Хөр цас газар дэлхийг бүрхсэн энэ өдрүүдэд бид мөстсөн замын тухай ярьж, хотын удирдлагын чихнээс хонх уяж байна. Үнэн үг хэлэхэд ноён, үхэр унасан хүнд нохой өстэй гэгчээр мөсөн дээр явган ч, унаатай ч тэшиж, биеэ чангалан гэлдэрсээр буй атлаа эмнэлэг бараадах нь олон болсныг бүх л хэвлэл онцлоод байгаа. Гэтэл эрх мэдэлтэй, хурган сэтэртэй дарга нар сэтгүүлч бидэн рүү давшилж буй нь эгдүүцэл төрүүллээ.
Нийслэлдээ хүн амынх нь талаас илүү нь амьдарч буй монголчууд өнөөдөр мөсөнд дарлуулж сууна. Хасах хэмийн хүйтэнд барьцалдан хатуурсан ус замаар нэг болсон нь хотын удирдлагыг буруутгах шалтгаан болсонтой олон хүн санал нэгдэнэ.
Мөс гэж хүний амьдралтай салшгүй холбоотой юм байх. Өвөл болдоггүй орнууд ч хөргөгч хэмээх хэрэгслээрээ мөстэй танилцаж, хүнсэндээ хэрэглэдэг. Эмс охид ч арьсаа чангална хэмээн ашиглах нь элбэг. Хүүхэд байхдаа мөсөн чихэр идэж байгаагүй хүн ч ховор. Гэх мэтээр амьдралдаа бид ашиглахын зэрэгцээ цэнгэн наадахдаа ч эртнээс мөстэй нөхөрлөсөн. Мөсөн шагай, хоккей, уран гулгалт, мөсөн хотхон бүгд л бидний амьдралтай холбоотой. Сар гаруйхны дараа айлчлах шинэ жилээр ч хотын удирдлага биш юм гэхэд аж ахуйн нэгжүүд “мөсөн хотхон” байгуулан наадах нь гарцаагүй.
Ийм гоё мөснүүдтэй зэрэгцээд сүүлийн үед залуусын “наадгай”-д өөр нэгэн мөс орж ирлээ. Амьдралд нь огт хэрэггүй, амь насыг нь дээсэн дөрөөн дээр аваачдаг, ирээдүйг нь баллах “мөс”-өөр наадагчид өдөр бүр олширч, ирээдүй хойчийг сүг сүүдэр болгож эхэллээ. Мөс шиг талсттай тунгалаг, метамфетамины төрлийн мансууруулах бодисыг “ice” буюу монгол хэлэнд “мөс” гэж хөрвүүлчихсэн барааг энд хэлээд буй юм.
Монголын залуусын ирээдүйг булааж буй тэр зүйл мөстсөн замаас ч илүү ужиг урхаг тарина. Хотын мөстсөн замын аюул хэсэг зуурынх. Цэвэрлэчихэж болно. Харин залуусын цэнгэдэг мөсөнд төр л анхаарч, хүч хаяхгүй бол горьгүй нь дээ. Үүгээр наадагчдын ярьж буйгаар сүүлийн үед мөс нь муудах болж, өнгө нь ч гундаад, үнэ нь ч хямдраад эхэлсэн нь бүр ч уршигтай байж мэдэх.
За, хар хор болсон тэр мөс муудах ч яах вэ. Донтсон хэдтэйгээ дуусаж ч болох. Харин монгол хүний мөс жилээс жилд эрс муудаад байгааг яалтай билээ. Ханилж яваад нөхрөө ташиж унагадаг нөхөд олшров, төрүүлсэн үрээ гудамжинд гаргах нь ч энүүхэнд болж.
Хүний мөс гээч зүйл нь хөлийн чигчий хуруу шиг болсон нөхдийг хараад хэлэх ч үг олдохгүй шогшрох хүн байсаар. Халуун бүлээ орхиж, хадан гэртээ явсан үрийнхээ хойчийн буянд лам залж ном уншуулах ч хөрөнгөгүй нэгэн унаж яваа мотоциклио зараад хүүхэд, нохой хооллосон жишээ надад ойрхон. Харин зулай дээр нь гишгэсэн ах нь юу ч хялайлгаагүй нь эмгэнэлтэй. Элээх насаа дуусгаад, эгнэгт явсан эхийнхээ хойноос энэ цагийн цээж баян, компанийн захирал гэр бүл хүүхэд, нохой хооллож ч чадахгүй гар татаж суугааг сонсоод МӨС нь хайлахаа өнгөрч дээ гэж бодоод өнгөрлөө.
Байгалийн мөсийг хайлуулж, арилгаж болно оо. Харин хүн чанараа гээх л хэцүү юм даа.