Рио-2016" олимпын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Наврузовт эцсийн мөчид тун эргэлзээтэй ялагдсан. Улмаар дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар хувцсаа тайлж шидэн, нүцгэлж шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн билээ.
Үүний улмаас Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарын дасгалжуулах, UWW-ын үйл ажиллагаанд оролцох эрхийг нь гурван жилийн хугацаагаар хасаж, МЧБХ-г 50 мянган швейцарь франкаар торгосныг нь манай уншигчид санаж байгаа биз ээ.
Тэгвэл МЧБХ-ны Удирдах зөвлөл хуралдаж, дээрх торгуулийг одоогийн Удирдах зөвлөлийн гишүүдийг 10 хоногийн дотор төлж, барагдуулах тушаал гаргажээ.
Энэ үеэр эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хүлээлгэн өгсөн О.Баянмөнхийг чөлөөлж, түүний оронд Б.Батбаярыг МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Мөн ирэх арванхоёрдугаар сард болох олимпын бус жингийн ДАШТ-д гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага доор Т.Түвшинтулга, Б.Батзориг, Д.Отгонцэцэг, Б.Шоовдор нар оролцохыг албан ёсоор батлав.