнхэн
Үгэнд тань ордог болов уу, дарга аа
Ядаж байхад тэр сэтгүүлч
Ямар ч намын гишүүн бус юм билээ
Худлаа амладаг л буруу болж дээ, дарга аа
Халуун зунаар сонгуульд орохдоо
Хачин гоё нийслэлтэй болгоно гэдэг л гоомойдлоо
Сэтгэл баясгасан тэр амлалтыг
Сэтгэлийн хөөрлөөр хэлдэг нь ч буруудлаа
Ажил хийх санаа их ч
Ааш нь олддоггүй тэнгэрээс болж
Амлалтаа биелүүлж чадахгүй байгааг чинь
Ойлгож байна аа, иргэд нь
ОХУ руу захисан давс чинь
Одоохондоо ирээгүй байгааг чинь мэдэж л байна
Аль засгийн үед цас их оруулахаа хэлдэггүй
Адайр ааштай тэнгэрийг яалтай
Өнгөрсөн жил өнөтэй байсаан, үнэн
Өвлийн гурван сард л гэхэд
Ердөө 13-хан удаа цас орсон
Энэ жил эвгүй байгаа
Эхний сардаа л 13 удаа цас орчихлоо
Тэр үеийн дарга нарын азтайг яана
Энэ үеийн дарга нарын азгүйг юу гэхэв
Орсон цасыг тоолж суух нь
Одод эрхсийг тоолохтой адил бус уу
Өөрөө цас арилгаж шоудахын оронд
Өрөөлийг уриалаач дарга аа,
Сэтгүүлч бүсгүйн захидалд
Эмзэглэж суухаар
Ширүүхэн ажлаа хийгээч, дарга аа
Хийсэн ажилтай, хэлэх үгтэй байвал
Сэтгүүлч тэр бүсгүй удахгүй танд
“Хайрын” захидал илгээж юуны магад
Харин таныг эмзэглэлгүй
Хариуцлагагүйн зудыг даваад
Хаврын тэргүүн сарын шинэдээр
Хангарьд ордондоо
Хамаг ажлаа тайлагнана гэж найднам
Хүндэтгэсэн Б.Баярмагнай \Сэтгүүлчийн ажил арилжаа наймаас илүү үнэ цэнэтэй, улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ. Ц.Балдорж/